| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2021/01213/И |
| Дугаар | 210/МА2021/01793 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/01793
| 2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2021/01793 |
Д.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02050 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох орон сууц чөлөөлүүлж түрээсийн төлбөрт 3,480,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийн шаардлага
2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу 6 сар, хоногийн түрээсийн төлбөрийг сарыг 550,000 төгрөгөөр тооцож 3,480,000 төгрөг гаргуулах,
Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар байр, 35 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг М.Б-гийн эзэмшлээс чөлөөлүүлэх,
Нэхэмжлэлийн үндэслэл
Зөв эргэлт зууч ХХК-аар зуучлуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар байр, 35 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг М.Б-д хөлсөлсөн. Б.Пүрэв-Очир нь тухайн үед М.Б-гийн иргэний үнэмлэхийг нь авч ирж түүний өмнөөс гарын үсэг зурсан. Мөн М.Б- энэ орон сууцад амьдрах талаар хэлсэн. Орон сууцны түлхүүрийг М.Б-д хүлээлгэн өгсөн. Гэрээнд сард хөлсөнд 500,000 төгрөгийг төлж, 10 сарын хугацаатай түрээслэхээр заасан. Түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч Б.Пүрэв-Очир 6 сар 10 хоногийн төлбөрт 3,500,000 төгрөг төлж гэрээний хугацааг 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөхийг нөхөр Н.Гантулгад мэдэгдэж энэ талаар М.Б-д хэлсэн. Түүнээс хойш орон сууцад олон удаа очсон боловч М.Б-тай уулзаж чадаагүй.
Хариуцагчийн тайлбарын агуулга:
Д.О-тай гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй. М.Б- орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар байр, 35 тоот орон сууцанд 2019 оны 10 дугаар сараас хойш одоо хүртэл амьдарч байгаа. М.Б- орон сууцны түрээсийн төлбөрийг төлж байгаагүй.
Б.Пүрэв-Очир нийт 8,500,000 төгрөг төлсөн. Б.Пүрэв-Очир М.Б-г 2022 оны 10 дугаар сар хүртэл амьдрах эрхтэй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-гийн эзэмшлээс гэрээний зүйл болох Д.О-ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003712 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар байр, 35 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, хариуцагч М.Б-гаас 3,166,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 313,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 143,870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 130,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Д.О- болон Б.Пүрэв-Очир нар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгч зөвшөөрсөн. Мөн Д.О- нь Б.Пүрэв-Очиртой нэг хоногийн дараа дахин гэрээ байгуулж хугацааг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар тохиролцож төлбөрийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Уг гэрээг нотлох баримтаар өгсөн боловч шүүх үнэн эсэхийг нягталж үнэлээгүй, хүлээн аваагүй.
Өөрөөр хэлбэл, эдгээр хоёр гэрээний алийг нь баримтлах тухай, М.Б-, Б.Пүрэв-Очир нарын хэн нь хариуцагч болох талаар үнэлээгүйд гомдолтой байна. Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч хугацаа хожих зорилгоор давж заалдах гомдол гаргасан. Түрээсийн маргааны улмаас санхүүгийн хүнд байдалд орсон. Ах нь түрээсэлнэ гэсэн атлаа дүүгээ оруулсан. Одоо хариуцагч биш гэж маргаад байна. Энэ асуудлаар тохиролцох гэсэн боловч холбогдож чадаагүй. Орон сууц банкны төлбөрт хураагдах болоод байгаа учраас орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч М.Б-д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар байр, 35 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны хөлс 3,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Д.О- болон М.Б- нарын гарын үсэг бүхий орон сууц хөлслөх гэрээ хэрэгт авагдсан авагдсан боловч хариуцагч нь ... тус гэрээнд Б.Пүрэв-Очир гарын үсэг зурсан, мөн тэрээр орон сууцны хөлсийг төлсөн... гэж тайлбарласан ба энэ талаар зохигч маргаагүй.
Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 2.1-д орон сууцыг хөлсөнд 1 сарын 500,000 төгрөг, нийт 10 сарын төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлөхөөр заасан ба уг хөлсийг Б.Пүрэв-Очир төлсөн боловч уг орон сууцанд хариуцагч М.Б- 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-13-15,58/
Мөн Б.Пүрэв-Очир орон сууц хөлс гэрээний хугацаа дууссахад уг гэрээг 6 сарын 10 хоногийн хугацаатай сунгаж, нэмж 3,500,000 төгрөг төлсөн буюу 2021 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд орон сууцны хөлсөнд нийт 8 500 000 төгрөг төлсөн болох нь талуудын хэн алины тайлбар болон ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ. Харин Д.О- болон Б.Пүрэв-Очир нар орон сууц хөлслөх гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгаж хөлсийг шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. /хх-57/
Хариуцагч М.Б- нь орон сууц хөлсөх гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.О-, хариуцагч М.Б- нарын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь эд хөрөнгө хөлс гэрээний талуудад хамааралтай.
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч М.Б-д ... орон сууцны гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч дүү Б.Пүрэв-Очир нь 3,500,000 төгрөг нэмж төлсөн учир гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дуусахыг мэдэгдэж, орон сууц чөлөөлж өгнө үү ... гэх мэдэгдлийг өгсөн боловч хариуцагч орон сууцыг чөлөөлөөгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон байна. /хх10/ Хариуцагч М.Б- нэхэмжлэгч Д.О-ын өмчлөлийн орон сууцыг эзэмших эрхгүй байсан гэдгээ мэдэх боломжтой болсон буюу мэдэгдэл өгсөн хугацаанаас хойш уг орон сууцыг чөлөөлөөгүй тул түүнийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үүрэг үүснэ. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч М.Б-гаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хөлс буюу олох ёстой байсан үр шимийг шаардах эрхтэй. Хариуцагч М.Б- нь дээрх хугацааны төлбөрт 3,166,667 төгрөгийг нэхэмжлэгч Д.О-д төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Анхан шатны шүүх хариуцагчийн төлөх үүргийг хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.О-ын Б.Пүрэвдорж гэх этгээдтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээнд заасан 1 сарын хөлс 500,000 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхгүй.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч М.Б-гаас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар байр, 35 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Ийм учраас дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02050 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 295 дугаар зүйлийн 295.4... гэснийг ...95 дугаар зүйлийн 95.1... гэж
өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 65,620 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.БАЙГАЛМАА