Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01396

 

Санко-Энерго строй ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00308 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1613 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Санко-Энерго строй ХХК,

Хариуцагч :  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/

Хариуцагч :  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар,

Хариуцагч :  Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч :  Сангийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: 161.983.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Цогбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, Ч.Энхбаяр, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2011 онд Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах 14 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр 441.469.730 төгрөгийн төсөвт өртөгтэй № СБД-ЭШ-11/09 тоот гэрээг 2011.9.08-ны өдөр  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Сүхбаатар дүүргийн Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй байгуулан ажлаа эхлүүлсэн. Үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд захиалагч байгууллагын санаачилгаар барилгын ажил зогсох, мөн тус газрын зам засварын ажил, санхүүжилт зэргээс шалтгаалж ажил хугацаандаа дуусахгүйд хүрч, гэрээний хугацаа хойшлогдож байсан. Ингээд барилгыг 2013 оны 12 сард  хүлээлгэн өгсөн. Манайд нийт 441.500.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Гэвч барилгыг ашиглалтад өгөх хүртэл энэ санхүүжилтээс давсан зардал гарсан. Дээрх хугацаанд Зам тээвэр хот байгуулалтын сайдын 2012.6.13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм, Барилгын төсөв зохиох дүрэм нь 2012.9.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн. Энэхүү өөрчлөлтөд нийцүүлэн доорхи төсөвт өртгийн зөрүүг тооцсон болно. 2012.10.15-ны мэдээгээр 128.206.634 төгрөг гарч зөрүү 47.593.362 төгрөг,  2013.5.23-ны мэдээгээр 112.112.970 төгрөг гарч зөрүү 32.745.137 төгрөг,  2013.7.09-ний мэдээгээр 41.276.762 төгрөг гарч, зөрүү 250.406 төгрөг, 2013.8.06-ны өдрийн мэдээгээр 68.442.083 төгрөг гарч, зөрүү 21.320.062 төгрөг болсон.Төсөвт тусгагдаагүй байсан төвийн дулаантай холбогдох дулааны узелийн зардалд магадлашгүй ажлын зардлаас 7.710.024 төгрөг гаргаж өгсөн боловч энэ нь хүрэлцэхгүй 67.784.383 төгрөгөөр хийгдэж, зөрүү 60.074.359 төгрөгийн зардлыг  өөрийн хөрөнгөнөөс гаргасан.  Гэрээнд "...төслийн зардалд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн менежерт мэдэгдэнэ" гэж заасны дагуу удаа дараа мэдэгдэж байсан. Энэ талаарх хүсэлтийг хүлээж авдаггүй, эсвэл гэрээг цуцална гэдэг байсан. Дээрх нэмэлт зардлын асуудлаар бид өмнө нь зохих шатны байгууллагууд болох Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөрөнгө оруулалтын газар НӨҮГазарт тус тус хандаж байсан. Иймд 161.983.326 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/, Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй байгуулалтын ажлуудад захиалагчийн хяналт хэрэгжүүлдэг орон нутгийн аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар юм. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 14 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил 2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 500 сая төгрөгөөр төлөвлөгдөж Сүхбаатар дүүргийн Засаг даргад эрх шилжүүлж тендер зарлагдсан. Сүхбаатар дүүргийн үнэлгээний хорооноос 441.469.730 төгрөгөөр Санко-энерго строй ХХК-иар хийж гүйцэтгүүлэх зөвлөмжийг 2011.7.09-ний өдөр манай газарт ирүүлсэн. Санко-Энерго строй ХХК-ийн урьд онуудад хийж гүйцэтгэсэн Сүхбаатар дүүргийн 17, 18 хорооны цэцэрлэгүүдэд чанарын доголдол илэрсэн учраас Үнэлгээний хорооны зөвлөмжийг 2011.7.20-ны өдрийн 2/782 тоот албан бичгээр буцаасан. Гэтэл Сүхбаатар дүүргээс  2011.8.25-ны өдөр 2/844 тоот ирсэн  учраас Санко-энерго строй ХХК-тай 2011.9.08-ны өдөр СБД-ЭШ-11/09 дугаартай 441.469.730 төгрөгийн үнийн дүнтэй,  14 дүгээр цэцэрлэг барих ажлын гэрээг байгуулсан. Гэрээт хугацаанд нэхэмжлэгч  ажлаа дуусгаагүйгээс  гадна агаарын температур хасах градуст орсон тул ажлыг 2012.12.09-ний өдөр зогсоож 2012.04.15-нд эхлүүлж, 2012.8.25-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээг сунгасан. Гэрээ сунгахдаа гүйцэтгэгч байгууллагад материалын үнийн өсөлт, гарах эрсдэлийг захиалагч хариуцахгүй тухай анхааруулж гэрээг сунгаж байсан. Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 41 дүгээр зүйлд нөхөн хийхгүй, 44 дүгээр зүйлд үнийн тохируулга хийхгүй гэж заасан. Гэрээт хугацаа дуусахад дээрх санхүүжилтийг бүрэн олгосон. Мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий этгээд  биш юм. Төсөв хөрөнгөтөй холбоотой асуудлаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад хандаж шиийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжүүлсний үндсэн зөвхөн захиалагч байгууллага буюу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс олгогдсон санхүүжилтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжуулан шилжүүлэг хийдэг. Төсвийн тухай хуулийн 6.6.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь санхүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөөгүй тул хариуцагчийг солих нь зүйтэй юм. Мөн талуудын хооронд байгуулсан 3 удаагийн гэрээний үндэслэх хэсэг "...нэг талаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар..."-т гэж зааснаас үзвэл гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар байгуулах,  гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжилт олгох, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах бүхий л ажлыг зохион байгуулан ажилладаг нь гэрээ болон гэрээ дүгнэсэн протоколоос харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яам шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т заасны дагуу талууд 2011.9.08-ны өдрийн СБД-ЭШ-11/09 тоотоор "Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 14-р цэцэрлэгийн барилга байгууламж барих"  гэрээ байгуулсан байна. Мөн талуудын хооронд байгуулсан 3 удаагийн гэрээний үндэслэх хэсэгт "...нэг талаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар..."  гэж зааснаас уг байгууллага  ажлын гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжилт олгох, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах бүхий л ажлыг зохион байгуулан ажилладаг нь  харагдаж байна. Ажлыг гэрээг сунгахдаа гүйцэтгэгч байгууллагад материалын үнийн өсөлт, гарах эрсдэлийг захиалагч хариуцахгүй гэдгийг анхааруулж  байсан талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас өгсөн тайлбарт дурдагдсан байна. Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд энэ талаар дурдагдсан, гэрээний 41–т нөхөн төлбөр хийхгүй, 44-т үнийн тохируулга хийхгүй гэж заасан, гэрээнд заасан санхүүжилтийг  бүрэн олгосон байна. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 182/ШШ2016/00308 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Сангийн яам, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргад холбогдох нийт 161.983.326 төгрөг гаргуулах тухай "Санко-Энерго Строй" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 967.866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1613 дугаартай  магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00308 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл нь Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын Ахлах Байцаагчийн 2015 оны 06/101/33 тоот дүгнэлт, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 2/961 тоот, шүүхээс томилсон шинжээчийн 2015 оны 25-р дүгнэлтээр нотлогдож байхад шүүх  “...ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.  Төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид удаа дараа мэдэгдэж нь компанийн 2015 оны 03/15, НХОГ-ын 2015 оны  02/961 тоот албан бичгээр тогтоогдоно.  Зам  засварын  ажил хийгдсэн нь  гэрээ дүгнэсэн протокол, техникийн зөвлөлийн удаа дараагийн хуралдааны тэмдэглэлүүдэд тодорхой байгаа. Түүнчлэн, ”...газар чөлөөлөх асуудал нь ажил гүйцэтгэгч талын үүрэг...” гэж хариуцагч хэлж байгаагаас үзвэл газрыг чөлөөлөөгүйгээс ажил хугацаандаа эхлээгүй гэдгийг нотолж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл энэ нь  захиалагчийн үүрэг байдаг бөгөөд гэрээний хугацаа уртсах болсон нь захиалагчийн өөрийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Тухайн үед нэмэлт төсөв шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Захиалагч нь “...Санко-энерно строй ХХК-иар гүйцэтгүүлэх боломжгүй байвал өөр компаниар хийлгэхээр...” ярилцаж байсан нь нэмэлт санхүүжилтгүйгээр ажлыг гүйцэтгэх бодит боломж байхгүй гэдгийг нотолно. Санко-Энерго строй ХХК нь цэцэрлэгийн барилгын ажлын нэмэлт төсвийг өөрийн зардлаар барьж хүлээлгэн өгсөн. Уг нь бол Иргэний хуулийн 345.3-т зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагчаас ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх хууль зүйн үндэслэл байдаг. Хариуцагч төсвийн хэмжээ нэмэгдсэн эсэх, төсөвт тусгагдаагүй ч зайлшгүй хийх ялтсан бойлуурыг суурилуулсан  эсэх талаар мөн үнийн талаар  маргадаггүй.  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төсвийн хэмжээ нэмэгдэх болсон талаар ажил гүйцэтгэгч нь захиалагчид мэдэгдэж байсан гэдгийг тайлбараараа нотолдог.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч хэрэгт авагдсан баримт, төсвийн гүйцэтгэлийн мэдээ зэрэгт тулгуурлан дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх үнэлээгүй, харин давж заалдах шатны шүүх төсөв нэмэгдсэн үндэслэл тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлтийг дүгнэх боломжгүй гэж  хийсвэр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, харин давж заалдах шатны   шүүх ойлгосон боловч үндэслэл нь тогтоогдоогүй гэж шинжээчийн дүгнэлтийг дүгнэх боломжгүй гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, эргэлзээтэй байсан бол  шүүх өөрийн санаачилгаар дахин шинжээч томилох боломжтой. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж дүгнэсэн атлаа  шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Шүүх нэхэмжлэлийг 2014.11.10-ны өдрийн 21208 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар заасан. Нэхэмжлэгч захирамжид заасан зөрчлийг арилгаагүй байхдаа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг 2010 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 49 дүгээр тогтоолоор байгуулан 2013 онд Нийслэлийн Засаг Даргын 2013.02.04-ний өдрийн А/87 тоот захирамжаар бүтэц орон тоог нь шинэчлэн баталснаас үзвэл нэхэмжлэгч гомдлоо Нийслэлийн засаг даргад гаргах буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх хуулийн шаардлагыг шүүх хэрэглээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч нь Сангийн яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгийн барилгын ажлын төсвийн зөрүү 101.908.967 төгрөг /47.593.362 + 32.745.137 + 250.406 + 21.320.062/,  нэмэлт ажил /ялтсан бойлуур/-ын зардал 60.074.359 төгрөг нийт 161.983.326 төгрөг шаардсан, хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

1. Нэхэмжлэгч нийт 161.983.326 төгрөг шаардахдаа 101.908.967 төгрөг нь төсвийн зөрүү, 60.074.359 төгрөг нь нэмэлт ажлын зардал гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Тодруулбал, хэрэгт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний 1/22 тоот албан бичиг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06/101/33 тоот дүгнэлт, Хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2/961 тоот албан бичиг /хх 8-9/, 14-р цэцэрлэгийг ашиглалтанд оруулах комиссын хурлын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хх 16-17/, комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт гэх 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн жагсаалт /хх 18/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 286/2013 дугаар акт /хх 19-20/, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын хуулбар /хх 21-22/, 14-р цэцэрлэгийн өртөгийн товчоо /хх 23-27/, Кибернетик ББСБ-ын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 15/083 тоот албан бичиг /хх 34/, Экокапитал ББСБ-ын 2015 оны 03/584, 03/563 тоот албан бичиг /хх 37-38/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 40-41/, № СБД-ЭШ-11/09-1-3 гэрээ /хх 44-45, 136-142/, ажлын график /хх 48/, гэрээ дүгнэсэн протокол /хх 49-51/, техникийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 26, 2013 оны 01 дүгээр сарын 28, 2013 оны 5 дугаар сарын 01, 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх 52-62/, Нийслэлийн засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 188-р захирамж хавсралтын хамт /хх 116-117/-с өөр баримт авагдаагүй, нэхэмжлэгч нийт 161.983.326 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ тухай санхүүгийн болон нэмэлт зардалтай холбоотой тооцооны ямар нэг баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул “...нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдсон байгаа... нэмэлт төсөв шаардлагатай болсонг захиалагчид мэдэгдсэн...” гэх гомдол нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

2. Нэхэмжлэгч нь 101.908.967 төгрөг шаардахдаа үндэслэлээ Зам тээвэр хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм, Барилгын төсөв зохиох дүрэм 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөнтэй холбогдуулан барилгын ажлын төсөвт нэмэлт зардал гарсан гэж тайлбарладаг бөгөөд гэрээ сунгагдсан нь нэмэлт зардал үүсэх нөхцөл болсон гэж талууд мэтгэлцээгүй, гэрээ сунгагдсантай холбоотой ямар нэг шаардлагыг зохигчид шүүхэд гаргаагүй тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

3. Ялтсан бойлуур суурилуулах нь зайлшгүй хийх ажил байсныг мөн зардлын зөрүү гэх 60.074.359 төгрөгийн үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

4. Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээчийг томилно.

Нэхэмжлэгч нь нийт 161.983.326 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ тухай санхүүгийн болон нэмэлт зардалтай холбоотой тооцооны ямар нэг  баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь /хх 72-100/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нийцээгүй тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй  байна.

5. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа, хариуцагч нарын татгалзлыг үгүйсгэхдээ шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21208 дугаар захирамжтай холбоотой ямар нэг үндэслэл хэлж байгаагүй тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 172 дугаар зүйлийн 172.2-г зөрчжээ.  

6. Санко-Энерго строй ХХК нь 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011045039 дугаарт бүртгэгдсэн бөгөөд оноосон нэрээ “Юнайтэд инженеринг солюшн” болгон 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан /хх 40/ -с үзвэл нэхэмжлэлийн үндэслэл болсон 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн СБД-ЭШ-11/09-1-3 тоот гэрээний /хх 46/ гүйцэтгэгч тал нь гэрээ байгуулах үед “Санко-Энерго строй” гэсэн нэртэй, 2013 оны 12 дугаар сард буюу барилгыг хүлээлгэн өгөх үед оноосон нэрээ “Юнайтед инженеринг солюшн” гэж өөрчилсөн байжээ.  

Санко-Энерго строй ХХК нь оноосон нэрээ “Юнайтэд инженеринг солюшн” болгон өөрчилсөн бөгөөд үүнээс хойш буюу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч энэ талаар зохигчид маргаагүй, хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилсөн байдлаар тамга, тэмдэг аваагүй байгаа гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг хоёр шатны шүүх “Санко энерго строй” гэж бичсэнийг хяналтын шатны шүүхээс “Юнайтэд инженеринг солюшн” болгон өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэв.     

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1613 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 967.866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                                      

                                      ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ