| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04061/И |
| Дугаар | 191/ШШ2025/03726 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03726
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж 16 тоот оршин байрлах “*******”-ын нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ы *******/рд:*******/,
О.*******г захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.*******, гуравдагч этгээд О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* (*******) нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 9-493 тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 3 дугаар зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.
1.1. ******* нь 2022 оноос хойш бүлэг бөөгнөрөл үүсгэж архидаг согтуурдаг. 2024 онд хөлөө гэмтээгээд гэртээ хүн цуглуулж архидан согтуурдаг болсон. 2025.4.22-нд эрүүлжүүлэгдсэн. Ээж ******* нь хүүгээ архины эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан. Иймд архины эмчилгээнд явуулах хүсэлтэй гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрт найз нөхөд архитай хүрээд ирдэг. Тэрнээс нь цуг уудаг юм. Ээж энэ хүмүүсээ гарга гэдэг. Би гудамжинд уултай биш гэснээс болж хэрүүл үүсдэг. Би гадуур явж архи уудаггүй. Найз нөхөд архи авчрахаар нь уудаг. Би группэд байдаг тул архины эмчилгээнд битгий явуулаач. Дахин гэртээ хүн цуглуулахгүй. Тэнд айхтар хүчтэй эм өгдөг гэж сонссон. Сайн дурын эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: М.*******ы өргөдөл /ХХ 7/, Ж.Алтаншагайн хүсэлт /ХХ8/, гуравдагч этгээдийн хүсэлт /ХХ9/, хохирогчоос авсан мэдүүлэг /ХХ10-11/, холбогдогчоос авсан мэдүүлэг /ХХ12-13/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын албан тоот /ХХ14/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ15/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хурлын тэмдэглэл /ХХ16-17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ18/, эрүүл мэндийн дүгнэлт /ХХ19/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /ХХ20/, зөрчлийн бүртгэл /ХХ21-26/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь О.*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан. Тус шүүхэд энэхүү хүсэлтийг гаргасан нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* нь сайн дурын эмчилгээнд хамрагдана гэж маргасан.
4. Нэхэмжлэлд М.*******ы өргөдөл, Ж.Алтаншагайн хүсэлт, гуравдагч этгээдийн хүсэлт, хохирогчоос авсан мэдүүлэг, холбогдогчоос авсан мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хурлын тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн дүгнэлт, иргэний үнэмлэхийн мэдээлэл, зөрчлийн бүртгэл зэрэг баримтыг хавсаргаж ирүүлсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасанд нийцсэн байна. /ХХ7, 8, 9, 10-11, 12-13, 14, 15, 16-17, 18, 19, 20, 21-26/
Эдгээр баримтаас үзэхэд гуравдагч этгээд О.******* нь байнга архидан согтуурч, өөртөө болон бусдад аюултай байдал үүсгэдэг, эрүүл мэндийн хувьд захиргааны журмаар албан эмчилж болох нь тогтоогдож байна.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тухайн этгээд нь сайн дураар эмчилгээнд хамрагдах тухай хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд түүнийг албадан эмчилгээнд хамруулахгүй байж болох талаар зохицуулжээ.
Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд сайн дураар эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа талаар бичгээр хүсэлт гаргаж байх тул түүнийг нэг удаа албадан эмчилгээнд хамруулахгүй байхаар шийдвэрлэж, харин хууль зүйн үр дагаврыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар О.*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД