2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03800

 

                           2025         05          05

                      191/ШШ2025/03800

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт оршин байрлах “*******” ХХК/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК/рд:*******/, гүйцэтгэх захирал *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани нь “Рэд Кап” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ” (цаашид “Үндсэн гэрээ” гэх)-г байгуулж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 200,000 тн хүдрийг нуруулдан уусгахад тохиромжтой (-30мм) хэмжээнд бутлах, нуруулдан уусгах байгууламжийн үүрт тээвэрлэн хүргэж овоолго үүсгэх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч тус хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Манай компанид үүссэн төлбөрийн үлдэгдэл, алданги, хохирлын асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх зорилгоор “*******” ХХК-тай удаа дараа холбогдсоны үндсэн дээр дахин 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр АГ-РО-4115 дугаар нэмэлт гэрээгээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 750,000 тонн хүдэр бутлах ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ мөн биелүүлээгүй, хамтран ажиллах талаар удаа дараагийн саналуудыг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд дахин тус компанитай гэрээний асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нийт 736,437,275 (долоон зуун гучин зургаан сая дөрвөн зуун гучин долоон мянга хоёр зуун далан тав) төгрөгийн төлбөрийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181 /Ш32024/21511 дүгээр захирамжаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хаягаар дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч “*******” ХХК нь *******,,,,, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож шүүх хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу манай компанид гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэлтэй “*******” ХХК, гүйцэтгэх захирал *******-ийг эрэн сурвалжилж өгнө үү  гэжээ.

 

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.05-ны өдрийн 181/ШЗ2024/21511 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/хх4-5/, 2022.11.07-ны өдөр байгуулагдсан Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ/хх8-16/, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байгаль орчны нөхцөлийг хангах ажиллах гэрээ/хх17-24/, 2023.08.14-ний өдөр байгуулагдсан №АГ-РО-4115 дугаартай Гэрээний нэмэлт өөрчлөлт/хх-25-27/, 2023.12.12-ны өдөр байгуулагдсан №АГ-РО-5804  дугаартай Нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ/хх28/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

3.            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК/рд:*******/, гүйцэтгэх захирал *******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх36/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороонд оршин байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх6/

 

6.            Нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК/рд:*******/, гүйцэтгэх захирал *******-ийг эрэн сурвалжлуулах тухай нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны байгуулагдсан Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байгаль орчны нөхцөлийг хангах ажиллах гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №АГ-РО-4115 дугаартай Гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан №АГ-РО-5804  дугаартай Нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх8-16, 17-24, 25-27, 28/

 

Тус зээлийн гэрээнд “*******” ХХК-ийн хаягийг  *******, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Шангрилла төв, тоотод оршин байрладаг гэжээ.

 

Гэвч тэрээр уг хаягт бодитоор үйл ажиллагаа явуулдаггүй, бүртгэлгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/Ш32024/21511 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /хх4-5/

 

7.                   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК  болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

      

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Шангрилла төв, тоот хаягт оршин байрладаг гэх “*******” ХХК/рд:*******/, гүйцэтгэх захирал *******-ийг эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК/рд:*******/, гүйцэтгэх захирал *******-ийн оршин байрлах хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХХК /утас:,/, түүний төлөөлөгч Э. /утас:/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт  даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД