Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0098

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр           

Дугаар 221/МА2018/0098

Улаанбаатар хот

“Цо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээд “Ов” ХХК-ийн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Г, гуравдагч этгээд Н.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Цо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.3 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийн “Ов” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс доорх байдлаар хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Тухайлбал:

Ховд аймгийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 27 ны өдөр 309 тоот захирамж гаргаж “Цо” ХХК-ны 201700122 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.2, 40.1.3, 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 309 тоот захирамжинд дурдсан хуулийн заалт бүрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг гаргаж шүүхэд ирүүлэхийг хариуцагчаас шаардсаны хариуд хариуцагчаас ирүүлсэн албан тоотод “309 тоот захирамжийн үндэслэл болсон материалыг гаргаж хүргүүлэв” гэж бичсэн мөртлөө ямар нэг нотлох, уншиж үзэх материал, баримт байхгүй байдаг.

Тийм ч учраас өмнө хуралдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 309 дүгээр захирамжийг үндэслэх нотлох баримт байхгүй тул хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Түүнээс хойшхи хугацаанд ч хариуцагчаас ямар нэг нотлох баримт гаргаж ирүүлээгүй, гаргаж ирүүлэх ч материал байхгүй.

Ийм байтал шүүхээс шийдвэр гаргахдаа 309 тоот захирамж гаргасан өдөр буюу 2007 оны 12 дугаар сарын 27-нд Ховд аймгийн Засаг даргын ширээн дээр “Цо” ХХК-ны 201700122 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40.1.2, 40 1.3, 40.1.5 дахь заалтад заасан ямар ямар нотлох баримт байсан, үгүйг нотолж шийдвэр гаргах байтал гаргах шийдвэртэй зориулан хэрэгт авагдсан материалуудыг мушгин гуйвуулж тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ: 1. Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-д “өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх нь” төлбөрөөс чөлөөлөхөөр заасан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд “би сургууль байгуулахаар зөвшөөрөл авсан боловч тухайн үед 10 хоног хичээллээд цаашид ажиллах боломжгүй болсон тул ажиллаагүй” гэх тайлбараас харахад нэхэмжлэгчийн сургууль байгуулах зөвшөөрөл бүрэн утгаараа хэрэгжээгүй, хэлбэрийн төдий байсан болох нь нотлогдож байх бөгөөд Газрын төлбөрийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн гэх нь үндэслэлгүй байна. гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Тайлбар: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид өөрийн эзэмшил газар дээрээ сургууль байгуулах зөвшөөрлийг Ховд аймгийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаар захирамжаар олгосон байх бөгөөд “Цо” ХХК нь 2003 оны 09 дүгээр сар хүртэл буюу эхний 3 улирлын төлбөрийг бүрэн төлсөн болох нь нотлогддог. Ийнхүү сургууль байгуулах зөвшөөрөл олгосны дагуу нэхэмжлэгч “Цо” ХХК нь Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-д заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтээ харьяалах татварын хэлтэст хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байдаг.

Мөн хуулийн дагуу газрын төлбөр ногдуулалтаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудсанд авагдсан гэрч Д.Ө-ын мэдүүлэг, хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн татварын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай албан бичиг, мөн нэхэмжлэгч “Цо” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 170.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч “Цо” ХХК-ийн байгуулсан “П” нэртэй дунд сургууль нь байгуулагдсанаасаа хойш удаан ажиллаагүй боловч, тус сургууль татан буугдаагүй, сургууль байгуулах зөвшөөрөл ч хүчингүй болоогүй, уг сургуулийн байранд өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй 2005 он хүргэсэн юм.

Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулиудад заасан үүргээ биелүүлж, 2003 онд сургууль байгуулах хүртэл хугацааны төлбөл зохих газрын төлбөрийг төлсөн, 2003 оны 4 дүгээр улирал болон 2004 он дуустал хүртэлх хугацаанд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүчинтэй хэвээр байсан тул дээрх хуульд заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй тул энэ хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.

2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөл авч газар эзэмших эрхээ бусдад ашиглуулаагүй, түүнтэй холбоотой гэрээ байгуулж, газрын төлбөрийн асуудлыг харилцан тохиролцоогүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч өөрөө дээрх нотлох баримтууд байхгүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй талаараа тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа “Ов” ХХК-д ашиглуулж байсан гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тайлбар: Хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар 2005 оноос гуравдагч этгээд “Ов” ХХК буюу тус компанийн захирал О.Д ашиглаж, “Иб” нэртэй зах байгуулан ажиллуулж байсан болох нь тогтоогддог бөгөөд маргаж байгаа газар дээр явуулах үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 201700122 дугаар гэрчилгээтэй газрын төлбөрийг төлөх нөхцөл байдал үүссэн. Мөн хэрэгт авагдсан уг газар дээр байрлаж байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдах талаар байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд, мөн уг газрыг хаан банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн талаарх албан бичиг, газрыг барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэл зэргээр гуравдагч этгээд газрыг ашиглаж байсан нь тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар барьцаанд тавьж, эзэмшиж, ашиглаж байгаа этгээд уг эд хөрөнгийн холбогдох зардлыг төлөх үүргийг хүлээснийг харуулж байна. Тиймээс шаардлагатай газрын төлбөрийг төлөх үүргийг гэрээний дагуу бус хуулийн дагуу хүлээсэн болохыг харж болохоор байна.

3. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна” гэж заасан бөгөөд “Цо” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг, хуучин авто засварын заводын 2.128 га газрыг 1996 оноос маргаан бүхий акт гаргах хүртэл хугацаанд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулж, эзэмшиж байсан тул газрын төлбөр төлөгч байна. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”,  35 дугаар зүйлийн 35.3.3-д “газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн тухайд хуульд заасан газрын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. “Газрын төлбөрийг хэн төлсөн нь чухал биш харин төлсөн байх нь чухал” гэж тайлбарлаж байгаа боловч газрын төлбөр 2005-2007  оныг  дуустал  төлсөн  Их  буян  зах  болон О.Д нэрээр  газрын төлбөрийг төлж байсан үйл баримтыг нотолж байгаа болохоос нэхэмжлэгч “Цо” ХХК газрын төлбөрийг төлсөн гэдгийг нотлохгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилж өгсөн ба хуульд заасан үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд “Цо” ХХК Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэл нь нотлогдож байна гэжээ.

Тайлбар: Захиргааны актад тавигдах шаардлага гэж байдаг. Захиргааны актаар иргэн, хуулийн этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байж, баримталсан хуулийн заалт бүр үндэслэлтэй байх ёстой. Хоёрдмол утгатай, ойлгомжгүй байдлыг бий болгосон захиргааны акт нь өөрөө хууль бус байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны актын найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байвал уг захиргааны акт хууль бус болох талаар хуулийн шаардлага тавигддаг.

Тиймээс хариуцагч өөрийн гаргасан захиргааны актыг хууль бус, нотлох баримтгүйгээр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байхад энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдлыг зааж, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг нарийн тусгаж байж: иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах нь эрх зүйт төрийн хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт болох учиртай байхад анхан шатны шүүхээс түүнийг нь зөвтгөж, дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан, нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр болсон.

5. Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийн “Ов” ХХК-д холбогдох хэсгүүд нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй тул байх тул “Цо” ХХК-ийг тус захирамжуудтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Тайлбар: Шүүхээс маргаж байгаа газар дээр үзлэг хийж, хэмжилт хийсэн баримт болон Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Цо” ХХК-ийн газартай гуравдагч этгээд Н.Б-т давхцуулан газар эзэмшүүлсэн гэдэг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн газартай гуравдагч этгээд нарын газрууд бүрэн давхцалтай гэдэг нь тогтоогдсон.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Цо” ХХК нь газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль бус болох нь тогтоогдож байгаа учраас гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж хууль бусаар гарсан буюу хууль зөрчсөн болох нь харагдаж байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг захирамжийг гаргахдаа үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.3, 40.1.5 дахь заалтуудтай холбоотой шалгаж тогтоосон, бүрдүүлсэн, үндэслэл болгосон баримтуудыг гаргуулахыг хүссэн боловч газрын төлбөр төлөөгүйтэй холбоотой ямар ч баримт байдаггүй, бусад үндэслэлээ нотлох баримт угаасаа байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Тиймээс нэхэмжлэгчийг 201700122 дугаар гэрчилгээтэй газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр буруутгаж, газар эзэмших эрхийн дээрх дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь тогтоогдож байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.3, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч “Цо” ХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан 201700122 дугаар эрхийн гэрчилгээ бүхий 2,128 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улмаар маргаан бүхий газарт 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн  2 дахь хэсгээр Н.Б-т үйлчилгээний зориулалтаар 1200 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжаар “Ов” ХХК-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 22135,17 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлүүдийг шалгаж тогтоогоогүй, харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр 201700122 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон гэж маргажээ.

“Цо” ХХК нь 2005 онд үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаж, шилжүүлснээс хойш эзэмшигчийн хувьд уг газрыг өөрийн мэдэлд байлгаж, газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй нь анхан шатны шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогдсон байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргийг тухайн газрыг эзэмшигч “Цо” ХХК хүлээх бөгөөд 2005-2007 оны төлбөрийг Их буян зах болон О.Д нар төлсөн нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу газар эзэмшигч “Цо” ХХК нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах эрхтэй бөгөөд уг эрхийнхээ дагуу өөрийн эзэмшиж буй газрыг гуравдагч этгээд “Ов” ХХК-д ашиглуулахаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна” гэж заасан тул газар эзэмших эрхийн 201700122 гэрчилгээгээр газрыг хууль ёсоор эзэмшигч болох “Цо” ХХК газрын төлбөрөө төлөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 714 дүгээр тогтоолоор “Цо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Д-д холбогдох хэрэгт О.Д болон Д.Э, Т.Н нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх иргэний шүүхийн шийдвэрт тусгагдсан, шийдвэрлэгдсэн асуудлаар анхан шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар хуулийн дагуу хүчингүй болгосон байх учир нэгэнт газар эзэмших эрх нь дуусгавар болсон этгээдийн эрх аймгийн Засаг даргын захирамжаар уг газрыг өөр бусдад эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас хөндөгдөх нөхцөл үүсэхгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар “Ов” ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангасны үндсэн дээр шинээр газар эзэмшүүлсэн байх тул Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ