| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03349/И |
| Дугаар | 191/ШШ2025/03792 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03792
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ялалт Плаза 8 давхар 803 тоот хаягт оршин байрлах “*******” ББСБ ХХК/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ******* овогт *******гийн *******/рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.******* /РД: *******/-той 2022 оны 5-р сарын 19-ны өдөр 16 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 3,520,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 03-р сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч иргэн Ц.******* оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээ /ХХ7-9/, барьцааны гэрээ /ХХ10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /ХХ11/, зээл хүүгийн тооцоолол /ХХ12/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ13/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ6/
6. Нэхэмжлэлд дурдсан *******гийн ******* /рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон Ц.******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ7-9, 10/
Эдгээр гэрээнд Ц.*******ыг ,,, хаягт оршин суудаг гэжээ.
7. Гэвч нэхэмжлэгч нь дээрх хаягт Ц.******* оршин суудаггүй гэдгийг нотлоогүй, өөрөөр хэлбэл бичмэл нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
7.1. Хэрэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12430 дугаар захирамжийн хуулбар байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй, буруу ойлгосон нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.
Цаашлаад нэхэмжлэгч нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолд зааснаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй юм.
8. Иймд нэхэмжлэлд дурдсан Ц.******* нь зээлийн болон барьцааны гэрээнд заасан хаягт оршин суудаггүй, өөрөөр хэлбэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг нь нотлох баримтыг тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД