| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0025/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0025/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч Ө.С- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* С-т холбогдох 1818000000003 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* С-, /РД:*******/, 1983 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг *******тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.С- нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг *******тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр ******* ийн төрсөн дүү ******* тай маргалдан түлхэж, гарын сарвууны 5 дугаар хурууг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.С- нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр ******* ийн төрсөн дүү ******* тай маргалдан түлхэж, гарын сарвууны 5 дугаар хурууг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Soelmandah11.6.docx
-Шүүгдэгч Ө.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн талаар маргаангүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өглөө 8 цаг өнгөрч байхад ******* эгч над руу утсаар яриад “эгчийнх нь бие өвдөөд байна, С- над руу шөнөжингөө үгэллээ, чи хүрээд ирээч” гэсэн. Ингээд би хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд 09 цагийн орчим ******* эгчийнд буюу Дархан сумын 8-р баг Микрийн ******* тоотод яваад очиход ******* эгч нөхөртэйгөө маргаж муудсан бололтой байсан. Тэгээд би эгч ах 2-т хандаж “та 2 дандаа л хоорондоо хэрэлдэж байхын” гэж хэлээд эгчийг “бие чинь өвдөөд байдаг юм бол эмнэлэгт очиж үзүүлээч” гэсэн. Тэгсэн С- эгчийг “чи ер нь ингэж байхаар яв, зайл, чи надтай хоосон суусан хувцасаа аваад зайл” гээд байхаар нь би С-ад хандан “та ганцхан Солонгост ажил хийж энэ амьдралыг босгоо юу, таныг Солонгост байж байхад эгч маань энд 2 хүүхдийг чинь харж өгсөж амьдралаа авч явсан шүү” гэтэл намайг С- “чи эцэггүй хүүхэд гаргасан байж” энэ тэр гээд доромжлоод байхаар нь би уурандаа очоод С-ыг цохих гэтэл намайг цээж рүү С- түлхсэн. Тэгтэл би гараараа тулж унахдаа тэнд байсан ширээний төмөрт гараа зүсчихсэн юм шиг байгаа юм. Ингээд би гараа зүссэнийг мэдээгүй С-ыг цохих гэхэд зүүн гар дагаад цус урсаад байхаар нь эгч сандраад намайг эмнэлэг аваад явсан. Эгч цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,
-Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 11/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 08 цагийн үед би нөхөртөө “миний бие өвдөөд байна. Миний эрүүл мэндийн дэвтэрийг сунгаад өгчих” гэсэн чинь чадахгүй энэ тэр гээд хоорондоо маргалдаж байгаад би өөрийн төрсөн 2 дүүгээ дуудсан юм. Тэгсэн манай хоёр дүү орж ирээд намайг өмөөрч манай нөхөр С-тай хэрэлдэж маргалдсан юм. Тэгж байтал манай нөхөр дүү ******* г “чи муу эцэггүй хүүхэдтэй” гэж хэлэхэд дүү маань уурлаад түүний цээж рүү нь 2 гараараа түлхсэн чинь зөрүүлээд манай нөхөр түүнийг бас түлхтэл дүү ******* маань хойшоо саваад унахад нь би ширээний булан мөргөчихлөө гэж бодож байтал зүүн гарынх нь чигчий хуруу нь угаараа санжигнаад цус гарсан юм. Тэгсэн дүү маань унахдаа ширээний шургуулганы төмрөнд л гараа зүсчихсэн юм шиг байна.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 07 цагийн орчим ******* эгч над руу утсаар ярьж “миний бие өвдөөд байна С- надтай хэрүүл хийгээд байна, хүрээд ирээч” гэж ярьсан. Тухайн үед би унтаж байгаад 08 цаг өнгөрч байхад том эгчийн гэрт яваад очиход аниа нөхөртэйгөө хэрэлдээд байж байсан.
... Тэгсэн хүргэн ах ******* эгч рүү “ер нь танайханыг би л тэжээж байгаа байх шүү, чи эцэггүй хүүхэд гаргачихаад байр сав суллаж өгөөрэй” гээд байсан. Тэгсэн ******* эгч уурлаад “чи миний хүүг эцэггүй гэдэг хэн юм, миний хүү энэ хэрүүлд чинь ямар хамаатай юм” гээд хүргэн ахыг цохих гэхэд С- ах ******* эгчийг түлхэж унагаах үед ******* эгч гараа арагшаа жижиг ширээг тулж унахдаа ирмэгтэй хэсэгт нь зүүн гараа зүсээд гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 21/,
-“…******* гийн биед зүүн сарвууны 5 дугаар хурууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* гийн биед зүүн сарвууны 5 дугаар хурууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд хохирогч ******* нь эмчилгээтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ө.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ө.С- нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр ******* ийн төрсөн дүү ******* тай маргалдан түлхэж, гарын сарвууны 5 дугаар хурууг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.С-ын “…гэм буруугийн талаар маргаангүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хохирогч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би гараараа тулж унахдаа тэнд байсан ширээний төмөрт гараа зүсчихсэн юм шиг байгаа юм. Ингээд би гараа зүссэнийг мэдээгүй С-ыг цохих гэхэд зүүн гар дагаад цус урсаад байхаар нь эгч сандраад намайг эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/, яаралтай тусламжийн хуудас /хэргийн 11/, гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай нөхөр түүнийг бас түлхтэл дүү ******* маань хойшоо саваад унахад нь би ширээний булан мөргөчихлөө гэж бодож байтал зүүн гарынх нь чигчий хуруу нь угаараа санжигнаад цус гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15/, гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…С- ах ******* эгчийг түлхэж унагаах үед ******* эгч гараа арагшаа жижиг ширээг тулж унахдаа ирмэгтэй хэсэгт нь зүүн гараа зүсээд гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 19/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 21/, “…******* гийн биед зүүн сарвууны 5 дугаар хурууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.С- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ө.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* С-ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.С-ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ө.С-ад анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.С-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ