Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
Хэргийн индекс | 151/2021/00059/И |
Дугаар | 223/МА2021/00012 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 223/МА2021/00012
“Б Х групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2021/00421 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Б Х групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч А.Бт холбогдох,
Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.
Нэхэмжлэгч “Б Х групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн малчнаар ажиллаж байсан А.Б нь ажиллах хугацаандаа хариуцан маллаж байсан адуу малаа дутаан үрэгдүүлж, улмаар адуу малаа шамшигдуулан, компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Малчин А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллахдаа 83 тооны адуунаас бүдүүн морьд, сувай гүү нийлсэн 23 тооны адууг үрэгдүүлж дутаасан. Мөн 6 үхэр, 34 хонь, 12 ямаанаас өнөөдрийг хүртэл нэг ч мал буцаан өгөхгүй байгаа бөгөөд үхэр, хонь, ямааны хохирлыг орон нутгийн зах зээлийн ханшаар бид тооцон нэхэмжилж байна. Үүнд: Үнээ 2, нэг бүрийн үнэ 1 000 000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг, шүдлэн 2, нэг бүрийн үнэ 700 000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг, бяруу 2, нэг бүрийн үнэ 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг, эм хонь /хургатай/ 34, нэг бүрийн үнэ 120 000 төгрөг, нийт 4 080 000 төгрөг, эм ямаа 12, нэг бүрийн үнэ 100 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг. Өөрөөр хэлбэл, А.Баас 6 үхэр, 34 хонь, 12 ямааны хохиролд 9 680 000 төгрөг, мөн дутаасан 23 тооны адууны хохиролд 23 000 000 төгрөг, нийт 32 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би энэ компанид 2018 оны 7 дугаар сараас эхлэн малчнаар ажилласан нь үнэн бөгөөд надад цувуулж увуулан байж 2018 оны 11 сард нийт 83 тооны адуу бүрдүүлж өгсөн. Энэ хугацаанд 7 тооны адууг захирал өөрөө Хөвсгөл аймаг руу 1 морь, Дархан-Уул аймаг руу 4 морь, идшинд 1 морь, өөрийн ах Даш гэдэг хүнд 1 морь, ингээд 7 адууг өөрсдөө бусдад өгч, идшиндээ хэрэглэсэн. 2019 оны 3 дугаар сарын 21-22-ны өдөр хүчтэй цасан шуурга болсон ба тэр үеэр 14 тооны адууг алдсан, хайгаад олоогүй. Үүнийгээ хариуцан ажиллаж байсан Д.Эрдэнэбаатарт хэлж мэдэгдсэн. Харин үхэр, хонь, ямаа зэргийг би өөрөө хүлээн аваагүй, эхнэрт маань авчраад орхисон байсан. Гэвч би тухайн үхэр, хонь, ямааг нь малласан ба мөн захирлын зөвшөөрлөөр “Өгч явуул” гэсэн хүмүүст нь өгдөг байсан. Нийт 42 хонь өгснөөс 8 хонийг бусдад өгүүлсэн. Ингээд 2019 оны 6 дугаар сард болсон үерийн улмаас 20 хонь, 10 ямааг алдсан. Одоо надад 4 хонь, 2 ямаа байгаа. Өөрсдөө надаас ирж уулзаад эдгээр хонь, ямаагаа аваагүй байгаа. Үхрийн хувьд 6 үхэр байснаас 4 нь шуурганд үрэгдсэн. 2 үхэр үлдсэнийг Төмөрчөдөр гэдэг малчинд нь хүлээлгэн өгсөн. Үлдсэн 62 тооны адуу Төмөрчөдөр гээд малчинд хүлээлгэн өгсөн. Мал үхэж үрэгдэх, алга болох тоолонд би хариуцан ажиллаж байсан Д.Эрдэнэбаатарт үзүүлж, танилцуулж байсан. Мал үхэж үрэгдсэн тухай би бичгээр баримт үйлдээгүй, энэ тухай надаас өөрсдөө шаардаагүй. Би Д.Эрдэнэбаатарт малын сэг зэмийг нь үзүүлж байсан. Шуурганд 14 тооны адуу алга болсныг хэлсэн, тэрээр энэ тухай мэдэж байсан. Одоо надад үлдсэн 4 хонь, 2 ямааг хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа ба бусад нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.4, 136 дугаар зүйлийн 136.1, 136.3-т заасныг баримтлан хариуцагч А.Баас “Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32.680.000 /гучин хоёр сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Б Х групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Б Х групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 350 /гурван зуун хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Тус компанийн малчнаар ажиллаж байсан А.Б нь 2019.4.29-2019.09.15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллахдаа 76 тооны адуунаас бүдүүн морьд, сувай гүү нийлсэн 23 тооны адууг үрэгдүүлж дутаасан. Үлдсэн 6 үхэр, 34 хонь 12 ямаанаас хүлээлгэн өгөөгүй буюу нэг ч малыг буцаан өгөөгүй байдаг.
1. Б нь тус компанитай 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019.4.29-нд 76 адуу, 34 хонь, 12 ямаа, 6 үхрийг хүлээн авч, тоо толгойн бүртгэл хийж хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү мал хүлээлцсэн баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Малчин А.Б нь хүлээн авсан малын тоо толгой дээр маргаагүй байдаг. Хөдөлмөрийн гэрээ хийж мал хүлээлцсэн бүртгэлд гарын үсэг зурж хүлээн авснаас хойш А.Б нь хүлээн авсан малаа дутаасан гэдгээ анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа... малыг маллаж байсан нь үнэн боловч байгалийн гамшгийн улмаас алдаж үхэж үрэгдүүлсэн гэдэг тайлбарыг ирүүлсэн. Гэтэл /анхан шатны шүүх хурал дээр хэлсэн тайлбартаа тус компанид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх үедээ анх адууг хүлээн авч маллаж байсан гэх тайлбар хэлдэг/. Энэ үед буюу 2019 оны 03 сарын 21, 22-нд цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас адуугаа алдаж үхэж үрэгдүүлсэн гэдэг. Тус аймгийн "Ус цаг уурын орчны шинжилгээний төвөөс" ирүүлсэн тодорхойлолтоор дээрх цаг үед тус аймгийн Баян сумын нутгаар салхи 4-9 м/с, зарим үед 10-13 м.с агаарын дундаж температур -8.5-10.4С хөрсний дундаж температур -5С, хөрсний үнэмлэхүй бага температур -21C байсан 21-нд хяруу 01:20-09:40 цагт ажиглагдсан бусад хугацаанд цаг агаарын үзэгдэлгүй байсан гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Энэхүү нотлох баримтаар дээрх хугацаанд байгалийн гамшигт үзэгдэл болоогүй гэдэг нь нотлогдож байна. Анхан шатны шүүгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байх хугацаандаа адуу дутаасан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн үед адуу хүлээн авч маллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан ч цаг агаарын үзэгдэл хэвийн байгалийн гамшигт үзэгдэл болоогүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. 2019.04.29-нд хөдөлмөрийн гэрээ байгуулж, адуу, үхэр, хонь, ямаа бүгдийг тоо толгой тус бүрээр хүлээн авч зүсээр тоолж хүлээлцсэн гарын үсэгтэй малын бүртгэл нотлох баримтаар байсаар байтал хүлээлцээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хохирол гаргуулах боломжгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм. Хариуцагч адуу дутааснаа компанийн удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан гэдгээ хүлээдэг бөгөөд өөрөө би захиралд хэлээгүй гэж хүлээдэг. Тус компанийн захирал Н.Мөнхдаш нь 2019 оны 07 сард морь уях гэж уяан дэрээ ирсэн үедээ зүсээр хорь гаруй адуу байхгүй байгааг асуухад ойрдоо олохгүй байгаа гэж илт санаатайгаар худал мэдүүлж нуун дарагдуулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэхгүйгээр хариуцагчийн ам яриагаар шийдвэр гаргасан. Хариуцагч шүүх хурал дээрх тайлбартаа захиралд хэлээгүй нуусан нь үнэн олчих байх гэж бодоод хэлээгүй нь миний буруу гэж хариулдаг. Хариуцан хүлээн авсан адуугаа малчны буруутай үйлдлийн улмаас хайхрамжгүй хандаж компанийн адуу мал дутаасныг илт нуун дарагдуулсан байхад хохирол тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн бусдын адуу малыг өөрт ашигтайгаар завших боломжийг олгож байна. Мөн аж ахуйн менежер Д.Эрдэнэбаатарт хэлсэн гээд байгаа боловч Д.Эрдэнэбаатар нь малчин А.Бтайгаа үгсэн хуйвалдаж нуун дарагдуулсан байдаг. Энэ хэрэгт хариуцагчаар хамт татуулахаар Төв аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус тусдаа хөдөлмөрийн гэрээтэй тул тусд нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүл гэсний дагуу иргэний хэрэг тус тусдаа үүсгэн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Д.Эрдэнэбаатар нь тус компанийн аж ахуйн менежерээр ажиллах хугацаандаа хариуцан ажиллаж байсан малчид нь адуу мал дутаасан хэрэгт хяналт тавьж ажиллаагүй нуун дарагдуулсан, ажлын хариуцлага алдсаны улмаас компанид их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ 2021.03.26-ны өдрийн 66 тоот "Эвлэрэлийн гэрээ "байгуулан СБД-ийн Иргэний хэргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлахаар дамжуулан гэрээ байгуулан хохиролдоо өөрийн өмчлөлийн СБД-ийн 1 хороо, 13 хороолол, 44 дүгээр байрны 55 тоот 35.82 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг "Б Х групп” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж зөвшөөрч эвлэрсэн байдаг.
2. Хариуцагч А.Б нь компаниас хүмүүст адуу, хонийг" өг "гэсэн үүргийн дагуу өг гэсэн хүмүүст нь өгдөг байсан гэдэг. Гэтэл мал хүлээлцсэн баримт дээр адууг хэн хэнд өгснийг нэг бүрчлэн бичиж үлдсэн малыг хүлээлцсэн баримт байсаар байтал шүүгч нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаагүй хайхрамжгүй хандсан нь тодорхой байна. Мөн энэ баримт дээр хонь 42-34 хүлээлгэн өгсөн талаар мөн бичигдсэн байна. Үүнээс харахад хамгийн сүүлд хүлээлцсэн баримаар хонь хасагдаж явсаар хүлээлцсэн өдрийнхөөр 34 гэдэг нь тодорхой байхад зөвхөн хариуцагчийн амаар илт нэг талыг барьж өрөөсгөл шийдвэр гаргаж байгаа нь харагдаж байна.
3. Шүүгч мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл хорогдлыг хасаж жинхэнэ гарсан алдагдлаар тооцох бөгөөд нэхэмжлэгч "Б Х групп" ХХК нь нийт хэчнээн тооны ямар ямар мал бүртгэлтэй байсан болох уг малаас хэчнээн тооны мал үрэгдсэн устсан ямар ямар мал бүртгэлтэй байсан болох уг малаас хэчнээн тооны мал үрэгдсэн устсан талаарх тайлан тооцооны баримт ирүүлээгүй тул энэхүү хорогдлыг тооцоолох боломжгүй гэжээ. Компани нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар зөвхөн үндсэн хөрөнгөд тусгагдсан биет хөрөнгийг бүртгэх тайлагнах үүрэг хүлээдэг. Харин малыг үндсэн хөрөнгөд бүртгэдэггүй болно. Бт хариуцуулан хүлээлгэж өгсөн малын тоо толгой болоод адууны бүртгэл дээр адууны шүдэлбэр, угшил, тамга, зүсний мэдээллийг тодорхой тусгасан бүртгэлээр хүлээлцсэн мөн үхэр дээр үнээ 2, бяруу 2, шүдлэн 2 гэж тус тус тусгасан байна. Бог мал дээр тоо толгойн мэдээллээр тусгасан байгаа нь нотлох баримтаас тодорхой харагдаж байна. Мөн "Итгэлт эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.10.27-ны өдөр хийсэн Адууны үнэлгээн дээр алдагдсан адууны нас, зүс, хурдан морины батламж, бусад бичиг баримт, болон сум дүүргийн засаг даргын дэргэдэх нэгдсэн архив, бусад холбогдох баримт бичгүүдээс тулгуурлан үнэлгээ хийсэн нь тодорхой тусгасаныг нотлох баримт тус бүрийг шинжлэн судалж үзэлгүйгээр зөвхөн хариуцагчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан.
4. А.Баас үлдсэн малыг малчин Төмөрчөдөрт хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй гэжээ. А.Б нь аль ч малыг манай компанид өөрийн биеэр хэнтэй ч тооцоо нийлж хүлээлгэн өгөөгүй. Адууг эзэнгүй орхисон байхад нь бид өөрсдөө цуглуулан олж авсан. Өөртэй уулзахаар компаниас ажилчид очих бүрт гэрээсээ зугтаж нэг удаа ч уулзалдаж байгаагүй. Адуугаа эзэнгүй хээр орхисон үед нь бид өөрсдөө олж авсан. Харин үхэр, хонь ямааг одоог хүртэл манай компанид буцаан өгөөгүй байгаа гэдгийг бид нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд удаа дараа хэлж байсан. Үхэр, хонь, ямаагаа авъя гэж очих бүрт мөн л гэртээ байхгүй биднийг ирсэн сургаар зугтаад уулздаггүй байсан. 2020 оны 9 сард компаниас 2 портер гаргаж хонь, ямаа, үхэрээ авах гэж очиход эхнэр нь гэртээ байсан бөгөөд мөн л Б байхгүй хэдэн тооны мал өгөхийн би мэдэхгүй гэж байсан. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон аж ахуйн менежер Д.Эрдэнэбаатар нь хонь ямааг үерт урссаныг бол хараагүй хонь ямаа ерөнхийдөө туранхайвтар байсан салхи ихтэй хавар ойр ойрхон салхи ихтэй, хүйтэн байсан үерт урссан сэг зэмийг бол хараагүй гэж мэдүүлсэн. Үерт урссан гэж Б амаар хэлж байсан харин 4 үхэр үхсэнийг бол харсан очиж үзсэн гэдэг тайлбарыг шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байтал шүүгч шүүхийн шийдвэртээ сэг зэмийг харсан, үзүүлсэн гэж тусгажээ. Энэ нь хэргийн үйл баримтын талаар гаргасан үнэн бодит зүйлийг нотлох, нотлох баримтын бодитой байдлыг алдагдуулж илт хариуцагчийн талд шийдвэрийг гаргаж нотлох баримтуудыг шинжлэн судлахгүй, гэрчийн мэдүүлгийг илт гуйвуулж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Улмаар хариуцагч талд бусдын мал хөрөнгийг завших боломжийг олгож байна гэж үзэж байна. Хариуцагч адуу малыг хариуцан маллаж байсан нь үнэн миний буруу гэдгээ хүлээсээр байх атал ямар ч нотлох баримтгүйгээр хариуцагчийн үхсэн гэдэг амаар шийдвэр гаргаж байгаа нь хариуцагчийн буруутай үйлдлийг зөвтгөн өөрийнх нь амаар хэлсэн тайлбарыг үндэслэн ямар ч нотлох баримтгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. А.Б нь ялангуяа гаднаа үхсэн бог малын сэг зэмийн зураг болон чих бусад байдлаар нотлох ямар ч нотлох баримтыг компанид ирүүлж мэдэгдэж байгаагүй. А.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1, 2.3, 3.1, 4.1, 6.3-т зааснаар үүрэг хүлээж компанид хохирол учруулсан бол нөхөн төлөх эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан. Гэтэл хариуцагчийн баримт нотолгоогүй ам тайлбараар шийдвэр гаргаж хариуцагчийг хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээх үүрэг, хариуцлагаас чөлөөлсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 151/ШШ2021/00421 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Б Х групп” ХХК нь хариуцагч А.Баас малчнаар ажиллахдаа үрэгдүүлж дутаасан 23 адуу, 6 үхэр, 34 хонь, 12 ямааны хохиролд 32 680 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хариуцагч ...надад цувуулан байж, 83 тооны адуу өгсөн... 7 адууг захирал өөрсдөө бусдад өгч, идшиндээ хэрэглэсэн, 2019 оны цасан шуурганд 14 адуу алга болсон ба эрж хайгаад олдоогүй, хариуцан ажиллаж байсан Д.Эрдэнэбаатарт хэлж мэдэгдсэн, 62 адууг малчин Төмөрчөдөрт хүлээлгэж өгсөн. Нийт 42 хонь өгснөөс 8 хонийг бусдад өгүүлсэн, 20 хонь, 10 ямааг 2019 оны 6 дугаар сард болсон үерт алдсан. Одоо надад 4 хонь, 2 ямаа байгаа, 6 үхэр байснаас 4 нь шуурганд үрэгдсэн, 2-ыг нь малчин Төмөрчөдөрт хүлээлгэж өгсөн одоо байгаа 4 хонь, 2 ямааг өгнө бусад малыг зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг татгалзжээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэргийн нөхцөл байдлыг зохигчдыг мэтгэлцүүлж тогтоохгүйгээр ...хэчнээн тооны ямар мал хэзээ, хэрхэн үрэгдсэн болох нь тодорхойгүй... нэхэмжлэгч компанийн эзэмшилд нийт хэдэн тооны ямар мал бүртгэлтэй байсан болох, уг малаас хэчнээн тооны мал үрэгдсэн, устсан талаарх тайлан тооцооны баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 136.1.-д заасан элэгдэл хорогдлыг тооцох боломжгүй... Баас үлдсэн хэчнээн малыг авч Төмөрчөдөр гэх малчинд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй... гэж нэхэмжлэгчийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тухайлбал, малд ямар элэгдэл хорогдол тооцуулах гэсэн нь хууль зүйн хувьд ойлгомж муутай үндэслэлгүй дүгнэлт болсон.
Нэхэмжлэгч нь хариуцагчид анх мал хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба уг баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, маргаагүй байна. /хх-ийн 14-р тал/ Хариуцагчийн тайлбарласан өөрсдөө бусдад өгсөн гэх 7 адуу, 8 хонийг нэхэмжлэгч нэхэмжлээгүй, хасаж тооцсон байна.
Хариуцагч тухайн компанийн малчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан болон мал хүлээлцсэн баримтад гарын үсэг зурж 76 адуу, 6 үхэр, 34 хонь, 12 ямааг тус тус хүлээн авч маллаж байсан болохоо маргаагүй, тодорхой тооны адууг дараагийн малчинд хүлээлгэн өгсөн талаар зохигчид хэн аль нь тайлбарласан байхад шүүх нотлох үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж, талуудын нотлох үүргийг буруу хуваарилсан байна.
Хариуцагч А.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байхаас гадна 4 хонь, 2 ямааг буцааж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан зохицуулалтад нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь зөвхөн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэггүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнээс гадна иргэний эрх зүйн бусад төрлийн гэрээний дагуу ч үүсэх боломжтойг шүүх анхаарч үзэхгүйгээр ...талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө хүлээлгэн өгсөн гэх 14 тооны адуу алдагдсан байсан бөгөөд тухайн адууны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн эрх зүйн үндэслэлээ хуульд нийцүүлэн тодорхойлж чадаагүй нь буруу. Хариуцагч анх цувуулан байж 83 тооны адууг маллахаар хүлээж авснаа маргаагүй байхад шүүх иргэний процессын эрх зүйн нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарах онолын зарчим болон гэрээний үүргийн эрх зүйн зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх хуулийн шаардлага хангахгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хуулийн этгээдийн нэхэмжлэл нь тухай компанийн албан ёсны хуудсан дээр бичигдсэн боловч тухайн хуулийн этгээдийн тамга тэмдгээр баталгаажуулаагүй, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтад тодорхойгүй байгааг анхаарвал зохино.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2021/00421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Ц.ӨРНӨНДЭЛГЭР