Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2025/0049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: “*******” ХХК,

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,

   Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга,

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“*******” ХХК нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдуулан “*******” ХХК-д 302,584 метр квадрат газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийг хэрэгжүүлэн, “*******” ХХК-д 302,584 метр квадрат газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах”-аар маргаж байна.

2.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111/ШШ2023/0071 дүгээр шийдвэрээр “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар "Захирамж хүчингүй болгуулах" тухай захирамжийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэлх захиргааны актыг дөрвөн /4/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, ...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож ...” шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт заасан хугацаанд Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” А/144 дүгээр захирамжийг гаргаж, Мэргэжлийн байгууллагын хэмжилтийн дагуу холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд "*******" ХХК-нд газар эзэмшүүлэхийг Эрдэнэцогт сумын Засаг даргад үүрэг болгосон бөгөөд тус захирамжийг аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүргүүлэх тухай” 1а/197 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.

3.“*******” ХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 25/34 дүгээр албан бичгийг хариуцагчид хүргүүлж, газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхийг хүсжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга ******* 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1173 дугаар албан бичгээр “...“*******” ХХК-ийн барилга, объектын доорх газрыг хэмжих ажлын гэрээний дагуу 102652 м² /10.2 га/ газрыг эзэмшүүлэх боломжтой.” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

4.Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 25/58 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан.

Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч *******ын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1б/378 дугаар албан бичгээр “... Газрын тухай хуулийн 33.6-т “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан бөгөөд “*******” ХХК-ийн 30.2 га газар нь усан сан бүхий газарт хамаарч байгаа тул мэргэжлийн байгууллагаас хэмжсэн хэмжээгээр газар эзэмшүүлэх боломжтой.” гэсэн хариуг өгсөн.

5.Улмаар нэхэмжлэгч “*******” ХХК нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаартай, 2002 оны 56 дугаартай, 2005 оны 48 дугаартай тогтоолууд болон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 34 дугаартай, 2005 оны 176 дугаартай тогтоолуудаар “*******” ТӨХК-ийг үйлчилгээний чиглэлийг нь өөрчлөхгүйгээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Уг дуудлага худалдаанд “*******” ХХК нь шалгарч Төрийн өмчийн хорооны 2006 оны 35 дугаар тогтоолоор “*******” ТӨХК-ийг хувьчлан авсан. Хувьчлан авах үед рашаан сувиллын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байхад газар эзэмших нь зайлшгүй шаардлагатайг Төрийн өмчийн хорооноос дурдаж, 270 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшиж байгаа талаар танилцуулан энэ тухай гэрээнд тусган газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын газрын даамал нь 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээг 30,2 га болгон өөрчилж 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон бөгөөд Баянхонгор сумын Засаг дарга 2019 оны А/263 дугаартай захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 40 жилийн хугацаагаар сунгасан.

Тодруулбал, “*******” ХХК нь

1. 2005 онд 270 га газар 40 жилийн хугацаатай,

2. 2008 онд 30,2 га газар 15 жилийн хугацаатай,

3. 2019 онд 30,2 га газар 40 жилийн хугацаатай эзэмших гэрээ, гэрчилгээтэй байсан.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 оны А/65 дугаартай захирамжаар Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаартай захирамжийг, Баянхонгор сумын Засаг дарга нь 2021 оны А/22 дугаартай захирамжаар “*******” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.

“*******” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны А/65 дугаартай, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаартай захирамжуудыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэгдсэн.

1. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2. Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны А/65 дугаартай захирамжийг 4 сарын хугацаатай түдгэлзүүлэн энэ хугацаанд аймгийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хугацаа 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, уг хугацаанд аймгийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаагүй, харин 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр А/144 дүгээр “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан.

Өөрөөр хэлбэл, Баянхонгор сумын Засаг даргын “*******” ХХК-д 30,2 га газар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн А/263 дугаартай захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК-ийн эзэмшлийн газар Эрдэнэцогт сумын нутагт харьяалагдах болсонтой холбоотой аймгийн Засаг дарга 2023 онд А/260 дугаартай захирамж гарган Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байсан иргэн аж ахуйн нэгжийн хувийн хэргийг Эрдэнэцогт сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг даалган, үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг үүрэг болгоод байсан. Энэ захирамжийн хавсралтын 25 дугаарт “*******” ХХК-ийн мэдээлэл тусгагдсан байсан хэдий ч 2024 онд А/289 дугаартай захирамжаар 2023 оны А/260 дугаартай захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгоод байсан.

Гэвч Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр А/144 дүгээр “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” захирамжийн 3 дахь заалтаар аймгийн Засаг даргын 2024 оны А/289 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Тодруулбал, 1. Баянхонгор сумын Засаг даргын “*******” ХХК-д 30,2 га газар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн А/263 дугаартай захирамж,

2. Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжид үргэлжлүүлэн газар эзэмшүүлэх агуулга бүхий аймгийн Засаг даргын 2023 оны А/260 дугаартай захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.

Улмаар “*******” ХХК нь Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111/ШШ2024/0071 дугаартай Шийдвэр, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаартай болон 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/144 дүгээр Захирамжийг хэрэгжүүлж Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа “*******” ХХК-д газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж өгөхийг Эрдэнэцогт сумын Засаг даргаас хүссэн.

Гэтэл Эрдэнэцогт сумын Засаг даргаас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1173 дугаартай албан бичгээр 10,2 га газар эзэмшүүлэх боломжтой гэсэн утга бүхий хариу ирүүлсэн.

“*******” ХХК уг албан бичгийг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан хэдий ч Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 16/378 дугаартай албан бичгээр 30,2 га газар олгох боломжгүй гэх агуулга бүхий хариу ирүүлсэн.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаартай захирамжийг хэрэгжүүлэн, “*******” ХХК-д 302,584 метр квадрат газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаартай захирамжийг хэрэгжүүлж 302,584 метр квадрат газрыг 40 жилийн хугацаатай “*******” ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсье.” гэжээ.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Хуулийн үндэслэлтэй шийдвэрүүдийн дагуу хэрэгжилт хийгдсэн:

1.1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны А/260 дугаар захирамжаар олгосон газрын асуудал нь тухайн үеийн холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн.

1.2. Гэсэн хэдий ч, тус захирамжийг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111/ШШ2024/0071 гарсан бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

2. Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/144 дүгээр захирамж болон 2024 оны А/289 дугаар захирамжийн дагуу өмнөх захирамжууд хүчингүйд тооцогдсон.

Иймд “*******” ХХК-ийн эзэмшиж байсан газар эрх зүйн үндэслэлгүй болсон байна.

3.Эрдэнэцогт сумын Засаг даргад шилжүүлсэн нь үндэслэлтэй:

Газрын асуудал нь тухайн сумын нутаг дэвсгэрт хамаарах тул тухайн сумын Засаг дарга газар эзэмшүүлэх, захирамж гаргах бүрэн эрхтэй. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 5 сарын 13-ны өдрийн 16/378 тоот албан бичгээр газар олгох боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн нь хуулийн дагуу хийгдсэн.

“*******” ХХК-д шинээр 10.2 га газрыг эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан боловч энэ нь шийдвэрлэгдээгүй байгаа.

Хавсралтаар бүрдүүлсэн баримт бичгүүд нь “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, өөр байгууллагад шилжүүлэх эрх зүйн үндэслэл бүхий баримтууд юм.

“*******” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захиргааны шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өмнөх шийдвэрүүдийг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “*******” ХХК-иас Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анх аймгийн Засаг даргын 1998 оны 93 дугаар захирамжаар “*******”ТӨХК-д 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгохдоо 97300 м2 газрыг 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд “*******” ХХК дуудлага худалдааны ялагч болж газрыг эзэмшүүлэхдээ 97300м2-аар олгох байтал ямар нэгэн шийдвэр гараагүй байхад үндэслэлгүй баримт нотолгоогүй Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаагаар 302584м2 газрыг олгосон бөгөөд тус газрын усан сан бүхий газар буюу “... гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбайг” эзэмшүүлсэн байгаа нь Усны тухай хууль, Газрын тухай хуулийг илт ноцтой зөрчиж байгаа юм.

Газрын тухай хуулийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

“Усны сан бүхий газар” гэж Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг, Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна.” гэж маш ойлгомжтой байдлаар дээрх хуулиудад нэр томьёоны тайлбарыг оруулсан.

Учир нь “*******д” ХХК-д эзэмшүүлсэн газрын тодорхой хэсэг нь өөрөө усан сан бүхий газарт хамаарч байгаа бөгөөд энэхүү газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох талаар Газрын тухай хуульд нэмэлтээр оруулж зохицуулсан.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111/ШШ2024/0071 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн дагуу “*******” ХХК хэмжилтийг хийлгэж, Эрдэнэцогт сумын Засаг даргад хэмжилтийн дагуу олгох боломжтой газрыг эзэмшүүлэх чиглэлийг өгч 2025 оны 12 дугаар сарын А/121 дүгээр захирамжаар олгох боломжтой 95802 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.

Эрдэнэцогт сумын ИТХ-ын 2022 оны 8/04 дүгээр тогтоолоор шаргалжуут рашааны эрүүл ахуйн бүсийг 100м, хориглолтын бүсийг 200м-ээр тогтоосон бөгөөд Газрын тухай хуулийн 33.6-т “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан тул олгох боломжтой газрыг эзэмшүүлсэн.

Иймд Эрдэнэцогт сумын Засаг даргаас “*******” ХХК-ийн усан сан бүхий газрыг хасаж зөвхөн олгох боломжтой газрыг олгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдуулан “*******” ХХК-д 302,584 кв.м газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийг хэрэгжүүлэн, “*******” ХХК-д 302,584 метр квадрат газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах”-аар маргасан.
  2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулсан бөгөөд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцсон.
  3. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 302,584 кв.м газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгахыг шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
    1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хугацаа 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, уг хугацаанд аймгийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаагүй, харин 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” А/144 дүгээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан. Өөрөөр хэлбэл, Баянхонгор сумын Засаг даргын нэхэмжлэгчид 30.2 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн А/263 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.
    2. “*******” ХХК-ийн эзэмшлийн газар Эрдэнэцогт сумын нутагт харьяалагдах болсон тул Баянхонгор аймгийн Засаг дарга 2023 онд А/260 дугаар захирамжийг гарган, Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байсан иргэн аж ахуйн нэгжийн хувийн хэргийг Эрдэнэцогт сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг даалган, үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг үүрэг болгосон. Энэ захирамжийн хавсралтын 25 дугаарт “*******” ХХК-ийн мэдээлэл тусгагдсан байсан хэдий ч 2024 онд А/289 дүгээр захирамжаар 2023 оны А/260 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

  Гэвч Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” А/144 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар аймгийн Засаг даргын 2024 оны А/289 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

         4.3. Ингэснээр Баянхонгор сумын Засаг даргын “*******” ХХК-д 30,2 га газар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн А/263 дугаар захирамж, Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжид үргэлжлүүлэн газар эзэмшүүлэх агуулга бүхий аймгийн Засаг даргын 2023 оны А/260 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.

4.4. “*******” ХХК нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111/ШШ2024/0071 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар болон 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/144 дүгээр захирамжуудыг хэрэгжүүлж, Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа “*******” ХХК-д газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж өгөхийг Эрдэнэцогт сумын Засаг даргаас хүсэхэд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1173 дугаар албан бичгээр 10,2 га газар эзэмшүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн нь хууль бус.

  1. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана. Үүнд:
    1.  Газрын асуудал нь тухайн сумын нутаг дэвсгэрт хамаарах тул тухайн сумын Засаг дарга газар эзэмшүүлэх, захирамж гаргах бүрэн эрхтэй. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1б/378 тоот албан бичгээр газар олгох боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн нь хуулийн дагуу хийгдсэн.
    2. “*******” ХХК дуудлага худалдаанд ялагч болж, газрыг эзэмшүүлэх гэрчилгээг олгохдоо 97300 кв.м газрыг бус Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаагаар 302584м2 газрыг олгосон бөгөөд усан сан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Усны тухай хууль, Газрын тухай хуулийг илт ноцтой зөрчсөн.
    3. “*******д” ХХК-д эзэмшүүлсэн газрын тодорхой хэсэг усан сан бүхий газарт хамаарч байгаа бөгөөд энэ газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох талаар Газрын тухай хуульд нэмэлтээр оруулж зохицуулсан.
    4. Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/04 дүгээр тогтоолоор Шаргалжуут рашааны эрүүл ахуйн бүсийг 100 м, хориглолтын бүсийг 200 м-ээр тогтоосон бөгөөд нэхэмжлэгчид олгох боломжтой газрыг эзэмшүүлсэн.
  2. Тогтоогдсон үйл баримтууд:
    1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжаар[1] Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар 96 иргэн, 5 хуулийн этгээдэд эзэмшүүлсэн нийт 43.2 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг Эрдэнэцогт сумын Засаг даргад үүрэг болгожээ.
    2. Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/289 дүгээр захирамжийг[2] гарган, дээрх А/260 дугаар захирамжийн 25 дугаарт тусгагдсан “*******” ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал хүчингүй болгосон байна.
    3. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111/ШШ2024/0071 дүгээр шийдвэрээр[3] “...айлуудтай давхардуулж 302584 метр квадрат газрыг бүхэлд нь эзэмшүүлэх боломжгүй. ...шүүх дээр маргаантай байгаа учраас энэ маргааныг эцэслэн шийдвэрлэтэл сунгах боломжгүй талаар хариу өгсөн...” гэж дүгнээд нэхэмжлэлийн “... гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
    4. Дээрх шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдын хэн аль нь гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон, үүний дараагаар нэхэмжлэгч 302584 кв.м газрыг үргэлжлүүлэн эзэмших талаар хариуцагч болон Баянхонгор аймгийн Засаг даргад тус тус хандсан.
    5. Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга ******* 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1173 дугаар албан бичгээр[4] “*******” ХХК-д 10.2 га газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжтой талаар хариу хүргүүлжээ.
  1. Захиргааны хэргийн шүүх захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзал нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэдэг.
  2. Тухайн тохиолдолд хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга “*******” ХХК-д 10.2 га газрыг эзэмшүүлэх боломжтой талаар хариу нэхэмжлэгчид хүргүүлсэн,  боломжит хэмжээ буюу 95802 кв.м газрыг эзэмшүүлэхээр 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн хүссэн хэмжээгээр газрыг эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөл буюу нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субьектив эрхийг зөрчсөн, захиргааны акт гаргуулахыг шаардах эрхийн үндэслэл нь материаллаг хэм хэмжээнээс[5] үүссэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.
  3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно.” гэж тус тус заасан.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 3-т “...Шаргалжуут багт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдэд үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг Эрдэнэцогт сумын Засаг даргад үүрэг болгож ...” гэсэн нь нэхэмжлэгчид 30.2 га газрыг эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газарт Шаргалжуут рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийг тогтоож, уг актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн[6] нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Шаргалжуут рашааны хамгаалалтын бүс тогтоох тухай” 8/04 дүгээр тогтоол, бусдын эзэмшиж буй газартай давхцалтай, өмнөх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үед байсан нөхцөл байдлууд хэвээр /шинжээчийн дүгнэлт[7]/ болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “*******” ХХК-ийн /2550792/ эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг[8],  зэргээр тус тус нотлогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн ...газрыг өмнө эзэмшиж байсан хэмжээгээр, 40 жилийн хугацаатай эзэмших хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь захиргааны сонгох боломжид хамаарах бөгөөд “*******” ХХК-ийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй, шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдах, хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад хуулиар хориглосон газрыг эзэмшүүлэхийг даалгах үндэслэлгүй.

  1. Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг дарга ******* “*******” ХХК-ийн барилга, объектын доорх газрыг хэмжих ажлын гэрээг[9] 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “*******” ХХК-тай байгуулан нэхэмжлэгчид олгох боломжтой газрын бодит хэмжээг тогтоолгохоор тохиролцжээ. “*******” ХХК нийт 102653 кв.м газрыг эзэмшүүлэх боломжтой гэх тайлан[10] гарган, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр огноолон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

         Дээрх тайланг үндэслэн нийт 95802 кв.м /15278 кв.м, 80524 кв.м хэмжээгээр/ газрыг эзэмшүүлэх боломжтой гэж үзэн хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хууль бус татгалзал тогтоогдохгүй, уг татгалзлын улмаас нэхэмжлэгч “*******” ХХК-ийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “*******” ХХК-д 302,584 кв.м газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийг хэрэгжүүлэн, “*******” ХХК-д 302,584 метр квадрат газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОЮУНСАЙХАН

 

 

 

                    

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал

[3] 2 дугаар хавтаст хэргийн 7-33 дугаар талууд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал

[5] Г.Банзрагч “Захиргааны процессын эрх зүй”, Улаанбаатар хот, 2023 он, 203 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 174-177 дугаар талууд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 155-161 дүгээр талууд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 220-227 дугаар талууд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дугаар талууд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 197, 199-213 дугаар талууд