| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03385/И |
| Дугаар | 191/ШШ2025/04598 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** төв байр, ******* банк ХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Бухалын******* /рд:***/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оччулууны хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Батнасан нь ******* банктай 2017 оны 04 сарын 26-ны өдөр *** тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,500,000 төгрөгийн зээлийг жилийн 26.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Б.Батнасан нь 2019 оны 03 сарын 03-ны өдөр нас барсан ба түүний эхнэр Б.Мөнгөншагай нь нас барсны гэрчилгээг банкинд авчирч өгснөөр тодорхойлогдсон байна.******* овогтой******* /РД: ***/-г хууль ёсны өвлөгч хэмээн үзэж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар Б.Мөнгөншагайг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 144/Ш32025/00351 дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул******* овогтой*******г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 5-15-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Б.Мөнгөншагайгийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК Б.Мөнгөншагайг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт ******* банк болон Б.Батнасан нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 351 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд ******* банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, Б.Мөнгөншагайг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Б.Мөнгөншагай *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан************** /рд:***/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөншагайг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Б.Мөнгөншагайг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч ******* банк ХК /*** ***/-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ