Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 779

 

Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Энержиресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох 

“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд “Энержиресурс” ХХК” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, Т.Энхжаргал, М.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмардорж, Ц.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Энержиресурс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүрцайх, А.Даваабилэг, Т.Энхжаргал, М.Хулан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 3 дугаартай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар манай компанийг “Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон байна. Энэхүү тогтоол нь хуулиар эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар зах зээлийн буруу, ташаа судалгаа, дүгнэлтэд үндэслэн илт хууль бусаар гаргасан тогтоол байх тул “Энержиресурс” ХХК-нд холбогдох тус тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг эс зөвшөөрч илт хууль бус болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн огноотой “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3 дугаартай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтаар “зах зээл” гэдгийг “Тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг” ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тухайн бараа бүтээгдэхүүнийг бодитоор нийлүүлж байгаа, борлуулж байгаа газар зүйн байрлал, хил хязгаараар тодорхойлохоор хуульчилсан байна. 

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс 2016 оны 3 дугаар тогтоолыг гаргахдаа үндэслэл болгосон нүүрсний зах зээлийн судалгаагаар газар зүйн зах зээлийн хил хязгаарыг тогтоохдоо “Нүүрс экспортолж байгаа уурхай, аж ахуй эрхлэгчид нь тус улсын зүүн, говийн, баруун бүсэд байрлаж байгаа ч нүүрсийг Монгол Улсаас төлөөлж дэлхийн зах зээлд экспортолж байгаа тул энэ байдлыг харгалзан зах зээлийн газар зүйн хил хязгаарыг Монгол Улсыг бүхэлд нь нэг зах зээл гэж авч үзэв” гэсэн нь илт хууль бус дүгнэлт болсон байна.

Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний борлуулалт, нийлүүлэлт хийгдэж байгаа дэлхийн зах зээлийн талаар судалгаа хийлгүйгээр, дэлхийн зах зээлд манай улсаас экспортолж байгаа коксжих нүүрс хэдэн хувь эзэлж байгааг тогтоолгүйгээр, экспортын коксжих нүүрсний нийлүүлэлт, борлуулалт хийгддэггүй буюу коксжих нүүрсний хэрэглэгч байхгүй газар зүйн байршлаар зах зээлийн хил хязгаарыг тогтоосон нь илт хууль бус байна. Монгол Улсын хууль, тогтоомж, Өрсөлдөөний тухай хууль болон тус хуулийн дагуу Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-аар тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт хийгддэггүй газар зүйн хил хязгаараар тогтоож болох эрх хэмжээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт олгогдоогүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг тогтоохдоо эхлээд нэгдүгээрт бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, хоёрдугаарт зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, гуравдугаарт зах зээлийн төвлөрлийг тогтоох, дөрвөдүгээрт зах зээлийн хүчийг тодорхойлохоор заасан үе шатуудын судалгааг бүрэн дүүрэн хийгээгүй болох нь тус газраас ирүүлсэн судалгааны материалаас харахад илт байна.

Нөгөөтэйгүүр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зүгээс экспортын нүүрсний зах зээлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр тооцсон шийдвэр нь хамгийн энгийнээр Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоохдоо “Өрсөлдөгч, хэрэглэгч, худалдан авагчийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэрийг харгалзан үзэхээр заасан болон мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох ажиллагааг гүйцэтгэх дараах үе шатны ажлыг хийгээгүй байна. Үүнд 4.2.1 дэх хэсэгт “Өрсөлдөгчдийн үйлдвэр, агуулах, борлуулалтын газрын байршлыг тогтоох, 4.2.2 дахь хэсэгт “Хэрэглэгчдийн эсхүл худалдан авагчдын байршлыг тогтоох, 4.2.3 дахь хэсэгт “Бараа бүтээгдэхүүний борлуулалт болон түгээлтийн сувгийг тодорхойлох, 4.2.4 дэх хэсэгт “Дээрх мэдээлэлд харьцуулалт, дүн шинжилгээ хийж, судлагдаж байгаа нутаг дэвсгэрийг тусгай газар зүйн хил хязгаарт хуваах, 4.2.5 дахь хэсэгт “Хуваасан газар зүйн хил хязгаарын хооронд тухайн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн дундаж зардал, түүнд нөлөөлөх хүчин зүйл зэргийг судалж, хил хязгаарын хооронд бараа бүтээгдэхүүн харилцан шилжүүлэх нь үнэ болон шинж чанарт нь мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэж үзвэл тухайн газар зүйн хил хязгаарын хооронд өрсөлдөөний нөхцөл байдал ялгаагүй хэмээн үзэж нэг газар зүйн хил хязгаарт авч үзнэ”. Нөгөө талаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс нүүрсний экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ Монгол Улсад бус гадаад улсад борлуулж байгаа болохыг мэдсэн хэрнэ санаатайгаар гадаад зах зээлийн судалгааг хийлгүйгээр давамгай байдалтай гэж тогтоох шийдвэрийг гаргасан нь илт хууль бус байна. Өөрөөр хэлбэл манай компанийн экспортолж байгаа коксжих нүүрсний нийлүүлэлт, борлуулалт бодитоор хийгдэж байгаа зах зээлийн судалгааг хийгүйгээр буюу манай компанийн экспортолж байгаа коксжих нүүрсний нийлүүлэлт, борлуулалтын хэмжээ нь борлуулагдаж буй БНХАУ-ын зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувьд хүрч байгаа эсэхийг тогтоохгүйгээр манай компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон нь үндэслэлгүй байна.  

Манай компанийн экспортолж байгаа коксжих нүүрсний зах зээл нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах геологийн тогтцын хувьд Таван толгойн бүлэг ордын нүүрсний уурхайгаас олборлогдож, тухайн коксжих нүүрсийг боловсруулсны үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт бус Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлон тухайн улсын нутаг дэвсгэрт борлуулдаг. Энэ нь одоогоор манай Монгол Улсад баяжуулсан коксжих нүүрсний хэрэглэгч байхгүй байгаатай холбоотой юм. Борлуулалт нь компанийн экспортын үйл ажиллагаатай холбоотой гаалийн мэдүүлгүүд болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу экспортод гаргасан бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримт, тайлан мэдээгээр нотлогдоно.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний судалгааны China Coal Resourse төвөөс гаргасан мэдээллээс харахад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын коксжих нүүрсний хэрэглээ 2014 онд 561.3 сая тонн байсан байдаг бөгөөд “Энержиресурс” ХХК-ийн баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын хэмжээ нь 3.46 сая тонн буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийт зах зээлийн 0.6 хувийг, 2015 оны тухайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын баяжуулсан коксжих нүүрсний хэрэглээ 528.6 сая тонн байсан байх бөгөөд “Энержиресурс” ХХК-ийн баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын хэмжээ нь 1.12 сая тонн буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийт зах зээлийн 0.2 хувийг эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн хувьд бус зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын коксжих нүүрсний зах зээлд эзлэх хувь хэмжээг авч үзэхэд “Энержиресурс” ХХК-ийн баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын хэмжээ нь тус зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй хувь хэмжээтэй байгаа юм.

Өрсөлдөөний тухай хуулиар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байгаа зах зээл буюу БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлийн зохицуулалтыг гүйцэтгэх эрх хэмжээ олгогдоогүй гэж үзэж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “Бараа бүтээгдэхүүний хүрээ” гэдгийг харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг ойлгохоор заасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 3 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нүүрсний экспортын зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо “Баяжуулсан коксжих”, “Түүхий коксжих”, “Сул коксжих”, “Эрчим хүчний хүрэн нүүрс” гэх дөрвөн төрөлд нүүрсний экспортын зах зээлийг хуваасан байх бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг харилцан бие биенээ орлох боломжгүй гэж үзсэн байна.

Стандартчилал хэмжил зүйн газрын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын МNS6457:2014 дугаартай стандартын 2 дах хүснэгтээр нүүрсний төрлийг Антрацит, Чулуун нүүрс, Хүрэн нүүрс гэсэн төрөлтэй байхаар тогтоосон байгаа.

МNS6457:2014 стандартын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт баяжуулсан нүүрс гэдгийг “Түүхий нүүрсний органик бус механик хольцыг физик, химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн, баяжуулалтын арга технологиор ялгаж, чанарыг нь дээшлүүлсэн нүүрсийг хэлнэ” гэж тодорхойлсон байх байдаг бөгөөд тус стандартын хоёрдугаар хавсралтад “Чулуун нүүрс” гэх нүүрсний төрлийг дотор нь түүхий болон баяжуулсан байдлаараа хэрхэн ялгагдах үзүүлэлтийг тогтоож өгсөн байдаг бөгөөд эдгээрээс авч үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан баяжуулсан коксжих нүүрс, 1.2 дахь хэсэгт заасан түүхий коксжих нүүрс, 1.3  дахь хэсэгт заасан сул коксжих нүүрс нь харилцан бие биенээ орлодог чулуун нүүрс байна. Нөгөө талаас харилцан бие биенийгээ орлох бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын нэгдэн орсон 1994 оны Тариф, Худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт төсөөтэй бараа гэдэгт “Үнийг нь тогтоож буй бараатай бүхий л талаараа ижилхэн биш боловч ижил үүрэг гүйцэтгэж байгаа болон арилжааны хувьд харилцан орлох нөхцөлийг бүрдүүлсэн ижилхэн шинж чанар, бүрдүүлэгч материалтай барааг ойлгоно” хэмээн төсөөтэй бараанд хамааруулан тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс экспортын нүүрсний зах зээлийг тодорхойлохдоо Монгол Улсын нэгдэн орсон 1994 оны Тариф, Худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтын дагуу чулуун нүүрсэнд хамаарах харилцан орлох боломжтой баяжуулсан болон түүхий коксжих нүүрс, сул коксжих нүүрсийг нэг төрлийн бүтээгдэхүүнд тооцох учиртай байсан. 

Ялангуяа, манай компанийн бүтээгдэхүүн болох Таван толгойн бүлэг ордоос төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК, орон нутгийн өмчийн оролцоотой “Таван толгой” ХК-ийн зүгээс олборлон экспортолж байгаа коксжих нүүрсийг хамруулсан байдлаар экспортод гаргаж байгаа коксжих нүүрсний хэмжээнд эзлэх хувь хэмжээг тогтоох учиртай. Энэ байдлаар тооцож үзвэл манай компанийн экспортод гаргасан сүүлийн 2 жилийн коксжих нүүрсний хэмжээ нь Монгол Улсаас экспортод гарсан коксжих нүүрсний нийт хэмжээний гуравны нэг буюу давамгай байдалтай гэж тооцох хэмжээнд хүрэхгүй байгаа. Энэ талаар Ашигт малтмалын газарт хандан холбогдох тодруулгыг Ашигт малтмалын газрын 2016 оны 7-р сарын 4-ний өдрийн 5/4215 тоот албан бичгээр авсан. Тус албан бичигт дурдсанаар Монгол Улсын хэмжээнд 2014 онд нийт 16,172.7 тонн коксжих нүүрс экспортолсон байх бөгөөд манай компани тус онд 3,236.3 тонн коксжих нүүрс экспортолсон нь 20 хувийг эзэлсэн байна. Тэгвэл 2015 оны тухайд Монгол Улсын хэмжээнд нийт 12,326.6 тонн коксжих нүүрс экспортолсон байх бөгөөд манай компани 2015 онд 1.121,8 тонн коксжих нүүрс экспортолсон нь 9.1 хувийг эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн экспортолсон коксжих нүүрс нь манай компанийг давамгай байдалтай гэж тогтоох гуравны нэг буюу 33 хувьд огт хүрч байгаагүй байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс өмнө нь 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 06 тоот тогтоолын 6 дугаар хавсралтаар “Экспортын нүүрс” гэх зах зээлд “Экспортын коксжуулсан нүүрс” гэх бараа бүтээгдэхүүний хувьд “Энержиресурс” ХХК-ийг зах зээлд 35.8 хувийг эзэлж байна гэж үзээд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэрийг гаргасан байдаг бөгөөд энэ тогтоолын талаар манай компанид мэдэгдэж байгаагүй байдаг. Бидний зүгээс дээрх тогтоолыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олж мэдээд холбогдох судалгаатай танилцах хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 302 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан ч бидэнд судалгааг танилцуулаагүй болно. Манай компанийн хувьд тооцож үзэхэд 2012 он болон түүнээс өмнө экспортолсон коксжих нүүрсний хэмжээгээр аль ч зах зээлийн гуравны нэгд хүрч байсан түүх байхгүй. Энэ нь нүүрсний зах зээлд 2012 оноос хойш тасралтгүй явагдсан коксжих нүүрсний үнийн болон эрэлт хэрэгцээний уналттай шууд холбоотой.

Бидний зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт дээрх нөхцөл байдлаа илэрхийлэн 2012 оны судалгааг авсны үндсэн дээр давамгай байдлаа алдсан буюу давамгай байдалтай гэж үзэх хэмжээнд хүрч байгаагүй талаар хүсэлт гаргахаар төлөвлөж байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс биднээс ямар нэг мэдээлэл, тайлбар, санал асуулга авалгүйгээр өмнөх тогтоолоо өөрчилсөн бүтээгдэхүүн, зах зээлийн хүрээ хязгаараа үндэслэлгүй дүгнэсэн, илт хууль бус судалгааг хийж, давамгай байдалтай гэж тогтоох шийдвэр гаргаж байгаа нь төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Манай компанийн хувьд бид экспортын коксжих нүүрсний зах зээлийн 1 хувьд ч хүрдэггүй бөгөөд бидний зүгээс Өрсөлдөөний тухай хуульд заасан зах зээлийн давамгай байдалтай аж ахуйн нэгж шиг бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх, өрсөлдөгчөө зах зээлээс давамгай байдалтай аж ахуйн нэгж шиг бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх, өрсөлдөгчөө зах зээлээс шахан гарах гэх мэт аливаа үйл ажиллагаа явуулах ямар ч бодит боломжгүй, тийм ажиллагаа явуулж байгаагүй болно. Гэтэл биднийг илт хууль бусаар давамгай байдалтай гэж тогтоон, Өрсөлдөөний тухай хуульд заасан хязгаарлалтыг дагаж мөрдөх нөхцөл байдлыг хууль бусаар бий болгож байгаа нь компанийн бизнесийн үйл ажиллагааг явуулах эрх чөлөө, ашиг сонирхолд ноцтой нөлөөлж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, утга агуулгын илэрхий алдаатай гарсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд “Энержиресурс” ХХК” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цоодол, П.Номин-Эрдэнэ, А.Мягмардорж нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энержиресурс” ХХК-аас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3-р тогтоолын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд “Энержиресурс ХХК” гэж заасныг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь бизнес эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бололцоог нь хангах үүднээс Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу зах зээлийн судалгааг хийж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр тухайн судалгаанд хамрагдсан аж ахуй эрхлэгчийг Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосноор зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглах байдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бололцоотой болдог. “Энержиресурс” ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 03 дугаар тогтоолыг гаргахдаа буруу хийсэн судалгаанд үндэслэсэн гэж үзсэн байна.

Баяжуулсан нүүрсний зах зээлийг буруу тодорхойлсон байна гэжээ. Монгол улсаас нүүрс экспортлох зах зээлийг бүхэлд нь нэг зах зээл гэж үзэхээс аргагүй. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвхөн баяжуулсан нүүрс экспортлох үйл явцад шударгаар өрсөлдөх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүднээс нүүрс экспортлох зах зээлийг бүхэлд нь 1 зах зээл гэж үзсэн. “Энержиресурс” ХХК баяжуулсан нүүрсээ гадаад зах зээлд борлуулж байгаа ба худалдан авагч нь хэн байх нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамааралгүй.

Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо: Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоогүй, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоогоогүй, зах зээлийн төвлөрлийг тогтоох, зах зээлийн хүчийг тодорхойлоогүй гэжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлийн судалгааг хийхдээ дээрх дөрвөөс эхний гурвыг нь хийсэн. Харин 4 дэх хэсэг буюу зах зээлийн хүчийг Өрсөлдөөний тухай хуулийн 5-р зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу буюу зах зээлийн гуравны нэгийг эзлэхгүй ч нөлөө үзүүлэх боломжтой үед тооцдог. Тус компани нь баяжуулсан нүүрс экспортлох зах зээлийн 76 хувийг дангаараа эзэлж байгаа тул хүчийг тодорхойлох шаардлагагүй болно.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь манай гадаад зах зээлийг судлаагүй байна гэжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь баяжуулсан нүүрс экспортлох зах зээлд цаашид шинээр аж ахуй эрхлэгч гарч ирэхэд нь одоогийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоёр компани өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор судалгааг хийсэн. 

“Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-ын 4-р зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт тус тус заасан зарим ажиллагааг хийгээгүй байна гэжээ. “Энержиресурс” ХХК-ийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа олборлолт хийж гадаад зах зээл рүү гаргаж байгаа боомт нь нийтэд ил тод мэдээлэл тул заавал судалж тогтоох шаардлагагүй мэдээлэл. Монгол Улсын аль ч хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгддөг тул гадаад зах зээл, хэрэглэгчдийн байршлыг тодорхойлох шаардлагагүй юм. Энэхүү судалгаа нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах тул гадаад зах зээл дэх бараа бүтээгдэхүүний борлуулалт болон түгээлтийн сувгийг тодорхойлоогүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хооронд шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэхийн тул үйл ажиллагаа явуулдаг. Зах зээлд том, жижиг аж ахуйн нэгжүүдийн хооронд давамгай байдлаа урвуулан ашиглах эрсдэлүүд гардаг. Үүнийг Өрсөлдөөний хуулиар зохицуулдаг. Давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолоо гэж ямар нэгэн байдлаар бухимдаад, эсэргүүцээд байх зүйл байхгүй. Манай байгууллагаас давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогоод жагсаалтад оруулж байгаа. Жагсаалтад оруулсанаар тухайн компанийн үйл ажиллагаа, ашиг орлого, ирээдүйд ямар ч эрсдэл учрахгүй. Жижижг аж ахуйн нэгжүүд хууль зөрчвөл бага хэмжээний эрсдэлийг бий болгодог бол давамгай аж ахуйн нэгжүүдийн захирлын гарын үсэг зурсан тушаал, шийдвэрүүд нийт зах зээлд нөлөөлөхүйц байдлыг бий болгодог. Жижиг аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулахад 10 сая төгрөгөөр торгодог бол давамгай аж ахуйн нэгжийг ийм төгрөгөөр торгох нь зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг хадгалахад ямар ч хөшүүрэг болдоггүй. Экспорт гэдэг нь нийлүүлэлт юм. Монгол улсад баяжуулсан коксжих нүүрсийг экспортолж байгаа 2 аж ахуйн нэгж байгаа. Хэдийгээр Монгол улсын зах зээлд борлуулахгүй байгаа ч нийлүүлэлт хийж байгаа аж ахуйн нэгж. Тэгэхээр нийлүүлэлт хийх зах зээл борлуулалт хийгдэж буй зах зээл, нийлүүлэлт борлуулалт хоёр зэрэг хийгдэж байгаа зах зээлүүд байж болно. Тэгэхээр Монгол улсын зах зээлийн хүрээг нэг бүхэл зах зээл гэж авч үзэхээс өөр аргагүй. Мөн бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо MNS 64575:2014 гэсэн стандартыг авч үзсэн. Энэ стандартаар нүүрсийг антрацит, чулуун нүүрс, хүрэн нүүрс гэсэн 3 төрөлд ангилаад чулуун нүүрсийг дахин баяжуулсан коксжих нүүрс, түүхий коксжих нүүрс, сул коксжих гэж ангилсан байна. Стандартаар бүтээгдэхүүнийг ангилаад өгсөн байгаа учраас уг асуудлыг тусгаарлан авч үзэхээс өөр аргагүй болж байгаа. Тус, тусдаа ангилалтай учраас ногдуулж буй татвар тус, тусдаа ялгаатай үнэтэй. Баяжуулсан коксжих нүүрсний зах зээлд “Энержиресурс” ХХК болон “Мон эн ко” ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байгаа. Түүхий коксжих нүүрсний зах зээлд “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой” ХХК, “Хангарьд” ХХК-иуд үйл ажиллагаа явуулдаг. Сул коксжих нүүрсний зах зээлд өөр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл тус тусдаа өөр төрлийн үйл ажиллагаанууд, өөр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа учраас зайлшгүй тус тусад нь салган авч үзэхээс өөр аргагүй. Өөр бүтээгдэхүүнийг нэг бүтээгдэхүүн гэж авч үзэх боломжгүй байсан.

Хил хязгаар гэдгийг Монгол улсын хил хүртэлх экспортлохыг зах зээл гэж ойлгоно. Зах зээлийн төвлөрлийг тооцох олон улсын индекс байдаг. Энэ нь тухайн аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг талбайн хэмжээнд харьцуулж боддог аргачлал байгаа. Энэ аргачлалаар Манай улсад уг индекс  1000-аас доош тохиолдолд зах зээлийг чөлөөтэй өрсөлдөөнтэй байна гэж үзнэ. Индекс 1000-1800 бол тухайн зах зээлийг бага зэрэг хумигдмал зах зээл гэж үзнэ. 1800-аас дээш бол өрсөлдөөн хязгаарлагдмал зах зээл гэж үзнэ. Уг индексийн дагуу тухайн зах зээлд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзээд судалгааг хийсэн. Манай байгууллагаас “Энержиресурс” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон, тогтоогоогүй давамгай байдлаа тухайн зах зээлд олж авсан байгаа. Тэгэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон нь тус аж ахуйн нэгжийг тухайн зах зээлд давамгай байдалтай болгосон асуудал биш юм.

Судалгаанаас харахад “Энержиресурс” ХХК нь баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд 76 хувийг, “Мон эн ко” ХХК 24 хувийг эзэлдэг юм байна. Тус зах зээлийн 30 хувиас илүү хувийг нэхэмжлэгч компани эзэлж байгаа учраас давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон нь хууль ёсны зүйл юм.

Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлд давамгай байдлаа хууль бусаар ашиглах тохиолдлуудыг 12 төрлөөр зүйлчилж өгсөн. Монгол улсад баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд 2 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Шинэ аж ахуй эрхлэгч тус зах зээлд нэвтрэн орж ирэхэд бэрхшээлтэй. Жишээлбэл “Энержиресурс” ХХК нь давамгай байдлаа хууль бусаар ашиглалаа гэж үзэхэд тус компани тодорхой хэмжээний эрсдэл үүрч бүтээгдэхүүний үнээ бууруулан худалдан борлуулахад “Мон энко” ХХК өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжгүй болж дампуурах эрсдэлтэй. Үүний дараа давамгай байдалтай аж ахуйн нэгж өөрийн хүссэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой.

Бид БНХАУ-ын зах зээлийн талаар ярих шаардлага байхгүй. Монгол улсын зах зээлд шинээр үүсч, бойжиж буй жижиг аж ахуйн нэгжүүдээ давамгай байдлаас хамгаалах нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үүрэг юм.

Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу зах зээлийн судалгааг хийж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр тухайн судалгаанд хамрагдсан аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоодог болохоор дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “Энержиресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Энержиресурс” ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд “Энержиресурс” ХХК гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар тогтоол  нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох журам” -ыг үндэслэн “Энержиресурс” ХХК-ийг баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заажээ. 

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.6-д “... Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална.” гэж зааснаар Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”  /цаашид журам гэх/ батлагджээ. 

Уг журмаар аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр зүй ёсны монополь болон давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулдаг байна.

Журмын Хоёрын 2.2-т тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно. 2.2.1 бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, 2.2.2 зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, 2.2.3 зах зээлийн төвлөрлийг тооцох, 2.2.4 зах зээлийн хүчийг тодорхойлох гэж заажээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Энержиресурс” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо журмын дагуу нүүрсний зах зээлийн судалгааг  хийсэн байна. Судалгааны үе шат бүрийг дүгнэж үзэхэд: 

1. Судалгаанд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо “экспортын хэрэглээнд үндэслэн баяжуулсан нүүрс, түүхий коксжих нүүрс, сул коксжих нүүрс, эрчим хүчний хүрэн нүүрс нь харилцан бие биенээ орлох боломжгүй” гэж үзэн баяжуулсан коксжих нүүрсийг тусдаа бараа бүтээгдэхүүний хүрээ гэж үзжээ. 

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “бараа бүтээгдэхүүний хүрээ гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг” ойлгоно гэж заажээ. 

Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартын  /цаашид стандарт гэх/ 4.1-д нүүрс гэж хар, хар хүрэн өнгөтэй амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрсэн бүтээгдэхүүнд хүрэн, чулуун нүүрс, антрацитыг хуурай болон нойтон аргаар баяжуулж чанарыг нь дээшлүүлсэн нүүрсийг хамруулна гэж, 4.2-т антрацит гэж хувирлын үр дүнд чулуун нүүрснээс үүссэн нүүрсжилтийн дээд зэргийн нүүрсийг, 4.3-т чулуун нүүрс гэж хувирлын үр дүнд хүрэн нүүрснээс үүссэн нүүрсжилтийн дунд зэргийн нүүрсийг, 4.4-т хүрэн нүүрс гэж чулуужилтийн үр дүнд хүлрээс үүссэн нүүрсжилтийн доод зэргийн нүүрсийг, 4.5-д түүхий нүүрс гэж газрын хэвлийгээс олборлосон болон бохирдлыг бууруулсан, ширхэглэлт, жигдрүүлэлт хийсэн занар, хүрэн нүүрс, саббитумт болон битумт нүүрс, антрацит орно, 4.6-д баяжуулсан нүүрс гэж түүхий нүүрсний органик бус механик хольцыг физик, химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн баяжуулалтын арга технологиор ялгаж, чанарыг нь дээшлүүлсэн нүүрсийг хэлнэ гэж тодорхойлжээ.  

Стандартын 5-ын 2-р хүснэгтээр нүүрсний ангиллыг харуулсан байх бөгөөд нүүрсийг антрацит, чулуун нүүрс, хүрэн нүүрс гэсэн төрөлд хувааж, чулуун нүүрс нь дотроо түүхий нүүрс, баяжуулсан нүүрс гэсэн ангилалтай, ангилал тус бүрээр коксжих нүүрс, сул коксжих нүүрс, коксжихгүй нүүрс гэсэн зэрэглэлтэй байдаг байна. 

Дээрх стандартаас үзвэл баяжуулсан нүүрсийг түүхий нүүрсийг баяжуулалтын арга технологиор ялгаж, чанарыг нь дээшлүүлэн гаргаж авдаг байх бөгөөд барьцалдах чанар, дэгдэмхий бодисын гарц, үнслэг байдал, хүхэр, нийт чийг, илчлэг чанараараа ойролцоо үзүүлэлттэй  атал түүхий нүүрс болон баяжуулсан нүүрсийг бие биенээ орлох боломжгүй бараа бүтээгдэхүүн гэж авч үзсэн нь үндэслэлгүй байна. 

Журмын Гурав-ын 3.1-д зааснаар бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт, ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл, зах зээлийн судалгаа, шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт, бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой байжээ.

2. Судалгаанд зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тодорхойлохдоо “нүүрс экспортолж байгаа уурхай, аж ахуй эрхлэгчид нь тус улсын Зүүн, Говийн, Баруун бүсэд байрлаж байгаа ч нүүрсийг Монгол улсаас төлөөлж дэлхийн зах зээлд экспортолж байгаа тул энэ байдлыг харгалзан зах зээлийн газар зүйн хил хязгаарыг Монгол улсыг бүхэлд нь нэг зах зээл гэж авч үзэв” гэжээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “зах зээл” гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг; 4.1.8-д “зах зээлийн газар зүйн хил хязгаар” гэж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах боломж нь эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нутаг дэвсгэрийг гэж тодорхойлжээ.

“Энержиресурс” ХХК нь 2014 онд 5188.2 мян.тн нүүрс, үүнээс коксжих нүүрс 3236.3 мян.тн, эрчим хүчний нүүрс 1951.9 мян.тн, 2015 онд 1121.8 мян.тн коксжих нүүрсийг БНХАУ-д нийлүүлжээ . 

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь “Энержиресурс” ХХК-ийг баяжуулсан нүүрсийг Монгол улсад борлуулдаггүй, БНХАУ-ын зах зээлд  нийлүүлж, борлуулдагийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч нүүрс экспортлох зах зээлийг 1 зах зээл гэж үзсэн  гэж, үүнийгээ Монгол улсын хил хүртэлх тээвэрлэж байгаа үйл ажиллагаа буюу экспорт гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлажээ .

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар зах зээл гэдэг нь тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг хэлдэг байна. 

Судалгаанд Монгол улсын экспортын нүүрсний зах зээлийн талаар: 2012 оныг хүртэл манай улсын нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн бөгөөд энэ үе нь БНХАУ-ын нүүрсний эрэлт хэрэгцээний дээд цэг байлаа. Учир нь Австрали улсад үер болсны улмаас томоохон ордууд нь үерт дарагдаж олборлолтын хэмжээ буурснаас болж Хятад улс руу нийлүүлдэг нүүрсний хэмжээ эрс буурсан. Харин 2013 оноос Австрали улсаас Хятад улсад нийлүүлдэг нүүрсний хэмжээ эргээд нэмэгдсэн нь манай улсаас Хятад улс руу нийлүүлж байсан нүүрсний хэмжээ буурахад голлох нөлөөг үзүүлжээ гэж дүгнэсэн  атлаа зах зээлийг Монгол улс гэж үзсэн нь ойлгомжгүй байна. 

Ашигт малтмалын газраас гаргасан мэдээллээс  үзвэл “Энержиресурс” ХХК-ийн БНХАУ-ын зах зээлд борлуулсан баяжуулсан коксжих нүүрс нь тухайн орны хэрэглээний 2014 онд 0.6 хувийг, 2015 онд 0.2 хувийг, 2016 оны 8 сарын байдлаар 0.2 хувийг эзэлжээ.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зах зээлийн хил хязгаарыг тогтоохдоо өрсөлдөгч, хэрэглэгчийг судлаагүй, худалдан авагчийн байршлыг тогтоолгүй, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэрийг Монгол улс гэж буруу тодорхойлсоноос олборлолт хийж байгаа нутаг дэвсгэрийг зах зээл гэж үзсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.8,  Журмын Дөрөвт заасан нөхцөл байдал, хүчин зүйлийг тооцоолж гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Судалгаанд зах зээлийн төвлөрлийг “экспортын нүүрс олборлох, борлуулах зах зээлд 17 компани үйл ажиллагаа эрхэлж байгаагаас баяжуулсан коксжих нүүрсний зах зээлд 3, түүхий коксжих нүүрсний зах зээлд 7, сул коксжих нүүрсний зах зээлд 4, эрчим хүчний хүрэн нүүрсний зах зээлд 13 компани тус тус үйл ажиллагаа эрхэлж байна” гээд баяжуулсан нүүрсний экспортын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын борлуулалт болон зах зээлд эзлэх хувийг 2014 онд “Энержиресурс” ХХК 3236.3 мян.тн буюу 99 хувь, “Эрдэнэс тавантолгой” ХК 29.9 мян.тн буюу 1 хувь, 2015 онд 1121.8 мян.тн буюу 76 хувь, “Мон Эн Ко” ХХК 359.2 мян.тн буюу 24 хувийг эзэлдэг” гэжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлийн төвлөрлийг тооцохдоо аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлолгүй, Монгол улсаас БНХАУ-д баяжуулсан нүүрсийг экспортолсон 2 компанийн үзүүлэлтийг хооронд нь харьцуулж, “Энержиресурс” ХХК-ийн зах зээлд эзлэх хувийг 76 хувь гэж гаргасан нь журмын Тав-д заасныг зөрчсөн, уг журамд заасан хүчин зүйлийг үндэслэж гаргаагүй байна.  

4. Журамд заасан зах зээлийн хүчийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар судлаагүй үндэслэлээ тус компани баяжуулсан нүүрс экспортлох зах зээлийн 76 хувийг дангаараа эзэлж байгаа тул хүчийг тодорхойлох шаардлагагүй гэж үзсэн нь журмын Хоёрын 2.2, 2.2.4, Зургаа-ын 6.1-д заасан ажиллагааг хийгдээгүй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтын дагуу судалгааг зөв гаргаагүйгээс зах зээлээ буруу тодорхойлж, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй байхад 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3 дугаар тогтоолоор  “Энержиресурс” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасныг зөрчиж, “Энержиресурс” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүх шийдвэрлэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 4.1.7, 4.1.8, 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Энержиресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” 3 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд “Энержиресурс” ХХК” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ