Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 6 сарын 25-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/37                           Өвөрхангай аймаг

 

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                        Прокурор Ц.Нэргүй

        Шүүгдэгч Б.С

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал

        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/334 дугаартай захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.С-д холбогдох эрүүгийн 2326003960081 тоот хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Өвөрхангай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Б.С

 

Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... тоотод байх хохирогч О.Б-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрээс 820,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Б.Сд холбогдох 2326003960081 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор би эрүүгийн 2326003960081 дугаартай яллагдагч Б.С-д холбогдох хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/334 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Үүнд: Шүүгчийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн "... Хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн 6-1 а тоот хашаанд болсон байв. ... орны дээд хэсэгт эд зүйл тарааж хаясан байх ба улаан өнгийн чемодан дотор байсан хувцсыг тараасан байв. Хойд хэсэгт авдар байх ба авдарны тагийг онгойлгож дотор байсан зүйлсийг онгичиж гаргасан, зүүн талын орон дээр эд зүйл тарааж орхисон байв. ... Стенк онгойлгож шургуулганд байсан эд зүйлийг гарган хаясан байв. ... зуухны хойд хэсэгт цэнхэр өнгийн хуванцар сандал байх ба уг сандалнаас 9 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. Мөн гэрийн зүүн талын баганаас 6 ширхэг гарын мөр бэхжүүлж авав. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч О.Б-ын "... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед хувийн ажпаар гэрээ цоожпоод Улаанбаатар хот руу яваад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 09 цагт гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол гэрт доторх эд зүйлсийг сандраасан байдалтай, тооны гялгар урсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Манай гэрээ миний өмсдөг хувцас алга болсон. Миний цэнхэр өнгийн өвлийн куртик, шаргал өнгийн энгэртэй цахилгаантай цамц, хар өнгийн элгэн материалтай доод хэсгээрээ гал асаж буй мэт шар зурагтай малгайтай цамц, хүрэн өнгийн түрийтэй үдээстэй арьсан гутал, хар өнгийн даавуун өмд, хөх өнгийн эрээн жинсэн өмд, эрэгтэй шаргал өнгийн бор судалтай ноосон цамц, энгэр хэсэгтээ машины зураг болон шар өнгийн бичиглэлтэй хар саарал өнгийн фудболк, энгэр хэсэгтээ 1 халаастай шоон судалтай, шаргал өнгийн даавуун цамц, энгэр хэсэгтээ шаргал хээ, хүний дүрс, цагаан бичиглэлт бүхий хар өнгийн фудболк, шаргал өнгийн хээ бүхий хар эрээн богино өмд зэрэг эд зүйлс алдагдсан. ..” гэсэн тэмдэглэл,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан “... хөндлөнгийн гэрч Т.Б, С.Б нарыг оролцуулан Б.Сгаас хөх өнгийн эрэгтэй жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй шаргал өнгийн бор судалтай ноосон цамц 1 ширхэг, энгэр хэсэгтээ машины зураг болон шар өнгийн бичиглэлтэй хар саарал өнгийн фудболк 1 ширхэг, энгэр хэсэгтээ 1 халаастай шоон судалтай шаргал өнгийн даавуун цамц 1 ширхэг, энгэр хэсэгтээ шаргал хээ, хүн дүрс бүхий бичиглэл бүхий хар өнгийн фудболк 1 ширхэг, шаргал өнгийн хээ бүхий хар эрээн богино өмд 1 ширхэг зэргийг үзлэг хийж хураан авав. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 82 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 10 гэж дугаарласан гарын хээний мөр нь МЫ004910007291, ММ004910008505 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Баттогтох овогтой Сундуйгийн зүүн гарын алганы дардастай ерөнхий шинж тэмдэг болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт зэрэг шинжүүдээрээ тохирч байна. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний 11/24 дугаартай "... нийт хөрөнгийн үнэлгээ 820,000 төгрөг. ..” гэсэн тайлан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2-5/633 дугаартай албан бичиг, ялын тооцооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... тоотод байрлах иргэн О.Б-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт нэвтрэн орж, 820,000 төгрөгний үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйл баримт нотлогдон тогтоогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргана.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-д заасан “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана.” гэж хуульчилжээ. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Сгийн зүгээс хохирол төлбөр 820.000 төгрөгийг бүрэн төлж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирол төлбөр болох 820.000 төгрөг төлсөн баримт, хохирогч О.Б-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэргээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоно.

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, 4.3-т заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, 4.4-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, 4.6-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нөхцөл байдал тогтоогдож, хуульд заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шудрага ёсны зарчим”-д нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулахаар тодорхойлсон. Б.С нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан болох нь түүний ялын тооцооны тодорхойлолт баримтаар тогтоогдоно.

Мөн түүний өмнө ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхцөл байдал нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг зэргийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь “Шудрага ёсны зарчим”-д нийцэх юм.

Б.С-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнд” ангиллын гэмт хэрэг хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилснаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан байна. Дээрх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байх тул шүүх 2326003960081 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурорын яллагдагч Б.Стай тохиролцон үйлдсэн саналын дагуу яллагдагчид хорих ял оногдуулан, түүнд өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 2 сар 29 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдпэх ялын хэмжээг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж,

Мөн зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучингурав дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдэгт тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэдгийг ойлгох бөгөөд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэнтэй зөрчилдөж байна гэж дүгнэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй” гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Шүүгдэгчийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 820,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангагдсан байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/334 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Тухайн хэргийг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч О.Б-ын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний төвийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт, хувийн үнэлгээний 11/24 дугаартай тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5/633 дугаартай албан бичиг, ялын тооцооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах иргэн О.Б-ын хүн амьдрах зориулалт бүхий монгол гэрт орж 820,000 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан. Хуулийн дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тодруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4-т заасан хэргийг хялбаршуулах нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Гэтэл шүүхээс хэрэгт ялын тооцооны баримт байхгүй байна гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд шүүгдэгчийн ял эдэлсэн байдал, ялын тооцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хорих ангиас авч тухайн хэрэгт хавсарган. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт шүүхэд эрх олгосон заалт байгаа. Тэгэхээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн нотлох баримт болох ялын тооцооны баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.С иргэн О.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт нэвтрэн орж жинсэн өмд, ноосон цамц, футболк, даавуун цамц, шорт зэрэг эд материалыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан. Эдгээр эд зүйлүүд нь шинжээчийн дүгнэлтээр 820,000 төгрөгөөр үнэлэгдэж, Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон. Б.С нь иргэн О.Б-ын өмчлөлийн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Батнямд учруулсан 820,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.С нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдлэхээр тохиролцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-г өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, энэ хэргийг шийдвэрлэхэд ялын тооцоо байхгүй учраас эрх зүйн байдал нь дордоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ялын тооцоо гаргасан байдаг. Шүүгдэгч Б.С нь биеэр 5 сар, 1 хоног, шагналын хоног байхгүй, өршөөл байхгүй, бүгд эдэлсэн 5 сар 1 хоног, үлдсэн 2 сар 29 хоног байна гэж үзсэн. Цагдан хоригдсон огноо нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1 дүгээр хугацааг, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2 дугаар хугацааг тооцсон байдаг. Уг захирамжийг үндэслэж шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.4-т зааснаар шүүх шийдвэр гаргахыг заасан. Шүүгдэгчийн баривчилсан хугацаа, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа, ял оногдуулах, хэрхэн тооцохыг шийднэ гэсэн зохицуулалт байдаг. Шүүгдэгч Б.С-н зүгээс хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

 

   Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... Б.С нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн хорих ангид ял эдэлж байсан болох нь түүний ялын тооцооны тодорхойлолт баримтаар тогтоогддог. Түүний өмнө ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхцөл байдал нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг зэргийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь шудрага ёсны зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

            

             Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор, мөн ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчлагдсан.

         

          Шүүгдэгч Б.С нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялаа эдэлж байсан, уг ялаа эдэлж дуусаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 03 дугаар сарын 21-ний 02-05/633 тоот албан бичгээр тогтоогдож байхад прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх  эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/334 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/334 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.НЯМДОРЖ

                ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА                

                                                                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ