Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 543

 

Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

Хохирогч Д.Зургаанжин, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Л.Дашравдан, Б.Мөнхбат,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Н.Мөнгөнсүхийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Б.Батдэлгэрт холбогдох 20140104336 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон халтар овогт Бадгарын Батдэлгэр, 1973 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмралд хотхоны 50 дугаар байрны 1504 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ХИ73061015/;

Б.Батдэлгэр нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 7 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд 119.604.574 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Батдэлгэрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар уг хэргийг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Батдэлгэрийг барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 7 дугаар сараас мөн оны 10 дугаар cap хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд 119.604.574 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г нотлохоор заажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд яг хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байх бөгөөд мөрдөн байцаагч, прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт гаргуулахаар шинжээч томилон дүгнэлт гаргуулж, хохирлыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр зөвхөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу дүгнэлт гаргаж, төсөв зохиосон төсөвчин Г.Шүрхүүгийн дүгнэлтээр “Сант” бүрэн дунд сургуульд 119.604.574 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь буруу болжээ.

Энэ нь шүүгдэгч Б.Батдэлгэрийн үйлдсэн гэмт хэргийн бусдад учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээг тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

Үүнээс гадна шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батдэлгэр болон гэрчээр оролцсон Т.Ганболд нараас уг барилгад нийт 8000 метрээс 10000 метр 2.5 мм диаметртэй цахилгааны утас орох байснаас 800 метрийг нь 1.5 мм диаметртэй утас тавьсан, бусдыг нь 2.5 мм диаметртэй утас тавьсан гэж мэдүүлсэн бөгөөд “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгад 2.5 мм диаметртэй нийт хэдэн метр цахилгааны утас орох ёстойгоос хэдэн метрт нь 2.5 мм диаметртэй цахилгааны утас, хэдэн метрт нь 1.5 мм диаметртэй цахилгааны утас орсныг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлож ирүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.Батдэлгэрт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэг прокурорт очтол Б.Батдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Анод Катод” ХХК-ийн “Сант” сургуулийн “Хүчит төхөөрөмж, дотор цахилгаан”-ы зураг 35 хуудас, “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын далд ажлын акт 1, 2 дугаар дэвтэр нийт 108 хуудас, Төсвийн тайлбар 35 хуудас, Чанарын гэрчилгээ 40 хуудас зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г нотлохоор заажээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас Сант сургуульд яг хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байх бөгөөд мөрдөн байцаагч, прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт гаргуулахаар шинжээч томилон дүгнэлт гаргуулж, хохирлыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр зөвхөн Иргэний хэргийн шүүхийн захирамжийн дагуу дүгнэлт гаргаж, төсөв зохиосон Г.Шүрхүүгийн дүгнэлтээр “Сант” бүрэн дунд сургуульд 119.604.574 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь буруу болжээ.

Энэ нь шүүгдэгч Б.Батдэлгэрийн үйлдсэн гэмт хэргийн бусдад учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээг тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна гэжээ.

Гэтэл Г.Шүрхүү нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Оюунтуяагийн 12775 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Найрамдал, цахилгааны зургийг зохиогч “Анод Катод” ХХК-ийн цахилгааны инженер Б.Батдэлгэр нарын дүгнэлттэй танилцаж “Сант” сургуулийн цахилгааны төсвийг гаргасан. Энэ төсвийг зохиоход “Анод Катод” ХХК-ийн цахилгааны зургийг үндэслэн барилгын цахилгааны БНбД-81-20-04, БНбД-81-38-04 суурь нормоор төсвийг зохиосон гэж мэдүүлдэг. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад улсын яллагчаас “...та дээрх дүгнэлтийг хууль сануулж гаргасан уу...” гэх асуултад “тийм” гэж хариулсан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан “...шүүгч захирамж гаргаж шинжээч томилно...” гэж заасны дагуу хууль сануулж дүгнэлт гаргасан Г.Шүрхүүгийн дүгнэлтийг нотлох баримтын дагуу үнэлж, хохирлын хэмжээг зөв тодорхойлсон гэж үзэхээр байна.

2. Шүүгдэгч Б.Батдэлгэр, гэрч Т.Ганболд нараас уг барилгад нийт 8000 метрээс 10000 мерт 2.5 мм диамертэй цахилгааны утас орох байснаас 800 метрийг нь 1.5 мм диаметртэй цахилгааны утас тавьсан, бусдыг нь 2.5 мм утас тавьсан гэж мэдүүлсэн бөгөөд “...”Сант” сургуулийн өргөтгөлийн барилгад хэдэн мерт 2.5 мм цахилгааны утас орох ёстойгоос хэдэн мерт нь 1.5 мм утас тавьсан болохыг тогтоох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлож ирүүлээгүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Батдэлгэр нь 800 мерт утсыг 1.5 мм утсаар тавьсан талаараа мэдүүлдэг, дээрх мэдүүлгийг уг цахилгааны ажлыг гүйцэтгэсэн гэрч Т.Ганболд мөн давхар нотлож байхад анхан шатны шүүх дахин хичнээн метр утсыг 1.5 мм утсаар тавьсан болохыг тогтоо гэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс шинжээч томилон уг дүгнэлтийг гаргуулах боломжтой байтал хэргийг заавал мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийн үндэслэл нь энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй боловч Иргэний хэргийн шүүх дээр “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажилтай холбоотой маргааны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад Иргэний шүүхэд тус сургуулийн өргөтгөлтэй холбоотой цахилгааны далд угсралтын ажил батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж үү гэдэг нь мөн шалгагдаж байсан. Энэ зураг төслийн дагуу хийгдсэн бол хэр хэмжээний зардал гарсан, хийгдээгүй бол зураг төслийн дагуу хийгдэхэд хэдий хэмжээний зардал гаргаж хэвийн хэмжээнд нь авч ирэх вэ гэдэг дээр дүгнэлт гаргасан. Ингэж дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоход Барилга хөгжлийн төвийн төсөвчин, барилгын инженер Г.Шүрхүү “Сант” сургууль дээр биечлэн очиж хэмжилт хийсэн. Мөн Эрүүгийн хэрэгт гэрчээр байцаалт өгсөн Б.Найрамдал, “Анод катод” ХХК-ийн цахилгааны инженер, “Сант” сургуулийн цахилгааны  зургийг боловсруулсан Б.Батдэлгэр нарын дүгнэлтийг үндэслэж төсөв гарган дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын зураг төслийн дагуу хийгдээгүй далд утас татах, ховил ухах, буулгах ажлын төсөвт 22.000.000 төгрөг, далд утас угсрах, яндан хоолойн засварт холбогдох буулгах ажлын төсөв 6.840.000 төгрөг, цахилгааны далд угсралт, хоолойн засвар хийхэд 90.000.000 төгрөг, нийт 119.604.570 төгрөгийн зардал гарна. Өөрөөр хэлбэл зураг төслийн дагуу “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг дахин барихад гарах зардлыг тогтоосон байгаа. Яагаад үүнийг бодит учирсан хохирол гэж үзэлгүй шүүх мөрдөн байцаалтад буцаасныг ойлгохгүй байна. “Сант” сургуулийн барилгын цахилгаан угсралтын ажлыг цаашид ашиглах боломжгүй. Үүнийг хэрэгт авагдсан цахилгааны улсын байцаагч Даваадорж, “Анод катод” ХХК-ийн зургийг хийж гүйцэтгэсэн Батдэлгэр нарын хийгдсэн байгаа зураг төслийн дагуу цаашид барилгыг ашиглах боломжгүй учраас зайлшгүй зураг төслийн дагуу засвар хийж, цахилгаан угсралтын ажлыг зураг төслийн дагуу дахин хийх шаардлагатай гэж гэрч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Иргэний хэргийн шүүх дээр шүүгчийн  захирамжийн дагуу Шүрхүү төсөвчний гаргасан дүгнэлтээр тодорхойлсон хохирлын хэмжээ “Сант” сургуулийн барилга угсралтын ажил зураг төслийн дагуу явагдаагүйн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Сант” сургуулийн бодит хохирлыг тогтоогоогүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг “Бүрэн цутгамал” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Г.Шүрхүү төсөвчин 2.5 мм диаметртэй утсыг 1.5 мм диаметртэй утсаар сольсон мэт дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд өөрөө 800 метр утсыг 1.5 мм диаметртэй утсаар хийсэн гэж байгаа. Хоёрдугаарт, яагаад 800 метр утас гэж гаргасан гэхээр Иргэний хэргийн анхан шатны шүүхээс анх Оюунсайхан шинжээчийг томилсон байдаг. Оюунсайхан шинжээчийн дүгнэлтэд 800 метр утас сольсон гэж бичсэн. Яагаад 800 метр утас сольсон юм бэ гэдэг асуудал гардаг. Энэ 800 метр утас бол түр тог байсан. Манай “Бүрэн цутгамал” ХХК 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Сант” сургууль дээр ажиллаж байгаад 15-ны өдөр гэрээгээ цуцалж биднийг хөөсөн. Тэр хүртэл бид нар 1.5 мм диаметртэй утсыг түр тогоор ашиглаж байсан. Манай компанийг хөөж явуулсныхаа дараа өөр компани оруулж 1.5 мм диаметртэй түр тогыг шавардсан. Дараа нь 10 дугаар сарын 14-ний өдөр “Сант” сургуультай хийсэн хэлцэлд 1.5 мм диаметртэй утсаа сольж өгье, сольсны дараа цахилгааны төсөв, гүйцэтгэлийн мөнгөө авъя гэсэн хэлцэл 1 дүгээр хавтаст хэрэгт байгаа. 800 метр утас бүгд солигдоогүй гэдгийг Б.Найрамдал шинжээч дүгнэлтдээ тусгасан байдаг. 8, 9 дүгээр өрөөнд 2.5 мм, 10 дугаар өрөөнд 1.5 мм диаметртэй утас байсан гэж нарийвчлан шалгасан зүйл Эрүүгийн хэрэгт байгаа. “Сант” сургуульд 119.604.570 төгрөгийн хохирол учирсан нь бодит байдалд нийцэхгүй. “Бүрэн цутгамал” ХХК болон намайг удаа дараа хэлмэгдүүлж, 3 жил ийнхүү хохироож байхад прокурор эсэргүүцэл бичиж байгааг гайхаж байна. “Сант” сургууль өнгөрсөн 3 сар хүртэл “Бүрэн цутгамал” ХХК-ийг шалгаж, цагдаагаас хүртэл шинжээч томилуулахаар янз бүрийн арга хэрэглэсэн. Намайг гол буруутгаад байгаа 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр бичсэн Эрчим хүчний улсын байцаагч Даваадоржийн албан шаардлага байгаа. Тэр шаардлагаа хүнээр бичүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Даваадорж энэ шаардлагыг бичсэн гэсэн мөртлөө анхан шатны шүүх хуралдаанд “Сант” сургууль дээр өөрөө очоогүй, хүний үгээр бичсэн гэж хэлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын стандарт дээр байцаагч заавал өөрөө очиж албан шаардлага бичнэ гэж заасан. Иймд уг албан шаардлагыг хүчингүй гэж үзэж байна. Энэ талаар манай байгууллага Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Мөн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаад Эрчим хүчний яамнаас Даваадорж гэж хүн дахин очсон. Гэтэл Мэргэжлийн хяналтын стандарт дээр мэргэжлийн хяналтын дүгнэлт заавал дугаар авсан байх шаардлагатай гэсэн байдаг боловч дугаар аваагүй. Тэгэхээр энэ дүгнэлт мөн хууль ёсны байна уу гэдгийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ энэ хэрэгт хамааралгүй хууль бус баримтуудыг үндэслэж намайг буруутгаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Батдэлгэрийн өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн бөгөөд эсэргүүцлийн гол санаа бол шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт хууль ёсны гарсан. Цахилгааны инженер Б.Батдэлгэрийн мэдүүлэг үндэслэлтэй. Ийм учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэсэн байдлаар эсэргүүцэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээгээр үйл ажиллагаа явагдсан. “Сант” сургууль ажлын гүйцэтгэлийг үнэлээд 1.6 тэрбум төгрөгийн төсөвтэйгээс 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байсан. Түүнд нь тохирсон санхүүжилт олгосон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний 7.1 дэх хэсэгт гүйцэтгэгч ажил үйлчилгээний хувьд зөрчил гаргавал үнэ төлбөргүй засна гэсэн заалт байгаа. Үүнээс үүдэн 1.5, 2.5 мм диаметртэй утас тавьсан гэсэн маргаан гарсан. Үүнтэй холбоотойгоор “Бүрэн цутгамал” ХХК гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “Бүрэн цутгамал” ХХК-ийн дутуу хийсэн ажлын зардлыг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. Төсөвчин Г.Шүрхүү үүнтэй холбогдуулан үнэлгээ гаргасан. Прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нар шүүхээс нийтийн эрх ашгийн төлөө гаргасан шинжээч томилсон асуудал нь эрүүгийн хэрэгтэй холбогдолтой гэж үзээд байгаа. Иргэний харъяалалтай холбоотой шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэргийн хор хохирлыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Хоёрдугаарт, прокурорын эсэргүүцэл дээр дурдагдсан Б.Батдэлгэр гэж шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх энэ дээр буруу шийдвэр гаргасан гэж үзээд байна. Тэр шинжээч нь Монгол Улсын стандартад 1.5 мм диаметртэй утас байхгүй. Ийм утсаар тавьж болохгүй. 2.5 мм диаметртэй утсаар тавьдаг гэж ярьдаг. Тэгэхээр Б.Батдэлгэрийн дүгнэлт нь “Сант” сургууль дээр өөрөө очоогүй байж гаргасан дүгнэлт гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд хор уршиг шаардаж байгаа. Мөн Улсын Дээд шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн зөвлөмжид Эрүүгийн хэрэгт учирсан гэм хорын асуудлыг яаж үзэх вэ гэсэн байгаа. Барилгын чанартай холбоотой асуудалд эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл учирсан, сэтгэцийн хувьд хүнд байдалд орсон, тахир дутуу болсон, ажлын байраа ашиглах боломжгүй болсон, эсвэл барилга байгууламжаа удаан хугацаагаар ашиглаж чадаагүй болохыг ойлгоно гэж заасан. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага хувьсах зардал улсаас авах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад “Сант” сургууль энэ хувьсах зардлаа аваагүй юм уу, барилга байгууламжаа удаан хугацаагаар ашиглаагүй юм уу, эсвэл дээр дурдсан ямар нэгэн хүнд хор уршиг учирсан юм уу гэдэг асуудлуудын аль нь ч нотлогдоогүй. Энэ хэргийн хувьд гэмт хэргийн шалтгаант холбоо, гэм хорын асуудал тогтоогдоогүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэм хорын асуудлыг тогтоох нь зүйтэй гэж анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, анхан шатны шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Зургаанжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ барилга газар дээр 5 давхар, газар доор 1 давхар, нийт 6 давхар барилга юм. Одоо газар дээр 3, газар доор 1, нийт 4 давхар барилга баригдсан байгаа. Нийт төлөвлөгдсөн барилгын 2/3 баригдсан. Үүнийг барихдаа зарим нэг ажлыг өөр компани гүйцэтгэсэн. Зөвхөн “Бүрэн цутгамал” ХХК хийгээгүй. Барилгын ажлын явцад энэ компани барилгын компаний нөхцлийг хангаагүй, барилгын ажилчдын хүчин чадал дутсанаас олон алдаа дутагдал гарсан. Энэ олон алдааг өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд тодруулахдаа зөвхөн цахилгааны ажлыг тодруулсан. Энэ цахилгааныг тодруулахдаа 119.604.570 төгрөгийн хохирол учирсан гэж шинжээч дүгнэлт гаргасан. Энэ зөвхөн 800 метр утасны үнэ биш. Цахилгаан зургийн дагуу хийгдээгүй. Бүх цахилгааныг шинээр солино. Үүнд үндсэн шүүгээ, давхар хоорондын утаснууд, өрөөнүүдэд орсон утаснууд бүгд дутуу хийгдсэн. Шүүгдэгч Б.Батдэлгэр барилгын цахилгааны утсыг түр тавьсан гэж буруу ярьж байна. Цахилгааны түр утсыг шаварын цаана хийдэггүй. 119.604.570 төгрөгийн хохирлын хэмжээ зөвхөн 800 метр 1.5 мм диаметртэй утасны хохирлын хэмжээ биш. Бүх утсыг солино. Цахилгааны бүх зүйл дахин хийгдэхээс гадна дотоод засал, шавар заслын асуудал яригдана. Эрчим хүчний яамнаас гарсан 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгаа. Тэр комисс зөвхөн цахилгааны хувьд юу, юу буруу хийсэн талаар бүгдийг нь дурдсан. Бусад асуудлыг яриагүй. Мөн цахилгааны зургийг зохиосон зургаар хийгээгүй байна гэж тодорхойлсон. Энэ бүх хохирол тодорхой байна. 2 жил орчим хугацаанд хохирлыг арай гэж тодруулсан. Гэтэл дахиж тодруул гэдэг нь их хугацаа алдана. “Сант” сургуулийг юугаар хохирсон юм бэ гэж энэ хүмүүс хэлээд байна. “Сант” сургууль 1400 хүүхдийн сурах нөхцлийг нь сайжруулахаар хөрөнгө гаргасан. Гаргасан хөрөнгөө одоо болтол ашиглаж чадаагүй байна. Энэ хохирол биш юм уу. Эсвэл тэр буруу хийсэн цахилгааны улмаас гал гарч хүний амь насанд хүрэхээр хохирол нь тогтоодох юм уу. Энэ бүхнийг тооцон прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, бидний хохирлыг хурдан шуурхай барагдуулж өгнө үү...” гэв.

 Хохирогч Д.Зургаанжингийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ хэрэг дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж дүгнэлт гаргуулан хохирлын хэмжээг тогтоолгох ёстой байтал Иргэний хэргийн шүүхийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг барьж байгаа нь үндэслэлгүй гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад томилогдсон шинжээч дүгнэлт гаргах процесс болон гаргаж байгаа дүгнэлтээ хариуцах асуудал адил байна. Тухайлбал, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12775 дугаартай шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар шинжээчид хууль сануулж дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг тусдаа Иргэний процессийн хүрээнд гарсан дүгнэлт учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэх нь үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд “шинжээчийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар томилж болно” гэсэн зохицуулалт байгаа. Заавал Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардалагатай бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж мөрдөн байцаагчаар томилуулах ямар шаардлага байгаа юм бэ. Энэ дээр шүүх өөрөө тогтоол, захирамжаар шинжээч томилох боломжтой гэж үзэж байгаа учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ дээр цаг хугацаа алдахын хэрээр хохирол нэмэгдэж байгаа. Хохирлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа. 119.604.574 гэдэг тоог нийт цахилгааны ажлын хэмжээнд бодож тооцсон ба цахилгааны ажлын зурагт бичсэн байгаа тоо хэмжээнүүд дээр үндэслэж гаргасан байгаа. 2.5 мм диаметртэй утсаар цахилгааныг хийхийг 1.5 мм диаметртэй утсаар сольж хийсэн асуудал ярихаас гадна цахилгааны ажил бүхэлдээ шаардлага хангахгүй, чанаргүй, зураг төслийн дагуу хийгдээгүй. Диаметрийг нарийн утсаар сольж хийснээс гадна цахилгааны утсыг буцааж солих боломжтой тэжээлийн суваг хоолойд сүвлэх боломжтойгоор хийгээгүй, шууд шавардсан гэдэг зөрчлүүд, мөн зургийн дагуу хийгдээгүй гэх мэт өөр бусад зөрчлийн талаар холбогдох шинжээч, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой заасан байгаа учраас 800 метрт хэд байх вэ гэдэг байдлаар тогтоох шаардлагагүй. Бүхэлдээ цахилгааны ажил чанаргүй хийгдсэн учраас үүнийг сольж тавих хэмжээний зардал гарна. Үүгээр хохирлыг хэмжээг тооцох боломжтой. Дараагийн асуудал бол цахилгааны ажлын төлбөрт “Бүрэн цутгамал” ХХК “Сант” сургуулиас 16.758 доллар буюу 29.969.420 төгрөг авсан байдаг. Цахилгааны ажлыг эргэж засах, буцааж хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан зардал хохирлыг мөн тооцох ёстой. Заавал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Д.Зургаанжингийн өмгөөлөгч Л.Дашравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон Б.Мөнхбат өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирол тодорхой биш. Хохирлыг тогтоосон баримт эргэлзээтэй, хэргийг шийдвэрлэх үндэслэл  болохгүй гэдэг шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгэхээр энэ гэмт хэргээс учирч байгаа хор хохирол бол тухайн байгууллага барилга байгууламжаа удаан хугацаанд ашиглаж чадахгүй үргэлжилж байгаа нөхцөл байдал байна. “Сант” сургуульд 1400 хүүхэд сурч байгаа. 600, 700 хүүхэд нэмж сурах бололцоог хангах, спорт заалыг ашиглалтанд оруулж, хүүхдүүдийг эрүүл чийрэг, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгагдсан зүйлээр хангах зорилгоор хөрөнгө оруулсан. Энэ хөрөнгө оруулалт хийсэн барилгаа одоо хүртэл ашиглаж чадаагүй. Улсын комисс энэ барилгыг ашиглалтанд аваагүй. Яагаад гэвэл барилгын цахилгааны зураг төсөлд тусгагдсаны дагуу барилгын ажил хийж гүйцэтгэгдээгүй. Тийм учраас энэ барилгыг албан ёсоор ашиглаж, сургалт хүмүүжлийн ажил явуулалгүй үйл ажиллагаа нь удаан хугацаагаар тасалдсан. Үүгээр хор хохирлын хэмжээг хэмжиж болно. Нэмж хэлэхэд цахилгааны төлбөрт мөнгө шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөний үр дүнд ашиглаж болохгүй цахилгаан тавьсан. Тэгэхээр энэ гэмт хэргийн улмаас “Сант” сургуулийн эрх ашиг хөндөгдөж хохирсон байдлыг шүүх дүгнэж үзэх боломжтой. Г.Шүрхүү төсөвчний дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй бол өөр байдлаар үнэлэх боломжтой баримт хавтаст хэрэгт байгаа. Хохирлын хэр хэмжээг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад цаг хугацаа алдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахиж хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Зургаанжингийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатнаас шинжээч томилж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн  284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Б.Батдэлгэр нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 7 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд 119.604.574 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын үед шалгавал зохих ажиллагаанууд хийгджээ.

Анхан шатны шүүхээс зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйл, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахын тулд зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр ...шүүх тогтоолоор, шүүгч захирамжаар томилно.” гэж зааснаас үзэхэд шүүхээс шинжээч томилон дүгнэлт гаргуулах боломжтой.

Мөн шинжээч томилон дүгнэлт гаргуулахдаа “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажилд 2.5 мм диаметртэй цахилгааны утас орох ёстойгоос хэдэн метрт нь 1.5 мм диаметртэй утас орсон эсэхийг хамтад нь дүгнэлт гаргуулан хохирлын тооцоог тогтоох боломжтой байх тул улсын яллагч Н.Мөнгөнсүхийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, Б.Батдэлгэрт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүхийн тогтоолд дурдсан Иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүйг анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Батдэлгэрт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүх хуралдаан болтол Б.Батдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

                                                                                    Н.БАТСАЙХАН