Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар  2024/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024        07         04                                              2024/ДШМ/42

 

 

Г.А, Д.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Азжаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                       Г.А, Д.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          А.Төмөрчулуун,

Л.Намнансүрэн /онлайнаар/

Нарийн бичгийн дарга                               Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдлоор Г.А, Д.Г нарт холбогдох 2425000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд тоотод иргэн Г.А-ын гэрт “түүнтэй гэрт чанга ярилаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар мах зүсэх зориулалтаар ширээн дээр тавьсан модон иштэй хутгыг авч далайх үед хохирогч Г.А тус хутгыг авах зорилгоор булаацалдах явцад түүний баруун алгыг зүсэж, эрүүл мэндэд нь “баруун алганд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Г.А нь тухайн үед хохирогч Д.Г-той “гэрт чанга ярилаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хутга авч далайх үед хутгыг булаан авч, хаяулмагцаа хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжин тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.А, Д.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Г, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Г-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Д.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Хохирогч Д.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.178.900 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол, дутуу авсан цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.А энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А, Д.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,75 литрийн ногоон экс нэртэй архины шил нэг ширхэг, бор шаргал өнгийн модон иштэй хутга 3 ширхэг, 3 хэсэг  нойлын цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Ө.Төмөрчулуун давж заалдах гомдолдоо:

 

“ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан дараах байдлаар гомдол гаргаж байна.  Үүнд: Д.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х тоотод Г.А-тай чанга ярилаа гэсэн шалтгаанаар маргалдаж А-ын гарыг зүссэн. 

 

Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Г-г нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж газарт унаган цээжин дээр нь дэвсэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "зүүн завж нь шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19 өдрийн 139 дугаартай дүгнэлтэд А-ын “баруун алганд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон” гэх боловч дээрх гэмтэл нь Д.Г-гийн үйлдлээс болж учирсан болох нь Г.А-ын мэдүүлгээс өөр нотлох баримт, эх сурвалжаар давхар батлагдаж, нотлогдоогүй. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Д.Г удаа дараа мэдүүлэх өгөхдөө дээрх гэмтлийг учруулаагүй гэдгээ удаа дараа тогтвортой мэдүүлсэн атал үндэслэлгүйгээр түүнийг гэм буруутайд тооцлоо. 

Д.Г тухайн хэрэгт хохирогчийн хувиар оролцохдоо гэм хорын хохиролд эмчилгээнд 2.718.950 төгрөг, ажил байсан хугацааны цалин 4.852.056 төгрөг нийт 7.571.006 төгрөг нэхэмжилснийг хангалгүйгээр мөн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс хэргийг шийдвэрлэх ял оногдуулахдаа хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийгээгүй, нэгэнт гэм буруутайд тооцсон бол ялыг ялгамжтай оногдуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр шийдвэрлээгүй, үндэслэлтэй шийдвэрийг гаргаагүй. Иймд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШТЦ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу...” гэжээ. 

Шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдолдоо:

“ ... шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 

Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалын шатанд 2024 оны 01 дүгээр сарын 30 өдөр өгсөн Г.А-ын хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: ....би мах чанаж өгсөн, Т-н үүрийн 5 цаг 52 минутад манайхаас гарч явсан би такси дуудаж өгсөн юм. .... “та давраад байгаа юм биш үү” гэхэд ширээ цохиод босоод ирсэн юм. Тэгээд тэрээр ширээн дээр махны хажууд байсан модон иштэй хутгыг над руу 2 удаа далайсан. Тэгэхээр нь би түүнтэй ноцолдож хутгыг нь булааж авсан бөгөөд ингэхдээ би баруун гарынхаа алганы эрхий хурууныхаа төгсгөл хэсгийг зүсчихсэн юм" гэж мэдүүлжээ. 

Түүний энэ мэдүүлгээр “Д.Г-гийн үйлдэл биш” буюу хутгыг түүнтэй булаацалдан авахдаа "Өөртөө учруулсан гэмт хэргийн шинжгүй үйлдэл" болох нь хангалттай тодорхой илэрхийлэгдсэн нөхцөл байдал хохирогчийн мэдүүлгээр гарч ирсэн байхад эдгээр үйлдлийн зааг ялгааг бүрэн гаргаж, хэргийн үйл баримтыг бүрэн сэргээн дүрсэлж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөл байдал, үр дагаврыг үүсгэсэн байна. Анхан шатны шүүх энэхүү хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа хэрэгт чухал ач холбогдол бүхий бодит байдлаас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийсэн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалд тохирохгүй байна. 

Хоёр. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд Г.З-ийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт:

 "...тэгээд “яасан бэ” гэтэл А нь “над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-ыг 00 оруулчхаад буцаад том өрөө рүү явтал Г нь баруун гартаа манай гэрийн мах идэж байсан модон иштэй хутгыг барьчихсан сууж байсан бөгөөд түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг буцааж авсан юм" гэх мэдүүлгийг өгчээ. Тус гэрчийн мэдүүлэг нь илэрхий логикийн алдаатай байхын зэрэгцээ Г.А, Г.З нар нь төрсөн ах дүүс тул мэдүүлгээрээ нэгдэж Г-г буруутгах зорилготойгоор эргэлзээтэй мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тодорхой дүгнэгдэж байна. Логикийн алдаатай гэж үзэх үндэслэл нь Г.А, Г.З нар хоёулаа түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг буцааж авсан гэх нөхцөл байдал юм. 

Түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Д.Г нь тухайн гэрт хамт байсан хүмүүсийг яваад эхлэх үед өөрөө мөн явахаар үүдний хэсэгт гутлаа өмсөх үед Г.А нь өөрийн эгч Г.З-тай ажлын асуудлаас болж маргалдсанаас шалтгаалж Д.Г гутлаа өмсөж байх хооронд түүний араас цохиж гэмтээсэн нөхцөл байдал бодитой тогтоогдож байх бөгөөд энэ нөхцөл байдал нь шүүхийн дээрх гэм буруугийн талаарх дүгнэлтүүдтэй тохирохгүй байна. 

Гурав. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай дүгнэлтэд: "1. Г.А-ын биед баруун алганд шарх, зуун гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх баруун алганд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэжээ. 

Гэтэл тус шинжээчийн дүгнэлтэд “Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ" гэсэн байгаа нь Г.Аын баруун гарын шархыг хэлж байгаа эсэх, эсвэл зүүн гарт үүссэн шархыг хэлж байгаа эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Хэрэв хутгаар зүсүүлсэн гэж байгаа шархны талаар дүгнэсэн бол энэ нь ямарч боломжгүй. Учир нь тухайн шархны тухайд нэг чиглэлд, нэг газраа, нэг удаа зүсэгдэл үүссэн байхад үүнийг нэг газраа хоёр удаа зүсэгдсэн шархтай байсан мэт үндэслэлгүй дүгнэлт гарсан, энэ талаар шүүх анхаарч үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийж чадаагүй байна. 

Дөрөв. Шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаарх хэсэгт "Шинжээчийн дүгнэлтэд Г.А-ын биед баруун алганд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн ба хохирогч Г.А алганд үүссэн хоёр шархныхаа нэгийг нь өмнө нь цонх янзалж байхдаа үүсгэсэн тухайгаа тайлбарладаг ба хэрэг болсон гэх тухайн үед хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж түүний биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч, өмгөөлөгч нар гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж мэтгэлцдэг ба гэрч О-ын мэдүүлэгт зөрүү гараагүй, гэрч Згийн мэдүүлгээс А, Г нарын хооронд болсон үйл явдлын дараа дахин Г-г гартаа хутга барьчихсан сууж байсан талаар мэдүүлснийг мэдүүлгийн зөрүүтэй байдал гэж үзэхээргүй байна" гэж шүүх дүгнэжээ. 

Харин шүүх энэ дүгнэлтээ хууль зүйн үүднээс тайлбарлаагүй байх ба Д.Г-г хутга бариад дайрсан гэх үйлдлийг логик дэс дарааллаар дүгнээгүй, шүүгдэгч Д.Г-гийн дээрх үйлдлийг хөдөлбөргүй тогтоосон баримт болон тухайн үйл баримтыг шууд харсан гэрч энэ хэрэгт байхгүй, зөвхөн төрсөн эгч, дүү Г.З, Г.А нарыг бодит байдлаас зөрүүтэй мэдүүлгээр хэргийн үйл явдлыг дүгнэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Шүүгдэгч Г.А, түүний төрсөн эгч Г.З нар нь өөрийн гэмт үйлдлээ нуух, Д.Г-г буруутай мэт харагдуулахын тулд дээрх байдлаар хэргийн бодит байдалд нийцэхгүй мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн тухайн үйл явдлаас өмнө Г.А нь өөрийн найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажил хийж байгаад цонх буюу ирмэгтэй зүйл хагалж гартаа шарх авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд мэдүүлсэн байтал энэ хугацаанд учирсан гэмтэл, үйл баримтыг хуулийн хүрээнд тодруулан шалгах ажиллагааг хийхгүйгээр хэт нэг талын байр сууринаас дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. 

Дээрх бүх нөхцөл байдлаас дүгнэхэд Д.Г-г хуульд заасны дагуу хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Төрсөн эгч, дүүс болох Г.З, Г.А нарын бодит байдлаас зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дээрх баримтуудаас өөрөөр гэм буруутайг тогтоосон шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон хэсгийг хүчингүй болгож, Дашнямын Г-г цагаатгасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү…” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.А тайлбартаа: “...Д.Г ахын биед хүрсэн нь миний буруу. Д.Г ах хутга барьсан үйлдлээс болж энэ бүхэн болсон. Хутганы далайлт нь их хүчтэй ирсэн, ширээ тулж би холдоогүй бол өнөөдөр амьд байх байсан үгүйг мэдэхгүй байна. 2 хоногийн өмнөх шарх бол угаасаа харласан харагдаж байгаа...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г тайлбартаа: “...Би анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд хутга бариагүй гэдгээ хэлдэг, нотолдог. Ариунжаргал гэдэг хүн бол манай эхнэр. Хэрэг болох үед байгаагүй. Г.А ирж нөхрөө ав над руу дайрахаар нь би зодчихсон, үгүй бол цагдаа дуудлаа гэж хэлсэн байдаг. Энэ хэлсэн үгийг л мөрдөн байцаагчид хэлсэн байдаг. Энэ бол Г.Аын үг. Би 17 хоногт эмнэлэгт тасралтгүй хэвтэж, 10 гаран хоног эмчийн хяналтад байтлаа зодуулсан. Тийм байтал дахиад хутга мэс барьсан хэрэгт холбогдож байгаадаа гомдолтой байна. Тиймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч А.Төмөрчулуун тайлбартаа: “…Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Ялыг ялгамжтай оногдуулаагүй. Г.А-ад учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй байдаг. 2.710.000 төгрөгийн эмчилгээний баримт, ажилгүй байсан хугацааны 4.852.056 төгрөгийн гэм хор учирсан. Хохирол нотлох баримтаар нотлогдсон байтал хэрэгсэхгүй болгосон тул гомдол гаргасан. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тайлбартаа: “...давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд баримтыг бүрэн нягталж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: “...Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Д.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Д.Г, Г.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, Л.Намнансүрэн нар давж заалдах гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж тогтоолоор “Г.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Х тоотод байрлах гэртээ хохирогч Д.Г-той “чанга ярилаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хутга авч далайх үед хутгыг нь булаан авч, хаяулмагцаа нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжин тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж эрүүгийн хэрэг үүсгэж, Г.Аыг яллагдагчаар татсан,

 

мөн Д.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А-ын гэрт “түүнтэй чанга ярилаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар мах зүсэх зориулалтаар ширээн дээр тавьсан модон иштэй хутгыг авч далайх үед хохирогч Г.А тус хутгыг авах зорилгоор булаацалдах явцад түүний баруун алгыг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Г-г яллагдагчаар татаж, тэдгээрээс мэдүүлэг авсан байна.

 

Хэргийн үйл баримтын талаар Г.А яллагдагчаар мэдүүлэхдээ "...миний гарын алганд учирсан шарх гэмтлийг би түүнээс хутгыг нь булааж авахдаа зүсчихсэн юм ... түүний нүүрэнд учирсан гэмтлүүдийг би гараараа хоёр удаа цохиж учруулсан ..." гэж /хх 155/,

 

харин Д.Г яллагдагчаар мэдүүлэхдээ “ ... би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төмөрчулуун өмгөөлөгчийг авсан бөгөөд өмгөөлөгчтэйгөө хамт мэдүүлэг өгнө ...” гэж /хх 168/,

 

дахин мэдүүлэхдээ өмгөөлөгч А.Төмөрчулууныг байлцуулан “ ... би дүгнэлттэй танилцсан бөгөөд гарын алганд шарх гэмтлийг яаж учирсныг мэдэхгүй байна, би учруулаагүй ..., би А руу хутга барьж дайраагүй,... ” гэж  /хх 170/ тус тус мэдүүлснээс гадна шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дээрх мэдүүлгүүдээ үгүйсгээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г, Г.А нарын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүд, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс дүгнэн үзвэл яллагдагч нарыг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д тусгайлан заажээ.

 

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

 

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “ шүүх шийдвэр гаргахдаа ... 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” гэж, 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан”, 1.2-т “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж тус тус заасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах агуулгатай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед шүүгдэгч Г.Аын өмгөөлүүлэх эрхийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокуророос "...шүүгдэгч нарыг харилцан эсрэг сонирхолтой гэж үзэхгүй, гэмт хэрэгт бүлэглэн оролцсон шүүгдэгч нар биш учраас ... " гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдолд дурьдсан “хохирогч Г.А-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаарх дүгнэлт тодорхойгүй, эргэлзээтэй" гэсэн хэсгийн хувьд тухайн дүгнэлтийг гаргасан шинжээчийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцуулан, дүгнэлтэд тусгагдсан асуудлын талаар тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ