Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2021/00010

 

                                                          

 

 

З.Кийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00472 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Кийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Лд холбогдох,

Зээлийн төлбөр 30 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Адалбек, хариуцагч Т.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нар оролцов.

Нэхэмжлэгч З.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч 3.К миний төрсөн хүү Х.Айболат нь Т.Лд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Т.Л 30 000 000 төгрөгийг тухайн өдөр өөрийнхөө Хаан банкны 5732018363 тоот данс руу шилжүүлэн авсан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.Лтэй зээлийн гэрээ байгуулан, зээлийн гэрээний барьцаанд Т.Лгийн төрсөн дүн Т.Эрэнтовчийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж 12 дугаар байрны 50 тоот хаягт байршилтай 69 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж 12 дугаар байрны 06 тоот хаяг 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны 12 дугаар байрны 14 тоот хаяг байршилтай 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахаар болсон ч нотариатч ажиллаагүй тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийж чадаагүй юм. Нэхэмжлэгч 3.К миний төрсөн хүү Х.Айболат 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ослоор нас барсан ба хүү маань талийгаач болсноос хойш Т.Лгээс хүүгийнхээ зээлдүүлсэн мөнгийг нэхээд өгнө гэж хойшлуулаад өдий хүрлээ. Т.Л 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн бараатай ирнэ. Тэр үед 30 000 000 төгрөгийн өрийг түргэн барагдуулна гэж бичиж гарын үсгээ зурсан ч төлөөгүй. Нэхэмжлэгч З.К би өв залгамжлагчийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч хүүгийнхээ өмнөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст “Миний хүү Айболат Т.Лд 30 000 000 төгрөг залилуулсан...” гэх утга өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгуулсан ч 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Т.Лтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэгт Монголын Холбооны хуульч, өмгөөлөгч Б.Адалбектэй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан өмгөөллийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлж өмгөөлөгчөөр оролцуулсан. Цагдаагийн байгууллага хэргийг шалгахад Т.Л “би Айболатаас 30 000 000 төгрөгийг аваагүй Жыде авсан” гэх утгатай мэдүүлэг өгдөг ба Монгол Улсын Гадаад Харилцааны Яамаар дамжуулан Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Бокашын Жыдег гэрчээр асуулгахад би Т.Лг Х.Айболат болон З.К нараас мөнгө авч байсныг мэднэ. Мөн би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгч байхад хамт байсан. Т.Л Х.Айболатаас авсан 30 000 000 төгрөгөөр өөрийн зээлээ бүрэн төлсөн бөгөөд тодруулж хэлбэл, Монгол Улсын Улаанбаатар хотын 13 дугаар хороололд байрлах “Үнэнч Итгэл” банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлж байхад би хамт байсан. Тэр надад ямар ч мөнгө өгч байгаагүй" гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Нэхэмжлэгч З.К би хариуцагч Т.Лд холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргахад Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ32020/04272 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч З.К би өөрийн оршин суугаа газрын шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, Т.Лг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 03599 дугаартай шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс Т.Лг эрэн сурвалжлан Төв аймгийн Аргалант сум 1 дүгээр багт оршин суудаг болохыг тогтоосон тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймээс нэхэмжлэгч З.К надад хариуцагч Т.Лгээс зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг, эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөнгэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Адалбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж тайлбарлаж байна. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.Л өөрийн дансаар хүлээн авсан. Тухайн өдөр нотариат ажиллаж байсан бол Т.Лгийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьж, хүү, алдангийг бүгдийг тохиролцох байсан. Тэр өдөр нотариат ажиллаагүй учраас зээлийн гэрээг бичгээр байгуулж чадаагүй. Мөнгө шилжүүлсэн баримт дээр Т.Лгийн дансанд зээл гэсэн утгаар шилжүүлсэн байгаа. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Зээлдэгч маань өв залгамжлалын гэрчилгээ аван цагдаагийн байгууллагаар зээлийн төлбөрийг өгөхийг шаардсан. 2017 оны 10 дугаар сараас өгөхийг шаардаж явсаар байгаад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж хаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийн 2 дахь заалтаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж оруулж ирээд, 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр уг заалтыг оруулж ирснээс болоод, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болоогүй. Оросод байсан бараагаа хулгайд алдсан гэж тайлбарлаж байна. Үүнийг ч гэсэн Гадаад харилцааны яамаар дамжуулж шалгасан. Т.Лтэй холбоотой ямар нэгэн гомдол бүртгэгдээгүй гэсэн хариу тайлбар өгсөн. З.К гуай хүүхдээ мөнгө зээлчих гэж ятгасан ч гэсэн, мөнгө зээлсэн хүн нь түүний хүү. Өв залгамжлалын гэрчилгээтэй З.К нь Т.Лгээс мөнгөө шаардаж авах эрэхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Т.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Т.Л би 2012 оны 07 дугаар сараас буюу 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өдөр л Солонгос улс руу танилдаа машин захиад Замын-Үүдээс очиж аваад Казакстан улс руу гаргаж зардаг бизнесээ эхлүүлсэн. Sonata-7, Land cruser-100 болон 105 маркийн машинууд мөн Nissan Extera зэрэг машинуудыг 2017 он хүртэл Казакстан улс руу оруулж зарж борлуулах ажил хийсэн. Энэхүү бизнесийг хийж байхдаа буюу Казахстанд очиход Солонгост хамт байсан Казахстан залуу хилээр орж ирсэн машины бичиг баримтыг зохицуулж өгдөг энэ талаар сайн мэдэх хүн Б.Жыде гэх эмэгтэйтэй намайг танилцуулж өгсөн Б.Жыде нь Казкастан улсын нийслэлд Монгол барааны дэлгүүртэй Казакстан Монгол хоёрын хооронд бараа таваар зөөдөг хүн байсан. Би Казахстан руу машин оруулахдаа Б.Жыдегийн Монголоос авсан барааг ачиж оруулж өгөөд өөрийнхөө зарахаар аваачсан машинуудынхаа бичиг баримтуудыг Б.Жыдегээр янзлуулдаг, тэгээд машинаа зарчхаад буцахдаа зарах машинаа бариулж ирсэн жолооч нараа авч явдаг автобусаараа Казакстанаас тамхи, архи зэрэг Б.Жыдегийн бараануудыг Монгол руу оруулж өгдөг. Б.Жыде Монголд ирээд буудалд байрлаад байдаггүй манай гэрт бараагаа цуглуулж аваад буцдаг ийм л харилцаатай хүмүүс байсан 2016 онд бас нэг явалт дээр Казахстанаас Монгол руу ирэх гэж байхад нэг эмэгтэй Монгол руу мөнгийг нь өгөөд суугаад явъя гэхэд нь 150 доллароор авч явахаар тохироод машиндаа суулгасан. Тэр хүн бид нар танилцаад зам зуур ярилцаад явж байтал Б.Жыдетэй худ ургууд болохоо мэдсэн. Б.Жыдетэй орос хэлээр харьцдаг байсан. Б.Жыде Монгол хэл сайн мэддэггүй байсан. Харин 3.К орос хэл мэдэхгүй надтай Монголоор харьцаж байсан. Тэр 2 хоорондоо Казакаар голчлон ярьдаг байсан би сайн ойлгодоггүй байсан.

Ингээд бид зам зуурт танилцаад Монголд ирсэн. Миний Солонгос руу захисан хоёр машин Замын-Үүдэд ирсэн байсан учраас би Замын-Үүд явж машинаа аваад ирэхэд Б.Жыде би авч ирсэн тамхиа 3.К эгчид зарчихлаа. Би 3.К эгчээс 30 сая төгрөг зээлээд 11 дүгээр сард 15 сая төгрөгийн бараа, 12 сар буюу шинэ жилээр 15 сая төгрөгийн бараа авч ирж өгөхөөр ярилцлаа гээд байж байсан. Тэгээд Б.Жыде Монгол улсад амьдардаггүй учраас намайг хаана амьдардаг, ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримт байвал аваад ирээч гэхээр нь би дүүгийнхээ байрны бичиг баримтуудыг аваад очиход энэ баримтуудыг чинь барьцаанд тавья гэхэд нь миний юм нэгдүгээрт биш, хоёрдугаарт та нарын хоорондын асуудалд би хөрөнгө энэ тэр барьцаалахгүй гэхэд тэгвэл бараа аваад иртэл би авч байя гээд л авсан. Тэрнээс бид ямар нэгэн гэрээ байгуулж би үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бургуулж нотариатаар батлуулж ямар ч гэрээ 3.К гэх хүнтэй байгуулаагүй. Ингээд Б.Жыде, 3.К, бид гурав 1 дүгээр хороолол Цамбагаравын Хаан банк дээр байж байхад 3.К эгчийн хүү цайны цаг дууслаа хуралтай яараад байна гэж ирээд УСУГАГ-т ажилладаг гэж байсан хурдхан нэг данс өгөөдөх гээд миний дансыг аваад 30 сая төгрөг над руу шилжүүлээд явсан. Б.Жыде, 3.К бид 3 үлдээд цайны цаг дуусангуут би банк руу ороод данснаасаа нийт 32 сая төгрөг аваад 32 сая төгрөгийг Б.Жыдед өгсөн. Энэ бичлэг банканд байгаа. Би Казахстан явах гэж байсан учраас 2 сая төгрөг замдаа хэрэглэхээр аваад нийт 32 сая төгрөг авсан дансны хуулга байгаа.

Ингээд би Замын-Үүдээс авч ирсэн машинаа зуны дугуйг өвлийн дугуйгаар солих бага зэрэг сэв зураасыг будуулах гээд ажилтай байсан учраас явсан. Ингээд ямар ч байсан Б.Жыде янмал гэх оймсны үйлдвэрээс 5,000 ширхэг оймс нэг бүрийн үнэ 3,000 хавьцаа байдаг 15 сая төгрөгөөр оймс аваад, мөн Нарантуул зах дээр байдаг лангуунаас ноос ноолуураар гараар гар урлал хийдэг хүмүүсээс 7, 8 сая шахуу төгрөгийн бараа, мөн “Алтай Кашмер”-ын ноолууран эдлэл хямдралтай байсан гээд бас 5, 6 сая төгрөгийн бараа, мөн Монголын арьс ширээр бэлэг дурсгал, түлхүүрийн оосор гэх мэт зүйл хийдэг компаниас 5, 6 сая гаруй төгрөгийн бараа авсныг манай гэрт орой компаниудаас нь хүргэж ирж өөрөө манай гэрт цуг ирсэн. Ингээд бид машинууддаа бараагаа хийж аваад Сэлэнгэ рүү гараад эхний ээлжид нэг машин дүүргэж тэр машинаар Б.Жыде түрүүлээд Казахстан руу гарсан. Би араас нь машинууддаа бараагаа хувааж хийн бараагаа зөөсөөр 4 хоногийн дотор Казахстан руу гарсан Тэр хооронд Б.Жыде машинуудын бичиг баримтуудыг янзлаад байж байсан. Ингээд буцах гэж байхад Б.Жыде 30 хайрцаг тамхи, 1 тонн варень, усан үзэм, жимс жимсгэнэ зэрэг барааг бэлдээд “Ford transit” машинд ачаад орос руу орж ирсэн. Монголд ирэхэд 1200 км дутуу байсан. Тэгэхэд машины бөгс эвдрээд би Эрхүү рүү буцаад сэлбэгт явтал Эрхүүд хайсан сэлбэг маань бүрэн биш бас үнэтэй байсан учраас Монголд байсан машиныхаа бөгсийг дүүдээ захиж авч ирүүлэхээр ярилцаад бид Алтанбулаг дээр уулзаад би сэлбэгээ аваад эргээд Орос руу машин дээрээ иртэл цайны газартай машины зогсоолтой газар машин зогсоогоод цонх хагарсан, бараанаасаа алдсан, мөн Б.Жыде хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн гээд байж байсан. Тэгэхэд Б.Жыде нөхөр хүүтэйгээ бид 4 хамт явж байсан юм уг нь.

Ингээд би энэ тухай 3.К эгчид хэлсэн юм уу гэхэд хэлсэн гэж байсан. Ингээд бид Монголд ирэхэд 3, 4 хоноход 3.К эгчийнд Б.Жыде нар тэднийд ярилцаад л хоол унд идээд байгаад л байсан. Би ажилтай байсан учраас нарийн ширийн юу ярьсан талаар мэдэхгүй. Би эргээд буцах болсон. Ингээд би орж гаргасаар л байсан. 2017 онд ингэж явсаар 3.К эгчийн хүү харамсалтайгаар нас барсны дараа 3.К эгч гэнэт л мөнгө нэхэж эхэлсэн. Ингээд Б.Жыде мөн орж гарч явж байгаад нэг 3.Кийн гэрт барьцаанд орсон. Тэр үед Казакстанд эдийн засгийн байдал хэцүүхэн байсан учраас Б.Жыдегийн Монголоос авч очсон барааны эргэлт удааширч мөнгө багатай ч байсан байх тэгээд 3.К эгч мөнгөө нэхээд байна гэж хэлж байсан. Түүнээс хойш Казкастан Монголын хооронд 7-8 удаа явсан байдаг энэ хооронд Б.Жыде архи, коньяк, тамхи зэргийг машинд багтах хэмжээгээр явуулж байсан. Би бас Монголд ирээд ханиад хүрээд гэртээ ирээд хэвтэж байхад талийгаач хүү 2 найзтайгаа ирээд манай бэр барааг нь тоолоод хүлээлгэж өгч байсан. Ингээд 13,500,000 төгрөгийн барааг өгсөн гэдэг. Ийм байдалтай явж байтал Б.Жыдег Монгол нэг ирэхэд нь 3.К Б.Жыдег гэртээ түгжээд гаргахгүй байна гээд над руу ярихад нь би дахин машин аваад Казахстан руу гарах хэрэгтэй байсан учраас 3.Кийнд очиход мөнгө өг гэж нэхэж байсан. Б.Жыде намайг мөнгө байвал өгчхөөч Казакстанд очоод өгье гэхэд нь би мөнгөө машин болгосон өгч чадахгүй гээд өгөөгүй. Харин намайг Б.Жыде Казакстанд очоод өгчихнө өө тийм болохоор хохирлын мөнгө барагдуулах тухай бичиг хийгээд өгөөч гээд байхаар нь бичиг хийж өгсөн. Тэрнээс би бараа зөөж мөнгө олдог хүн биш. Тэгээд Б.Жыдег аваад гарсан.

Ингээд нэг өдөр Б.Жыдегийн бараанаас 50, 60 ширхэг коньяк байсныг Б.Жыде над руу залгаад наад коньякаа 3.К эгчид битгий өгөөрэй гэж утасдаж байна. Юу болсон юм гэхэд 3.К эгчийн охин намайг Казакстаны нийгмийн сүлжээнд луйварчин монголчуудтай явалддаг янхан гэж бичиж доромжилсон гэж хэлсэн. Ингээд тэр 2 надаар дамжуулж хоорондоо холбогдож байгаад З.К Казахстан улсад Б.Жыде дээр эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Б.Жыде хилээр гарах эрхгүй болгосон гэж байсан. Ингээд сүүлдээ Б.Жыде ч надтай холбоо тасарсан. Корона вирусээс болоод хил хаагдсан. Ингээд сураг тасраад би ч ажил зогсоод мөн аавын маань бие муудаж хөдөө эмнэлэгт аавыгаа сахиад байж байтал намайг эрэн сурвалжлаад байгаа тухай нэг дүүгээсээ олж сонстол Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр Б.Жыдетэй нийлж хүн залилсан гэх хэргээр дуудсан. Ингээд бараг 3 жил шахуу цагдаагаар яваад энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл одоо иргэний журмаар Төв аймгийн шүүхэд надаас 30 сая төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн байна. Миний хувьд огт танихгүй тэрхэн зам зуурт танилцсан хүнээс нэгдүгээрт мөнгө зээлэх ямар ч шалтгаан байхгүй тэгээд ч огт танихгүй хүнд бүхэл бүтэн 30 сая төгрөгийг эргэж төлөх графикгүй, нэг хувийн хүүгүй зээлэх ямар хүн байх вэ миний нэр дээрх ямар ч хөрөнгийг барьцаалаагүй. Ердөө тэдгээр хүмүүст тусалж монгол данс байхгүй учраас дансаа ашиглуулсны төлөө би өнөөдөр хариуцагч болсон байна.

Дээр бичсэн зүйлийг нотлох баримт болох Казакстан Монгол хил нэвтэрч байсан тухай гадаад паспортын хуулбар, машин зарж борлуулж байсан тухай баримт, мөн бараа зөөж оруулж ирсэн барааны шинжилгээний бичиг гээд баримтуудыг тайлбартаа хавсаргаж өгнө. Мөн 30 сая төгрөг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутад дансанд орж ирээд ердөө 2 цагийн дараа 32 сая төгрөг зарлагдсан баримт байна. Хэрэв би ББСБ-д зээл төлөх байсан бол дансаар шилжүүлж өөртөө баримт болгож авч үлдэх байсан. 30 сая төгрөгийг монгол дансгүй Б.Жыдед бэлнээр өгөхөөс гадна 2 сая төгрөгийг Казакстан явах замын зардалд Б.Жыдед өгсөн. Мөнгө шилжүүлсэн утгыг хүн бүр бэлэн мөнгөний машин болон утаснаас юу ч гээд бичиж болно. Миний хувьд зээл авах тухай нэг ч үг үсэг яриагүй, тухайн үед Казахстан руу 2 машин зарахаар явж байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа ББСБ-ын хувьд би 4 жил байнгын үйлчлүүлж байгаа найдвартай зээлдэгч нь би 30 сая төгрөг ч төлөөгүй 20 гаран сая төгрөг л машинаа зараад өөрийнхөө мөнгөөр төлсөн. Нэхэмжлэгч Зээлийн гэрээний үүрэг гэж 30 сая төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэхээр тохиролцсон байхаар тодорхойлсон байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэлт зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай. Бидний хэн алиных нь тайлбараар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдэж, нэгдээгүй. Нэг талын үйлдсэн баримт нь зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн буюу хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, харилцан тохиролцож үүрэг хүлээснийг нотлохгүй. Иймээс бидний дунд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Хэрэв үнэхээр би энэ мөнгийг өөрөө аваад хэрэглэсэн бол хүү нь нас барсан эхийг би зовоогоод сууж байх зориг зүрх надад байхгүй саяхан төрсөн эцгээ алдсан хүний хувьд мөн хил гааль нээгдэхэд би тооцоо дуусаагүй машин байгаа тул Казакстан улс руу явах шаардлагатай байгаа тул Б.Жыдетэй уулзаж энэ байдлын учрыг олж нэрээ цэвэрлэж авахаас гадна 3.Кийн хохирлыг барагдуулах талаар Б.Жыдед шаардлага тавьж арга хэмжээ авах болно. Миний хувьд хорт хавдартай аавыгаа сахиж 78 настай ээжийгээ асарч байхад шүүх цагдаагаас дуудаж эрэн сурвалжилж маш их дарамттай байлаа. Өнөөдөр аавыгаа алдаад долоо ч хоноогүй байна. Шүүхээс энэ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Лгээс 30 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Кд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Кийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лгээс 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Кд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар үндэслэлийг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Иргэн Т.Л Казакстан улсруу авто машин тээвэрлэж зардаг, Б.Жыде Казакстан улсын иргэн/ Монгол, Казакстан улсын хооронд бараа зөөж бизнесс эрхэлдэг олон жил хэн хэнийхээ бизнест харилцан туслалцдаг эртний танилууд юм. Казакстанаас Монголруу явах гэж байсан З.К замын зардлаа төлж Т.Лгийн машинд сууж Б.Жыде, Т.Л нартай хамт Монголруу явах замдаа танилцаж улмаар З.К, Б.Жыдетэй худ ургууд болохоо мэдсэн байдаг.

Ирсэн даруйдаа Б.Жыде Казкастанаас оруулж ирсэн тамхиа З.К-д зарсан байдаг. Ингээд Б.Жыде З.Каас 30 сая төгрөг зээлж Казакстанаас бараа чийлүүлэхээр тэд хооронд тохиролцсон тухай Б.Жыде Т.Лд хэлсэн байдаг. Т.Л З.Кийн хүү Х.Айболатаас мөнгө зээлэх талаар болон 30 сая төгрөг зээлэх тухай нэг ч үг үсэг ярилцаагүй, тэдний хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, Т.Л Х.Айболатаас 30 сая төгрөг ямар ч зээлийн барьцаагүй, хүүгүй, буцаан төлөх графикгүй зээлэх хэмжээний танилууд биш.

Үүний үндсэн дээр ч З.К, Б.Жыде нарын харилцан тохирсноор З.К хүү Х.Айболатаас Б.Жыдед 30 сая төгрөг зээлэхийг хүсч Б.Жыде Казакстан улсын иргэн Монгол улсад ямар нэг банкны данс байгаагүй учраас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.Лгийн дансруу 30 сая төгрөг шилжүүлээд ердөө 2 цагийн дараа Хаан банкны Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав тооцооны төв дээр Т.Л, Б.Жыде, З.К нарын хамт байж байгаад 32 сая төгрөгийг бэлнээр авч 5.Жыдед өгч байгаа хяналтын камерийн бичлэгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан боловч камерийн бичлэгийг шүүгч шүүхийн журмаар гаргуулах шаардлагагүй, банк хариуцагчид өөрт нь гаргаж өгөх боломжтой нотлох баримт гэж үзэж хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Банкны тухай хуулийн 7.2. Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:

7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

7.2.2.Монголбанк, түүний хянан шалгагч, Монголбанкны улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

7.2.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл влигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн оайцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн;

7.2.4.Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын йхуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ  байгуулсан гадаад улсын Засгийн газар хүсэлт гаргасан;

7.2.5.Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон тусгай зөвшөөрөл оүхий үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шаардсан болон тус хорооны байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу тадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан.

7.2.6.хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн.

7.2.7.төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга зөвшөөрсөн;

7.2.8.Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр Төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг /үргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

7.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан, шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг хийж хариуцагчийн зүгээс хангалттай нотлох баримт цуглаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Уг камерын бичлэгээр маргааны гол зүйл болох 30 сая төгрөгийг Т.Л Б.Жыдед бэлнээр аваад өгч байгааг нотлох байсан юм.

Мөн Т.Л өөрийн зүгээс эрх ашгаа хамгаалахаар нотлох баримт цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, гэрч асуулгах байсан боловч түүний аавын бие маш хүнд ээж нь 78 настай мөн дүү нь асардаг хаяад явж болохгүй нөхцөл байдалд байсан мөн цар тахлын улмаас эмнэлэгт аавыгаа сахиж байсан учраас сахиур солих боломжгүй нэгэнт л эмнэлэгрүү орсон бол гарах боломжгүй байснаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгөх хугацааг хэтрүүлсэн юм. Т.Л аав нь асаргаанд байж байгаад нас барсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас аавынхаа нас барсны гэрчилгээ, Казакстан Монгол улсын хооронд хил нэвтэрч байсан гаалийн албаны дардастай гадаад паспортны хуулбар, Б.Жыде 30 сая төгрөг зээлсэн өдрөө "Янмал" оймсны үйлдвэрээс 15 сая төгрөгийн бараа авсан, арьс ширэн эдлэлийн дэлгүүр, Нарантуул захын монгол барааны лангуу зэргээс бараа авч байсан тухай гэрчлэх гэрч асуулгах /шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухай амаар хүсэлт гаргасан/ зэрэг ажиллагаанууд хийх байсан ч ажил явдал дөнгөж дуусаад шүүх хуралдаанд бэлтгэх хугацаа давчуу байсан юм.

Шүүх хариуцагчийн хариу тайлбар шүүхэд ирээгүй байхад шүүх хуралдааныг зарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "...шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ"-д зааснаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход хангалттай нотлох баримт цуглаагүй байхад мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах зэрэг хариуцагчийн эрхийн эдлүүлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00472 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч З.К  нь хариуцагч Т.Лгээс зээлийн гэрээний үүрэгт 30 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Т.Л нь шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө зээлээгүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

З.К нь өөрийн төрсөн хүү Х.Айболатын 30 000 000 төгрөгийн зээлийн авлагыг Т.Лгээс шаардах эрхийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нотариатаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр авсан байна. /хх-ийн 5-6-р тал/,

Зохигч нь зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар болон зээлийн төлбөр төлөх эсэх асуудлаар маргасан байна.

Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч З.К нь түүний хүү Х.Айболат 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.Лтэй зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон бөгөөд гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох учиртай.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Хариуцагч Т.Л нь 30 000 000 төгрөгийг Х.Айболатаас зээлийн зориулалтаар ХААН банк дахь өөрийн дансаараа шилжүүлэн авсан болох нь хэргийн 8-р талд авагдсан төлбөрийн баримтаар нотлогдсоноос гадна 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “...2017 оны 1 дүгээр сарын 10-нд өөрийн бараатай ирнэ. Тэр үед 30 000 000  гучин сая төгрөгийн өрийг түргэн барагдуулна...” гэж хариуцагч гарын үсгээ зурсан баримт мөн хэрэгт авагджээ. /хх-ийн 10-р тал/,

Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож болдог хуулийн энэхүү зохицуулалт нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг тогтоох эрх зүйн үндэслэл болох юм. Энэхүү бичиг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т заасны дагуу хариуцагч уг тайлбартаа гарын үсгээ зурж, уг мэдэгдэл нь үүрэг гүйцэтгэгчийн хүсэл зоригийг агуулсан жинхэнэ эхээрээ үүрэг гүйцэтгүүлэгчид хүрсэн байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох”-оор заасан ба мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зохицуулсан байна.

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1.-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талууд гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлэн өгөхөөр гэрээгээр тохиролцож болох бөгөөд ийнхүү гэрээнд заасан этгээдэд зээлийн хөрөнгийг шилжүүлж, тухайн этгээд зээлийг хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний зүйлийг өөр этгээдэд өгөх зорилгоор хүлээн авсан, улмаар бусдад шилжүүлэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хийсэн анхан  шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах  шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдан нотлох баримтад тулгуурлан  нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид дансаар шилжүүлсэн мөнгөний дүн, хариуцагчийн өр төлбөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт зэргийг үндэслэл бүхий тодорхойлж, шийдвэрийн  үндэслэлд тусган, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцсэн байна.

Анхан  шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг захин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах тухай хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг  өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                          Ц.ӨРНӨНДЭЛГЭР