2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01536

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 191/ШШ2025/01536

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................................... тоот хаягт оршин суух, Ө овогт Ч.Д /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..................................... тоот хаягт оршин суух, Б овогт Л.Б /РД:0000000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Гэрч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Л.Б-од холбогдуулан 3,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Ч.Д нь Л.Б-той 2024.01.19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр хөлслүүлэгч Л.Б нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, нийслэлийн ........................................ тоот хаягт байрлалтай, .............. м.кв үйлчилгээний зориулалттай талбайг кофе шоп, цайны газрын зориулалтаар хөлслүүлэх, хөлслөгч Ч.Д нь нэг сарын төлбөрт 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т заасны дагуу хөлслөгч 6 сарын төлбөрт 12,000,000 төгрөг, барьцаанд 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг хөлслүүлэгчийн эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. Улмаар 2024.06.17-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хөлслүүлэгч болон зуучлагч нарт мэдэгдэж тухайн сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн сулласан. Харин үүний дараа түлхүүрээ өгөх гээд удаа дараа холбогдсоны эцэст 2024.07.17-ны өдөр очиход хөлслүүлэгч талаас үл хөдлөх хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийсэн байсан.

Ингээд 2024.07.17-ны өдөр барьцаа төлбөрөөс 4,350,000 төгрөгийг, мөн тухайн сарын 25-ны өдөр түрээсийн төлбөрөөс 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд тус объектыг 4 сар ашигласан бөгөөд 4 сарын төлбөрт 8,000,000 төгрөгийг суутгуулахад татгалзах зүйлгүй ба үлдэх 3,000,000 төгрөг, барьцааны үлдэгдэл 650,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг буцаан авах ёстой юм.

Гэтэл хөлслүүлэгч нь дараагийн хөлслөгч олдохгүй байгаа тул ийнхүү суутгасан хэмээн тайлбарлаж, үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөлслүүлэгч нь 2024.06.23-ны өдөр талбайг бүрэн чөлөөлсний дараа тус талбайд засвар үйлчилгээ хийж, сарын төлбөрийг нэмсэн байсан ба ийнхүү үнэ нэмсэн объектод нь хөлслөгч олдохгүй байгаа нөхцөлд төлсөн төлбөрөөс суутгал хийж байгаа нь шударга бус байна.

Хөлслөгч Л.Б-оос үл хөдлөх хөрөнгийн 2 сарын төлбөр 3,000,000 төгрөг, барьцааны 650,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд 2024.06.24-ний өдөр талууд гэрээг дуусгавар болгосон учраас 2024.06.15-ны өдрөөс хойш 2024.06.24-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодоход 1 хоног нь 66,666.66 төгрөг болж байгаа тул 9 хоног илүү ашигласан гэж үзэхээр 600,000 төгрөг суутгах нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөрт 8,600,000 төгрөг авахад маргахгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа 600,000 төгрөгөөр багасгаж, 2,400,000 төгрөг, барьцаа 650,000 төгрөг, нийт 3,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь өөрийн өмчлөлийн ................................. тоот хаягт байрлах, .............. м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгч Ч.Д-ид худалдаа, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэхээр харилцан тохиролцож 2024.01.19-ний өдрийн 00000000 тоот Үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ-гээр барьцаа 5,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, нийт 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Түрээслэгч нь 2024.06.17-ны өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс гэрээний 3.9-д заасан хугацааг баримтлан уг хугацааг дуусгаад гэрээ дуусгавар болгохоор хариу өгсөн. Гэрээний эрх зүйн харилцаанд талуудын бизнесийн үйл ажиллагаа ашиг сонирхлын асуудал ихээхэн яригдах тул гэрээг цуцлах хугацааг баримтлах чухал ач холбогдолтой байдаг. Учир нь уг хугацаа талуудын бизнесийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломж нөхцөлөөр хангагдахтай салшгүй холбоотой. Улмаар гэрээг цуцлах хугацаа дуусаж, эд хөрөнгийг хүлээн авах ажил 2024.07.17-ны өдөр эхэлсэн бөгөөд шалган хүлээн авах явцад 1 хөргөгчид эвдрэл гэмтэл учруулсныг түрээслэгч нь өөрөө засварчин дуудаж засварлуулан үйлчилгээний төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулан суутгуулах хүсэлт гаргасны дагуу төлбөр болох 300,000 төгрөгийг түрээслэгчийн данс руу шилжүүлсэн.

Мөн 2024.06.18-ны өдөр ажлын байрны зөвшөөрөл өөрчлүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргуулах зорилгоор эд хөрөнгийн ашиглалттай танилцахад маш их бохирдол үүсгэсэн нөхцөл байдалтай байсан тул цэвэрлэгээ хийх шаардлага гаргасан. Гэтэл түрээслэгч нь 2024.07.06-ны өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй байснаас үүдэн түрээслүүлэгчийн зүгээс цэвэрлэгээ үйлчилгээг даруй хийлгэж тусгай зөвшөөрлийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан тул зочид буудлын цэвэрлэгч нараар 350,000 төгрөгөөр гүйцэтгүүлэн барьцаа хөрөнгөөс суутган авч үлдсэн. Мөн Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т түрээслэгч нь түрээсийн гэрээний зүйлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байх зохицуулалттай бөгөөд уг хуулийн зохицуулалттай холбогдуулан талууд гэрээний 6.20-д түрээслэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг суутган тооцно гэж заасныг үндэслэн 2024.07.15-ны өдрөөс 2024.08.15-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох түрээсийн төлбөрийн 50 хувийг үлдээж, түрээслэгчийн бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 50 хувийг буцаан олгосон нь хууль болон гэрээний заалтуудыг зөрчөөгүй тул энэхүү төлбөрүүдийг нэхэмжлэх эрхгүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.08.14-ний өдөр 73,350 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3-4 х/,

-2024.08.07-ны өдрийн 0953 дугаартай Ч.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-2024.01.19-ний өдрийн 00000000 дугаартай Үл хөдлөх хөрөнгө хөлслөх хөлслүүлэх гэрээ /хх-ийн 6-10 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-12, 14-15 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 16-18 х/,

-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 77-78 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь татгалзалтайгаа холбогдуулан хариу тайлбар /хх-ийн 31-32 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33 х/,

-Бэлэн мөнгөний зарлагын баримтууд /хх-ийн 34 х/,

-2024.09.27-ны өдрийн 0661 дугаартай Б.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 35 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

5.Зохигчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2025.02.11-ний өдрийн 191/ШЗ2025/07707 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч Ч.Д-ийн ................ загварын 00000000 дугаартай гар утсанд хадгалагдаж байгаа Түрээслүүлэгч /эмэгтэй/ гэж хадгалсан 00000000 гэсэн дугаарт харилцсан захидал /мессеж/, нэхэмжлэгч Ч.Д-ийн 00000000 дугаарын Ch.D гэсэн нэртэй Viber chat /захидал/-нд хадгалагдаж байгаа 00000000 дугаарын A гэсэн нэртэй Viber chat /захидал/-нд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68-75 х/-ийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс Ч.Д-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Л.Б-од холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, барьцаа 650,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 600,000 төгрөгөөр багасгаж, түрээсийн үлдэгдэл төлбөр 2,400,000 төгрөг, барьцаа 650,000 төгрөг буюу 3,050,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Талууд 2024.01.19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай .............. м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаанд түрээслэх, сарын төлбөр нь 2,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсоны дагуу миний бие 6 сарын төлбөрт 12,000,000 төгрөг, барьцаанд 5,000,000 төгрөг төлсөн...

2024.06.17-ны өдөр гэрээгээ цуцлахаа мэдэгдэж, 23-нд талбайг бүрэн чөлөөлсөн. Хариуцагч нь 2024.07.17-ны өдөр барьцаа төлбөрөөс 4,350,000 төгрөг, түрээсийн төлбөрөөс 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул учир түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,400,000 төгрөг, барьцааны үлдэгдэл 650,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч дээрх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээний гол нөхцөл хугацаа, төлбөрийн талаарх агуулгыг өөрсдөө тохиролцож гарын үсэг зурсан. Энэ нь гэрээний чөлөөт байдалд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ учраас Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний зүйлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байхаар зохицуулсан. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.20-д түрээслэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг суутган тооцно гэж заасныг үндэслэн 2024.07.15-ны өдрөөс 2024.08.15-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох түрээсийн төлбөрийн 50 хувийг үлдээж, түрээслэгчийн бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 50 хувийг буцаан олгосон нь хууль болон гэрээний заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зохигчийн хооронд 2024.01.19-ний өдөр 00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Л.Б нь улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байрлалтай, .............. м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 2024.02.15-ны өдрөөс 2025.02.15-ны өдрийг хүртэл хугацаатай түрээслэгч Ч.Д-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь барьцаа 5,000,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулж, сарын төлбөр 2,000,000 төгрөг буюу эхний 6 сарын төлбөр 12,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-10 х/

 

Л.Б нь улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байрлалтай, 000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд .............. м.кв үйлчилгээний талбайг бусдад түрээслэх эрхтэй байна.

Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудын хооронд 2024.01.19-ний өдөр байгуулагдсан 00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх менежментийн гэрээ-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Дээрх гэрээгээр Л.Б нь ............................... тоот хаягт байрлалтай, .............. м.кв үйлчилгээний зориулалт талбайг кофе шоп, цайны газрын зориулалтаар Ч.Д-ид 1 жилийн хугацаагаар түрээслүүлэх, Ч.Д нь гэрээний 1 дүгээр зүйлийн 4, 8-д тус тус заасны дагуу эхний ээлжид 6 сарын төлбөр болох 12,000,000 төгрөг, барьцаа төлбөр 5,000,000 төгрөгийг хариуцагч Л.Б-од шилжүүлэх үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.

Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус, харин түүний нэг хэсэг болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдсон. Тодруулбал, талуудын түрээслэхээр тохиролцсон .............. м.кв талбай бүхий объект нь Л.Б-ын өмчлөлд бүртгэлтэй 000 м.кв талбай үйлчилгээний зориулалттай барилгад хамаарч байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зохицуулсан боловч талуудын хооронд үүссэн дээрх харилцаанд энэхүү заалт хамаарахгүй бөгөөд 2024.01.19-ний өдрийн гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг тодорхойлон байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

5.Талууд хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр болон барьцаанд 17,000,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин маргааны зүйл нь түрээсийн гэрээ цуцлагдсан учраас үлдэгдэл 2,400,000 төгрөг, барьцаа 650,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх, талаар байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах, гэрээнээс татгалзах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 9-д хөлслөгч нь гэрээг цуцлах хүсэлтээ сарын өмнө бичгээр хөлслүүлэгчид хүргүүлэх үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 20-д Хөлслөгч тал түрээсийн төлбөрийг олон сараар төлөх нөхцөл тавин үл хөдлөх хөрөнгөд анхны түрээсийн үнийг хямдруулан гэрээ байгуулаад гэрээний хугацаагаа бүрэн дуусгалгүй цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд хөлслөн авсан хугацааны нэг сарын түрээсийн төлбөрийг анхны үнийн дүнгээр тооцон суутгаж авахыг талууд зөвшөөрөв гэжээ.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах мэдэгдлийг 2024.06.17-ны өдөр хариуцагчийн 00000000 дугаарын утсаар мэдэгдэж, 2024.06.23-ны өдөр бүрэн суллаж, 2024.07.17-ны өдөр түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул нэхэмжлэгчийн 00000000 дугаарын гар утаснаас гэрээнд заасан түрээслүүлэгчийн гэх 00000000 дугаарын утас нь явуулсан цахим захидалд хийсэн үзлэг, гэрч Д.О-ын мэдүүлгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, мөн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан.

Нэгэнт талуудын хооронд 2024.01.19-ний өдөр байгуулагдсан гэрээ цуцлах хугацаа нь мэдэгдэл өгснөөс хойш 1 сарын дараа дуусгавар болохоор байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2024.06.17-ны өдрөөс хойш түрээсийн зүйлийг ашиглаагүй боловч 2024.07.17-ны өдөр түрээсийн зүйлийн түлхүүрийг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон тул түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

Иймээс түрээсийн үлдэгдэл төлбөр 2,400,000 төгрөгийг шаардах эрхгүй.

6. Барьцааны үлдэгдэл 650,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 8-д заасны дагуу нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5,000,000 төгрөгийг 2024.01.19-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн. Мөн хариуцагч нь 4,350,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар хэн аль нь маргаагүй.

 

Харин хариуцагч нь дээрх мөнгийг буцаан өгөхгүй байх үндэслэлээ түрээсийн зүйлийг буцаан авахад маш их бохирдол үүссэн байсан учраас бусдаар цэвэрлэгээ хийлгэж, хөлсөнд нь 350,000 төгрөг төлсөн. Мөн 1 хөргөгчинд эвдрэл үүссэн байсныг 300,000 төгрөгөөр засварлуулсан учраас 650,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6-д Хөлслөгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж уг үл хөдлөх хөрөнгөд эвдрэл гэмтэл гаргасан, үл хөдлөх хөрөнгийн төлбөр болон бусад төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа мөнгөнөөс хохирлыг суутган авч хөлслүүлэгчийг хохиролгүй болгоно,

7-д гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд, гэрээ дуусгавар болсон өдөр хөлслөгчид барьцаа мөнгийг буцаан олгоно гэж талууд тохиролцсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид хүлээлгэж өгөх явцад нэг хөргөгч ажиллагаагүй байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг хөргөгчийг засварлуулах үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй, мөн түрээсийн зүйлийг хүлээн авахад маш их бохирдол үүссэн байсан учраас бусдаар цэвэрлэгээ хийлгэсэн гэж тайлбарлаж 350,000 төгрөгийн баримтыг шүүхэд өгсөн боловч түрээсийн зүйлийг буцаан авахад бохирдол үүссэн гэх нь тодорхой бус, түрээслэгчийн буруутай үйлдлээс болсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл, хохирлыг барьцаанаас суутгахын тулд түрээслэгчийн буруутай үйлдэл нотлогдох ёстой, харин хариуцагч үүнийг нотлоогүй тул барьцаа 650,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.08.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 650,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 20,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 324 дүгээр зүйлийн 324.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Б-оос 650,000 төгрөг /зургаан зуун тавин мянга/-ийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөг /хоёр сая дөрвөн зуун мянга/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.08.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 650,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 20,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА