Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2021/00009

 

                                                          

 

 

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2021/00456 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Сийн нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн, прокурор Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нар оролцов.

   Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аав Сэрээтэрийн цагаатгалын нөхөн олговрыг хөөцөлдөж 2020 оны 10 сарын 23-ны өдөр “Зууны мэдээ” сонинд зарлагдаж, 30 хоногийн дараа аваачиж өгөх байтал өөрийн бие нь халтирч унасны улмаас 2 гараа бэртээж хотод эмнэлгийн хяналтад байсан ба өшөө хөөцөлдөх хүнгүй, ковид-19 өвчин гарч карантилагдаж 2021 оны 1 дүгээр сарын 05-нд материалаа шуудангаар явуулсан боловч хугацаа дууссан гэж буцаж ирсэн... Бидний эцэг Намжил овогтой Сэрээтэр нь 1938 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан БНМАУ-ын 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 16.2, 43 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянан БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор цагаатгажээ. 1,000,000 төгрөгийг 2000 онд С.Сийн нэр дээр авсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зууны мэдээ сонинд С.Сийн нэрээр зарлагдсан. Бид эхээс тавуулаа бөгөөд С.Эрдэнээ, С.Урнаа нар нь манай аав Намжилын Сэрээтэртэй суухаас өмнө гарсан, Намжилын Сэрээтэрийн төрсөн хүүхэд нь биш юм. Сүүлд овог нэр өөрчлүүлсэн. Төрсөн хүүхэд болох С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан, С.С нар хэлцэл хийсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу нөхөх олговрын хэргийг шийдвэрлэж өгнө үү... Цагаатгалын хууль гараад 40 сая төгрөг авах эрхтэй гэсэн болохоор Би 1965 оны 7 сард төрсөн. Аав 10 жил хорих ял эдэлсэн. Ээж, аавтайгаа мал малладаг байсан. Сонинбаяр гэж хүүхэд байгаад нас барсан. Намжилын Сэрээтэрийн хүүхдүүд бид тавуулаа нөхөх олговрыг гаргуулан хуваан авахаар хэлцэл хийсэн. Би 2020 оны 11 сард Төв аймгийн Баянцагаанд хүүхдийндээ очоод халтирч унаж, бэртсэн. Зүүн гар өвчтэй хавдсан. Чиг барьж боолгосон. Хөдөлгөөн хорь гэсэн. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хот яваад бичиг баримтыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар явуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарынхаа зургийг авхуулсан. Буруу эдгэрэлттэй байна гэсэн. Хөдөлгөөнөө хязгаарла гэсэн. Одоо буруу, далий эдгэрсэн байгаа.  Сонинд зарласнаас хойш 30 хоногийн дараа шүүхэд материалаа өгнө гэдгийг мэдэж байсан.  Хөл хорио тогтоосон, шүүхэд өгөх бичиг баримтаа хотод охиныдоо орхисон учраас явуулж чадаагүй, хотод очоод явуулсан.” гэжээ.

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уянга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын Төрсний бүртгэлийн лавлагаанд: Сэрээтэрийн С /РД:НУ65070107/-ийн эцэг нь Намжилын Сэрээтэр, эх нь Мандалын Сундуйхүү гэсэн бүртгэл болон Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн иргэний шүүх хуралдааны 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаартай шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч Н.Сэрээтэрийн охин С.Ст олгосон баримтууд авагджээ. С.С нь Цагаатгалын улсын комисст 2018 оны 7 дугаар сард материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд комисс хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан дараалал, улсын төсөвт суугдсан мөнгөний хэмжээнд тааруулан зарлах ажиллагааг явуулсан. Дээрх баримтуудад болон бусад нэхэмжлэгчид болох С.Эрдэнэ, С.Урнаа, С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан нарын хэлцэлд үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос С.Сийн нэрийг “Зууны мэдээ” сонины 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №205/6430/ дугаарт хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээдээр олон нийтэд мэдээлсэн бөгөөд сонинд зарласан өдрөөс хойш манай байгууллагад өөр нэхэмжлэгч ирж бүртгүүлээгүй, нөхөх олговор нэхэмжлэгчдийн маргаан гараагүй болно. Нэхэмжлэгч С.С нь улсын комиссоос зарлалт хийхэд гаргасан нөхөх олговрыг тавуулаа хуваан авахаар хэлцэл хийсэн байснаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3-уулаа хуваан авахаар буюу өөрөөр нэхэмжлэл гаргасан зөрчил байсан. Үүнийг шүүх ажиллагааны явцад арилгаж, өмнө хийсэн хэлцэлтэй адилаар орж ирсэн, зөрчил арилсан байна. Тухайн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган С.С болон С.Эрдэнэ, С.Урнаа, С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан  нарын нөхөх олговор хуваан авах хэлцлээр тохиролцсон хувь, нэхэмжлэгч тус бүрийн нэр орсноор шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Прокурор Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Сийн аав Сэрээтэр нь 1938 онд хилс хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, улмаар 1990 онд цагаатгагдсан. “Миний аав Намжилын Сэрээтэр нь миний асрамжинд байж байгаад 1986 онд нас барсан бөгөөд аав маань олгогдох нөхөн олговрын 40 сая төгрөгийг олгож өгнө үү. Би төрсөн ах эгч нартайгаа хамт нөхөн олговрын мөнгийг хувааж авах болно” гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч С.С нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болох нь өөрийн өгсөн тайлбар болон төрсний лавлагаа, өмнөх шүүхийн шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Сийн аав болох Н.Сэрээтэр нь улс төрийн хилс хэргээр 10 жилийн хорих ял авч, улмаар цагаатгагдсан болох нь бичгийн баримтуудаар мөн тогтоогдож, С.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрыг авах этгээд мөн боловч,  хуульд заасан хугацаанд нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ... байна” гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэн С.С нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тул нэхэмжлэл гаргах эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байна. Мөн хэлмэгдэгч этгээд Н.Сэрээтэр нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө буюу 1990 онд цагаатгагдсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэн С.С нь нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авч, хангах үндэслэлгүй бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай хуулийн 12.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэлт гаргасан болохоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 40 000 000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах эсэх асуудлаар дүгнэлт гаргаагүй байж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үндэслэл:

1. Шүүх "С.Сийн нэхэмжлэлийн шаардлагын тухай: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т ...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор байна ...хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулсан ...2021.01.08-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан байна" гэжээ. Нэхэмжлэгч миний бие шүүхэд 8 хоногийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ 8 хоног хэтрүүлсэн нь надаас болоогүй тодорхой шалтгаанууд байсан гэдгээ шүүхэд тайлбарласан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол улсад "ковит-19" цар тахлын нөхцөл байдал хүндэрч орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Энэ нөхцөл байдалд иргэн миний бие дураараа суурин газар луу явах, эрх бүхий байгууллагад хандах, эрх зүйн туслалцаа авах боломж хязгаарлагдмал байсан. Гэтэл шүүх миний аав Н.Сэрээтэр гэж хүн хэлмэгдсэн, түүний хүүхдүүдэд төрөөс олгож байгаа нөхөн олговрыг олгох байр сууринаас бус, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Миний төрсөн аав Н.Сэрээтэрийн хэлмэгдсэн асуудал, түүнтэй холбоотой бичиг баримт нь дутуу хуулийн шаардлага хангаагүй гэж шүүх дүгнэсэн бол бид гомдохгүй. Гэтэл үндсэн нэхэмжлэлийн агуулга, ач холбогдол, үр дагаварт хууль зүйн дүгнэлт хийлгүй зөвхөн дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо өнөөдрийн цар тахалтай хүнд хэцүү гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд амьдарч байхад шүүхэд хандах боломжтой байсан гэж үзсэнд гомдож байна. 2. Миний халтирч унасан, хоёр гараа бэртээж гэмтээсэн асуудал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэхээсээ илүүтэй цар тахлын хүнд нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа, Улсын онцгой комисс, Засгийн газраас олон олон шийдвэрүүд гарч цар тахлаас урьдчилан сэргийлэх, гадуур явахгүй байх, хүнтэй уулзахгүй байх олон нийтийн газраар явахгүй байх гэх мэт зөвлөгөөнүүдийг өгч хатуу хөл хорио тогтоосон, тэдгээр гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөж амьдарсны төлөө эцгийг минь хэлмэгдүүлсэн гэдгээ төр хүлээн зөвшөөрч төрөөс өгч байгаа нөхөх олговроос хоцорч авах боломжгүй болгосонд гомдолтой байна. Энгийн нөхцөл байдалд ажиллаж амьдарч байсан, хэвийн амьдралын үед 8 хоног хоцроосон бол би гомдохгүй. Миний хувьд гэнэтийн болон давагдашгүй онцгой нөхцөл байдалд зохицож нэхэмжлэл гаргасан. Энэ мөнгийг төр төсөвтөө суулгааад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь бичиг баримтыг хянаад олгохоор шийдвэрээ гаргаад сонин хэвлэлд гаргаж, эцсийн шат болох шүүх дээр ийм асуудалтай тулгарлаа.

Иймд давж заалдах шатны шүүх миний гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө гэдэгт итгэж байна. Давж заалдах шатны шүүхээс Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.07-ны өдрийн 151/ШШ2021/000456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр өмгөөлөгчтэй оролцох болно. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд болон дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахлын үеийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан үндэслэл журмаар сэргээж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь зүйтэй гэж үзлээ.    

Нэхэмжлэгч С.С ...Бидний эцэг Намжил овогтой Сэрээтэр нь 1938 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан БНМАУ-ын 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 16.2, 43 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн... 10 жил хорих ял эдэлсэн. Хэргийг хянан БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор цагаатгажээ. 1 000 000 төгрөгийг 2000 онд С.Сийн нэр дээр авсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зууны мэдээ сонинд С.Сийн нэрээр зарлагдсан. ...миний асрамжид байж байгаад 1986 онд нас барсан бөгөөд аавд маань олгогдох нөхөн олговрын 40 сая төгрөгийг олгож өгнө үү. Би төрсөн ах эгч нартайгаа хамт нөхөн олговрын мөнгийг хувааж авах болно... Намжилын Сэрээтэрийн хүүхдүүд бид тавуулаа нөхөх олговрыг гаргуулан хуваан авахаар хэлцэл хийсэн...  гэж нэхэмжлэл гаргасан байна.

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уянга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган С.С болон С.Эрдэнэ, С.Урнаа, С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан нарын нөхөх олговор хуваан авах хэлцлээр тохиролцсон хувь, нэхэмжлэгч тус бүрийн нэр орсноор шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сийн аав болох Н.Сэрээтэр нь улс төрийн хилс хэргээр 10 жилийн хорих ял авч, улмаар цагаатгагдсан болох нь бичгийн баримтуудаар мөн тогтоогдож, С.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрыг авах этгээд мөн боловч, хуульд заасан хугацаанд нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй шалтгааны талаарх тайлбартаа ...Аав Сэрээтэрийн цагаатгалын нөхөн олговрыг хөөцөлдөж 2020 оны 10 сарын 23-ны өдөр “Зууны мэдээ” сонинд зарлагдаж, 30 хоногийн дараа аваачиж өгөх байтал өөрийн бие нь халтирч унасны улмаас 2 гараа бэртээж, хотод эмнэлгийн хяналтад байсан ба өөр хөөцөлдөх хүнгүй, ковид-19 өвчин гарч карантилагдаж, 2021 оны 1 дүгээр сарын 05-нд материалаа шуудангаар явуулсан боловч хугацаа дууссан гэж буцаж ирсэн... гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...Нэхэмжлэгч миний бие шүүхэд 8 хоногийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ 8 хоног хэтрүүлсэн нь надаас болоогүй, тодорхой шалтгаанууд байсан гэдгээ шүүхэд тайлбарласан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол улсад "ковит-19" цар тахлын нөхцөл байдал хүндэрч орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Энэ нөхцөл байдалд иргэн миний бие дураараа суурин газар луу явах, эрх бүхий байгууллагад хандах, эрх зүйн туслалцаа авах боломж хязгаарлагдмал байсан. Гэтэл шүүх миний аав Н.Сэрээтэр гэж хүн хэлмэгдсэн, түүний хүүхдүүдэд төрөөс олгож байгаа нөхөн олговрыг олгох байр сууринаас бус, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна... гэжээ.

Төв аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн харьяат, ард, хар, 24 настай, ам бүл 4 /нэр дурдаагүй/, баригдахын өмнө Тусгай хороонд цэрэг байсан Намжилын Сэрээтэрийг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1939 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, тусгай ангийн 162 дугаар зүйлээр хөрөнгө хураах, 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор цагаатгаж, цагаатгалын 893 дугаартай үнэмлэхийг олгожээ. /хх-39-58, 126, 128/;

Хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

Төв аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 119 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Цэрэнгийн Намжил /49 настай, эрэгтэй/, Намжилын Сэрээтэр /17 настай, хүү/, Намжилын Намжил /20 настай, охин/, Лхагвын Намжил /эхнэр, 50 настай/ гэх Үндэсний төв архивын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03-01/1054 дугаартай лавлагаа /хх-142/;

Төв аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 18 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Цэрэнгийн Намжил /59 настай, эрэгтэй/, Намжилын Сэрээтэр /29 настай, эрэгтэй/, Лхаваны Намжмаа /51 настай, эмэгтэй/ гэх Үндэсний төв архивын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03-01/1053 дугаартай лавлагаа /хх-141/;

Төв аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 78 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Намжилын Сэрээтэр эрэгтэй, 41 настай гэж бүртгэгдсэн байна гэх Үндэсний төв архивын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03-01/1071 дугаартай лавлагаа /хх-140/;

Төв аймгийн Баянзүрх сумын баримтад 1964 онд: Намжилын Сэрээтэр эрэгтэй-51 настай, Мандалын Сундуй эмэгтэй-40 настай, Сэрээтэрийн Оюунчимэг /10 нас, эр/, Сэрээтэрийн Уранчимэг /8 нас, эр/, Сэрээтэрийн Цэцгээ /3 нас, эм/, Сэрээтэрийн Сонинбаяр /2 нас, эр/ гэж бүртгэгдсэн; мөн сумын баримтад 1965 онд: Намжилын Сэрээтэр эрэгтэй-52 настай, Мандалын Сундуй эмэгтэй-41 настай, Сэрээтэрийн Уранчимэг /9 нас, эр/, Сэрээтэрийн Цэцгээ /3 нас, эм/, Сэрээтэрийн Сонинбаяр /2 нас, эр/, Сэрээтэрийн С /4 нас, эм/ гэж бүртгэгдсэн тухай Төв аймгийн архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай албан тоотоор ирүүлсэн хүн амын судалгааны баримтууд /хх-133-138/;

1955 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Сундуйхүүгийн Эрдэнэчимэг төрсөн гэж бүртгэсэн Төрөгсдийн анкет №142, нэр Сэрээтэрийн Эрдэнэ, эх Намжилын Сундуйхүү, эцэг Намжилын Сэрээтэр гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №308, Сэрээтэрийн Эрдэнээ гэж 1981 онд бүртгэсэн Хаягийн хуудас №7 /хх-67, 76-80/;

 1957 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Сундуйхүүгийн Уранчимэг төрсөн гэж бүртгэсэн Төрөгсдийн анкет №143, нэр Сэрээтэрийн Урнаа, эх Мандалын Сундуйхүү, эцэг Намжилын Сэрээтэр гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №0048, Сэрээтэрийн Урнаа гэж 1981 онд бүртгэсэн Хаягийн хуудас №7 /хх-67, 70-75/;

1965 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Сэрээтэрийн С төрсөн гэж бүртгэсэн Төрөгсдийн анкет №57, нэр Сэрээтэрийн С, эх Мандалын Сундуйхүү, эцэг Сэрээтэр гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №131 /хх-67, 81-86/;

1962 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин Сэрээтэрийн Эрдэнэцэцэг төрсөн гэж бүртгэсэн Төрөгсдийн анкет №57, нэр Сэрээтэрийн Эрдэнэцэцэг, эх Мандалын Сундуйхүү, эцэг Намжилын Сэрээтэр гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №040 /хх-67, 87-92/;

1966 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Сэрээтэрийн Баярсайхан төрсөн, эх Мандалын Сундуйхүү, эцэг Сэрээтэр гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №040 /хх-67, 93-97/ зэрэг бичгийн баримтуудаар хэлмэгдэгч Н.Сэрээтэрийн хүүхдүүд болох С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан, С.С, С.Эрдэнэ, С.Урнаа нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь   нотлогдсон байна.

Хэлмэгдэгч Намжилын Сэрээтэр /УЯ10070159/ 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, эхнэр Мандалын Сундуйхүү /НУ22060601/ 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нас барсныг Төв аймгийн Эрдэнэ сумын нас барсны бүртгэлд тус тус бүртгэгджээ. /хх-68, 69/,

Н.Сэрээтэрийн хууль ёсоор өв залгамжлах эрхийг 1999 оны 2 дугаар сарын 25-ны өдөр С.Ст олгосон байна. /хх-130/,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.2-т зааснаар нөхөх олговрын 40,000,000 төгрөгөөс С.С нь 20,000,000 төгрөгийг, С.Эрдэнээ, С.Урнаа, С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан нар нь тус тус 5,000,000 төгрөгөөр хуваан авахаар харилцан тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулж, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг С.Ст олгожээ. /хх-168-171/,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3.4-т заасан хүмүүст нөхөн олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3.-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан...” бол хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 82 дугаар зүйлийн 82.4.-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.” гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Нөгөө талаар Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж, мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж асуудлыг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн байр суурьтай байсан болно.

Дээр  дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч,     анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага  ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2021/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т заасан нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор...байна” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй” гэж нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 40 000 000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2.-т заасныг баримтлан С.Ст 20 000 000 төгрөг, С.Эрдэнэцэцэг, С.Баярсайхан, С.Эрдэнэ, С.Урнаа нарт тус бүр 5 000 000 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Сийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                                     М.МӨНХДАВАА

                                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР