| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0058/З |
| Дугаар | 111/ШШ2026/0001 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 111/ШШ2026/0001
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0613433 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч ******* би зохих зөвшөөрөлгүй 1 чоно агнасан гэх 13 дугаартай гомдол мэдээлэлд “Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа” явуулахдаа иргэн *******т оногдуулсан 0613433 дугаар шийтгэлийн хуудас бичихдээ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт гэж буруу бичжээ.
Иймд прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Э.Ануужингийн 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаартай танай байгууллагад ирүүлсэн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” прокурорын дүгнэлтэд *******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичив гэснийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0613433 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ.
Хариуцагч нь өөрийн үйлдсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0613433 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0613433 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ