Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2021/00011

 

                                                          

 

 

Б.Үгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/00442 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Үгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Шт холбогдох,

11 763 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Ү, Х.Ш нар нь 2014 оны 10 сараас нэг гэрт орж 2 жил хамтран амьдраад 2016 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа. 2016 оны 02 сарын 17-нд хүү Цэлмэг нь төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамтын амьдралтай байх хугацаанд Х.Шын шаардлагаар Б.Ү нь цалингийн зээл авч 7 000 000 төгрөгийг Х.Шт өгсөн байдаг. Х.Ш нь уг мөнгөөр машин авч одоо уг машинаа өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Х.Шт 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Б.Үгийн Төрийн банкны дансны хуулгаар тогтоогддог. Иймд энэ шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн хамтран амьдрах хугацаанд Х.Шын шаардлагаар түүний өвөөгийн байшинд 3 000 000 төгрөгөөр засвар хийсэн байдаг. Энэ мөнгийг мөн Б.Ү өөрийн цалингийн орлогоос гаргасан. Иймд энэ 3 000 000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Мөн 2016 оны 10 сараас хойш буюу тусдаа амьдарснаас хойш Б.Ү нь Х.Шт 1 109 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн тусдаа амьдарснаас хойш 2020 оныг дуустал Б.Ү нь Х.Шын Төв аймгийн Баянцагаан суманд байрлах хашаа байшингийн цахилгааны төлбөрийг төлсөөр ирсэн. Иймд цахилгааны төлбөрт төлсөн 654 000 төгрөг болон дээрх үндэслэлгүй төлсөн нийт 11 763 000 төгрөгийг Х.Шаас нэхэмжилж байна. Эдгээр мөнгийг Х.Шт шилжүүлж байсан нь Б.Үгийн Төрийн банкны дансны хуулгаар тогтоогддог бөгөөд дансны хуулгыг хэрэгт баримтаар өгсөн байгаа. Иргэний хуулийн 492-р зүйлд зааснаар Х.Шыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хуульд заасны дагуу Х.Шаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11 763 000 төгрөгийг гаргуулж Б.Үд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж  өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Ү, Х.Ш нар нь 2014 оны 10 сараас нэг гэрт орж 2 жил хамтран амьдраад 2016 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа. 2016 оны 02 сарын 17-нд хүү Цэлмэг нь төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Хүү Цэлмэг нь төрөөд хэдхэн сартай байхад Б.Ү нь эхнэр хүүхдээ хаяад явсан байдаг. Миний хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн таних бөгөөд амьдралыг нь ч сайн мэднэ. Хэн хэн нь л хамтын амьдралын хугацаанд амьдралын төлөө зүтгэж ажил бүрийг хийж явсныг нь мэднэ. Х.Ш нь Баянцагаан сумын сургуульд багшаар ажиллаж байсныг нь мэдэх юм. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 онд тусдаа амьдрахдаа хүү Цэлмэгийг 3 нас хүртэл ааваас нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар, үүний хариуд Б.Ү нь машиныг Х.Шт үлдээхээр тохиролцсон юм билээ. Тэгээд Х.Ш нь тохирсны дагуу хүүхдээ 3 нас хүрсний дараа буюу 2020 оны 06 сард шүүхэд хандаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Гэтэл шүүхээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа Б.Ү ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөх болсондоо дургүйцсэн, Х.Шт хорссон үйлдэл гэж үзэж байна. Мөн хамтын амьдралаа эхлүүлэхдээ Х.Шын өвөөгийнх нь амьдарч байсан хашаа байшинд засвар хийн орж байсан бөгөөд энэ байшинд засвар хийхэд зохигчдын хэн хэн нь л өөрсдийн орлогоос зарцуулсан байдаг. Иймд байшингийн засварын зардал гэж 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, баримтаар тогтоогддоггүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Б.Ү нь эцэг хүний энэ үүргийнхээ дагуу хүүдээ өгч байсан 50 000, 100 000 төгрөгөө тооцож 1 109 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн 2015 онд хамтын амьдралтай байхдаа төлж байсан өөрийн хэрэглэсэн цахилгааны мөнгөө нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй. Эдгээр нь Гэр бүлийн эрх зүйн хүрээнд үүссэн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.1, 496.3.1-т зааснаар  Х.Шаас 11 763 000 төгрөг гаргуулах тухай Б.Үгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Үгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.3.1-т зааснаар Х.Шинэрбаяраас 11 763 000 төгрөг гаргуулах тухай Б.Үгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрээс 7 654 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас машин авахаар шилжүүлсэн 7 000 000, 2015-2019 он хүртэл цахилгааны төлбөр 654 000 төгрөг нийт 7 654 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "зохигчдын хөрөнгө, орлого холилдсон байх үндэслэлтэй... хариуцагч Б.Ү нь хүүгээ нялх байхад хаяж явсныхаа дараа хүүхдийн тэтгэлгийг 3 нас хүртэл нь төлж чадахгүй, оронд нь энэ автомашиныг та хоёрт үлдээе, хүүхдээ 3 нас хүрэхээр нь тэтгэлэг төлье гэж тохирсон... тайлбар нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч Б.Үгийн нэхэмжилсэн зүйлс нь Б.Ү, Х.Ш нарын хамтын амьдралтай байх хугацаанд гарсан зардал байна, мөн эдгээр зардал буюу хөрөнгөд зохигчдын хөрөнгө, орлого холилдсон, одоо хэнийх нь оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлон тогтоох боломжгүй байна... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Гэр бүлийн эрх зүйн хүрээнд үүссэн, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй асуудал болохыг дурдах нь зүйтэй" гэжээ.

Зохигчид 2014 оны 06 сараас хамтран амьдарч 2016 оны 02 сарын 17-ны өдөр хүү Ү.Цэлмэгийг төрүүлж, 2016 оны 10 cap хүртэл хамт амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй учраас Б.Ү, Х.Ш нар нь хамтран амьдрагч нар юм. Хамтын амьдралтай хүмүүсийн дундын эд хөрөнгийн маргаан нь гэрлэлтийн баталгаатай гэрлэгч нарын дундын эд хөрөнгийн маргаанаас өөр хуулийн зохицуулалтаар шийдэгддэг бөгөөд тухайн эд хөрөнгийг бий болоход оруулсан хувь хэмжээ, хөрөнгөөр тодорхойлогддог.

Нэхэмжлэгчийн хувьд цалингийн зээл авч 7 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, уг мөнгөөр тээврийн хэрэгсэл авсан, машин нь өнөөдрийг хүртэл хариуцагчид байгаа талаар талууд маргадаггүй. Ийм байтал шүүх зохигчдын хөрөнгө холилдсон, одоо хэнийх нь оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй.

Мөн хүү Ү.Цэлмэгийг 3 нас хүртэл тэтгэлэгт тооцож дээрх хөрөнгийг авсан гэх боловч энэ нь хариуцагч Х.Шын тайлбараар яригддаг, Б.Ү, Х.Ш нар хүүхдийн тэтгэлгийг тохиролцож, тээврийн хэрэгслийг авахаар бол тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах бөгөөд хариуцагчийн татгалзал нь бусад баримтаар тогтоогдоогүй. Мөн хамтран амьдрах хугацаанаас хойш цахилгааны төлбөр 654 000 төгрөгийг Б.Ү нь төлж байсан, уг төлбөрийг Б.Ү нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөх, мөнгө өгөх үүрэггүй атлаа 7 000 000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагч Х.Шыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнг харуулж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд дараах гурван нөхцөл бүрдсэн байх шаардлагатай.

1. Хариуцагч Х.Ш нь 7 000 000 төгрөгийг олж авсан,

2. Б.Үгийн данснаас хариуцагч руу шилжүүлсэн,

3. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ хууль болон гэрээнд үндэслэж шилжүүлээгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496.1, 496.3.1-р шийдвэрлэсэн бөгөөд 496.1-т "Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөр мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. 496.3.1-т "шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан" гэж заалтуудаар шийдвэрлэсэн, хуулийг зөв хэрэглээгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа дээрх заалтын дагуу шийдвэрлэгдэх эрх зүйн харилцаа биш юм. Энэ нь хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар мэдэж буюу андуурж өрийг төлсөн тохиолдолд буцаан шаардах эрхийг зохицуулсан. Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Х.Шын өрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн зүйл огт байхгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах процессын алдаа гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие нэхэмжлэгч Б.Үгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд шүүх хуралдаан 2021 оны 05 сарын 28-ны өдөр болоход Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабт хуульчаар ажиллаж байгаа тухай нотлох баримтыг хурал хойшлуулах хүсэлтийн хамт тус шүүхэд ирүүлэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж хүлээн аваагүй. Харин 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр болсон шүүх хуралдаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажиллаж байгаа талаар нотлох баримт, хүсэлтийн хамт хүргүүлсэн боловч шүүхээс “үл ялих” шалтгаан байна гэж хүсэлтийг хангаагүй. Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчиж, үл ялих шалтгаан мэтээр тайлбарлаж, оролцуулалгүй шийдсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/00442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 7 654 000 төгрөгийг хариуцагч Х.Шаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдахдаа автомашин худалдаж авахад зориулж өгсөн 7 000 000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 654 000 төгрөгийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй болсон гэж үзжээ.

            Харин нэхэмжлэлийн шаардлагаас байшингийн засварт өгсөн 3 000 000 төгрөг, тусдаа амьдарснаас хойш Х.Шт өгсөн 1 109 000 төгрөгийн шаардлагыг шүүх  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ү болон хариуцагч Х.Ш нар нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан ба дундаас нь хүү Цэлмэг төржээ.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байх хугацаандаа автомашин авахад зориулж цалингийн зээл авч 7 000 000 төгрөгийг хариуцагчид өгснөө өөрийн өмч гэж нэхэмжилсэн бол хариуцагч уг мөнгийг 3 жилийн хугацаанд хүүхдийн тэтгэвэр нэхэмжлэхгүй байхаар, үүний хариуд Б.Ү нь машиныг Х.Шт үлдээхээр тохиролцсон гэж тайлбарлажээ.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй байна. Хариуцагчаас нэхэмжилж буй мөнгөөр авсан гэх тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн буюу Д.Хүрэлбаатар гэгчийн эзэмшилд  бүртгэлтэй талаар хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдсан /хх-ийн 58-р тал/, мөн  цахилгааны төлбөрт төлсөн гэх 654 000 төгрөгийг зохигчдын хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэж, нэхэмжлэгчид ногдох хэсгийг гаргуулах Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8., 487 дугаар зүйлийн 487.1.-д  заасан дундын  өмчөөс үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтын дагуу шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчид хамтын амьдралтай байх хугацаанд дундын хөрөнгө бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болдог байна. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх тухай Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан зохицуулалт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан “хуульд зааснаар” гэх үндэслэлд хамаарах боловч зөвхөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д заасан албан ёсны гэр бүлд хамааралтай болно. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул тэдгээрийг гэрлэгчид гэж үзэхгүйгээс гадна тэдгээрийн хамтын амьдралтай байсан үйл баримт нь эд хөрөнгө дундаа хамтран өмчлөх эрхийг шууд үүсгэх үндэслэл болохгүй юм.

Энэ утгаараа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүх зохигчдын хамтын амьдралтай байх хугацааны эд хөрөнгийн маргааныг хянан шийдвэрлэхдээ тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар зөвтгөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/00442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1., 496.3.-т...” гэснийг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8., 487 дугаар зүйлийн 487.1.-д...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 137 454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                                     М.МӨНХДАВАА

                                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР