Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0667/З |
Дугаар | 276 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 276
А.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар
дүүргийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б, Н.М, М.Анарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0130 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0282 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч А.Б, өмгөөлөгч Ц.Г,
Гуравдагч этгээд Н.М,
Гуравдагч этгээд М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Нэхэмжлэгч А.Б-, өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0130 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан иргэн А.Б-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б, Н.М, М.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0282 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч А.Б, өмгөөлөгч Ц.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... хоёр шатны шүүх Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Гуравдагч этгээд М.А2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасан байдаг. Гэтэл тухайн цаг хугацаанд М.АМонгол улсад байгаагүй гэдэг нь Хил хамгаалах ерөнхий газрын удаа дараагийн лавлагаагаар тогтоогдож байна.
4. Хариуцагч тал М.А, Н.М, М.Б нарт А/65 тоот захирамжаар газар эзэмшүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Хоёр шатны шүүх үүнийг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Маргаж буй захиргааны акт нь нэхэмжлэгч А.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэдгийг хариуцагч тал мэдсээр байж түүнийг сонсоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаж буй захиргааны акттай холбоотой сонсох ажиллагааны талаарх нотлох баримтыг шаардсан боловч гаргаж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн болохыг нотолдог.
5. Маргаж буй захиргааны актаар М.А, Н.М, М.Б нарт газар эзэмшүүлэхдээ суурин судалгаа огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл өргөдөлд хавсаргасан материалуудыг эх материалтай нь тулгаагүй, тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгаагүй. Үүний үр дүнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд орц гарцгүй, хил залгаа хөрш айлуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн байхад хоёр шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.
6. Хариуцагч гэх Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.
7. Гуравдагч этгээд М.А, Н.М, М.Б нарын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийнх гэх газар эзэмшихээр гаргасан 3-н хүсэлтэд: Шарга морьтын 19-р хорооны нутаг дэвсгэрт зуслангийн газар эзэмшдэг байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 тоот шийдвэрээр иргэн Н.Бямбажавт 400 м.кв газар олгосны дагуу миний эзэмшил газарт өөрчлөлт орсон болно. Иймд уг өөрчлөлтийг тусгаж холбогдох захирамжийг гаргаж өгнө үү гэсэн ижил зүйл бичигдсэн байдаг. Хариуцагч тал дээр дурьдсан гуравдагч этгээдүүдийн өргөдлийн үнэн худлыг шалгалгүй, шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн. Үүнд: М.А, Н.М нар маргаж буй газрыг хэзээ ч эзэмшиж байгаагүй, 0006 тоот шүүхийн шийдвэр 2017.07.01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүд маргаж буй газрыг эзэмших хууль, эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй байхад шүүхийн шийдвэр биелүүлж байгаа мэтээр худлаа зүйл бичиж захирамж гаргасан, Өмнө нь М.Б-ы эзэмшил газарт байшин байрлаж байсан бол А/65 тоот захирамжаар Н.Мын эзэмшил газар байршилтай болж шилжсэн, Өмнө нь М.Б-ых байсан одоо Мандахынх болчихсон байшингийн дундуур М.Б, Н.М нарт эзэмшүүлсэн гэх газрын хил байрласан; М.А-ы эзэмшлийнх гэх ГБКЗураг 2 өөр байдлаар зурагдсан; 0006 тоот шүүхийн шийдвэрээр А.Б-т 400 м.кв газар олгоогүй.
8. Нэхэмжлэгч А.Б нь 2005 оноос эхлэн 2993 м.кв газарт хашаа барьж, түүнийгээ кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн эзэмшиж ашиглаж байсан бөгөөд хариуцагч гэх Сүхбаатар дүүргийн засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас одоо 1211 м.кв газар эзэмшиж ашиглаж байгаа. Энэ хугацаанд А.Б-т огт мэдэгдэлгүй, түүний зөвшөөрлийг авалгүйгээр газрын байршлын кадастрын зургийг нь 4-5 удаа дур мэдэн өөрчилж байсан. Өөрөөр хэлбэл түүний эрх хууль ёсны ашиг сонирхол маргаж буй А/65 тоот захирамжийн улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг хоёр шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Эдгээрийг харгалзан үзэж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
10. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэнд газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/65 дугаар захирамжаар “тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 7 иргэний газар эзэмших эрх”-ийг баталгаажуулсан, үүнд А.Б-т 400 м.кв, Н.Мад 352 м.кв, М.Бд 352 м.кв, М.Ад 505 м.кв газар тус тус эзэмшүүлсэн, нэхэмжлэгч А.Б- нь “... М.Б, Н.М, М.Анарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өөрт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж “... шүүхийн 0006 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын дараа маргаж буй газарт гуравдагч этгээд нарт дахин газар эзэмшүүлсэн нь хууль бус, ...шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байсан, ... 4 айл газраа хуваагаад хашаа татсан тохиолдолд бүгдээрээ орц гарцгүй үлдэнэ, ... утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” гэж, хариуцагч нь “иргэдийн эрх ашгийг хангах үүднээс шинэ газрын байршлын кадастрын зураг хийлгүүлж шийдвэрлэсэн, шүүхийн 0006 дугаар шийдвэрийг биелүүлэх хүрээнд гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Бы гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд А.Б-ын гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан даасан шаардлагыг шийдвэрлэхдээ уг актын холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурджээ.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, А.Б-ын хүсэлтийн дагуу тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШЗ2017/5928 дугаар захирамж гарч, гүйцэтгэх хуудас олгогдсон, албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3350 дугаартай албан бичгээр “... акт түдгэлзүүлсэн хугацаанд шинэ акт гаргаагүй учраас 2007 оны 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсэг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон, харин иргэдийн эрх ашгийг хангах үүднээс газрын хэмжээг багасгаж Н.М, М.А, М.Б нарт тус тус газар эзэмшүүлэх, эзэмшил бүрийн газрын байршлын кадастрын зураг хийлгэж, газар эзэмшүүлэх шийдвэрийг 12 дугаар сард багтаан гаргахаар төлөвлөж байгаа”-гаа нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаас үзэхэд, шүүхээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд уг алдаатай “акт”-аа засаж шинээр “акт” гаргаагүй бол тухайн “акт” хүчингүй болж, эрх зүйн үр дагавар, аливаа нөлөөлөл үзүүлэхгүй болох юм.
14. Ингэснээр, тухайн актаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж шүүхэд хандсан этгээдийн эрх хамгаалагдах боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн уг шийдвэрт “Сүхбаатар дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий 1811 м.кв газраас А.Б-т ногдох 400 м.кв газрын координат буюу байршлыг тодорхой болгон нэгж талбарын кадастрын зураг үйлдэн баталгаажуулах, үлдэх хэсгийг Н.М М.А, М.Б нарт эзэмшүүлбэл зохино” гэж дүгнэснээс үзвэл, шинээр гаргах “акт” нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох заалтыг хөндөхгүй байх агуулгатай байна.
15. Нөгөө талаар, шүүхээс түдгэлзүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох /акт/ хэсэг нь хүчингүй болсноор А.Б-ын эзэмшил газрын хэмжээ шууд байдлаар нэмэгдэх, эсхүл маргаан бүхий 1811 м.кв газрыг бүгдийг нь эзэмших эрхтэй болно гэх агуулга дээрх шийдвэрт тусгагдаагүй.
16. Иймд, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гаргасан шинэ “акт”-аар нэхэмжлэгч А.Б-ын хууль ёсоор эзэмшиж буй 400 м.кв газарт давхцуулахгүйгээр, түүний эрхийг хөндөлгүйгээр, маргаан бүхий 1811 м.кв газраас үлдэх газрын хэмжээнд нийцүүлэн Н.М, М.А, М.Б нарт тус тус газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд Н.М, М.А, М.Б нараас газар эзэмших хүсэл зоригоо илэрхийлж, шүүхийн шийдвэрийн дагуу “эзэмшил газрын өөрчлөлтийг тусгаж захирамж гаргуулах”-аар Сүхбаатар дүүргийн газрын албанд хүсэлт гаргасан нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс гэрч Б.Хадбаатарын мэдүүлгийг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр заасныг зөрчөөгүй байна.
18. Түүнчлэн, шүүхийн хүчин төгөлдөр 2016 оны 0006 дугаарт шийдвэрт “А.Б-ын 400 м.кв газар эзэмших эрхийг хөндөхгүй талаар тодорхой дүгнэсний зэрэгцээ үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн “акт” нь Н.М, М.Б, М.Анарт хамааралтай байхад А.Б-т газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/65 дугаар захирамжаар А.Б-т 400 м.кв газрыг эзэмшүүлсэн нь анхнаасаа гарах ёсгүй “акт” бөгөөд илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.5-д заасны дагуу “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” захиргаа нь “сонсох ажиллагаа” хийхгүй байх боломжтой юм.
19. Иймд, дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б, өмгөөлөгч Ц.Г нарын хяналтын журмаар гаргасан “... Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... сонсох ажиллагааг явуулаагүй байхад үнэлж дүгнээгүй, ... газар эзэмшүүлэхдээ суурин судалгаа хийгээгүйгээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд орц гарцгүй, хил залгаа хөрш айлуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөнийг харгалзан үзээгүй, ... хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0130 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0282 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ