Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2021/00013

 

                                                          

 

 

 

З.М, Т.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2021/00491 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.М, Т.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мд холбогдох,

Зээлийн төлбөр 40 216 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн З.М, Т.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Нэхэмжлэгч З.М нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Б.Мд 1 500 000 төгрөг хариуцагчийг "Надад туслаач" гэхэд нь, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 750 000 төгрөгийг "нөхөртөө зодуулаад хэцүү байна" гэхэд нь 2015 оны 05 дугаар сард 3,920,000 төгрөгийг "цэцэрлэгийн санхүүжилт хийнэ" гэхэд нь, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөг "хот руу ажил хөөцөлдөх шаардлагатай боллоо" гэхэд нь, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөгийг "хүнтэй ярина" гэхэд нь бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 156 000 төгрөгийг "Батсүмбэрт байдаг найзаас зээл гаргана" гэхэд нь, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй ломбардад өөрийн ээмэг бөгжөө барыдаалж 2 000 000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 2 000 000 төгрөгийг "Төв аймгийн БСУГ-аас цэцэрлэгийн тайлан гаргаж авна" гэхэд нь, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдер 8 000 000 төгрөгийг "Цэцэрлэгийн санхүүжилтийг бүтээхийн тулд мөнгө хэрэгтэй" гэхэд нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 750 000 төгрөгийг "Сүхээгийн байранд цэцэрлэгийн байрны түрээсэнд телнө" гэхэд нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1 500 000 төгрөгийг тус тус зээлүүлсэн. Мөн хариуцагч нь энэ хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн ЗМ дэлгүүрээс 580 700 төгрөгийн барааг зээлж авсан байдаг. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "хүүхэд сургуульд оруулах хүний хоолны мөнгө хэрэгтэй" гэж Ч.Лхагвасүрэн гэх хүний 5721340022 дугаартай дансаар 255 000 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5721177021 дугаартай дансаар 150 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр кредитын зөрүү өгнө гээд Б.Батболд гэх хүний 5721320719 дугаартай дансаар 210 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөн кредын зөрүү хэрэгтэй гэж Цэцэгжаргал гэх хүний 5042217952 дугаартай дансаар 960 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Энхжаргал гэх хүний 5041078097 дугаартай дансаар 1 360 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаартай дансаар 200 000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаартай дансаар ромбоны мөнгө гэж 250 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаартай дансаар ромбоны мөнгө гэж 26 000 төгрөг, бэлнээр 139 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн сансарын Шатахуун түгээх станц дээр 650 000 төгрөг бэлнээр тус тус зээлж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Мд мөнгө зээлүүлэхдээ зээлийн гэрээг амаар хийж харилцан үүрэг хүлээж мөнгө өгдөг байсан.

Дээрх бүгд мөнгөний үнийн дүн нийт 26 416 100 төгрөг болсон байдаг бөгөөд үүнээс хариуцагч Б.Мгөөс 10 800 000 төгрөгийн буцаан авсан бөгөөд 15 616 000 төгрөгийн авлага үлдсэн. Нэхэмжлэгч нар хариуцагчийн Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж 21 дүгээр байрны 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцийг өөрийн нэр дээр шилжүүлж Хас банкинд барьцаалж 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 36 600 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг хариуцагч Б.Мгийн нэхэмжлэгч нараас зээлсэн мөнгийг төлөх зорилгоор авсан бөгөөд 12 000 000 төгрөгийг хариуцагч Б.Мд бэлнээр өгөөд үлдсэн 24 600 000 төгрөгөөс 5 500 000 төгрөгийг Р.Зулбаярт, нэхэмжлэгч урьд нь Р.Зулбаяраас 5 000 000 төгрөгийг зээлж хариуцагч Б.Мд зээлүүлсэн байсан. Мөн иргэн Г.Ааваргасүрэнд 10 500 000 төгрөгийг өгсөн нэхэмжлэгч урьд нь Г.Аваргасүрэнгээо 10 500 000 төгрөгийг зээлж хариуцагч Б.Мд зээлүүлсэн байсан. Мөн нэхэмжлэгч Т.Гын хадгаламжийн дэвтрийг барьцаалан авсан байсан зээлийг 3 600 000 төгрөгөөр төлсөн. Мөн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй Ломбардад өөрийн ээмэг бөгжөө барьцаалж авсан 2 000 000 төгрөгийн өрийг барагдуулаад үлдэгдэл 3 000 000 төгрөгийг хариуцагч Б.Мд зээлүүлсэн өрийг төлж барагдуулсан.

Ийнхүү нэхэмжлэгч нар хариуцагчид зээлүүлсэн мөнгийг хариуцагч буцааж бүрэн төлж барагдуулсан гэж үзээд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 21 дүгээр байрны 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас чөлөөлүүлэх тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын дунд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг "дүр үзүүлсэн" хэлцэл гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Хас банкнаас авсан 36,600,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б.Мгөөс жич нэхэмжлэх эрхтэй байхаар 151/ШШ2020/01275 дугаартай шийдвэр гаргаж уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд хариуцагч Б.Мгөөс Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргин гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөр 24 600 000 төгрөг өмнө зээлүүлсэн 15 616 000 төгрөг, нийт 40 216 000 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага маш тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн төгсгөлөөс харахад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мд нийт 40 216 000 төгрөгийг зээлүүлж, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулж хариуцагчаас нийт 40 216 000 төгрөгийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл "гаргасан юм шиг ойлгогдож байна. Тодруулбал: 24 600 000 төгрөгний шаардлага нь ойлгомжгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийн харилцаа гэж үзэх боломжгүй байна.

Нэг дэх шаардлага болох 24 600 000 төгрөгийн хувьд: Хас банкнаас хариуцагч Б.М би бие даан 36 000 000 төгрөгийн зээл аваагүй, Ямар нэг хүнтэй дээрх гэрээний үлдэгдэл 24 600 000 төлөх хэлцэл хийж, төлөх үүрэг хүлээгээгүй. Дээрх зээлийн хамтран хариуцагч Б.М би биш 36 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл 24 600 000 төгрөгийн төлбөрийг надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 36 600 000 төгрөгийн зээлдэгч нь З.М, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Т.Г байна. Энэ зээлд хариуцагч Б.М ямар нэг гарын үсэг зурж төлөх үүрэг хүлээгээгүй ба зээлийн оролцогч гэж харагдахгүй байна. Мөн энэ зээл нь урьд хийгдсэн анхан шатны шүүх хурал дээр төлөгдөөд дууссан хаасан гэж яригдаж байсан. Харин зээлийг Мыг банкнаас авсан хойно уг зээлийн мөнгөнөөс 12 000 000 төгрөг авсан учир анхан шатны шүүхээс Б. Мгөөс дээрх зээлээр авсан 12 000 000 төгрөгийг Б.М төлөх ёстой гэж Б.Мгөөс гаргуулж Мд олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлээс зээлүүлсэн мөнгөнүүдийн хугацааг харвал: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилсэн байна. Нэхэмжлэгч түрүүчийнхээ зээлсэн мөнгийг бүрэн аваагүй байж дараачийн зээлийг өгсөн, мөн удаа дараа өөрийнхөө эд зүйлийг барьцаанд тавьж, мөн хүнээс их хэмжээний зээл авч хүнд эргүүлээд зээлүүлээд байгаа идэвхтэй үйлдлүүдээс харахад өөрт ямар нэгэн ашиг олох зорилготой байсан байж болохоор харагдаж байна. Нэхэмжлэгч дээрх мөнгөнүүдийг 10-15%-ийн хүүтэй, мөн өдрийн 4%-ийн хүүтэй хариуцагчид өгсөн гэдэг нь М өөрөө хүлээн зөвшөөрч өөрийг гараар бичиж өгсөэ М нарын хооронд тооцоо нийлсэн баримтаас маш тодорхой харагдаж байна. Тэгсэн атлаа шүүхэд хүү авсан, хүүтэй өгсөн талаараа огт дурдаагүй нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд авсан мөнгөнүүдээ тооцоо нийлсэн баримт, шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл хоёр нь хоорондоо эрс зөрүүтэй нь эргэлзээг төрүүлж байна.

1. Нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Б.Мд 6 сарын хугацаанд нэхэмжлэлийн өргөдөлд бичсэн мөнгө нийт 8 670 000 төгрөг,

2. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд зээлсэн гэх мөнгө нь 15 406 000 төгрөг,

3. Дэлгүүрээс авсан бараа 580 700 төгрөг бусад мөнгөтэй нийлээд 4 780 700 төгрөг,

Дээрх мөнгөнүүдийг нэмж үзэхээр нийт 28 856 000 төгрөг болж байна. Гэтэл нэхэмжлэгч дээрх мөнгөнүүд нь нийт 26 416 100 төгрөг болсон гэж бичсэн нь зөрүүтэй байна. Энэ мөнгөнөөс хэдэн сарын хэдний өдөр өгсөн гэдэг нь нэхэмжлэлээс харагдаж байгаа боловч, түүний тооцоо нийлсэн он сараас эрс зөрүүтэй бичигдсэн, буцааж авахдаа хэдэн төгрөгийг нь хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг авсан нь тодорхой бус нийт авсан дүнгээ бүгдийг нийлүүлээд бичсэн нь зээлийн гэрээний зорилго, зарчим алдагдаж үүнээс хугацааг харах ямар ч боломж харагдахгүй байна. Мөнгө өгсөн, авсан хугацаа нэхэмжлэл гаргах хугацаанд маш чухал ач холбогдолтой. Тодруулбал 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 8 670 000 төгрөгийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны едөр хүртэлх зээлсэн гэх 15 406 000 төгрөгийн, мөн дэлгүүрийн бараа бусад 4 780 700 төгрөгийн нэхэмжлэлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдээр дуссан харагдаж байна. Харин нэхэмжлэгч дээрх зээлсэн гэх мөнгөнүүдийн талаар шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ямар нэгэн шаардлага нэхэмжлэл гаргаагүй ба харин 2016 оны 08 дугаар сарын 02-ны едөр орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн учир байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан болохоос зээлсэн мөнгөний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл огт гаргаагүй байна. Энэ нь нэхэмжлэгч хуульд заасан шаардах эрх дууссан хойно нэхэмжлэл гаргасан байж болохоор харагдаж байна.

Нэхэмжлэгчийн зээлүүлсэн гээд нэхээд байгаа 15 616 000 төгрөгөөс төлсөн мөнгө, үлдсэн мөнгө, мөн аваагүй мөнгөнүүдээ тодруулан тайлбарлах нь:

Нэг: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлсэн гэх 8 670 000 төгрөгийг тайлбарлахад: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн гэх 1 500 000 төгрөг: Мы хүү Билгүүнийх нь дансанд 600 000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн. 900 000 төгрөг үлдсэн. 2015 онд Хадаа эгчид өгнө гээд 200 000 төгрөгийг хүүд нь 50 000 төгрөг нийт 250 000 төгрөг өгсөн. Мөн Болороод 300 000 төгрөгийг өгнө гээд хүүд нь 25 000 төгрөгийг нэмж 325 000 төгрөг болгож өгсөн. М өөрөө хүү өгөв гэж дээрх хоёр мөнгөн дээр гарын үсгээ зурж өгсөн. Энэ баримтыг нотлох баримтаар өглөө. Энэ баримт дээр М өөрөө хүү өгөв гэсэн гарын үсэг бичиж өгсөн байгаа. Дээрх мөнгөнүүд нь нийлээд 1 175 000 болж байгаа үлдэгдэл нь 325 000 болж байгаа.

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 750 000 төгрөг: Хэнээс авч өгснийг нь би мэдэхгүй. Энэ мөнгөнөөс М өөрөө нотариат 25 000 төгрөг, хас 18 500, нэх 8500, түмэн од 18 800 төгрөг гэж бичээд энэ нь 70 800 төгрөг авсан гэж бичсэн. Дээрх мөнгөнүүдийг хасахаар 1 679 200 төгрөг болж байгаа.

2015 оны 05 дугаар сард 3 920 000: Энэ мөнгийг Мы өр тооцож бичиж өгсөн ноорог дээр 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг 10%-ийн хүүтэй Аагий гэж хүнээс авсан гэж өгсөн. Энэ мөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 920 000 төгрөгийн хүүтэй 3 920 000 төгрөг болгож төлж дууссан. М өөрийн гараар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 920 000 төгрөг төлөв гэж бичиж өгсөн.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 би энэ мөнгийг аваагүй. /Бидний хийсэн тооцоон дээр байхгүй/

2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөгийг бэлнээр авч явсан: Би аваагүй. /Бидний нийлсэн тооцоон дээр байхгүй/

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 156 000 төгрөг бэлнээр авсан: Үүнийг өдрийн 4%-ийн хүүтэй өгсөн. Би 368 160 төлөөд үлдсэн 255 840 төгрөг М би төлсөн гэж бичиж өгсөн. Сувдаа гэж хүнээс авч гэж хэлсэн. Энэ мөнгөнүүдээ надад хүүтэй өгсөн атлаа нэхэмжлэлд хүүтэй өгсөн хүү авсан талаараа огт дурдаагүй байна.

Хоёр: 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 15 406 000 төгрөгийг тайлбарлахад: 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг авсан. Энэ мөнгийг 2016 оны 05 дугаар сард би 4-р зөрлөгөөс 680 000 төгрөг авч ирж Хүмүүн цогцолбор сургуулийн үүдэнд 00-65 дугаартай Мэндээгийн машин дотор өгсөн. Үүнийг Буянгэрэл гэрчилнэ.

2016 оны 04 сард 2 000 000 төгрөг 12 хоногийн хугацаатай аваад 2 960 000 болгож өгсөн. /Үүнийг өөрөө авав гэж бичиж өгсөн /.

2016 оны 04 дүгээр сарын 20-н өдөр Аагийгаас 8 000 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй авсан. Энэ өгсөн мөнгөнөөс хасагдана.

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 750 000 авсан гэсэн: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зулаагаас 720 000 төгрөг авсан гэж надад авч ирж өгсөн. /он cap зөрж байна /.

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500 000 төгрөг 10%-ийн хүүтэй аваад 200 000 өгсөн, 300 000 үлдсэн гэж өөрөө бичиж өгсөн. Энэ нь он сараараа таарч байна. Энэ мэт надад өгсөн мөнгөнүүдээ 10%-ийн хүүтэй өгч байсан нь энэ баримтаар батлагдах болно.

2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1 500 000 зээлүүлсэн гэсэн байна. Үүнийг аваагүй. /Энэ мөнгө бид хоёрын хийсэн тооцоонд байхгүй./

Гурав: Дэлгүүрээс авсан бараа 580 700 төгрөг, Бусад хүн рүү Маас шилжүүлсэн мөнгө гэж нэхэмжлэлд бичсэн нь нийт 4 780 700 гэж нэхэмжилснийг тайлбарлахад: Бид хоёрын хийсэн тооцоогоор Мы өөрийнх нь гараар бичсэн дэлгүүрээс авсан тооцоо нь 353 700 төгрөг болж байна. /Өөрөө нэг бүрчлэн бичсэн./

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Лхагвасүрэнгийн данс руу шилжүүлсэн 255 000 энэ нь үнэн Мы бичсэн тооцоотой, өөрөө гарын үсгээр бичсэнтэй таарч байна.

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 150 000 авсан энэ нь бидний хийсэн тооцоонд байгаа ба өөрөө бичиж өгсөн.

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 210 000 авсан.Энэ бидний нийлсэн тооцоонд байна. Өөрөө зөвшөөрч бичсэн.

2016оны 05 дугаар сарын 06-ны өдөр 960 000 авсан бидний нийлсэн тооцоонд байна. Өөрөө бичсэн байна.

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200 000 төгрөг авсан. Энэ нь тооцоонд байгаа. Өөрөө бичсэн.

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 250 000 авсан нь бидний нийлсэн тооцоонд байгаа

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 26 000 төгрөг авсан бидний нийлсэн тооцоонд байгаа. Он cap нь таарч байна.

2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 650 000 авсан бидний нийлсэн тооцоонд байгаа

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 360 000 төгрөг: Би аваагүй. Үүнийг нэхэмжлэхдээ Энхжаргалын данс руу шилжүүлсэн гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М Мөнхбаатар М бид гурав 04-22 ТӨА маркийн Мгийн эзэмшлийн Супер портерыг Яармагт миний танихгүй Мы таньдаг Энхжаргал гэж хүнээс М нь зээл авахыг тулд барьцаанд тавиад Энхжаргал нь эхлээд машин барьцаанд тавьсан Мөнхбаатарын данс руу 1 000 000 төгрөг хийсэн. Дараа нь М, Мөнхбаатар, М гурав цуг яваад Энхжаргал гэх миний таних хүнтэй М өөрөө яриад 2 500 000 төгрөгийг 15%-ийн хүүтэй Энхжаргалаас М зээлэх гэж байгаа гэж ойлгуулаад Мд өгүүлээд, М авсан 2 500 000 төгрөгөө тэр дор нь Энхжаргал Мөнхбаатар хоёрын дэргэд Мд өгсөн.

М буцаагаад 2 500 000 төгрөгийг хүүтэй нь Энхжаргалд төлж портер машинаа авсан. Иймд Энхжаргалаас авсан мөнгийг М өөрөө Маар дамжуулж төлсөн болохоос М нь миний өмнөөс Энхжаргалд мөнгө төлөөгүй. Иймд 1 360 000 төгрөгийг би Мд төлөх ёсгүй. М би хувийн цэцэрлэг ажиллуулж байсан санхүүжилтийн мөнгийг Мтай цуг очиж аваад М би өөрийнхөө дансаар Энхжаргал руу шилжүүлчихье гээд бэлэн авч шилжүүлсэн. Энэ мөнгийг би Маас зээлээгүй учир зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа хариуцагчаас нотлох баримт болгож шүүхэд өгч байгаа нэхэмжлэгч хариуцагчдын хооронд зээлсэн мөнгөнүүдийн тооцоог нийлж Мы өөрийн гараар бичиж өгсөн ар өвөргүй 1 хуудас баримтыг хэний гарын үсгээр үйлдэгдсэн болох, энэ бичвэрүүд нь Мы гарын үсэг мөн болох талаар шүүхээс шинжээч томилуулах дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ нотлох баримт дээр 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 500 000 аваагүй, М ээжээсээ авч өгсөн 1 500 000 төгрөг хоёрт хариуцагч би аваагүй М гэж гарын үсгээ татгалзаж зурсан гарын үсэг нь зөвхөн миний гарын үсэг бусад бүх бичвэрүүд нь нэхэмжлэгч Мы гарын үсэг юм.

Би Маас нийт 28 966 300 төгрөгийг ихэнхийг нь хүүтэй авсан. Буцаад хүүтэй төлсөн мөнгө 21 577 300 төлсөн. Иймд бид хэн аль нь хууль зөрчиж хүүгийн гэрээг бичгээр хийгээгүй байж нэг нь хүү авч, нөгөө нь хүү өгч байсан. М нь Мд өндөр хувийн хүүтэй мөнгө өгч хүүгээ авч байсан учир хохирч үлдээгүй гэж үзэж байна. Иймд одоо би зээлийн үлдэгдэл төлөх ёсгүй.

Иргэний хуулийн 281.1 зээлдэгч мөнгийг шилжүүлсэн боловч зээлдэгчтэй зээлийн гэрээний хугацаа тохирсон байх ёстой. Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд зээлийг хэдий хугацаатай өгсөн, авсан гэдэг нь огт харагдаж нотлогдохгүй байна. Хэрвээ нэхэмжлэгчээс дээрх зээлсэн мөнгөнүүдийн хугацааг нарийн гаргаж нэхэмжилбэл зээлдэгч зээлийн хугацааг сунгасан эсэх, хугацаа хэтэрсэн эсэхийг зайлшгүй нарийн харах шаардлага гарах ба энэ хугацаанаас мөнгөнүүдийг шүүхээр нэхэмжлэх хугацааг ч нарийн тогтоох шаардлагатай. Мөн хуулийн 282.3 хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан. Би тухайн үеүдэд 10-15%, зарим мөнгөнд тодруулбал 2 700 000 төгрөгийг өдрийн 4%-ийн хүүтэй өгч байсан. Иймд нэхэмжлэгч хүүтэй зээлж байсан учир М би хохирч, М нь үндэслэлгүй хөрөнгөжиж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,216,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч З.М, Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.М, Т.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 71.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 151/Ш32021/01397 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.М давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч З.М Т.Г нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 40 216 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Төв аймаг дахь сум ундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.28-ны хянан шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан зээлийн хэлцэл бий болсон байна гэж зөв дүгнэсэн атлаа зээлийн гэрээ байгуулагдсан өөрөөр хэлбэл мөнгө зээлсэн өгсөн авсан гэдгээ зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, мөн хуулийн 38.1 дэх хэсэгт заасанчлан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлж нотолж чадаагүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Мд зээлүүлсэн мөнгөн дүнгээ он cap цаг хугацаа, мөнгөний хэмжээтэй нь бүрэн нотолж шүүхэд баримтуудаа гаргаж өгсөн байдаг, мөн хариуцагч нь өмнө эрүүгийн тоот хэрэгт гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчээс мөнгө зээлж авч байсан нь үнэн талаараа хангалттай мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлгийн үед дээрх баримтуудыг хангалттай шинжлэн судалсан байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлж нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг үндэслээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019.08.01-ний өдөр хэмээн дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нарын зүгээс зээлийн гэрээг амаар байгуулсан цаг хугацаанаас эхлэн хариуцагчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар удаа дараа шаардаж байсан. Тодруулбал Б.М нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний үнийн дүнд багтааж 2016.08.02-ны өдөр нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж өөрийн эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Нацагдорж 21 байр 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгсөн байдаг. Мөн хариуцагч нь 2017.01.07-ны өдөр нэхэмжлэгч нарт мөнгө өгөх талаар Баталгааг өөрийн гараар бичиж өгсөн байдаг үүн дээр зохигчид маргадаггүй МУ-ын Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно" гэж заасны дагуу тус баталгааг гаргасан байна.

3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаандаа хууль хяналтын байгууллагад гомдол гаргаагүй гэж дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж тоолсон эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нар Төв аймгийн Цагдаагийн газар хариуцагчид холбогдуулан гомдол гаргасан байдаг бөгөөд Төв аймгийн Прокурорын газраас 2017.02.23-ны өдөр 149 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар "зээлийн гэрээгээр мөнгө өгч авсан нь тогтоогдсон байна, гэхдээ эрүүгийн хэрэг биш иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн байдаг. Дээрх хугацаанд хариуцагч нь Эрүүгийн тоот хэрэгт яллагдагчаар татагдаж эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байдаг. Тухайлбал хохирогч Ч.Цэцгээ нь 2017.01.04-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад улмаар Эрүүгийн хэрэг үүсгээд МУ-ын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2019.10.23-ны өдрийн 538 дугаартай тогтоолоор Б.М нарыг гэм буруутай хэмээн эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн боловч тус шүүхийн шүүгчийн 2019.01.02-ны өдрийн 96 тоот захирамжаар дээрх Эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн хариуг нэхэмжлэгч З.М нарт өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдуулан худалдан авсан байраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2018.06.07-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс худалдах худалдан авах гэрээг "дүр эсгэсэн хэлцэл" гэж үзээд зээлсэн мөнгөө жич нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэж Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 223/МА2020/00024 дугаартай магадлалаар тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж баталгаажсан байна.

4. Хэрэгт цугласан бичгийн нотлох баримт нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар удаа дараа /2015 оноос 2021 оныг хүртэл/ гаргаж байсан гомдол зэрэг анхан шатны шүүхээс дутуу дүгнэлт хийсэн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тодорхойлсон, мөн хуульд заасан шаардах эрх хэдий үеэс эхлэх үүссэн эсэхийг тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.28-ны өдрийн 151/ШШ2021/00491 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан байна.

Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх  явдал юм.

Нэхэмжлэл тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэх үндэслэл бөгөөд өөрчлөх боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч З.М. Т.Г нар хариуцагч Б.Мд холбогдуулан 40 216 000 төгрөг гаргуулах  шаардлагаа Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр, өмнө зээлдүүлсэн 15 616 000 төгрөг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч нар шаардлагынхаа үндэслэлд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид удаа дараа мөнгө болон дэлгүүрээс бэлэн бараа зээлдүүлсэн талаарх үйл баримтуудыг дурдсанаас гадна шүүх хуралдаанд  тайлбарлахдаа ...байраа шилжүүлэх замаар банкнаас бид хоёроор зээл авхуулж, зээл, хүүгийн төлбөрийг Б.М хариуцахаар аман болон бичгээр хэлцэл хийж, байраа шилжүүлж, банкнаас зээл авхуулсан...банкны зээлд М 1 600 000  төгрөг болон 11,12 сарын хүү төлсөн, өөр төлбөр хийгээгүй учраас банкны зээлийг төлж хаасан... гэжээ.

Хариуцагч Б.М банкнаас авсан зээлийн үлдэгдэл 24 600 төгрөгийн  төлбөрийг төлөх үүргийг хэлцэл хийж хүлээгээгүй тул нэхэмжлэх үндэслэлгүй...2015, 2016 онд зээлсэн мөнгө болон барааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан... Маас нийт 28 966 300 төгрөгийн ихэнхийг  хүүтэй авч, 21 577 300 төгрөгийг хүүтэй нь төлсөн...хүүгийн гэрээг бичгээр хийгээгүй байж өндөр хувийн хүүтэй мөнгө өгч хүү авч байсан тул М хохироогүй...би зээлийн үлдэгдэл төлөх ёсгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзжээ. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэж, зээлүүдийг өгсөн хамгийн сүүлчийн хугацаа болох 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн прокурорын байгууллагад хандаж хариу авсан үеэс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2.-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн,эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь хэргийн болон шүүхийн харьяалал, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, хөөн хэлэлцэх хугацаа тоолох, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болох юм.

Зохигчдын хоорондох маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тогтоохгүйгээр маргааны зүйл тодорхой бус болохоос гадна маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүх оновчтой хэрэглэж чадахгүй тул шүүхийн шийдвэр нэг талаас үндэслэл бүхий болохгүй, нөгөө талаас хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоохоос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм.

Анхан шатны шүүх эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, хэргийн оролцогчдын шаардлага, үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг  хүлээн авах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/00491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч З.Мд буцаан олгохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                                     М.МӨНХДАВАА

                                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР