Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2021/01783

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01783

 

 

Ж.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 104/ШШ2021/00332 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Х-ын нэхэмжлэлтэй, нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд прокурорын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаатар, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Миний аав Д.Ч 1938 оны 04 сарын 19-ний өдөр баривчлагдан 1938 оны 04 сарын 28-ны өдрийн 16-р хурлын тогтоол, ШЦБ-ын 43, 47 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгүүлсэн. Түүний хэргийг Улсын дээд шүүхийн Цагаатгалын комиссын 1992 оны 05 сарын 28-ны өдөр цагаатгаж шийдвэрлэсэн. Би Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нөхөн олговор авахтай холбоотой нэхэмжлэл гаргаж, 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 539 дугаар шийдвэрээр 1 000 000 төгрөг авсан. Нөхөн олговрын нэхэмжлэлдээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг сонинд хэвлэгдсэн байсныг сүүлд мэдсэн бөгөөд коронавирусын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэр, журам, тушаалаас шалтгаалан гадуур уг нэхэмжлэл, хүсэлтээ өгөх, нотлох баримтуудаа цуглуулах ажил хойшлогдож, хугацаа алдсан. Мөн Зууны мэдээ сонины 2020 оны 11 сарын 19-ны өдрийн №222/6447/ дугаар сонинд хэвлэгдсэн талаар сүүлд мэдсэн. Харин ковид-19 халдварын хөл хорио, дэглэм мөрдүүлэх талаар Засгийн газраас удаа дараагийн тогтоол, шийдвэрүүд гарсны улмаас оны өмнө, оны дараа ч нэхэмжлэлээ өгч чадаагүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу хилсээр хэлмэгдсэн Д.Чийн охин болох Халтарт нөхөх олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төрийн төлөөлж прокурор тайлбартаа: Ж.Х-, Т.Чүлтэм нар хоорондоо харилцаа холбоотой эсэх нь тогтоогдоогүй. Ж.Х- нь хэлмэгдэгчийн хүүхэд болох нь батлагдаагүй. Хэнтий аймгийн Сум дундын Иргэний шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 539 дугаартай шийдвэрээр Ж.Х-ыг Т.Чүлтэмийн төрсөн охин болох нь тогтоогдсон гэж үзэж түүнд 1 000 000 төгрөгийн нөхөн олговор олгосон боловч ямар баримтыг үндэслэсэн болохыг нягталж судлах хэрэгтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн асуудал дээр хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул маргах зүйлгүй. Иймд Ж.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчид холбогдох Үндэсний төв архивын 1933, 1944, 1956 оны тооллого болон төрсний гэрчилгээний лавлагаа баримтууд авагдсан боловч хэлмэгдэгчтэй холбогдох баримт байхгүй. Харин Хэнтий аймгийн анхан шатны шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 539 тоот шийдвэрт ...Жунай овогтой Халтар нь хэлмэгдэгчийн төрсөн охин болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул.. гээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан нөхөх олговрыг түүнд олгосон байна. Уг шийдвэрийг үндэслэн ЦАУЗБУК-оос түүний нэрийг Зууны мэдээ сонины 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №222/6447/ дугаарт дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээдээр олон нийтэд мэдээлэхэд маргаан гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 80 000 000 төгрөгийн нөхөх олговорыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Жагар овогт Жунайн Халтар /РД:СД28030505/-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Х- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д.Чийн цагаатгалын нөхөх олговорт 80 000 000 гаргуулах тухай хүсэлт гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс дэмжиж, харин төрийн төлөөлж оролцсон прокурор хэрэгсэхгүй болгох талаар тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Д.Ч нь улс төрийн хилс хэрэг хэлмэгдсэн буюу буудан алах ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй үйл баримтууд тогтоогдсон байна. /хх13-15, 18, 20, 57/

Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Х- нь хэлмэгдэгч Д.Чийн төрсөн хүүхэд болох нь Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 9 сарын 21-ний өдрийн 539 шийдвэр, өрхийн хүн амын 1944, 1956 оны тооллогын баримтууд болон Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул гэх Б.Долгорсүрэнгийн бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ. /хх-8-12, 19/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэгэнт тогтоогдсон үйл баримтуудыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд төрийг төлөөлж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон прокурорын гаргасан нэхэмжлэгч Ж.Х- нь хэлмэгдэгчтэй хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдохгүй, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 9 сарын 21-ний өдрийн 539 шийдвэрийг ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 104/ШШ2021/00332 шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН