Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 288

 

“Ц а” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал болон тус

сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                    Г.Банзрагч

                                                   Д.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                          Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах

Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0296 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч сумын Засаг дарга Ө.М,

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з"-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоол”-ыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0296 дугаар магадлалаар: Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц а” ХХК-аас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн захирал М.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1 дүгээр зүйлд тариалангийн талбайг хураан авах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд хариуцагч Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 09 дүгээр тогтоолд хураах гэсэн үг нь бичилтийн илт алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус Захиргааны акт юм. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.3-д зааснаар Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан байна. Шүүх буруу тайлбарлан дүгнэлт хийсэн юм. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Монгол Улсын Газрын тухай хуулиудыг зөрчсөн утга агуулгын илт алдаатай илт хууль бус захиргааны акт юм.

4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоолыг алдаатай гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх тогтоогдоогүй гэсэн нь ойлгомжгүй, илт хууль бус тогтоолыг үндэслэж гарсан Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй юм.

5. “Цээлсант агро" ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “хүндэтгэн үзэх шалтгаанаар эзэмшиж буй талбайдаа үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэсэн албан бичгийг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн байхад шүүх Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг мэдсэн мэтээр ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 221/МА2019/0296 тоот магадлалыг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 40.1.6, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 09 тоот тогтоолыг үндэслэн “... 3 хэсэг нийт 1010 га газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн газар эзэмших 3 гэрчилгээг тус тус хүчингүй болгосон;

9. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолоор “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбайг хураан авахыг сумын Засаг даргад даалгасан, уг тогтоолын үйлчлэлд “Ц а” ХХК-ийн 1010 га газар хамаарсан, нэхэмжлэгчээс “... эрхийн гэрчилгээ хүчингүй болгосныг өнөөг хүртэл мэдэгдээгүй, ...хууль зөрчсөн, хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн илт хууль бус” гэж маргажээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” асуудлыг хэлэлцэхдээ тариалангийн газрын ашиглалтын талаарх сумын Засаг даргын мэдээллийг сонсож “Газар тариалангийн талаар авах арга хэмжээний тухай” 09 дүгээр тогтоолыг гаргасан, уг тогтоолоор “2 жил дараалан тариалангийн газрыг ашиглаагүй гэх 3 аж ахуйн нэгжийн газрыг хураан авах”-ыг сумын Засаг даргад даалгасан, тус тогтоолын үйлчлэлд “Ц а” ХХК-ийн 1010 га газар хамаарсан байна.

11. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх”, Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “тариалангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ тухай Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж тус тус газрын /тариалангийн газрын/ талаарх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан, энэ тохиолдлын хувьд Эрдэнэсант сумын хэмжээн дэх тариалангийн газрын ашиглалтын талаарх судалгааг сумын Засаг даргаас гаргаж тус “Хурал”-д танилцуулсны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сүүлийн 2 жил дараалан “тариалангийн газар”-аа ашиглаагүй газар эзэмшигчдийн “газрыг хураан авах”-ыг Засаг даргад даалгах, “хураан авах” гэсэн нь хуульд нийцээгүй ч агуулгын хувьд “зөрчилтэй” газар эзэмшигчдийн асуудлыг шийдвэрлэхийг Засаг даргад даалгасан гэж үзэхээр байна.

12. Энэ талаар шүүхүүдийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 /з/-д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэсэн дүгнэлт эргэлзээтэй боловч түүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

13. Учир нь нэхэмжлэгч “Ц а” ХХК-д Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг дахь тариалангийн талбайгаас нийт 1010 га 3 хэсэг газрыг үр тариа тариалах зориулалтаар мөн сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/186 дугаар захирамжаар эзэмшүүлж, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ тус тус байгуулж, эрхийн гэрчилгээ тус тус олгосон, нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш тухайн газраа огт ашиглаагүй нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

14. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1-д заасны дагуу “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 2 жил дараалан газраа ашиглаагүйг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сумын Засаг даргын захирамж хуулийн үндэслэлтэй.

15. Үүний зэрэгцээ, нэхэмжлэгч нь маргаан бүхий актууд гарснаас хойш 3 жил гаруй хугацааны дараа шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгосон захирамжийг газар эзэмшигчид мэдэгдээгүй хэдий ч үүнийг мэдээгүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

16. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн захирал М.А-ын хяналтын журмаар гаргасан “хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ц а” ХХК-ийн захирал М.Ариунтулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                        Ч.ТУНГАЛАГ