Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024        07         04                                              2024/ДШМ/43

 

 

 

Т.Б, Д.У, С.Г нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                             Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                              Т.Б, Д.У, С.Г

Шүүдэгчийн өмгөөлөгч                  А.Төмөрчулуун, Н.Мөнхнаран

Нарийн бичгийн дарга                     Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Уын давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Б, Д.У, С.Г нарт холбогдох 2325000000521 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна Д.У, С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Уын нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Эыг “...хоёр залуутай цуг явж байсан...” гэсэн шалтгаанаар зодож “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.У, С.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Т.Бтэй үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж “эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Т.Б, Д.У, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Г-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.У-ыг 700  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У, С.Г, Т.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.У давж заалдах гомдолдоо:

“ ... Хэргийн үйл баримтын хувьд Т.Б нь миний нүүрэн тус газарт гараараа цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогддог. Гэтэл миний бие бусдыгаа болон өөрийгөө зодолдуулахгүй байж бушуухан тэндээс зугтаах үйлдэл хийсэн болох нь хэргийн материалд авагдсан оролцогч нарын мэдүүлгээр тогтоогддог.  Харин Т.Б нь манай найз Г.Эыг зугтааж байхад нь барьж аваад зодож, чирч татаж явахдаа их биеэрээ газарт унасан болох нь мөн тогтоогдсон байдаг. Ингэж явахдаа Т.Б эрүү ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтэл авсан байх бүрэн боломжтой байдаг. Энэ талаараа өөрөө ч хэлдэг, хохирогч Г.Э ч хэлдэг. Т.Б нь согтуурлын зэргийн хэмжээ өндөртэй байсан, зарим зүйлийг тодорхой санахгүй байгаа, мөрдөгчийн асуусан асуултад ам дагуулаад хариулчихсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт хоёр удаа орохдоо тогтвортой мэдүүлсээр байсан.

Мөн Т.Б нь миний нүүрэн тус газарт, гэрэлтэй шатан дээр хүн цохисон гэж өөрөө мэдүүлсээр ирсэн бөгөөд энэхүү шат нь "Богд гол" нэртэй баарны шат болж таарсан. Гэтэл Д.У миний бие болон манай найзууд С.Г, Г.Э, баарны ажилтан нарын мэдүүлэг, бусад баримтуудаар бид бааранд ороогүй, баарны ойролцоо дотор ч юм уу зодоон болоогүй болох нь тодорхой нотлогдсон байдаг ба Т.Бгийн яриад байгаа шатан дээр бид таарч Т.Бг бүлэглэж зодсон байх үндэслэлгүй, бүлэглэж зодсон гэдэг нь үндэслэлгүй, эргэлзээтэй болж таарсан. Т.Б мэдүүлэгтээ “Гэрэлтэй шатан дээр цагаан өнгийн хувцастай хүн миний эрүү рүү цохиод зугтаасан" гэдэг, гэтэл хэрүүл нь гадаа болсон байдаг. Хэрэв Т.Бгийн хэлээд байгаа шатан дээр Т.Б хүнд цохиулсан гэж үзвэл энэ хэргийн хувьд бүлэглэж гэх шинж үгүйсгэгдэнэ. Энэ мэтчилэн эргэлзээтэй, ээдрээтэй байдлууд байсаар байхад шүүх намайг С.Гтой бүлэглэж Т.Бгийн эрүүл мэндэд эрүү ясны хуучин хугарлын бороололт салалт хөнгөн гэмтэл учруулсан гэж үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С.Г, Д.У бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.У тайлбартаа: “... Бидний маргалдсан газар харанхуй, гэрэлгүй газар байсан. Бид 3 таксинд суух гэж байсан. Давж заалдах гомдол гаргасан. Т.Бгийн анхны мэдүүлгээр намайг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г тайлбартаа: “ ... Би хүн цохиогүй байж ял шийтгэгдсэнд гомдолтой байна. Цохиулчихсан гээд ард нь хөөж байсан гээд гэрчийн мэдүүлэг байдаг ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун тайлбартаа: “ ...Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Т.Б маргаагүй тул тайлбарлах зүйлгүй ... ” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа: “ ... Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ганхуяг, Цэрэнлхам, Батдэлгэр нар нь хэрэг болсны дараа ирсэн. Т.Бгийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй. Хэн, хэзээ, хаана цохисон гэдэг нь тодорхойгүй. Хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа заагаагүй, тодорхой биш байна. Өсөх-Ирээдүй, Батдэлгэр, Ганхуяг нарын мэдүүлэг Т.Бгийн мэдүүлгийг үгүйсгэдэг. Г.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.У-ын гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Б, Д.У, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.У, С.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилго болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлжээ.

 

Энэ зорилгыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилж тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлоход тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, ял шийтгэх эсхүл цагаатгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг байна.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх зарчмыг хангаж чадахгүй төдийгүй шүүгдэгч Д.У, С.Г нарын гэм бурууг тогтоохдоо шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдэл, оролцоог хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан эргэлзээгүй тал бүрээс нь нягт нямбай шалгаж шийдвэрлээгүй, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нотлох баримтыг илүү үндэслэл бүхий гэж үзсэн талаараа эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Тухайлбал шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө:

 

“… би согтолтын улмаас яг юу болсон, яаж баарнаас гарснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэр салгаж байсан залуу нь Э юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би “эрүү салчихлаа” гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугатаахаар нь би араас нь хөөж Эыг барьж аваад бид 2 шургаж унасан. Тэгээд би Эыг зодсон юм ... би Эд хандан “найзыгаа дууд” гэтэл тэр залуу “би ганцаараа явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ... нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд байж байтал Ганхуяг ах ганцаараа ирээд намайг салгасан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй юм. Би тэгээд Ганхуяг ахад хандан “энэ залуугийн найзууд руу нь залга” гэж хэлээд тэр залуугийн гараас утсыг нь авч Ганхуяг ахад өгсөн юм. ...Би тухайн үед яг хаана маргалдсанаа санахгүй байна, гэхдээ нэг гэрэлтэй газрын шатан дээр л маргаан болсон юм. Намайг эхлээд бичлэгт гарч буй цагаан судалтай куртиктэй залуу нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажуугаас бас арай өндөр залуу нь миний эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “эрүү салчихлаа” гэтэл тэр 3 залуу зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь хөөж нэгийг нь барьж аваад цохисон.

Миний биед учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлийг арай өндөр залуу нь буюу У гэгч нь миний эрүү рүү цохихдоо учруулсан. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлийг цагаан судалтай куртиктэй залуу буюу Г гэгч нь гараараа 1 удаа цохиж учруулсан. Харин баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг би Эыг татахад бид 2 цуг газарт унасан бөгөөд тэгэхдээ тухайн гэмтлүүдийг авсан юм ... Би согтуу байсан учир хооронд нь солиод байж магадгүй ээ. Тухайн үйл явдал яг хаана болсон юунаас болж маргалдсанаа би согтолтын улмаас мэдэхгүй байна …” гэж,

 

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр “… баар хаах цаг болж бид нар баарнаас гарцгаасан бөгөөд найзууд маань түрүүлж гарсан. Харин араас нь би ширээн дээр үлдээсэн юм бий эсэхийг шалгачихаад гарах гээд шатаар доош 1 давхар луу уруудаад явж байтал шатан дээр танихгүй гурван залуу зогсож байсан юм. Гэтэл тэр гурван залуугийн нэг нь шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэтэл ахин миний нүүр лүү цохисон.

 

Тэгээд би миний хугархай эрүүг минь хугалчихлаа гэтэл тэр гурав зугатаасан. Тэгэхээр нь би араас нь ухасхийгээд нэгийг нь барих гэтэл эргэж хараад ахин миний нүүр лүү цохисон. Тэгээд зугатахаар нь би баарны гадаа араас нь гүйгээд машины зогсоолын хашааны тэнд барьж авюсан юм. Ингэж барьж авахдаа би тэр залуутай хамт тэр залуутай хамт газарт шургаж унасан. Тэгээд би тэр залууд хандан найзыгаа дууд гэтэл тэр залуу би ганцаараа явсан гэж хэлсэн ... Тэр залуу гар утасныхаа кодыг хэлэхгүй хамт явсан хүмүүсийнхээ дугаарыг нь хэлэхгүй болохоор нь би түүнд хандан “Би гар утсыг чинь авч явлаа, эргээд хоёр найзыгаа авчхаад утас руу залгаарай, эсвэл цагдаа дээр уулзъя гэж хэлсэн” Тэгээд Ганхуяг ах бид хоёр Цэрэнлхам, Батдэлгэр нартай очиж уулзсан. Бид нарыг камерийн төвийн гадаа очоод байж байтал тэр залуугийн утас дуугарч Ганхуяг ах авч яриад энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр залуу эхнэрийнхээ хамт хоёулаа ирсэн. Удалгүй араас нь хоёр залуу ирээд бид хоёр хамт явсан ах нь байна гэж хэлсэн. Энэ үед цагдаа ирчихсэн байсан…” гэж мэдүүлсэн ба

 

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “… Би тухайн үед яг хаана маргалдсанаа санахгүй байна, гэхдээ нэг гэрэлтэй газрын шатан дээр л маргаан болсон юм. Намайг эхлээд бичлэгт гарч буй цагаан судалтай куртиктэй залуу нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажуунаас бас арай өндөр залуу нь миний эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эрүү салчихлаа гэтэл тэр 3 залуу зугатаасан юм. Тэгэхээр нь би араас нь хөөж нэгийг нь барьж аваад цохисон. Миний биед учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлийг арай өндөр залуу нь миний эрүү рүү цохихдоо учруулсан. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлийг цагаан судалтай куртиктэй залуу нь гараараа нэг удаа цохиж учруулсан. Харин баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг би Эыг татахад бид 2 цуг газарт унасан бөгөөд тэгэхдээ тухайн гэмтлүүдийг авсан юм. Намайг анх цохисон залуу нь цагаан өнгийн хувцастай харагдсан бөгөөд одоо бичлэгийг үзэхэд цагаан өнгийн судалтай куртиктэй байсан юм байна... Би дүгнэлттэй танилцсан бөгөөд Уыг би ерөөсөө цохиж зодоогүй юм ... Ганхуяг ямар ч байсан намайг тэр 3 залуутай байхад ойр хавьд харагдаагүй. Сүүлд би Эыг хөөж барьж авахад араас ирсэн юм. Тухайн үйл явдал нь яг хаана болсон юунаас болж маргалдсанаа би согтолтын улмаас мэдэхгүй байна…” гэж тус тус мэдүүлжээ.

 

            Мөн шүүгдэгч Д.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед “…Богд голын бильярдад орж тоглосон...барагцаагаар 23 цаг 30 минутын үед гарсан юм. Тэгээд Золбаяр шууд гэр лүүгээ явж, Г, Э бид 3 такси барих гээд захын тийшээ явсан. Ингээд Богд гол баарны баруун талын хаалганы орчимд явж байтал Гыг нэг танихгүй залуу бариад авчихсан хоорондоо маргалдаж байсан. Би тухайн Г, Э нарын ард зайтай явж байсан. Тэгээд би гүйж очоод Г руу дайраад байсан залууг авч салгасан. Салгах явцад Г руу дайрч байсан залуу нь миний нүүр лүү гараараа олон удаа цохисон. Тухайн үед миний ам, хамраас цус гарсан бөгөөд би Гыг аваад зугтаасан.

Тэр үед Э нь Г руу дайраад байсан залуутай хамт явсан 2 залууг салгаад үлдсэн. Тэр 2 залуу нь бас зодолдох гээд байсан. Ингээд би Гыг авч захын зүүн талын нэг шаттай худалдааны төвийн шатны хажууд нуугдаад байж байтал Э нь бид нарын хажуугаар жаахан зайтай захын урдуур баруун тийш чиглэлтэй гүйсэн юм. Эы араас нөгөө залуус хэсэг хөөж байгаад зогссон. Тухайн үед Гтой маргалдсан залуу нь өөрөөсөө гадна 2 залуу, нэг хүүхний хамт машинтай явсан юм. .. Гтой анх маргалдсан залуу л миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон юм. Намайг цохисон залууг ямар хувцастай явсныг ч би анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Би хэнд ч гар хүрээгүй бөгөөд Г, У нарыг хэн нэгнийг цохьсон эсэхийг хараагүй. Г нөгөө талын хар савхитай залуу буюу Б, мөн цэнхэр хантаазтай залуу нартай маргалдаад зогсож байсан бөгөөд Б нь Г руу дайраад нөгөө цэнхэр хантаазтай нь салгах маягтай байсан... Би очоод салгатал үгийн зөрүүгүй Б нь “та нар яг яах юм бэ” гээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би “та нарыг салгаад байна шүү дээ, яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би цэнхэр хантаазтай хүнд хандан “энэ хүнээ аваач ээ” гэхэд тэрээр Бг цааш авсан... намайг тэдгээрийн дундуур орж салгах үед Э харагдаагүй бөгөөд түүний дуу гарч байсан юм. Одоо сайн санаад байхад Б, цэнхэр хантаазтай хүн хоёроос өөр эрэгтэй хүн тухайн маргааны үеэр харагдаагүй ... Намайг Бгээс өөр хүн цохиж зодоогүй. Намайг харахад лав Г нь Бг цохиж зодоогүй бөгөөд би тэр хоёрыг барьцалдаад заамдалдчихсан байхаар нь салгасан. Эыг хараагүй болохоор мэдэхгүй байна …” гэж,

 

шүүгдэгч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед “…найзууд маань явцгааж Э, У бид 3 үлдээд барагцаагаар 23 цаг өнгөрч байхад гадагш гарсан. Тэгээд Богд голын баруун талын замаар доошоо уруудаад явж байтал юу болсныг сайн мэдэхгүй байна, гэнэт л хэдэн залуустай маргаан болж нэг мэдсэн чинь би газар уначихсан, намайг хүмүүс цохиж байсан. Тэгтэл У цус болчихсон над дээр ирээд “хоёулаа зугтая, алуулах юм байна” гэж хэлсэн. Ингээд У бид 2 зугтаж бараан захын урд байдаг гэр ахуйн барааны худалдааны газрын доод талын шатан дээр бид хоёр нуугдсан юм. Тэгээд хүмүүс бужигналдаж байгаад чимээгүй болчихоор нь Уын гэрт очсон. Тэгээд удалгүй Эы эхнэр залгахаар нь бид хоёр очиж уулзсан. Тэгтэл Э нь зодуулчихсан байдалтай байхаар нь би нэг залуугийнх нь мөр лүү гараараа 2-3 удаа цохисон юм... Уыг нэг залуу цохиод байх шиг байсан. Би яг энэ тэр гэж зааж хэлж мэдэхгүй байна, харанхуй байсан. Эыг би хараагүй, тэнд үлдчихлээ ч гэж бодоогүй юм …” гэж тус тус мэдүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн атлаа  2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан байна.

 

Мөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр “... бичлэгийн 23 цаг 23 минут 26 секундэд газрын ертөнцийн зүгээр зүүн хойн байх бильярдны хэсгээс бараан өнгийн хувцастай куртикны энгэр задгай хувцастай Г.Э, бараан өнгийн хувцастай, цамцныхаа цахилгааныг татсан Д.У, хар өнгийн өмд алаг эрээн өнгийн куртиктай С.Г нар нь гарч ирээд тус газрын баруун талаар тойроод урагшаа явж байлаа ...,

 

... бичлэгийн 23 цаг 52 минут 47 секундэд баарнаас Л.Батдэлгэр, хар хөх өнгийн саравчтай малгай, хар ногоон өнгийн малгайтай цамц, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн гуталтай Б.Цэрэнлхам, хар бараан өнгийн саравчтай малгай, хар савхин куртик, улбар шар өнгийн малгайтай цамц, саарал өмд, хар пүүзтэй Т.Б, бараан саравчтай малгай, цэнхэр хантааз, улаан хүрэн цамц, цэнхэр жинсэн өмд, бакал гуталтай Ч.Ганхуяг нар нь гарч ирээд зогсож байлаа. Тухайн 4 хүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо маргалдаж буй мэт юм ярьж байлаа...”,

 

... бичлэгийн 00 цаг 05 минут 10 секундэд урдаас буюу харанхуй газраас Г.Эыг Т.Б нь хөөж гүйж ирээд барьж аваад гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж аваад үргэлжлүүлэн газарт унагааж байлаа...” гэж тэмдэглэгджээ.

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 851 дугаартай дүгнэлтээр Т.Бгийн биед эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж тогтоогдсон байх ба

шинжээч С.Эрдэнэцэцэг нь “... Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж мэдүүлсэн байна.

 

            Түүнээс гадна хохирогч Г.Э “ ... хар савхитай Б гэх залуу надаас “ ...чи надтай бааран дотор маргалдаа биз дээ, танай 2 найз чинь хаана байна... ” гээд зодож эхэлсэн. Энэ үед Г, У нар байхгүй байсан ... ” гэж тодорхой мэдүүлжээ.

 

Хавтаст хэрэгт цугларч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд тухайн үйл баримт болох үед шүүгдэгч Б.У, С.Г нар “Богд гол” бааран дотор байгаагүй, харин бильярд дотор байсан бөгөөд хохирогч Т.Бтэй уг баарны үүдэнд буюу гэрэлтэй шатан дээр тааралдсан гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаар өгсөн хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхын зэрэгцээ

хэдийгээр шүүгдэгч нар нь хохирогч Т.Бтэй тааралдсан боловч түүний биед “эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирлыг бүлэглэж учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.У, С.Г нар нь С.Эы хамт тухайн өдрийн 23 цаг 23 минут 26 секундэд “Богд гол” баарны хажуугийн бильярдны газраас, харин Т.Б, Л.Батдэлгэр, Б.Цэрэнлхам, Ч.Ганхуяг нар “Богд гол” баарнаас 23 цаг 52 минут 47 секундэд гарч тус тус нэг зүгт явсан,

шүүгдэгч Т.Б нь 00 цаг 05 минут 10 секундэд С.Эыг хөөн гүйж, барьж авч зодохдоо “ ... чи надтай бааранд маргалдаа биз дээ, танай хоёр найз хаана байна ... гэж зодож эхэлсэн ...,

хохирогчоор тогтоогдсон Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Гыг цагаан судалтай куртиктэй эсхүл цагаан өнгийн куртиктэй явсан, Д.У, С.Г нартай тааралдаж зодуулсан талаараа өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд эдгээр мэдүүлгүүдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үгүйсгэж мэдүүлдэг ба дээрх шүүгдэгч Д.У, С.Г нар нь хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна Д.У, С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Уын нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Эыг “... хоёр залуутай цуг явж байсан...” гэсэн шалтгаанаар зодож “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Д.У, Г.Э нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг хэрэглэх нөхцөл байдал үүсч байх тул прокуророос Д.У, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

 

“Шүүгдэгч Гөрөөчин овогт Тэрбишийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Даваадоржийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хамар овогт Самбуугийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.У, С.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Гөрөөчин овогт Тэрбишийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас шүүгдэгч Д.У, С.Г нарт холбогдох хэсгийг хасаж,

 

тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын “... Д.У, С.Г, Т.Б...” гэснийг “...Т.Б...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Уын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР