Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/776

 

 

 

 

    2024           07            04                                        2024/ДШМ/776

 

   Т.Б- холбогдох

                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Б-т холбогдох эрүүгийн2305038190137 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б,

Шүүгдэгч Т.Б-нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудлын 302 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Г-той маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: овогт Т.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, хохирогч Ж.Г нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой нэхэмжлэл болон цаашид хийгдэх хагалгаатай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Б-аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас сэтгэцийн хор уршигт 4.400.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Т.Б нь хэргийн талаар маргадаггүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Т.Б 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Дорно шим Агро” ХХК-д тооцооны нягтлангаар ажилд орсон. Ажилд орсон нь хохирогчид учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг тухайн цалингаасаа төлж барагдуулах боломжтой болсон. Гэтэл шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажлыг хийхэд дээрх ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл үүсээд байна. Иймд Т.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ажилд орсон тул хохирогчийн хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхээс надад нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Уг ялыг хөнгөрүүлж, торгох ялаар өөрчилж өгнө үү. Би эхийнхээ хамт амьдардаг. Давж заалдах шатны шүүхэд өөрийн ажилд орсон талаар нотлох баримтыг шинээр гарган өгч байна. ...” гэв.

 

Прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Гэтэл шүүгдэгч Т.Б нь өнөөдрийг хүртэл хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын 302 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын цагираг мөгөөрсийн урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Г-ийн “...Б бид хоёр ууж дуусаад гарахдаа би найз охинтойгоо уулзаад буудалд байж байя чи хүрээд ирээрэй гэсэн. Би гэрээсээ 19 цаг 30 минут орчимд гараад Эрхэс зочид буудлын 302 тоот өрөөнд орсон чинь Б найз охинтойгоо 2.5 литрийн 1 пиво уугаад сууж байсан. Би ороод Б-тай ууж дуусаад дахиад 1 шил архи авсан байсан тэгээд би санахгүй тасарчихсан байсан. ...Нүдний ухархай цөмрөлттэй, нурууны L1, L2 хугаралттай, зүүн хөл, зүүн гарын мэдрэлийн судсаа дарсан байна гэсэн. Хавирга хугарсан байсан...Би тухайн үед юунаас болж яагаад маргалдсанаа мэдэхгүй байна. ...” /хх 54-55/,

гэрч С.Ж-гийн “....найз залуу Б-ын хамт Эрхэс зочид буудалд 2.5 литрийн хэмжээтэй сэнгүр нэртэй пиво аваад 302 тоот руу орсон чинь Г нь манай найз залуутай ярьж байгаад 30 орчим минутын дараа ирсэн. Манай найз залуу, Г хоёр пиво ууж дуусахад манай найз залуу “одоо болно, маргааш ажилтай” гэсэн чинь Г-нь 20.000 төгрөг өгөөд би найз залуутайгаа хамт дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Хараа, 1 ундаатай аваад орсон. Тэгээд юм ярьж сууж байгаад би жирэмсэн болсон талаараа хэлэхэд Г-нь “өө наад Б чинь угаасаа үргүй шдээ, тэгэхээр чамайг жирэмсэн болгох боломж байхгүй, үргүй биз дээ чи үргүй байж яаж хүүхэдтэй болдог юм” гээд дахин дахин яриад байсан чинь манай найз залуу уурлаад “чи одоо юу гээд байгаа юм” гэхэд Г тамхины хайрцаг шидэхэд манай найз залуу Г-гийн нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгээд Г-нь ээжийгээ дуудаад, манай найз залуугийн хоолойг нь боогоод ухаан алдаж унасан, Г манай найз залуугийн дээрээс дэвсээд байсан. ...” /хх 59-61/,

гэрч Ц.Ц-гийн “...Б намайг зодчихлоо, нүднээс цус гараад байна, та яаралтай хүрээд ирээч” гэж хэлсэн. ...Г, Б хоёр хоорондоо маргалдчихсан “чи намайг ийм болтол зодож байхдаа яадаг юм” гээд миний хүүгийн хацар язарчихсан, хамраас нь цус гарчихсан, өмд, цамц нь цус болчихсон сууж байсан. Би Б-т “чи арай ч дээ, миний хүүг ийм болтол зодоод байхдаа яадаг юм” гэхэд Б миний хүүг ор хана завсрын голоор унагааж өшиглөөд,цохиод байсан, би айсандаа “болиоч ээ, хүүг минь аллаа” гээд К бид хоёр татаад салгасан чинь Б К-ын гарыг хазаж 2-3 удаа цохихоор нь би цагдаа дуудчих гэж хэлээд цамцнаас нь татсан чинь цамцаа тайлж шидчихээд намайг түлхээд гараад зугтаачихсан. ...” /хх 82-83/,

Т.Б-ын яллагдагчаар өгсөн “...хайрцагтай тамхиа шидэхээр нь би давраад байгаарай гээд зүүн хацар луу нь зөөлөн алгадсан. Баахан батгатай болохоор том толгойтой байсан батга нь шалбарч хагараад цус гараад байсан. Тэгэхээр нь би “уучлаарай хөгшөөн, чи намайг цохих юм уу” гээд нойтон салфеткаар арчиж байсан чинь ээжийгээ дуудсан. Тэгээд намайг боогоод унагаачихсан, би манарч босож ирээд бид хоёр хоорондоо бие биеэ цохилцож байхад ээж нь орж ирээд цагдаа дуудсан байсан. ... Би цээж рүү нь цохиж байсан. Бусад гэмтлийг нь бол ямартай ч зодолдож байхдаа үүсгэсэн байх...” /хх 75-77/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ж.Г-ийн биед зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын цагираг мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13222 дугаар дүгнэлт /хх 42-43/,

“...Нийслэлийн шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хүний биед үзлэг хийсэн 13222 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...Ж.Г-ийн биед зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, бүсэлхийн 4, 5, ууцны 1 дүгээр нугалмын цагираг мөгөөрсний урагдал, цүлхийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт сорви гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 254 дүгээр дүгнэлт /хх 91-94/,

“...Ж.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Ж.Г-ийн сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, гутралын шинжүүд илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 280 дугаар дүгнэлт /хх 123-125/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Б ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Т.Б-ын хохирогч Ж.Г-ийн нүүр лүү нь алгадах цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Дашдорж “...Т.Б-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.Болдбаатарын өмгөөлөгч Б.Дашдоржийн ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН