Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 112/ШШ2026/0002

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: “М Г” ХХК

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х

   Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, М.С нарын хооронд үүссэн Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.Нэхэмжлэгч  нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгуулах гэж тодорхойлсон.

           Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. “М Г” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад “Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар хэсэгт зааснаар эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлсэн байдаг. 

2.2. Тус албан бичиг нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1 хуудас хүсэлт гэж бүртгэгдсэн байна.

2.3. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргаас тус албан бичгийн хариуг “М Г” ХХК-д хүргүүлээгүй учир 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Гурав:  Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

           3.1. Нэхэмжлэгч “М Г” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгуулах гэжээ.

            Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь 2006 онд байгуулагдаж, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгөөр Говь-Алтай аймгийн төвийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр 20 гаруй жил тасралтгүй ханган ажиллаж байна. Энэ хугацаанд аймгийн төвийн дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн Халаалтын 44.2 мв хүчин чадалтай нэгдсэн 4 хэсэг зуух, 250-125 голчтой төв магистрал шугам, 250-80 голчтой салбар шугам бүхий 21000 метр дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн хэрэглэгчдэд дулааны эрчим хүч нийлүүлж байна. 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 208 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатад дээрх шугам сүлжээний газарт Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг зааснаар эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. 21000 метр газарт хамгаалалтын зурвас тогтоогоогүйгээс манай компани өөрийн дулааны шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах боломжгүй болсноор манай байгууллагын эрх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл дулааны шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ хийж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангах бусдын эзэмшлийн газарт байгаа шугам сүлжээний засвар үйлчилгээг хийхэд саад учруулж, уг шугам сүлжээг ашиглан үйл ажиллагаа явуулахад саад учирч байна. Цаашлаад нийтийн эдэлбэр газарт тавигдсан шугам сүлжээний ойр орчмоор зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

           3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “М Г” компанийн 21000 орчим метр дулааны шугам сүлжээний газарт Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар, мөн эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байдаг. Энэ 21000 метр урттай дулааны шугам дээр хамгаалалтын зурвас тогтоосноороо ямар эрх ашиг зөрчигдөөд байна вэ гэхээр тухайн шугам сүлжээний эвдрэл гэмтлийн үед засвар үйлчилгээ хийхэд аюулгүй ажиллагааг хангах тухайн цэг дээр ажиллаж байгаа алба хаагчдын болоод тухайн газар дээгүүр зорчиж яваа иргэд, мал, амьтны аюулгүй байдлыг хангах гэдэг үүднээс энэ бол Эрчим хүчний тухай хуулийн 7.1-д тухайн орон нутгийн Засаг дарга нь аюулгүй байдлыг хангах чиглэлээр дулааны шугам сүлжээн дээр хамгаалалтын зурвас тогтоож энийгээ захиргааны акт гаргаж албажуулна гэсэн агуулга бүхий хуулийн заалттай. Дээр нь засвар үйлчилгээ хийхэд “М Г” гэдэг байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Дулааны шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, засвар хийж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, түүгээр зорчиж яваа иргэдийн мөн аюулгүй байдлыг хангах эдгээр асуудлуудаас болж цаг алддаг, дулааны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Мөн нөгөө талаасаа иргэдийн дулааны шугам сүлжээнээс зөвшөөрөлгүйгээр салбарлаж авах гэх мэтийн энэ зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх нэн яаралтай ийм хууль зүйн хувьд ач холбогдолтой захиргааны акт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай байгууллага 2006 оноос хойш тасралтгүй энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан байдаг. 2006 оноос хойш явуулснаараа дулаан үйлдвэрлэх төв буюу хүмүүсийн ярьдгаар 1, 2, 3, 4 гэсэн уурын зуухнаас нийт 15248 метр урттай шугам сүлжээ байгаад байгаа юм. Яг өөрийн эзэмшлийн шугам сүлжээг төв магистрал шугам сүлжээ гэж хэлж болохуйц 21000 гэдэг нь хэрэглэгчийн хооронд явсан салбар шугамуудаа нэмэхээр 21000 болж байгаа юм. Бидний хувьд Эрчим хүчний тухай хуулийн 2.4-ийг үндэслээд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэнэ гэж байгаа энэ юмнууд нь хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Айл өрхүүд нөлөөлөлд өртөх тухай асуудал бол дараагийн асуудал. Үүнийг арилгана гэвэл цаг хугацаа алдах, цаашлаад бусдын эд хөрөнгө амь нас аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Зурагтай холбоотой асуудлууд ер нь бол танай байгууллагын ажил. Танайх шугам сүлжээний зураг чинь хаана байгаа юм, танайх нэгдсэн геодези зураг зүйн газраас гаргаад өгчихсөн, хатуухан хэлэх юм бол татвар төлөгчдийн мөнгөөр хийчихсэн иж бүрэн цахим платформ байгаа. Энийгээ ашиглаад танайх хийх ёстой болохоос биш тэрийг манай байгууллага танай дээр авч ирж өгнө гэсэн. Ямар хуулийн заалт байгаа юм.  Аймгийн төвийн дулааны эрчим хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах л үүрэгтэй болохоос биш танай хийх ёстой газрыг хэмжээд явж байх ёстой газар манайх биш. Энэ үүрэг нь танай байгууллагын өөрийн үүрэг. Нөгөө талаас харахад газрын харилцааны хүмүүсийг хариуцагчаар оруулж ирж байгаа болохоос биш  Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т хамгаалалтын зурвасыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу зурвасын хэмжээг баталгаажуулна гэж байгаа. Энийгээ л хийгээд өгчих гэж байгаа юм. Түүнээс биш бид газрын эрх олж авах гээд байгаа юм бол байхгүй.

           3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, М.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М Г” ХХК нь дулааны эрчим хүч нийлүүлж буй хугацаандаа дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай хүсэлтийг манай байгууллагад ирүүлж байгаагүй.   Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” А/414 дүгээр захирамжаар Алтай хотод шинээр баригдах дулааны станцын I, II хэлхээний шугам сүлжээний трассыг баталж, хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дулааны станцын I, II дугаар хэлхээний шугам сүлжээний угсралтын ажил эхэлсэн байна.  Аймгийн төвийн нийт инженерийн шугам сүлжээний тодорхой хэсэгт “М Г” ХХК-ийн дулааны шугам сүлжээ, “У А” ААТҮГ-ын ус хангамжийн шугам нэг сувгаар түгээгддэг.   Зарим хэсэгт дулааны станцийн II дугаар хэлхээний шугам сүлжээний ажил хийгдэж байна. Аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар Алтай хотод шинээр баригдах дулааны станцын I, II дугаар хэлхээний шугам сүлжээний хамгаалалтын бүсийг тогтоосон байх тул “М Г” ХХК-д давхардуулан хамгаалалтын бүс тогтоох боломжгүй гэв.

       3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Мэдээлэл холбооны шугам сүлжээ, бохир, цэвэр гээд бүх газруудын хамгаалалтын бүс тогтоогдоогүй байгаа. Үүнтэй холбоотой бусад нөгөө давхцал, иргэний газар ч байдаг юм уу, энэ давхцлууд дээр харж үзэхгүй бол шууд хамгаалалтын бүс тогтоож өгөх боломжгүй байгаа.  Говь-Алтай аймгийн хэмжээнд 7 хангагч байгууллага 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Засаг дарга болон манай газрын зүгээс үйл ажиллагааг нь хааж боосон үйлдэл байхгүй. Явуулах боломжтой үйлчилгээг бүгд явуулаад хэвийн ажиллаж байгаа гэж бид нар үзэж байгаа. Дээрээс нь нэмээд хэлэхэд манай мэдээллийн санд танай шугам бүрэн гүйцэт байхгүй байна. Энэ мэдээллээ тодорхой хэмжээгээр манайд шинэчилж оруулж өгөх нь зүйтэй. Хэргийн материалд өгсөн тэр том зургаар зураг л байгаа болохоос тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан юм алга. Тамга тэмдэг гарын үсгээр баталгаажсан байх юм бол энэ мэдээллээ манай дээр авч очоод манай мэдээллийн санд оруулчихвал асуудалгүй энэ асуудал нь цаашаа явчих байх гэж би ойлгож байна. Тэгээд өнөөдрийн байдлаар танай тэр хамгаалалтын бүсийг тогтооход асуудалтай байна гэв.

          3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.4-д заасны дагуу тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон тухайн шугам сүлжээний зураглалыг үндэслэн хамгаалалтын зурвасыг тогтооно гэж заасан байдаг. Гэхдээ “М Г” компаниас ирүүлсэн хүсэлт дээр яг аль шугамуудыг юм, аль зурвас нь юм, аль координаттай юм гэсэн зураг төсөв, баримт материал ирүүлээгүй байсан ганцхан хүсэлт байсан. Гол нь зураг төсвөө ирүүлээгүй зөвхөн хүсэлтээ ирүүлчихсэн байгаа болохоор юуг үндэслэж бид нар хамгаалалтын бүс тогтоосон шийдвэр гаргах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Хоёрдугаарт: “М Г” ХХК-ийн шугам сүлжээнүүдэд хамгаалалтын бүс тогтооход нийт ямар шугам сүлжээ, хаана, хаана, ямар сүлжээ байгаа гэдэг нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн байх ёстой. Мөн Геодези зурагзүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2-т заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь геодезийн мэдээллийн сандаа аймагт явж байгаа нийт шугам сүлжээний мэдээллийг бүрдүүлэн оруулж улсын нэгдсэн санг бүрдүүлнэ гэж заасны дагуу “М Г” ХХК-ийн аль шугам сүлжээ хаана явж байгаа юм энд явж байгаа юм уу, тэнд явж байгаа юм уу, нийт хэдэн метр шугам сүлжээ явж байх ёстой гэдэг мэдээллийн сан бүрдэх ёстой. Энэ “М Г” компани үйл ажиллагаа бараг явуулж эхэлснээсээ хойш нэг ч удаа манай байгууллага дээр шугам сүлжээний шинэчлэлт хийлээ гэсэн мэдээллийг ирүүлж байгаагүй. Хамгаалалтын бүсийг тогтооё гэвэл М-ын шугам 2 талаар нь явж байгаа иргэдийн газар, барилга байгууламжууд, цаашлаад энэ аймаг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, барилгын төлөвлөлт, цахилгааны шугам зэрэг энэ нөлөөлөлд өртөөд байгаа асуудлууд бас байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудлуудаас болоод хамгаалалтын бүсийг энэ асуудлуудыг шийдвэрлэж байж шийдвэр гаргах түвшинд яригдана гэж хэлмээр байна. 2006 оноос хойш хамгаалалтын бүс тогтооё гэдэг хүсэлт ирүүлсэн юм уу гэхээр манай дээр бүртгэгдээгүй байдаг. Зураг хэргийн материалд байгаа ч гэсэн. Танайхаас Засаг даргад ирүүлсэн хүсэлтэд зураг байдаггүй. Таны хэлж байгаагаар хамгаалалтын бүс тогтоох гэхээр юуг үндэслэж тогтоох ёстой байсан юм. Алтай хотод шинээр баригдаж байгаа дулааны станцын 1, 2 дугаар хэлхээний шугам гэж байгаа. 1 дүгээр хэлхээ нь 3 хос шугамтай, 2 дугаар хэлхээ нь 5 хос шугамтай. Энийг ашиглалтад орсноор аймаг тэр чигээрээ хэрэглээний халуун устай болох ийм дулааны цахилгаан станцын шугам сүлжээ шинээр хийгдэж байгаа гэсэн үг.  Энэ шугам сүлжээний хамгаалалтын бүсийг нийт 1, 2 дугаар хэлхээ баталсан зураг төсөв байгаа. Энд заагдсан бүх хэсгээр нь хамгаалалтын бүсийг тогтоосон. Зарим зарим хэсгүүд дээр М г-ын шугам сүлжээ хамт байгаа. Гэхдээ М г-ын шугам сүлжээ 1, 2 дугаар хэлхээний шугам сүлжээ 2 давхацсан зүйл байхгүй. Зэрэгцэж явж байгаа. Зарим хэсэг дээрээ дулааны 1, 2 дугаар хэлхээ шугам, “М Г” ХХК-ийн шугам сүлжээтэй огтлолцож байгаа. Зарим хэсэг дээр зэрэгцээд явж байгаа. Манай мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хуучин шугам сүлжээний “М Г” гэх сүлжээн дээр хамгаалалтын бүс тогтоох юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Минж зочид буудал хүртэлх өртөж байгаа айлуудын газар гэсэн үг. Зарим шугам сүлжээ нь айлуудын голоор яваад байгаа.  Хамгаалалтын бүс тогтооход энэ айлуудын газар өртөөд байгаа юм гэдэг байдлаар оруулж өгсөн гэжээ.                                                         

    ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           4.”М Г” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний 208 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад “Манай компани нь Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын төвийн дулаан эрчим хүч хэрэглэгчийн 80 гаруй хувийг нэгдсэн халаалтын зуух 4 хэсэгт 44.2 мвт хүчин чадалтай дулааны эх үүсвэрээр 205-125 голчтой төв магистрал, 250-80 голчтой салбар шугам бүхий 21000 метр гаруй дулааны шугам сүлжээгээр дамжуулан дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар хэсэгт зааснаар эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд 1 хуудас хүсэлтийг бүртгэж авсан байна.

         Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “...М г” компанийн 21000 орчим метр дулааны шугам сүлжээний газарт Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар, мөн эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Дулааны шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, засвар хийж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, түүгээр зорчиж яваа иргэдийн мөн аюулгүй байдлыг хангах эдгээр асуудлуудаас болж цаг алддаг, дулааны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Мөн нөгөө талаасаа иргэдийн дулааны шугам сүлжээнээс зөвшөөрөлгүйгээр салбарлаж авах гэх мэтийн энэ зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх нэн яаралтай ийм хууль зүйн хувьд ач холбогдолтой захиргааны акт гаргуулах...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “...аймгийн төвийн нийт инженерийн шугам сүлжээний тодорхой хэсэгт “М Г” ХХК-ийн дулааны шугам сүлжээ, “У А”  ААТҮГ-ын ус хангамжийн шугам нэг сувгаар түгээгддэг.  Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.4-д заасны дагуу тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон тухайн шугам сүлжээний зураглалыг үндэслэн хамгаалалтын зурвасыг тогтооно гэж заасан байдаг. Гэхдээ “М Г” компаниас ирүүлсэн хүсэлт дээр яг аль шугамуудыг юм, аль зурвас нь юм, аль координаттай юм гэсэн зураг төсөв, баримт материал ирүүлээгүй байсан ганцхан хүсэлт байсан. Гол нь зураг төсвөө ирүүлээгүй зөвхөн хүсэлтээ ирүүлчихсэн байгаа болохоор юуг үндэслэж бид нар хамгаалалтын бүс тогтоосон шийдвэр гаргах вэ гэдэг нь тодорхойгүй байсан...”  гэж маргадаг.

         5. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна” гэж заасан мөн Монгол Улсын Засгын газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баталсан байна.

        6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

          7. Энэ тохиолдолд “М Г” ХХК-аас аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай албан бичгээр хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулах хүсэлт хүргүүлсэнийг аймгийн Засаг дарга шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

        8. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.1-т “Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно”, 2.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж,  байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно”, 4.1.4-т “шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх ...” гэж заасан.

        9. Харин “М Г” ХХК-иас хүсэлт явуулснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал: Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д зааснаар тухайн эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх үүрэгтэй бөгөөд аймгийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж,  байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж тогтоохоор байна.

         10. Уг журманд зааснаар хамгаалалтын зурвас нь дулааны шугамын голч болон газар дор байрласан, газар дээр ил байрласан эсэхээс хамаараад хамгаалалтын зурвас тал бүр тийш өөр өөр хэмжээтэй байхаар заасан. Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/414 дүгээр захирамжаар Алтай хотод шинээр баригдах дулааны станцын I, II хэлхээний шугам сүлжээний трассыг 1-2 дугаар хавсралтаар баталж, хамгаалалтын бүсийг тэнхлэгээс 2 тийш 5 метрээр тогтоосон байна.

        11. “М Г” ХХК-иас шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршил зураглалыг хийж хүргүүлээгүй байхад “...халаалтын зуух 4 хэсэгт 44.2 мвт хүчин чадалтай дулааны эх үүсвэрээр 205-125 голчтой төв магистрал, 250-80 голчтой салбар шугам бүхий 21000 метр гаруй дулааны шугам сүлжээ...” гэдгийг тодорхойлох боломжгүй бөгөөд шинээр баригдах дулааны станцын I, II хэлхээний шугам сүлжээний трассыг зураглал, хамгаалалтын бүстэй давхцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг судалж шийдвэрлэхгүйгээр шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг аймгийн Засаг даргад даалгах үндэслэлгүй байна.

          12. Иймд “М Г” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг баримтлан “М Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ