Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/773

 

 

 

 

     2024           07            03                                         2024/ДШМ/773

 

                                                                Д.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ундрах,

хохирогч Д.С-,

шүүгдэгч Д.Б-ь, түүний Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Д.Б-ь, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б-ид холбогдох эрүүгийн 2408000000013 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.

 

Шүүгдэгч Д.Б-ь нь үргэлжилсэн үйлдлээр “Уул уурхайн нэгдсэн зар” группт өөрийн фэйсбүүк хаягаас “дизель түлш 100 тонноос дээш байнга зарж байна, НӨАТ-тай, утас ****” гэх зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.С-аас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, М-Ойлын агуулахын гаднаас интернэт банкаар 10.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 93.275.000 төгрөгийг,  мөн дээрх аргаар хохирогч М.Э-с 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж цагдан хорихоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б-иас 103.275.000 төгрөгийг гаргуулан хохирогч С- //-Д олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн заавал байх үндсэн шинж нь объектив талын дээрх үйлдлийг хийж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг зүйлчилсэнтэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргахгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхийг оршино гэж заажээ. Миний үйлчлүүлэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчлан заажээ. Мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг сонгох санкцтайгаар хуульчлан тогтоосон. Миний үйлчлүүлэгч Д.Б-ид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэлтэй гэж өмгөөлөгч нар дүгнэж байна. Дээрх дүгнэлт, хууль зүйн үндэслэлүүд нь хэрэгт авагдсан миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж, өөртөө дүгнэлт өгч байгаа хувийн байдал болон хэргийн улмаас учруулсан хохирлоо хэсэгчлэн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж төлөгдөх боломжтойг тогтоож буй нотлох баримтууд болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал зэрэг нөхцөл  байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Д.Б-ид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлдлээс болж хохирсон М.Э-ы төлбөрийг төлж барагдуулсан нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үлдэгдэл мөнгө болох 103.275.00 төгрөгийг Д.С-д бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн билээ. Миний бие 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрж, 1992 онд Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд элсэн орж 2002 онд 10 дугаар ангиа төгсөж, 2002 онд  СУИС-н харьяа Дүрслэх Урлагийн дээд сургуульд элсэн суралцаж, 2005 онд “Монгол зураг”-н зураач мэргэжлээр Сити их сургуульд элсэн орж 2007 онд хувцас дизайнер зохион бүтээгч мэргэжлээр бүтээлийн замналаа эхэлсэн. 2015-2017 онд МУБИС-д Боловсролын ухааны магистр, 2018 оноос өнөөг хүртэл МУБИС-д докторантаар суралцаж байна. 2018-2019 онд МҮИС-д уран зураг, хар зургийн багшаар, 2019-2020 онд Жет ЕБС-д дүрслэх урлагийн багшаар, 2021-2022 онд ШУТИС-н ахлах сургуульд дизайн технологийн багш, 2022 оноос өнөөг хүртэл Мон содон ухаан ЕБС-д дүрслэх урлаг, дизайн технологийн багшаар ажиллаж байна. Миний амьдралын замнал нь эрдэм номд шамдахаас илүүд хэтийдсэн зүйлгүй өнөөдрийг хүрлээ. Хүнээс авсан мөнгөө зориулалтын дагуу хэрэглээгүйгээсээ болоод өөрийн биеийг зовлонд унагаасан нь үнэн болно. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс гэм буруугийн талаар маргаан байхгүй. Үнэнд гүйцэтгэгдэж гэм буруугаа хүлээх, анхнаасаа гэм буруугаа хүлээх хоёрын хооронд хууль зүйн үр дагавар, шинж чанарын хувьд эрс зөрүүтэй гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхны мэдүүлгээс эхлээд өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээсэн нь өөрийн үйлдэлдээ хандах хандлагыг илэрхийлнэ. Д.Б-ь нь хоёр хүнд хохирол учруулсан бөгөөд нэг хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, нөгөө хохирогчийн хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Эхийнх нь өвчний байдал нөлөө их үзүүлсэн тул нэг хохирогчийн хохирлыг төлж чадаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Д.Б-ь нь зураач бөгөөд орлогыг нь тодорхойлох боломжгүй хэдий ч өөрийн урлан, олсон орлогоосоо төлөх боломжтой байсан. Шүүгдэгчийн ар гэрээс надтай уулзаж баримтууд цуглуулж өгсөн ч нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүхэд гаргаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад хамгийн түрүүнд хохирогчийн эрх ашиг чухал. Нөгөө талаасаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ харгалзан үзэж хариуцлага оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-ид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б-иас түлш худалдаж авна гэж мөнгө шилжүүлснээс хойш асуудал үүсэж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Ар гэр болон өмгөөлөгчөөс нь надтай огт уулзаагүй. Одоо хүртэл иймэрхүү нөхцөл байдлыг үүсгэж, хохирлыг төлөхгүй, цаг хожсон, хойргошсон, хүнийг үл хүндэтгэсэн байдалтай хандаж байгаад харамсаж байна. Би шүүгдэгчид анх ажил хийх гэж мөнгө төлж байгаа, эрсдэлтэй үйл ажиллагаа хийж болохгүй шүү гэдгийг сануулж байсан. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд 2 сарын дотор хохирлоо барагдуулна гэсэн ч одоо хүртэл төлөхгүй байгааг гайхаж, гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн. Хохирогч Д.С-ын хохирол төлбөр огт төлөгдөөгүй ба шүүхээс шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл нь бодитой биш гэж дүгнэсэн. Учир нь, хэргийг шүүхэд шилжүүлэхэд үед Д.Б-ь нь цагдан хориотой байсан ч урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд шүүгдэгчийн хохирлоо төлөх хүсэлтийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн. Гэтэл шүүх хурал болтол нэг хохирогчийн хохирлыг барагдуулж, нөгөөг нь төлж барагдуулаагүй. Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн талаар өөрөөс нь тодруулж асуухад “Чөлөөт уран бүтээлч учраас захиалга орж ирсэн үед зураг зурна. Мөн бусдад шилжүүлж, худалдан борлуулах замаар өгөх барьцаа хөрөнгө байхгүй учраас анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж ял шийтгэл, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлж буй илэрхийлэл бодитой бус, хохирлын хэмжээ их учраас шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Б-ь, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Б-ь нь үргэлжилсэн үйлдлээр “Уул уурхайн нэгдсэн зар” группт өөрийн фэйсбүүк хаягаас “дизель түлш 100 тонноос дээш байнга зарж байна, НӨАТ-тай, утас ****” гэх зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.С-аас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, М-Ойлын агуулахын гаднаас интернэт банкаар 10.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 93.275.000 төгрөгийг,  хохирогч М.Э-с 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.С-ын “...фэйсбүүк дээр түлш зарна гэсэн зарын дагуу утсаар холбогдон асуухад “надад хангалттай дизель түлш байгаа” гэж хэлсэн. ...“Толгойтод түлшний агуулах байгаа, “Номин”-гийн ойролцоо хүлээж бай, урьдчилгаа мөнгөө хийж баталгаажуулах ёстой” гэхээр нь итгээд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дашийн Б-ь гэсэн данс руу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 10.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн чинь над руу **** дугаараас буцаж залгаад урьдчилгаа баталгаажсан, өнөөдөр оройтсон тул түлш өгөхгүй, маргааш Толгойтын агуулахаас түлшээ аваарай, тэгэхдээ үлдэгдэл мөнгөө өгөөд түлшээ аваарай” гэж хэлсэн. ...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 44 минутад мөн Дашийн Б-ь гэсэн данс руу 93.275.000 төгрөгийг шилжүүлэн өгчихөөд **** дугаар луу 24.300 литр түлшний мөнгийг шилжүүлсэн талаар залгаж хэлсэн чинь “удахгүй таны түлшийг өгнө” гэж хэлэхээр нь би итгээд дараагийн ажлаа хөөцөлдөөд хотын төв рүү явсан юм. ...” /1хх 8-11/,

хохирогч М.Э-ы “...би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Пүрэвсүрэн гэх найз руу залгаад “найдвартай түлш нийлүүлэх газар байна уу” гэхэд “фэйсбүүк дээр JCI гэх хаягтай хүнээс байнга түлш нийлүүлнэ гэсэн байна, **** дугаар луу залгаад асуучих” гэсэн. Би залгаад 2023 оны 12 дугаар сарын 14-ний оройн 21:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Новотел зочид буудлын хүлээлгийн өрөөнд уулзахаар болсон. Б-ь гэх 40 орчим насны, 175 см орчим өндөртэй, бөөрөнхий царайтай, урт үстэй эрэгтэй хүн байсан. Бид хоёр ярилцаад эхний ээлжид 100 тн түлш авахаар болоод урьдчилгаа мөнгө гэж 10 хувиа өгчих гэсэн. 12 дугаар сарын 19-ний өдөр Б-ийн “Хаан” банкны данс руу 20.000.000 төгрөг гүйлгээ хийсэн. Тэгээд Б-ь энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18:00 цагийн үед 2 запрошка явуулаад очиход Б-ь залгаад оройн 20:00 цагт ачихаар болсон, тээврийн хэрэгслүүдийг чинь бүртгүүлчихсэн байгаа гэсэн. Тэгээд 20:00 цагийн үед залгахад өнөөдөр амжихааргүй болсон, маргааш ачихаар боллоо гэхээр нь маргааш нь очиход дахин ачихааргүй болсон. 12 дугаар сарын 23-ны өдөр ачихаар болж очиход агуулах нь хоосон байсан. Тэгээд Б-ь руу залгахад гар утсаа авахгүй алга болсон. ...” /1хх 235/,

гэрч Б.Дэлгэрбатын “...2022 оны 03 дугаар сараас эхлэн Дашийн Б-ь гэдэг залуу фэйсбүүкээр холбогдож, надаас үе үе доллар худалдан авдаг юм. Д.Б-ь нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу одоогоос 14 хоногийн өмнөөс эхлэн надаас өндөр дүнгээр доллар худалдан авсан. Тухай бүрт нь би Д.Б-ийн худалдан авсан долларыг буцааж Рокег гэсэн хаягтай [email protected], *** гэсэн бүртгэлтэй аккаунт хаяг руу нь явуулдаг байсан. ...” /1хх 29/,

гэрч Ш.Чимэдцэеэгийн “...“би М-Ойл группын түлш зардаг менежер Ц.Бат-Өлзийг 2022 оны 10 дугаар сараас эхлэн таньдаг болсон юм. ...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өмнө надаас байнга түлш болон түлшний үнэ асуудаг **** дугаартай Бархас гэдэг залуу “Онцгой байдалд түлш нийлүүлэх гэж байгаа юм, түлш олоод өгөөч” гэхээр нь би М-Ойлын Сонгинохайрхан дүүргийн Толгойт агуулахын менежер Ц.Бат-Өлзийтэй утсаар холбогдож, түлш байгаа эсэхийг асуугаад, “байгаа” гэхээр нь Бархастай буцаж холбогдоод, “түлш байгаа” гэж хэлэхэд “103.000.000 төгрөгт түлш авна, 80.000.000 төгрөгийг нь одоо өгнө, үлдэгдэл мөнгийг нь маргааш өгнө, одоо миний данснаас лимит нь хэтэрсэн гээд мөнгө гарахгүй байна” гэхээр нь би “мэдэхгүй, түлш зарж байгаа хүнээс асуу” гээд утсаа тасалсан. Тэгээд би Ц.Бат-Өлзийтэй холбогдсон чинь Толгойтын М-Ойлын агуулах дээрээс түлш ачина гээд түлш ачих машинаа холбож өгсөн юм. 2 цагийн дараа 14:00 цаг өнгөрч байхад Ц.Бат-Өлзий над руу залгаад “түлш ачих машин ирсэн байна, мөнгөө хийгээч” гээд хэд хэдэн удаа залгасан. Тэгэхээр нь би “Бархаст түлшний мөнгөө гэж хэлсэн чинь банкин дээр хүлээж байна, хоёр, гурван хүний дараа мөнгөө хийнэ” гэж хэлээд Бархас 80.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ц.Бат-Өлзий “80.000.000 төгрөг орсон, үлдэгдэл мөнгөө хийгээч” гээд хэд хэдэн удаа над руу залгасан чинь “Бархас маргааш үлдэгдэл мөнгийг чинь шилжүүлнэ, 103.000.000 төгрөгт бодоод түлшийг нь өгчих гэхээр нь “чи өөрөө М-Ойлын хүмүүстэй холбоо барь, би мэдэхгүй” гээд Ц.Бат-Өлзийгийн дугаарыг Бархаст өгөөд холбуулсан юм....Ц.Бат-Өлзий наад хүн чинь 80.000.000 төгрөг өгчихөөд 103.000.000 төгрөгт түлш авна гэж яриад байна, Д.Б-ь гэдэг хүнд түлш өгөх боломж байхгүй гэж хэлсэн. ...” /1хх 17/,

гэрч Ц.Бат-Өлзийн “Би “М-Ойл” группэд менежерээр ажилладаг юм. ...манай агуулах 17:30 цагт хаах болоод Чимкад агуулахын менежер Билгүүний дансыг өгсөн чинь 103.275.000 төгрөг шилжүүлэх байснаас 80.000.000 төгрөгийг шилжүүлчихээд “үлдсэн мөнгө банк хооронд явахгүй байна, маргааш өгнө, түлшээ одоо аччих” гэхээр нь “тийм юм байхгүй, манайх одоо хаалаа, маргааш мөнгөө хийгээд түлшээ аваарай” гэж хэлээд Д.Б-ь гэх хүний данс руу буцаагаад шилжүүлсэн. ...” /1хх 15/,

Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би хохирогч Д.С-ын 103.275.000 төгрөг, хохирогч М.Энхтайваны 40.000.000 төгрөгийг хурдан мөнгө олж хохирлыг нь төлнө. ...” /1хх 170-172/ гэсэн мэдүүлгүүд,

 

Д.Б-ийн “Хаан” банкны 5212070379 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 84-86, 191-194/ зэрэг болон зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Б-ь ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б-ийн “дизель түлш 100 тн-оос дээш байнга зарж байна, НӨАТ-тэй” гэж цахим орчин зар байршуулж хохирогч Д.С-, М.Энхтайван нараас 143.275.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Б-ь болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ь, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН