| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03482/И |
| Дугаар | 191/ШШ2025/06444 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06444
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СФ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Б холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 59,271,320 төгрөгийг гаргуулах тухай үндсэн, зээлийн төлбөрт шилжүүлсэн 40,23,040 төгрөгийг буцаан гаргуулах, барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.*******, хариуцагч Ш.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ү.******* нь сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******* Финанс" ББСБ нь зээлийн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1/362 дугаар бүхий Санхүүгийн Зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй. Улмаар үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэн Ш. *******ийн хүсэлтээр 2023 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ23/004/0142 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 54,000,000 /Тавин дөрвөн сая/ төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 30 хоногийн 3,3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба тус мөнгийг зээлдэгчид 2 хуваан шилжүүлсэн болно. 2024.05.01-ний өдөр гэрээ дуусгавар болоход зээлийн төлбөрийг бөөн төлөхөөр тохиролцож төлбөрийн хуваарь байгуулсан. Уг зээлийн гэрээг төлөх баталгаа болгон зээлдэгч нь өөрийн эзэмшлийн мобиком корпорацийн 9911-7295 дугаарыг тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Ш. ******* нь 2025 оны 04 сарын 08-ны өдрийн бадлаар зээлийн үндсэн төлбөр 54,000,000 төгрөг, хүү 4,784,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,080 төгрөг буюу Нийтдээ 59,271,320 төгрөг болоод байна.
Бид зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлөлт хийхийг шаардах гэсэн боловч одоо болтол олдохгүй байгаад гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсээр байгаа тул арга буюу хууль шүүхийн байгууллагад хандаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасанд хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гээд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасан.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан байдаг.
Иймд зээлдэгч Ш.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 59,271,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
1.1. Тус шүүхэд хянагдаж буй "******* *******" ББСБ-ын нэхэмжлэлтэй Ш.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ш.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд 2025-05- 26-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний шаардлага, үндэслэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Ш.******* нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-21/010/0307 дугаартай гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкин дахь 417024571 тоот дансаар хүлээн авсан бөгөөд тухайн гэрээг байгуулахдаа өөрийн эзэмшлийн ******* дугаарыг барьцаанд тавьж БГ-21/010/0307 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний хугацааг түүний хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож 1 удаа сунгасан байдаг бөгөөд 2023-04-30-ны өдөр хүртэл зээлдэгч Ш.******* үндсэн зээлээс огт төлөлт хийлгүйгээр зөвхөн зээлийн хүүг төлж байсан ба тухайн өдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 4,020,000 төгрөг болсон байсан.
Түүний хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож 2023-04-30-ны өдрийн ЗГ-23/004/0142 тоот зээлийн гэрээ болон БГ- 23/004-0142 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр зээлдэгч тал манай байгууллагад зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй ба зээлдэгчийн төлбөл зохих төлбөр 54, 020, 000 /тавин дөрвөн сая хорин мянга/ төгрөг болсон байсан бөгөөд тэрээр тухайн өдрөө манай байгууллагад 20,000 төгрөгийг төлж, өөрийн хүсэлтээр өмнөх гэрээг хааж, дахин шинээр гэрээ байгуулсан. Тухайн гэрээ байгуулсан өдөр зээлдэгч нь тухайн мөнгөн хөрөнгөөр буюу 54,000,000 төгрөгөөр хөрөнгөжиж байгаа тул уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх ба хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлдээ өдрийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг түүний хүү. нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 4,000,000 төгрөгийг тооцож..." гэж тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн талаараа тодорхой дурджээ.
Түүнчлэн хариуцагч Ш.******* нь тухайн гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж ирсэн билээ.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
1.2. Хариуцагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. ******* дугаарыг барьцаалсан. Улмаар нэр шилжүүлсэн. 54 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг 12 сарын хугацаагаар байгуулсан. Сар болгон хүүгээ төлж байгаад 2024 оны 4 сард төлж дуусгахаар тохиролцсон. Хариуцагч нь сар болгон хүүгээ төлж байгаад 2024 оны 4 сард зээлээ төлөх боломжгүй болоод манайх хойшлуулсан. Ингээд 2024 оны 12 сард төлөх боломжгүй боллоо гэж хэлсэн. Тэгээд 2-3 сар маргалдаж байгаад бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл 54 сая, хүү 4,784,240, нэмэгдүүлсэн хүү 487,080, нийт 59,271,324 төгрөг шаардана. Хариуцагч нь хүүд 35,559,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,763,880 төгрөг, нийт 40,323,040 төгрөг төлсөн.
Хариуцагч нь өмнөх зээл болон одоогийн зээлийг нэг гэж үзээд байгаа юм. Анх 2021.10.21-нд 50 саяын гэрээ байгуулаад төлж байх хугацаандаа төлөлт удааширсан тул гэрээний 5.2.2-т зааснаар дугаарын ярианы эрхийг хаасан. Энэ үед хариуцагч нь холбогдоод ямар боломж байна вэ гэхээр зээлийн гэрээг шинээр байгуулахаар тохиролцож хийгдсэн юм. Энэ гэрээг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд 54 саяар гэрээ хийж гарын үсэг зурсан. Өмнөх зээл нь 54,020,000 төгрөгийн зээл нь хаагдсан. Ингээд бид 54 саяар гэрээ хийх боломжтой гээд 20,000 төгрөгийг хариуцагч нь манай дансанд шилжүүлсэн. Улмаар 54 саяын гэрээ хийсэн тул энэ 2 гэрээ тусдаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээ дэмжинэ.
Сөргийн хувьд 2021 оноос хойш надтай сар болгон утсаар ярьж шаардлагын дагуу хүү төлж явсан. Харин хүүгээ үндсэн зээлээс хасна гэдгийг гайхаад байгаа юм. Зээл хаагдаагүй тохиолдолд дугаарыг өгөх боломжгүй. Захирамжийн дагуу бид дугаар дээр ямар нэг зүйл хийгээгүй гэв.
2. Хариуцагч Ш.******* нь шүүхэд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.*******аас "Зээлийн гэрээний үндсэн төлбөр 54,000,000 төгрөг, хүү 4,784,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,080 төгрөг, нийт 59,271,320 төгрөг гаргуулах" тухай шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээг миний хувьд нэхэмжлэгчтэй байгуулж, тухайн гэрээнд гарын үсэг зурсан байдаг ба тухайн гэрээг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээг байгуулж өөрийн эзэмшлийн ******* мобикомын дугаарыг барьцаалсан байдаг.
Гэвч тухайн гэрээний дагуу зээл олгож мөнгийг надад бодитоор шилжүүлэн өгөөгүй бөгөөд өмнөх гэрээний буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 4,000,000 төгрөгийг тооцож шинээр гэрээ байгуулсан мэтээр баримт үйлдсэн. Иргэний хуулийн 451.1-т "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн мөнгийг хуульд зааснаар шилжүүлэн өгөөгүй зөвхөн өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож шинэ зээлийн гэрээний үүрэг үүсгэж зээл олгосон байдлаар байдлаар тухайн гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч бодитоор тухайн гэрээний дагуу надад зээл олгож би түүнийг ашигласан зүйл байхгүй тул тухайн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөл байдлыг үүсгэхгүй гэж үзэж байна.
Учир нь Иргэний хуулийн 451.3-т "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна" гэж заасан байх ба энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасан бөгөөд мөн хуулийн 19.6-д "Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно" гэж заасан байдаг.
Гэтэл тухайн 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээний 2.3-т ". зээлийг бүхэлд нь, хэсэгчлэн бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно" гэж тодорхойлсончлон зээлдэгч надад тухайн мөнгийг хууль болон гэрээнд зааснаар бодитоор шилжүүлэн өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээ нь хуульд зааснаар бодитоор хэрэгжээгүй байна.
Түүнчлэн тухайн гэрээ нь талуудын хооронд аливаа төлбөрийн үүрэг үүсгээгүй байтал миний зүгээс тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч талд 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөөс хойш нийт 40,323,040 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн хувьд дээрх хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа төдийгүй үндэслэлгүйгээр миний эзэмшлийн ******* дугаарыг барьцаалсан болох нь харагдаж байна.
Иймд тухайн гэрээний дагуу миний зүгээс төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн миний зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээний дагуу байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож барьцааны зүйл болох ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх болон тухайн зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,323,040 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар буцаан авах нь зүйтэй гэж үзэж байна.
2.1. Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.*******аас "Зээлийн гэрээний үндсэн төлбөр 54,000,000 төгрөг, хүү 4,784,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,080 төгрөг, нийт 59,271,320 төгрөг гаргуулах" тухай шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т "Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ" гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчийн шаардаж буй 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 3Г23/004/0142 дугаар зээлийн гэрээг миний хувьд нэхэмжлэгчтэй байгуулж, тухайн гэрээнд гарын үсэг зурсан байдаг ба тухайн гэрээг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээг байгуулж өөрийн эзэмшлийн ******* мобикомын дугаарыг барьцаалсан байдаг.
Гэвч тухайн гэрээний дагуу зээл олгож мөнгийг надад бодитоор шилжүүлэн өгөөгүй бөгөөд өмнөх гэрээний буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 4,000,000 төгрөгийг тооцож шинээр гэрээ байгуулсан мэтээр баримт үйлдсэн.
Иргэний хуулийн 451.1-т "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн мөнгийг хуульд зааснаар шилжүүлэн өгөөгүй зөвхөн өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож шинэ зээлийн гэрээний үүрэг үүсгэж зээл олгосон байдлаар байдлаар тухайн гэрээ хийгдсэн.
Энэ нь бодитоор тухайн гэрээ байгуулагдаж тухайн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөл байдлыг үүсгэхгүй гэж үзэж байна.
Учир нь Иргэний хуулийн 451.3-т "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна" гэж заасан байх ба энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 19.6-д "Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно" гэж заасан байдаг.
Гэтэл тухайн 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээний 2.3-т "..зээлийг бүхэлд нь, хэсэгчлэн бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно" гэж тодорхойлсончлон зээлдэгч надад тухайн мөнгийг хууль болон гэрээнд зааснаар бодитоор шилжүүлэн өгөөгүй байдаг.
Өөрөөр хэлбэл 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээ нь хуульд зааснаар бодитоор хэрэгжээгүй буюу зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй байна.
Түүнчлэн тухайн гэрээ нь талуудын хооронд аливаа төлбөрийн үүрэг үүсгээгүй байтал миний зүгээс тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч талд 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөөс хойш нийт 40,323,040 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн хувьд дээрх хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа төдийгүй үндэслэлгүйгээр миний эзэмшлийн ******* дугаарыг барьцаалсан болох нь харагдаж байна.
Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар 40,323,040 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Мөн дээрх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийн хангах аргын хүрээнд барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж заасан ба бидний хооронд гэрээний болон хуулийн дагуу үүрэг үүсээгүй болох нь харагдаж байна.
Барьцааны гэрээ нь дангаараа үүрэг үүсгэхгүй, шаардах эрхийн үндэслэл болохгүй бөгөөд барьцаагаар хангагдах үүрэг үүсээгүй тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг саатуулан барих эрхгүй байна.
Иймд 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ш.*******т буцаан шилжүүлэх үндэслэлтэй байна.
Иймээс Зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,323,040 төгрөгийг буцаан гаргуулах, 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн зөвшөөрөхгүй. 9,676,960 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Анх 2021 онд 50 саяыг зээлээд 2023 оны 4 сар хүртэл хүү төлөөд явсан. Тухайн зээлийн гэрээний хугацаа дуусаад үлдэх хэсгийг төлөх боломжгүй гээд 4 саяыг төлөх боломжгүй гэж хэлсэн. Эсхүл хүүгээ багасгаж өгөх санал тавьсан. Ингэхэд үндсэн зээл 50 дээр хүү 4-г нэмээд шинээр бичүүлж авсан юм. Уг гар бичмэлээр үндсэн зээл 54 сая гээд байна. Энэ мөнгө олгогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Төлсөн төлбөрөө анх авсан мөнгөнөөсөө хасаж тооцож байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн төлсөн мөнгөн дүнд маргаагүй.
Тухайн үед хүүг сар бүр төлөөд явж байтал 2 удаа миний саналыг татгалзсан юм. Зээлийн мэдээллийн санд 2 зээлтэй гэж орсон байна. Би банкнаас хүү багатай зээл хүсэхэд 2 зээлтэй гээд банкнаас зээл олгогдоогүй нь надад хохиролтой байсан. Дараа нь 45 сая төгрөг авч очоод зээлээ хаая гэхэд эдийн засагч гадагшаа явсан гээд зөвшөөрөөгүй.
2.2. Төлсөн 40,323,040 төгрөгийг буцаан гаргуулах. Мөн барьцааны дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2023.4.30-нд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Гэрээ байгуулсан боловч зээл олгоогүй. Өмнөх зээлийн гэрээний үлдэгдлээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй. Харилцан тооцож буцаан гаргуулахаар шаардаж байгаа юм. Уг гэрээ байгуулагдаагүй тул барьцааны эрх үүсэхгүй тул дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах юм. Иргэний хуулийн 451-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанаар үүрэг үүсдэг бөгөөд гэрээ байгуулагдаагүй тул үүрэг үүсэхгүй юм. Хуулийн 19.5-д мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог. Уг гэрээ бодитоор хэрэгжээгүй юм. 19.6-д зээл олгох хэлбэрийг харилцан тохиролцохоор заасан бөгөөд гэрээнд зааснаар бэлэн бусаар шилжүүлэхээр заасан. Гэвч зээл олгогдоогүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны гэрээгээр төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж өмнө нь тайлбарласан. Банкны хуульд зээлийг хэрхэн олгох, хяналт тавих талаар зохицуулсан байдаг. Үүнээс үзэхэд зээл олгосон баримтын талаар хуульчилсан. Нэгэнт 2021 оны зээлийн гэрээний үүрэг 2023 он хүртэл хэрэгжээгүй нөхцөл байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна. Гэрээг цуцлах талаар хуулиар зохицуулсан. Гэтэл өмнөх зээлийг хаах хэлбэрээр дахин гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. 2023.4.30-нд харилцан тохиролцож өмнөх зээлийг дуусгавар болгосон. Дараагийн гэрээгээр үүрэг үүсээгүй. Улмаар үүрэггүйгээр 40 саяыг шилжүүлсэн тул өмнөх 50 саяас хасагдаад хариуцагч нь 9 сая төгрөг төлбөр төлөх ёстой байгаа юм. Үүргийн дийлэнх хэсгийг төлсөн тул дугаарыг шилжүүлэх боломжтой гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: зээл хүүгийн тооцоолол /хх5/, итгэмжлэл /хх6/ 2023.04.30-ны өдрийн №ЗГ-23/004/0142 дугаартай Зээлийн гэрээ /хх7-8/, Барьцааны гэрээ /хх9-11/, хавсралт /хх12/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх13/, тусгай зөвшөөрлийн хуулбар /хх14-15/, 2022.11.30-ны өдрийн ЗНГ22/011/0351 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх52/, гэрээний хавсралтын хуулбар /хх53/, 2021.10.21-ний өдрийн №ЗГ-21/010/0307 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /хх54-55/, мөн өдрийн Барьцааны гэрээний хуулбар /хх56-58/, хавсралтын хуулбар /хх59/, дансны хуулга /хх60/, шилжүүлгийн мэдээлэл 2 ширхэг /хх61-62/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 59,271,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид ******* дугаарын ашиглах эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 40,323,040 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 59,271,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гар утасны ******* дугаарын ашиглах эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, илүү төлсөн 40,323,040 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
4. Зохигч 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 50,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ. /хх54-55, 56-58, 52/
Цаашлаад 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 54,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна. /хх7-8, 9-11/
5. Хариуцагч нь 2023 оны гэрээгээр мөнгөн хөрөнгө олгогдоогүй, харин 2021 оны гэрээг дүгнэж үлдэх үүргээр гэрээ байгуулсан. Иймд 2023 оны гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй тул хариуцагчид уг гэрээгээр үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх13-15/
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь үндсэн зээл болон гэрээнд заасан бол хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээдэг.
Зохигч 2023 онд өмнөх 2021 оны зээлийн гэрээний үлдэх үүргийг 54,020,000 төгрөгөөр тооцож, хариуцагч нь 20,000 төгрөг төлж, үлдэх 54,000,000 төгрөгийн хэмжээд дахин зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. Ийнхүү хариуцагч нь 20,000 төгрөг төлсөн болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх60/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгө олгох үүрэгтэй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно.
Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 2023 оны зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдоогүй тул уг гэрээгээр хариуцагчид үүрэг үүсэхгүй юм.
Харин 2021 оны зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөг олгосон болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх61-62/
5.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2023 оны зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байх боловч нэхэмжлэлийн агуулга нь зээлийн гэрээний үүрэг шаардсан тул шүүх зохигчийн хоорондох зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг нэг мөр хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
6. Зохигчийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд сард 2.4 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 24 сарын хугацаатайгаар байгуулагджээ. /хх54-55/
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээр дурдсанаар энэхүү гэрээний дагуу 50,000,000 төгрөгийн зээл олгогдсон байх тул хариуцагчид үүссэн үүргийг тооцвол:
Нэхэмжлэгч нь шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул гэрээ 3 жил 5 сар 21 хоног хэрэгжсэн.
Гэрээнд зааснаар сард 2.4 хувийн хүү буюу 1,200,000 төгрөгийн хүү тооцогдох тул 3 жил 5 сар буюу 41 сарын хугацаанд 49,200,000 төгрөгийн хүү тооцогджээ. Улмаар 1 хоногт 39,452.05 /1,200,000*12/365/ төгрөг тул 21 хоногт 828,493.05 төгрөгийн хүү тооцогдох тул нийт тооцогдох хүү нь 50,028,493.05 төгрөг юм.
Гэрээний 2.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул 20 хувиар тооцвол нэмэгдүүлсэн хүү нь 10,005,698.61 төгрөг болно.
Иймд хариуцагчид энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 110,034,191.66 төгрөг төлөх үүрэг үүсжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт 40,323,040 төгрөг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн. Цаашлаад хариуцагч нь нэмэлт төлбөр төлсөн талаар баримт шүүхэд ирүүлээгүй тул гүйцэтгээгүй үлдэх үүрэг нь 69,711,151.66 төгрөг байна.
Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 59,271,320 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
7. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 451, 452-р зүйлд зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байдаг. Улмаар хариуцагчийн буцаан төлсөн 40,323,040 төгрөг нь зээлийн үүрэгт тооцогдсон тул буцаан шаардахгүй эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлөх ёсгүй төлбөрийг төлж, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
7.1. Зохигч 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан. /хх56-58/
Уг гэрээний зүйл нь ******* дугаарын ашиглах эрх байна. Энэхүү дугаар нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа талаар хэн аль нь маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэр ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй. Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шаардаж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3-т зааснаар барьцааны зүйлийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 160 дугаар зүйлийн 160.3, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ш.*******аас 59,271,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчид ******* дугаарын ашиглах эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,323,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 454,307 төгрөг, хариуцагчийн 1,067,516 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 454,307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 707,950 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД