| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
| Хэргийн индекс | 151/2021/00220/И |
| Дугаар | 223/МА2021/00007 |
| Огноо | 2021-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 223/МА2021/00007
“Ш х” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/00444 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Ш х” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ж.Ат холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нар оролцов.
Нэхэмжлэгч “Ш х” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Жинхүүгийн А нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шунхлай хишиг” ХЗХ-нд гишүүнээр элсээд тухайн өдрөө 4 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлсэн байгаа. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ зээлийн хэрэгцээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх хуулийн этгээд гэсэн байгаа. Манай хадгаламж зээлийн хоршооны хувьд санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад 2017 оноос хойш үйлчилгээгээ явуулж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хоршооны зүгээс зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэх шаардлагыг мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч Ж.А нь биелүүлээгүй. Иймээс зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 24 сарын хүү, 3 360 000 төгрөг ингээд нийт 7 360 000 төгрөг болж хуримтлагдсан. Бид одоогийн нөхцөл байдлыг харгалзаж үзэн нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байгаа. Иймээс хариуцагч талаас гэрээний үүргийн гүйцэтгэл 7 360 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний данс руу дөнгөж мөнгө ороод л н.Итгэл гэдэг хүн буцаагаад авчихсан. Ямар ч гэрээ байгуулаагүй гарын үсэг зураагүй гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус зааснаар хариуцагч Боржигон овогт Жинхүүгийн А /РД:НЭ69010970/-с 5 680 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш х” ХЗХ-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас 105 830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш х” ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасан "хэргийн болон шүух хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн", 168.1.7-д заасан "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн" гэх дор дурьдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангуулах, дахин шийдвэрлүүлэхээр буцаах, эсхүл шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргав.
1. Хариуцагч талаас нэхэмжлэгч "Шунхлай хишиг" хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагчдын нэг гэгдэх иргэн Ц.Итгэл нь хариуцагч Ж.Аыг хоршоонд гишүүнээр элсүүлж 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж түүний дансанд шилжүүлэн тэр дор уг мөнгийг бэлнээр гаргуулан авч хоршоонд өөрөө хариуцан төлөхөөр, хариуцагчийн "Хас банк" дахь зээлийн үлдэгдлийг чөлөөлүүлж өгөхөөр тохиролцсон" гэх хариу тайлбараа нотлуулахаар тухайн үед хамт очсон гэр бүл Б.Амаржаргал, Хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхбаатар нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, маргаанд Ц.Итгэлийг хариуцагчаар, эсхүл хамтран хариуцагчаар татан оролцуулж өгөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 28 дугаар зүйлийн 28.1-т тус тус заасныг үндэслэн шүүхэд бичгээр хүсэлт болгосон юм. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлэг авах хүмүүсийн регистр, гэрийн хаяг, утасны дугаар тодорхойгүй гэх үндэслэлэзр хүсэлтийг хангахаас татгалзсан гэсэн хариу өгсөн.
Тиймээс гэрч Ц.Итгэл /РД:НЭ81112278, утас: 99153935/, Б.Амаржаргал /РД:ЗЮ69110100, утас: 99272088/, тус Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал асан С.Мөнхбаатар, мөн одоогийн захирал Г.Гантөгс /РД:НХ79090219, утас: 95351111/ нарын утас, хаяг, регистрийг тодруулан зааж, тэднээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар шүүхэд дахин бичгээр хүсэлт тавьсан болно. Гэтэл бидний үндэслэл бүхий хүсэлтэд урьдчилж хариу өгөлгүйгээр шүүх хуралдаан зарлаж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид дахин гаргасан хүсэлтдээ эдгээр гэрчээр асуулгах хүмүүсийн регистр, гар утасны дугаарыг тодорхой заасан байхад "гэрийн хаяг нь тодорхойгүй" гэсэн үндэслэлгүй шалтгаан зааж хүсэлтийг мөн л хангасангүй. Гэтэл хүсэлтэд дурьдсан гэрч Б.Амаржаргал нь хариуцагч Ж.Атай гэр бүл, Зуунмод суманд нэг хаягт амьдардаг байхад гэрийн хаяг нь тодорхойгүй гэх шалтгаанаар хүсэлтийг хангахаас дахин татгалзсанд туйлын гомдолтой.
Ц.Итгэл тухайн Хоршоог үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн зэрэг нөлөө бүхий этгээд мөн эсэх, ийм нөлөө бүхий байдлаа ашиглан захиралтай нь хуйвалдан Ж.А нарыг хоршоонд гишүүнээр элсүүлж, зээл олгох нэрээр мөнгийг өөрөө буцаан авч ашиглан түүнийг хохироож яваа эсэхийг шалгуулахаар гэрчийн мэдүүлэг авахуулж өгөхийг хүссэн өмгөөлөгчийн саналыг ч огт хүлээн авсангүй, мэтгэлцэх эрхийг хангасангүй. Өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг урьдчилан огт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаан болох өдөр нь мэдэгдсэнээр хэргийн материалтай танилцан гарын үсэг зурснаар хуралдаанд шууд оролцохоос өөр аргагүй байдалд хүрэв.
2. Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн учир бид хүсэлтээ хангуулахаар мэтгэлцсэнээс өөрөөр, хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх, нотлох баримт нэмж гаргах, эрх зүйн дүгнэлт өгөх боломж хангалттай бүрдээгүй юм. Тухайлбал хариуцагч Ж.А тус зээлийн төлбөрт 2019 оны 10 дугаар 17-ны өдөр Хоршооны “Хас банк” дахь дансанд нь 400 000 төгрөгийг төлсөн байдаг, гэтэл баримтыг дээрх шалтгаанаар гаргаж өгч чадаагүй болно. /Хас банкны 2019 оны орлогын баримт 1 хуудас хавсаргав/. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи 400 000 төгрөгийг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Ер нь нэхэмжлэгч тал дотооддоо учир зүйгээ олохын оронд нөхөн бичилт хийсэн зөрчилтэй гэрээ, тооцоо мөчид баримтаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.
Иймд дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт хангуулах, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах, эсхүл шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулахыг хүсэж гомдол гаргав.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох болно.” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Ш х” ХЗХ нь Ж.Ааас зээл 4 000 000 төгрөг, хүү 3 360 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөхдөө мөнгө зээлээгүй, гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, миний данс руу мөнгө ороод л Итгэл гэж хүн буцаагаад авчихсан гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 4 000 000 төгрөг, хүү 3 360 000 шаардахдаа үндэслэлээ ...Ж.А нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Ш х” ХЗХ-нд гишүүнээр элсээд тухайн өдрөө 4 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэх, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй гэж тайлбарлажээ.
Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Ш х” ХЗХ-нд гишүүнээр элсэж, ХЗХ-той зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээний зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцож, мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцжээ.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч “Ш х” ХЗХ нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас олгосон 000138345 дугаартай гэрчилгээгээр нотлогдсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээс 1 680 000 төгрөгийн хүү төлүүлэх шаардлагаасаа татгалзсан байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв сонгон хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргаж ирүүлсэн зээлд 400 000 төгрөг төлсөн тухай баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, уг үйл баримтын талаар зохигчид мэтгэлцээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/00444 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...451.2...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Ц.ӨРНӨНДЭЛГЭР