| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0746/З |
| Дугаар | 128/ШШ2025/0959 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогтой ******* ******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* овогтой ******* ******* /ШТБЭД:№*******/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* овогтой /ИБД:/
Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Л.*******ийг ажлаас чөлөөлөх” Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Л.******* нь Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар уг албан тушаалаас халагдсан.
1.2. Л.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.*******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,926,116 /арван нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун арван зургаа/ төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
1.3. Л.******* нь ажилгүй байсан хугацаандаа буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 55 нас хүрч, өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн хэдий ч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.
1.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалын дагуу Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Л.*******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.
1.5. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар Л.*******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн.
1.6. Нэхэмжлэгчээс Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын “Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлыг хянаад Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Гомдлын хариуг хүргүүлэх тухай” 04/1672 дугаар албан бичгээр Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын “Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй тул таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн.
1.7. Улмаар нэхэмжлэгч Л.******* нь Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын “Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5832 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... Л.******* миний бие Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож, намайг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, мөн шийдвэр гарах хүртэл хугацааны олговорт 11,926,116 /арван нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч намайг ажилд эгүүлэн томилохгүйгээр 8 жил өнгөрсөн болно. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байдаг.
Гэсэн хэдий ч дээрх хууль тогтоомжийн заалтыг үл хэрэгжүүлснээр эцэст нь 8 жилийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/109 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга намайг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажилд эгүүлэн томилсон болно.
Дээрх ажилгүй байсан хугацаандаа, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний бие 55 нас хүрч, өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн хэдий ч хэсэг хугацааны дараа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Хэдийгээр тэтгэврээ тогтоолгосон байсан ч, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхгүй байгаа талаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гомдол гаргаснаар эцэст нь ажлаа эргэж хүлээн авсан. Эгүүлэн томилсон тушаалын дагуу ажлаа хүлээн авч хэвийн ажиллаж байсан боловч, хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар намайг албан тушаалаас чөлөөлөх тухай захиргааны акт гаргасан.
Уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох шийдвэр гаргах ажиллагааны процессыг огт хэрэгжүүлээгүй. Тухайлбал, шийдвэр гаргахаас өмнө зайлшгүй хийх ёстой сонсох ажиллагаа хийгдээгүй, надад тухайн шийдвэрийн талаар мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй, миний зүгээс хариу тайлбар гаргах боломж олголгүйгээр, шууд ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулан өгсөн.
Иймд хариуцагчийн дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн заалтыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болох нь тодорхой юм. Хариуцагч байгууллага намайг албан тушаалаас чөлөөлөхдөө 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаал гаргаж, уг тушаалын хууль зүйн үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт тулгуурласан гэж дурдсан байдаг. Гэвч энэхүү тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтад “... өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул...” гэх агуулгыг нэмж дурдсан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, логикийн зөрчилтэй байна. Учир нь, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нь иргэний нас, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилтэй холбоотойгоос бус, төрийн албанаас заавал чөлөөлөгдөх үндэслэл биш, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэврийн насанд хүрсэн, мөн түүнтэй холбоотой нөхцөлд албанаас чөлөөлөх эрх олгож байгаа боловч энэ тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэрээр би эгүүлэн томилогдсон тул уг үндэслэлийг шууд хэрэглэх боломжгүй юм.
Миний бие уг Б/50 дугаар тушаалыг хүлээн аваад эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Харин Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 04/1672 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан тоотоор “Ийнхүү томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтад заасан төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилох зохицуулалтад нийцэхгүй байна” гэж дүгнэсэн хариуг ирүүлсэн болно.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай ... хуулиар тус тус зохицуулна” гэж заасан байна. Эдгээр хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажлаас чөлөөлөгдөх буюу хөдөлмөр эрхлэлтээ зогсоох шаардлага тавигдаагүй.
Иймд ажил олгогч нь 2024 онд намайг өмнө нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгосон гэдгийг мэдсээр байж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор эгүүлэн томилсон үйлдлийг шинээр томилж буй ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь миний өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилсон ажиллагаа тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангуулах тухай асуудал тавигдахгүй. Мөн хариуцагч байгууллагаас намайг Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-т заасан “ төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд” гэсэн үндэслэлээр өмнө ажлаас чөлөөлсөн үйл баримт байхгүй болно. Төрийн албаны тухай хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаар “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хуулиар зохицуулна”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3.4 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тус тус зохицуулсан” байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно”, 145.2 дахь хэсэгт “Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус зохицуулсан байна.
Дээрх зохицуулалтыг дүгнэн үзвэл ахмад настан болон өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөр эрхлэх бүрэн эрхтэй, тэтгэвэр нь хөдөлмөр эрхлэхийг хууль ёсоор хориглохгүй. Тэтгэвэр авсан нь цалин хөлс, хөдөлмөрийн бусад эрх, нөхөн олговрыг хязгаарлах үндэслэл биш. Өөрөөр хэлбэл, ажиллаж байгаа ба тэтгэвэр авсан иргэн хоёр эрхийг зэрэг эдлэх боломжтой бөгөөд ажил олгогч энэ үндэслэлээр ямар нэгэн эрхийг хязгаарлан хасах нь хууль бус байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар “Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд эрх ашгаа хамгаалуулахаар гаргаж байгаа болно” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Л.*******ээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний бие Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргыг 2010 оноос хойш хийж байгаад 2015 онд ажлаасаа чөлөөлөгдсөн. Үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэр гаргуулсан. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй 8 жил болсон. Тэгээд 8 дахь жил дээрээ ажилдаа эрүүлэн томилогдсон. Би ажилгүй байх хугацаандаа тэтгэвэрт гарсан. Буцаад ажилдаа томилогдоход тэтгэврийн хүн ажиллаж байна гэдэг шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан. Сахилгын шийтгэл үндэслэлгүй гэдэг нь шүүхийн магадлалаар тогтоогдсон. Энэ магадлал нь 9 жил 30 хоногийн туршид хэрэгжээгүй. Захиргааны байгууллага үүнийг эс үйлдэхүйгээрээ хэрэгжүүлээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү хуулийн зарчмын агуулга нь зөвхөн Улсын дээд шүүх биш бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, заавал биелүүлэх ёстой гэдэг нийтлэг зарчмыг тодотгосон гэж үзэж байна. Энэхүү Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоогчийн зүгээс Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйл заалтуудыг баталж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Монгол Улсад амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж, захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх баталгааг бүрдүүлсэн гэж харж байна. Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.1, 7.8.11, 7.8.16 дахь заалтуудыг үндэслэн гарсан байдаг. Гэхдээ энэхүү захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь хариуцагч тал нэхэмжлэгч Л.*******ийг 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэдгийг мэдэж байсан үйл баримт байгаа ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байсан. Сонгох боломж захиргааны байгууллагад байгаагүй. Урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд томилж байгаа энэхүү агуулга нь тухайн хүний хөдөлмөрийн харилцаа тасалдаагүй, үргэлжлээд явж байсан гэдгийг нөхөн сэргээж байгаа агуулгатай учраас өндөр насны тэтгэвэр тогтоогдоод байгаа. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтыг нэхэмжлэгч хэрэглэх боломжгүй байсан. Харин нэхэмжлэгч хэвийн ажиллаж байсан тохиолдолд хэрэглэх нөхцөл боломж яригдах байсан. Л.*******ийн хувьд Иргэний хэргийн шүүхэд хандаж тэтгэвэр тогтоолгосонтой холбоотойгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргыг тухайн хэрэгт хариуцагчаар татаж байсан нь үйл баримтаас тогтоогдоно. Хариуцагчийн зүгээс болон Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан тушаалд томилоход тавигдах нийтлэг шаардлага болох Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь зохицуулалтуудаар чөлөөлөгдсөн этгээд томилогдохгүй гэдэг нөхцөл байдлыг илэрхийлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтаар Л.*******ийг ажил албан тушаалаас нь чөлөөлсөн нөхцөл байдал, үйл баримт байхгүй. Энэхүү шийдвэрийг гаргахдаа хариуцагч нь захиргааны актыг нөхөн гаргаж байгаа мэтээр сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрх, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа зэргийг хийгээгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу энэхүү албан хаагч нь төрийн жинхэнэ албан тушаалтныхаа эрх зүйн байдлыг үргэлжлүүлэн эдэлж байгаа нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь зохицуулалтыг буцаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “... Л.*******ийн нэхэмжлэлтэй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Л.******* нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар “Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Л.*******ийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас халсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна” гэж заасан. Л.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Ажлаас чөлөөлөгдөхгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжгүй тул өөрийн санаачилгаар тэтгэвэр тогтоолгосон нь тус хуулийн 46.2.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх нөхцөл бүрдэж байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02017 дугаар шийдвэрийн дөрөвдүгээр талд Л.******* нь “өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа манай байгууллагын удирдлага болон нягтлан бодогч руу утсаар холбогдон “Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу миний тэтгэмжийг 2022 оны төсөвтөө суулгаж өгөөч” гэх хүсэлт гарган 2021 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр [email protected] цахим хаягаар холбогдох материалыг хүргүүлсэн талаараа дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана” гэж заасан нь заавал цаасаар гаргаж өгнө гэх агуулгыг тодорхой зааж өгөөгүй тул Л.*******ийн утсаар болон цахим хаягаар дамжуулан гаргасан хүсэлтийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтад заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэж болох юм.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг тусгасан бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт “энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх” нийтлэг шаардлагыг Л.******* нь хангаагүй байхад өмнөх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтад “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж, Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох” гэж заасан. Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүнийг Төрийн жинхэнэ албан тушаалд томилох зохицуулалт тусгагдаагүй, тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломжтой байна. Энэ нь Л.*******ийг Төрийн жинхэнэ албан тушаалд томилох боломжгүй харин Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох боломжтойг харуулж байна. Л.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сар хүртэл өндөр насны тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан нь төрийн албаны тухай хуульд заасан адил тэгш боломжоор хангагдах гэсэн зарчмыг зөрчиж бусдаас давуу байдлаар ажиллаж ирсэн.
Дээрх хууль зөрчсөн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг мэдсэн даруйдаа Төрийн албаны төв байгууллагаас тэтгэвэрт гарсан хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох талаар зөвлөмж авахад “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүнийг Төрийн жинхэнэ албан тушаалд томилох асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй тул боломжгүй” гэсэн хариу өгсөн. Байгууллагын зүгээс Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелүүлэх үүднээс Л.*******ийг ажлаас чөлөөлсөн болно. Л.*******ийн нэхэмжлэлдээ дурдсан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн асуудал нь үндэслэлгүй.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж заасан. Гэтэл Л.*******ийн хувьд өндөр насны тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохоор зорьж буй нь нэг хүнд илт давуу байдал бий болгохыг шаардсан Төрийн албаны зарчмыг үгүйсгэсэн, хууль зөрчихийг шаардсан үйлдэл юм.
Иймд Л.*******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:“...Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Л.*******т холбогдох 2016 он болон 2024 онуудад шүүхийн шийдвэр гарсан. 2016 оны шүүхийн шийдвэрт эргүүлэн тогтоох гэж заасан боловч 2024 оны шүүхийн шийдвэрт Л.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Мөн 2024 оны шүүхийн шийдвэрт Л.*******ийн тайлбараар 2022 онд нэхэмжлэгч нь манай байгууллагад өндөр насны тэтгэврээ тогтоолгосны дараа удирдлага болон нягтлан бодогч н. луу утсаар холбогдон Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох журмын дагуу миний тэтгэмжийг 2022 оны төсөвт суулгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Л.******* нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь зохицуулалтад заасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж үзэж байна. 2024 оны 11 дүгээр сард томилсон тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 07 дугаар зөвлөмжид заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсвэл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд сонгогдсоноос бусад үндэслэл, албан тушаалд томилоход ажиллуулж болохгүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн төрийн байгууллагад зөвхөн иргэний гэрээний үндсэн дээр төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхой хугацаанд ажил, үүрэг гүйцэтгүүлж болно гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний дагуу олгоно гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д буюу төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагын зохицуулалтад энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй гэсэн. Л.******* нь 2021 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдөр манай байгууллагын удирдлага болон нягтлан бодогчид төрийн албаны нэг удаагийн буцалтгүй тусламж авъя, төрийн албанаас чөлөөлөгдье гэсэн хүсэлт гаргасан. Иймээс Л.******* нь 2021 оны 11 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл өндөр насны тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан тул Төрийн албаны тухай хуульд заасан адил тэгш боломжоор хангагдах гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Маргаан бүхий үйл баримтуудын тухайд.
2.1. Иргэн Л.******* нь Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд 2010 оноос эхлэн ажиллаж байсан ба,
2.2. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг Л.*******т оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар,
2.3. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 113/ШШ2016/0006 шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол,
2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалаар дээрх Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, Л.*******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,926,116.00 төгрөг олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн төлөхийг хариуцагчид даалган шийдвэрлэжээ.
2.5. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаартай шүүхийн шийдвэрээр, Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,551,415.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгохоор,
2.6. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаартай шүүхийн шийдвэрээр, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26,408,334.00 төгрөгийг, хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,399,696.00 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгохоор,
2.7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02017 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын ерөнхий газраас нэхэмжлэгч Л.*******ийн ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 51,378,257.00 төгрөг, төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдог нэг удаагийн буцалтгүй тусламжтай тэнцэх 47,471,736.00 төгрөг нийт 98,849,993.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгохоор тус тус зааж шийдвэрлэсэн нь одоогийн байдлаар хуулийн төгөлдөр болсон байна.
2.8. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон заалт хэрэгжээгүй болохыг дурдаж, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүй гэж дүгнэжээ.
2.9. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны үед 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 55 нас хүрч, өөрийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба одоогоор 38 жил, 8 сар, 20 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлөвтэйгөөр, 2,856,208.00 төгрөгийн тэтгэврийг авч байна.
2.10. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “******* *******ийг ажилд томилох тухай” Б/109 дүгээр тушаалаар, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 113/ШШ2016/0006 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалыг хэрэгжүүлж, уг магадлалын дагуу Л.*******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн томилжээ.
3. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан холбогдох захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, уг магадлалаар тогтоосон үйл баримтын үр дагаврыг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.“хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхээс үнэлж, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нөхөн олгох талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хэрэгжиж ирсэн гэж дүгнэхээр байна.
4. Энэ утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.“Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 61.1.2. “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 61.2.“Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” гэж зааснаар хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/109 дүгээр тушаал гарсан гэж үзнэ.
5. Маргаан бүхий, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдийн “Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах”, 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1. “төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8-д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.1. “агентлагийн дарга /төсвийн шууд захирагч/ төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилохдоо Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу томилж, чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, цуцалж, дуусгавар болгоно. /албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан байх/, 7.8.11. “ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас бууруулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, дүрэм, журам болон энэхүү дотоод журмыг үндэслэн шийдвэрлэнэ”, 7.8.16. “төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухай байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр, мэргэшлийн түвшиний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэсэн хууль болон журмын холбогдох заалтуудыг үндэслэн гарсан ба нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэмээн үүрэгт ажлаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон чөлөөлжээ.
6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “шүүхийн шийдвэр хэрэгжихгүй явсаар найман жил өнгөрсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа томилогдсоны дараа тэтгэврийн хүн ажиллаж байна гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг нөхөн гаргаж байгаа мэтээр сонсох ажиллагаа явуулахгүй, нотлох баримтыг цуглуулахгүй, оролцогчийн эрхийг хангахгүйгээр гаргасан нь хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дахь заалтыг буцаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй” зэргээр маргасан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байгаа нь төрийн захиргааны албан тушаалд томилох боломжгүй, харин төрийн үйлчилгээний албан тушаалд томилох боломжтой, Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-д заасан шаардлага болох мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх нийтлэг шаардлагыг хангаагүй, тэтгэвэр авч байгаа хүнийг төрийн захиргааны албан тушаалд томилох эрх зүйн үндэслэл байхгүй” зэргээр тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
7. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
7.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4. “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. “төрийн захиргааны алба”, 6.2. “...6.1.2-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1. “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”, 12.1.6. “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх тул нэхэмжлэлийн зүйл нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.
7.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заахдаа, 46.2.1.“…сонгуульд нэр дэвших болсон”, 46.2.2.“тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.2.3.“төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.2.4.“өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 46.2.5.“хуульд заасан бусад” гэх үндэслэлүүдийг хуульчилж өгсөн ба мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх”-ийг, 49.2. “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх”-ийг тус тус хориглохоор, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдахыг заажээ.
7.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэхэмжлэгчийн үйлдэлд дүгнэлт өгч, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй ба,
7.4. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд байгаа Төрийн албаны тухай хуулийн 46.2.2. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх заалтыг,
7.5. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5. “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, ... зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 46.2. “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.2. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасантай уялдуулж, утгачлан тайлбарлавал, төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас бөгөөд 25-аас доошгүй жил шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх хуулийн материаллаг хэм хэмжээ бөгөөд хамгийн гол нь өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөх агуулгатай хуулийн зохицуулалт юм.
7.6. Нөгөөтээгүүр, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол түүнийг шууд тэтгэвэрт гаргахаар хуульчлаагүй, нэхэмжлэгчээс хариуцагчид хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хүсэлт гаргаагүй, хариуцагчийн “2021 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр байгууллагын удирдлага болон нягтлан бодогчид утсаар хандан холбогдох материалуудыг мэйлээр хүргүүлсэн түүний хүсэлтийг 46.2.2-оор чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх” талаарх тайлбар үндэслэлгүй байна.
8. Хэдийгээр нэхэмжлэгч нь 38 жил, 8 сар, 20 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлөвтэйгөөр, 2,856,208.00 төгрөгийн тэтгэврийг авч буй нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/3283 дугаар албан бичгээр ирүүлсэн тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байх авч энэ үйл баримт нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө үүссэн, ажилд эгүүлэн томилоогүй, ажилгүй байсан тэр цаг хугацааны үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өндөр насны тэтгэврийг тогтоолгох эрхийн хүрээнд шийдвэрлүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах үндэслэл болохгүй.
9. Үүгээрээ хариуцагч нь төрийн жинхэнэ албанд тавигдах болзол шаардлагыг нэгэнт хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилогдсон байсан нэхэмжлэгчийн шүүхээр шийдвэрлүүлсэн эрхийг хангахгүй, ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байсан нь, уг эс үйлдэхүй үргэлжилсээр байсан нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр нотлогдох бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гаргасан үндэслэлээ алдаатай байсан мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийг төрийн албанд анх орох иргэний нэгэн адил үзэж, Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-д заасан нийтлэг шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай.
10. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 22.1.6. “энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх” гэх шаардлага, үндэслэлийг нэхэмжлэгчийг хангаагүй гэж үзэхгүй. Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх 22.1-ийн “хуульд өөрөөр заагаагүй бол” гэх нөхцөл хангагдахгүй. Хуульд өөрөөр заасны учир ажилдаа эгүүлэн тогтоогдсон, орох боломжтой болсон, хариуцагчийн 2024 оны Б/109 дүгээр тушаал гарснаар нэхэмжлэгчийн өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ шууд сэргээгдсэн байна.
11. Иймд хариуцагчийн “...ажлаас чөлөөлөгдөхгүйгээр, өөрийн санаачилгаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-оор ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болсон, өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар 2021 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр байгууллагын удирдлага болон нягтлан бодогчид утсаар хандан холбогдох материалуудыг мэйлээр хүргүүлсэн түүний хүсэлтийг 46.2.2-оор чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болсон, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох зохицуулалт тусгагдаагүй, Л.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сар хүртэл өндөр насны тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан нь Төрийн албаны тухай хуульд заасан адил тэгш боломжоор хангагдах гэсэн зарчмыг зөрчиж бусдаас давуу байдлаар ажиллаж ирсэн, ийнхүү хууль зөрчсөн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “******* *******ийг ажилд томилох тухай” Б/109 дүгээр тушаалыг мэдсэн даруйдаа хууль хэрэгжүүлж, маргаан бүхий тушаалыг гаргасан” гэх тайлбар бүхэлдээ үндэслэлгүй юм.
12. Хариуцагчаас сөрөг агуулгатай захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй захиргааны шийдвэр гаргах ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан, ийнхүү хэрэгжүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
13. Нэгтгэн үзвэл, хариуцагч захиргааны албан тушаалтнаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогч /нэхэмжлэгч/-ийг сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь буруутай байхын дээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 “мэргэшсэн, тогтвортой байх” төрийн албаны зарчим алдагдсан, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” гэж заасан нэмэгдэл баталгааг зөрчсөн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, үүгээрээ маргаан бүхий Б/50 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан байна.
14. Шүүхээс, маргаан бүхий захиргааны актыг дээрх байдлаар дүгнэсний үр дагаварт нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-тэй холбоотой шаардлагыг мөн ханган хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
15. Ингэхдээ хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.5, 57.5.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцож, нэхэмжлэгчид олгох цалин хөлсийг дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1. “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална”, 103.1.1. “дундаж цалин хөлс тодорхойлох журам” гэж заасныг хэрэгжүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5. “Ажилтанд олгож байгаа ... хөнгөлөлт /унаа хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт/-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасны дагуу хасаж тооцох, Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс авсан цалин хөлсний тодорхойлолт, НХМаягт ЦХ-4 маягтаар гаргасан нэхэмжлэгчийн цалингийн карт ёсоор албан тушаалын үндсэн цалин /ТЗ-4 2,049,000.00 төгрөг/ болон Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-д заасны дагуу холбогдох нэмэгдэл /алба хаасан хугацааны нэмэгдэл 512,250.00 төгрөг, зэргийн нэмэгдэл 655,680.00 төгрөг/-ийг нь тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нөхөн олгох нь зүйтэй.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.*******ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцож олгохыг, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН