Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

2024/ДШМ/27

 

 

 

Т.Тад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Ц.Б

            Шүүгдэгч                                                                   Т.Т

            Нарийн бичгийн дарга                                              Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Тад холбогдох 22120001390049 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1000 оны 00 дүгээр сарын 0-ны өдөр Ө аймгийн У суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт У хот, Б дүүрэг 0 дугаар хороо У ард байх 0 байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Тийн Т.Т/РД:0000000000/ 

 

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт  тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Т.Тад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

                                                                                                                                                                                А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Боржигин овогт Төмөрчөдөрийн Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав// сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Тын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 132.819.750 төгрөгийн үнэлгээ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 0-0 УБ улсын дугаартай CAT-325CL маркийн экскаватор, 28.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн,  00-00 УБ улсын дугаартай, CAT-320В маркийн экскаватор, 13.440.000 төгрөгийн үнэлгээ бүхий чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн усан буу, 6.011.714 төгрөгийн үнэлгээ бүхий CAT-320В экскаваторын мотор  зэргийг хураан тус тус улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Таас 88.000/наян найман мянга/ төгрөгийг гаргуулан У хотын Б дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, Н “А” төвийн 2 давхарт байрлах Д ХХК/РД:000000-д олгож, Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо... Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Ц сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудын орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтын 00000000000 дугаартай тендерийн 1 дүгээр багц МУ-000000 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр “Г” ХХК-н шалгарч , А аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн А\614 дугаар захирамж, А аймгийн Орон нутгийн Өмчийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн № 168 дугаар албан бичгийг үндэслэн “ “М” ХХК-ийн Ц сумын О багт явуулсан үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 14 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ “-г 2021 оны 10 дугаар сарын 28 өдөр ‘Т” ХХК болон А аймгийн Ц сумын Засаг дарга нарын хооронд гэрээ байгуулагджээ. Ц сумын Засаг дарга Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 19 өдөр А\212 дугаар захирамжаараа “Нөхөн сэргээлт хийх гэрээ” г цуцалсан байдаг юм. Харин гэрээг цуцалсан шийдвэрээ гэрээний нэг тал болох “Г” ХХК-нд одоо г болтол өгөөгүй, мэдэгдээгүй байна. Энэ талаар ч “Г” ХХК-ний захирал Д.Ө 2023 оны 02 дугаар сарын 14 өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө гэрээг одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж мэдүүлжээ. Мөн гэрээний дагуу зохих нөхөн сэргээлт хийгдсэн байдаг юм. А аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн А\614 дугаар захирамж, А аймгийн Орон нутгийн Өмчийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 08 өдрийн №468 дугаар албан бичиг, үнэлгээний хорооны 2020 оны 09 дүгээр сарын 04 өдрийн үнэлгээний зөвлөмж зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. ”Э” ХХК-нийн шинжээчийн нэгдсэн дүгнэлтээр уг газар нь “Г” ХХК-ний нөхөн сэргээлт хийх ажлын талбар нь юм байна. Иймд  “М” ХХК-ийн Ц сумын О багт явуулсан үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 14 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ“-г одоог хүртэл хүчин төгөлдөр гэхээс өөр аргагүй бөгөөд уг газарт нөхөн сэргээлт явуулж газар ухаж байгаа 2 экскаватор, нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөр зэргээр Т.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй юм. Харин “Г” ХХК болон Т.Т нарын хэн ч МУ-ын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх үйлдэл, үйл баримт тогтоогдохгүй байна. Тухайлбал тухайн үед хэргийн газарт очсон гэрчүүд болох Д.С. О.А, Ц.О, Ч.Г нар нь Т.Тыг хууль бусаар алт олборлож байсан, хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт. ашиглалт хийж байсан талаар мэдүүлээгүй байна. Харин Т.Т нь тухайн үед А аймгийн Ц сумын О багийн Ө гэх газраас С аймгийн Ш руу нүүдэл хийж байсан байна. Харин нүүдэл хийхийн тулд гитаран буунд тохируулах зорилгоор 2 шанаг шороо хийж тохируулсан үйл явдлыг ч бас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. ”Э” ХХК-нийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 26 өдрийг хүртэл хийсэн шинжээчдийн дүгнэлтээр “Г” ХХК “ болон Т.Т нар нь байгаль орчинд хохирол учруулаагүй байна. Мөн ”Д” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын болон шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь САТ-325С экскавоторыг 132 819 750 төгрөг, САТ-320В эксковаторыг 28 350 000 төгрөг, гар хийцийн гитаран усан бууг 13 440 000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь зах зээлийн ханшаас хэт өндөр төдийгүй, зарим эвдэрхий техникийг бүрэн бүтэн ажилладаг техникийн үнээр үнэлсэн байх тул үнэлгээ тогтоосон энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах талаар анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие хүсэлт гаргасны дагуу шүүгчийн №102 дугаартай захирамжаар “Д” хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилсон боловч урьд өмнө шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч дахин гаргасан байна.

Т.Т нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх гэмт үйлдэл хийгээгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүгдэгч Т.Т гаргасан давж заалдах гомдолдоо... Төмөрчөдөр овогтой Т.Т миний бие А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлөөр нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. 2022 оны 6-р сарын сүүлээр Ц сумаас Ш сум руу нүүдэл хийх гээд усан бууг тохиргоо хийлгэх гэж шороо хийсэн байсныг тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулах газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...гэжээ.

         

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ...Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэргийн болсон үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж харж байна. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан энэ гэмт хэргийн үндсэн шинж болох тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардаж байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан Т.Тад холбогдох хэргийг шинжлэн судлаад үзэхээр тусгай зөвшөөрөл байдаг. Энэ нь нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл байдаг. Энэ нөхөн сэргээлт хийх үйл явц нь нөхөн сэргээлт хийсний дагуу тухайн компани мөнгөө авсан байдаг. Цаг үйл явдлын хугацаанд хэдий хэр хэр хугацаанд нөхөн сэргээлт хийсэн бэ гэдэг асуудлыг харах ёстой. Энэ ажиллагааг хэргийн материалаас харахад бүрэн гүйцэд хийгээгүй байна. Нэгдүгээр асуудал гэмт хэргийн үндсэн шинж буюу тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй юм байна гэдэг нь тодорхой байдаг. Тусгай зөвшөөрлийн асуудлыг ярихад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумтай гэрээ байгуулсан. Энэ гэрээг Г дарга улс төржөөд  цуцалсан. Үүний дагуу нөхөн сэргээлт нь явагдаад нөхөн сэргээлтийн мөнгөө төлсөн асуудал гарч ирдэг. Үүнийг зөвхөн Ц сумын Засаг дарга хийх ёсгүй. Үүнийг А аймгийн Засаг дарга, орон нутгийн өмчийн газрын албан бичиг, үнэлгээний хорооны зөвлөмж зэргийг үндэслэж энэ гэрээ хийгдсэн. Гэтэл Засаг даргын захирамж болон орон нутгийн өмчийн хорооны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 468 дугаар бичиг, үнэлгээний хорооны 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн зөвлөмж нь хүчин төгөлдөр байгаа. Г хэдийгээр нөхөн сэргээлтийн гэрээг цуцалсан байсан ч нөгөө нөхөн сэргээлтээ хийгээд, нөхөн сэргээлт хийсэн үнэ хөлсөө авсан. Энэ  нөхцөл нь зарим нь хэрэгт авагдсан зарим нь авагдаагүй. Тэгэхээр ямар ч гэсэн тусгай зөвшөөрөлтэй байсан юм байна гэдэг асуудал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр гэдэг асуудал нь үгүйсгэгдэж байгаа. Дараагийн асуудал ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэсэн үйл процессыг хэргээс харах ёстой. Энэ үйл процессыг харахын тулд хэрэг дотор байгаа зарим нотлох баримт болох тухайлбал бид нар анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй үзсэн сиди бичлэг байгаа. Энэ сиди бичлэгээс бүрэн харагдана. ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан уу үгүй юу гэдгийг шалгахын тулд тэр 25, 26-ны өдөр юу болсон бэ гэдгийг харах ёстой. Энэ өдрүүд нь нөхөн сэргээлтийн дагуу ажиллагаа хийгдээд явж байсан үйл баримт тогтоогддог. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Т.Т гэх хүн А аймгийн нөхөн сэргээлт хийж байгаа газраас нүүдэл хийх гээд техникээ ачаад 2021 онд нутгийн ардуудтай үдэлт хийсэн. Үүнийгээ шалгуулах хүсэлт тавихад шалгахгүй орхигдуулсан байдаг. 27-ны өдөр техникээ ачсан. Ингэхдээ бусад техник хэрэгсэлдээ тохиргоо хийгээд нисдэг дироноор явуулсан. 2 тал руу холхиод байгаа учраас тэнд угааж байна гэсэн үндэслэлээр оруулж ирдэг. Гэтэл тухайн үед нөхөн сэргээлт хийж буй үйл явц явагдаж байсан. Нөхөн сэргээлт хийчхээд буундаа тохиргоо хийж байгааг алт угааж байна гэж боддог юм уу ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт гэж үзэж ийм хэрэг үүсгээд орж ирсэн. Тусгай зөвшөөрөл тодорхой байсан. Харин Ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, олшруулалт, ашиглалт явуулсан ийм үйлдэл энэ хэрэгт байдаггүй. Яагаад эрүүгийн хэрэг үүссэн гэхээр Засгийн газраас шалгах бүхий эрх бүхий этгээд байсан болохоор эрүүгийн хэрэг үүсгэхгүй бол болохгүй гэж үзсэний үндсэн дээр үүсгэсэн. Түүнээс бол тусгай зөвшөөрөлгүйгээр алт ухаж шороо ухсан асуудал ерөөсөө байхгүй. Буундаа тохиргоо хийчхээд ачих гэж байгааг Ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтыг зохих зөвшөөрөлгүй хийсэн гэж үзээд байгаа. Нөхөн сэргээлт хийхийн тулд нүхээ ухаж усыг нь гаргадаг үйл явц хийгддэг. Энэ үйл явцын нарийн ширийнийг тогтоож чадахгүй юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах, олборлох гэсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж оруулж ирж байгаа нь буруу. Энэ талаар шийтгэх тогтоолд зарим зүйлийг дурдаагүй байсан байна лээ. В ХХК нь  шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Т.Т нь байгаль орчинд хохирол учруулсан зүйл юу ч байхгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Тухайн үед нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа сард 320 тнн экскаваторыг алт угаах зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан гэдэг. Гэтэл тийм зүйл байхгүй. Нөхөн сэргээлт хийхийн тулд экскаватор нь устай газрын усыг нь авч усгүй газар шороо хийж ажилладаг. 27-нд техникээ ачсан ачигдаагүй техник ч гэсэн байгаа байх. Үнэлгээний асуудлыг мөн өндөр үнэлсэн байна. Мотор, картаа тус тусад нь үнэлсэн байгаа учраас үнэлгээ буруу гарсан байна гэдэг асуудлыг шүүхэд тавьсан. Дахин шинжээч томилж үнэлгээ гаргаж өгнө үү гэсэн асуудлыг тавьсан. Шүүгчийн захирамжаар миний энэ хүсэлтийг хүлээн авсан. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилсон. Шинжээч томилохдоо урьд өмнө нь шинжилгээ гаргасан Д хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилсон. Д ХХК-ийг томилсон болох юм байна гэж үзэж байсан. Д ХХК-ийн гаргуулсан 2 шинжээчийн дүгнэлт байгаа. Гэтэл бид нар нэгийг нь зөвшөөрөхгүй дахиад гаргаад өг гэхээр нөгөө газраар гаргуулсан. Тэгэхээр Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмнө нь дүгнэлт гаргасан шинжээч дахин оролцож болохгүй. Тэгэхээр одоо ч гэсэн үнэлгээ дээр маргаад байгаа. 2, 3 сая төгрөгийн үнэтэй бууг 10 гаруй сая төгрөгөөр үнэлсэн асуудлыг зөвшөөрөхгүй учраас дахин гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан, миний хүсэлтийг хүлээж авсан. Шүүгчийн захирамжид тодорхой байгаа. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар захирамжид  хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах талаар хүсэлт гаргасан. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахыг шийдсэн дүгнэлт байдаг. Эцэст нь хэлэхэд энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үзэхэд ямар ч гэсэн Т.Т нь нэгдүгээрт нь тусгай зөвшөөрөлгүйгээр, хоёрдугаарт ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт боловсруулалт, ашиглалт явуулсан гэх үйлдэл хэрэгт байхгүй. Китан буунд тохиргоо хийх гэж байгааг ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт хийсэн гэж үзэх боломжгүй. Т.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэсэн гэмт хэргийн шинж байхгүй байна. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна... гэв.

Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би “Г” ХХК-ийн  Өлзийбаатар гэх хүнтэй найзууд, аман гэрээгээр тохирч, би ажлыг нь хийж түрээсэлж байсан. Галхүү гэрээг цуцалсан тухайд аймгийн Засаг дарга руу хүсэлт өгсөн байдаг. Энэ мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас техникийн нөхцөлөө дахин ашиглаж техникийн болон биологийн нөхцөлийг гаргуулах хүсэлтээ байна. Үүнийг дэмжиж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга сумын Засаг даргад хүсэлт өгсөн байдаг. Тэр дагуу Засаг дарга болон сумын иргэдийн хурлын төлөөлөл хуралдаад дэмжиж өгсөн байдаг. Тэгсэн хэр нь бид нар дэмжих боломжгүй гээд 3 хоногийн дараа цуцалсан асуудал байдаг. Галхүү өөрт хамааралтай хэсгээ цуцалсан болохоос биш тендерийн материалыг цуцалсан зүйл байхгүй. Хоёрдугаарт шалгалт ирэхэд ус соруулж нөхөн сэргээлт хийж байсан. Нутгийн ард иргэд бүгд мэдэж байгаа. Усыг бүрэн гүйцэт соруулах хэрэгтэй. Хэрвээ устай байхад нь шороо хийж болохгүй учраас заавал ус соруулах ажил хийгддэг. Яаж ухсан, яг түүн шигээ ажиллагааг нөхөн сэргээхэд хийдэг. Китан бууны асуудлын тухайд О шалгалт ирдэг 27-ны өдөр ирэх үед бид нар гагнуур хийж байсан. Шаамар сум руу нүүдэл хийх гээд усан бууг тохиргоо хийлгэх гэж шороо хийсэн байсныг тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэж үзсэн. Энэ ажиллагааг хийсний дараа усан бууг зөөх процесс хийгддэг. Мөн усан бууг сэгсэрдэг гэсэн байна лээ. Тийм зүйл байхгүй учраас зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нутгийн иргэдийг цуглуулж цай уулгасан байдаг. Багийн Засаг дарга нь хүртэл дуулж өгөөд энэ талаарх бичлэг нь надад байгаа. Энэ талаараа байцаагчид хэлэхэд шалгаагүй, ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Энэ асуудалд гомдолтой байгаа... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Тад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаан явуулахаар тогтоосон. Уг шүүх хуралдааны товыг прокурорт 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд прокурор оролцох талаар хүсэлт бичгээр ирүүлээгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна...гэж, 2 дахь хэсэгт...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй...гэж тус тус хуульчилжээ.

 

  Прокурорт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаанд прокурор оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

    А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Тыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэж үзэж, Т.Тад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

     Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Тыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь хангалттай шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн томилж гаргуулсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай хийсэн дүгнэлт нь нийцээгүй байна.

 Шүүгдэгч Т.Тад холбогдох хэрэгт дараах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн усан бууны үнэлгээний хувьд эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж уг бууны хувьд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа өмнө нь уг усан бууны үнэлгээг тогтоосон, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжилгээний байгууллагыг дахин томилж, улмаар дахин дүгнэлт гаргуулах байтал нэмэлтээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан усан бууг Д ХХК үнэлж дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг өмгөөлөгч зөвшөөрөхгүй дахин өөр байгууллагаар шинжээчээр дүгнэлт гаргуулах талаар гаргасан хүсэлтийг шүүх хангасан атлаа өмнө нь гаргасан байгууллагаар нэмэлтээр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Мөн нөхөн сэргээлт хийхийн тулд олборлолт явуулах бүх техник тоног төхөөрөмж шаардагддаг эсэх, чичиргээтэй гитаран усан буу нөхөн сэргээлт хийхэд хэрэглэгддэг эсэх, аймгийн засаг даргад тухайн үед шүүгдэгч болон бусад этгээд хүсэлт гаргаж байсан эсэх, гаргасан бол ямар асуудал шийдвэрлүүлэх талаар гаргасан, гитаран буунд 2 шанаг шороо хийсэн үйлдэл нь бууг тохируулах эсхүл олборлолт явуулах зорилгын аль нь болохыг нарийн тогтоох зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

         Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

        

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5  дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Тад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Б.Н