2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/05041

 

 

 

 

2023 12 20 184/ШШ2023/05041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Х овогт Хын V /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Халбагад овогт Дын М /рд:****/-т холбогдох,

 

Ажлын хөлс 8,055,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 3,283,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.V, хариуцагч Д.М , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ч, гэрч Г.Б, Х.М, Б.Д, Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 1 дүгээр сарын эхээр Х.V миний бие зарын дагуу Д.М дээр барилгын дотоод заслын ажил хийхээр анх очиж уулзсан. Ажил хийж эхлэхэд 1 өдрийн 80,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. 2023 оны 01 сарын 08-наас 07 сарын 11-ний өдрийг хүртэл Д.М тай хамт ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах З хотхон болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах А хотхонуудын дотоод заслын ажлыг 6 сарын 180 хоногоос сард 5 удаа амарсан гэж тооцож 150 хоногоор тооцоолж нэхэмжлэлээ гаргасан. Би 150 хоног ажиллахдаа 4,400,000 төгрөгийн цалин авсан. Ажилчдын цалин болох 2,000,000 гаран төгрөгийг миний дансанд хийснийг би цааш нь дамжуулсан. Би 150 хоногийн цалинд 12,000,000 төгрөг авах байснаас 4,445,000 төгрөгийг хариуцагчаас өгсөн. Үлдэгдэл 7,555,000 төгрөгийг өгөөгүй. Мөн 2023 оны 07 сарын 20-нд 9 айлын цагаан замаск 3,000,000 төгрөгт хийгээд өгөөч гээд гуйсан. Энэ ажлаас нь 6 айлын цагаан замаск буюу 2,000,000 төгрөгийн ажил хийсэн боловч 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх 500,000 төгрөгийг өгөөгүй. Иймд нийт үлдэгдэл 8,055,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай Ш ХХК нь бусад байгууллагатай гэрээ хийж, барилгын заслын ажлын туслан гүйцэтгэгчээр ажилладаг. 2023 оны 01 сард анх зарын дагуу ажиллахаар ирж байсан. Х.Vтэй анх ярилцаж тохиролцохдоо хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр ажлын хөлс бодож өгөхөөр тохиролцсон бөгөөд өдрөөр тооцож ажлын хөлс өгнө гэдэг зүйл огт яригдаагүй. Х.V нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлаа хийж дуусгаж чадаагүй дундаас нь орхиод явсан. Би үлдсэн ажлыг нь өөр хүмүүст ажлын хөлс өгч хийлгэсэн ба зарим ажил нь одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа. Би ажлын хөлсийг нь гуйхаар нь урьдчилаад өгөөд байдаг байсан Би Х.Vд хийсэн ажлаас нь харин ч илүү мөнгө өгсөн байсан. Надад аав, ээж ах дүү нарынхаа болон өөр бусад хүмүүсийн дансыг өгч мөнгө авдаг байсан. Надаас мөнгө нэхэх бүрд нь би Х.Vийн өөрийнх нь данс руу болон тэрний хэлсэн данс руу нь мөнгө шилжүүлж өгдөг байсан. Х.Vийн болон хэлсэн хүмүүсийнх нь данс руу нийт нэхэмжлэгчид 15,283,800 төгрөгийг өгсөн байдаг тул Х.Vийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэгчийн болон эцэг эхийнх нь дансанд нийт 15,283,800 төгрөгийг шилжүүлсэн байна. Х.Vээс өөр надаас ажлын хөлс, мөнгө нэхэмжилж байгаа хүн байхгүй, би аль болох хүмүүсийг хохироохгүй гэж хичээдэг. Би өөрөө хүртэл хүмүүсийн удирдлага доор өдрөөр цалин авч ажилладаг байсан. Хүний мөнгийг өгөхгүй байх ямар муухай байдгийг би мэддэг тул хүнийг хохироохгүй гэж хичээж ирсэн. Миний ашиг орлого яах вэ дараа нь би гүйцэтгэлээ авах байх гээд хүмүүсийн цалинг боломжоороо урьдчилаад өгдөг байсан. Энэ жишгээрээ Х.Vд хүртэл нэхсэн мөнгө болгоныг нь өгдөг байсан. Хийгээгүй ажлын мөнгийг нь урьдчилаад мөнгө хэрэгтэй байна гэх болгонд нь нэхэмжлэгчид өгдөг байсан. Нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин би нэхэмжлэгчид 15,283,800 төгрөгийг өгсөн байдаг тул үүнийгээ нэхэмжилж байна. Би хийсэн ажлын нь гүйцэтгэлээрээ цаад компаниасаа мөнгөө авах ёстой байтал Х.V тохиролцсон ажлаа орхиод явчихдаг. Өдөр хоног явсаар гэрээний хугацаа дууссан байдаг. Ажлын гүйцэтгэл дуусаагүй, цаад компанидаа ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс болж би алдагдалд ороод байна. Иймд нэхэмжлэгчид илүү төлсөн 3,283,800 төгрөг байна гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч Х.V шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Хариуцагч талаас надад мөнгө илүү өгсөн гэсэн зүйлийг ярьж байна. Миний дансанд орж ирсэн мөнгө бол 7,000,000 гаран төгрөг байгаа. Үүн дээр нэгж, төрсөн өдөр, ээж, аавд шилжүүлсэн мөнгийг нэмлээ гэж үзэхэд арай ч 15,000,000 төгрөг хүрэхгүй. Би хариуцагчаас 15,283,800 төгрөгийг аваагүй. Ажилтнуудын цалинд өгсөн гэх 4,400,000 төгрөгийг энэ мөнгө дээрээ нэмж оруулаад байна. Би хийгээгүй ажлын мөнгөө хариуцагчаас нэхээгүй. Би ямар хийгээгүй ажилдаа хариуцагч талаас мөнгө авсныгаа мэдэхгүй байна. Энэ талаараа тайлбарлах хэрэгтэй. 15,283,800 төгрөг миний дансанд ороогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд, Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Бын **** тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Vийн 5077524452 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Хариуцагчаас: Д.М ын **** тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.М ын ****7 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мийн **** тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 23/233 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 04 сарын 19-ний өдрийн Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 23/266 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 90 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 05 сарын 28-ны өдрийн 23/266 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ,

 

Шүүхийн журмаар: Голомт банкны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 14/ХХ/03-2198 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш ХХК-ийн эзэмшлийн **** тоот дансны хуулга, У ХХК-аас ирүүлсэн гүйцэтгэлийн хуудас, З групп чатад үзлэг хийсэн тэмдэглэл, А ХХК-ийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн Албан бичигт хавсаргасан 96 хуудас бүртгэлийн дэвтэр зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Х.V нь Д.М т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,055,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, Д.М нь Х.Vд холбогдуулан ажлын хөлснөөс илүү төлсөн 3,283,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргав.

 

7.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь ...Д.М тай барилгын дотор заслын ажил гүйцэтгэхээр өдрийн хөлсийг 80,000 төгрөгөөр тохиролцож, 150 хоног ажиллахдаа 4,400,000 төгрөгийн хөлс авсан, үлдэх 7,555,000 төгрөг, мөн 9 айлын цагаан замаскийн ажлыг 3,000,000 төгрөгт гүйцэтгэхээр тохиролцож, 6 айлын замаскийг хийсэн. Ажлын хөлс 2,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг авсан, үлдэх 500,000 төгрөг, нийт 8,055,000 төгрөгийг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч нь ...Х.Vийн ажлын хөлсийг өдрөөр тохиролцоогүй. Ажил гүйцэтгэсний дараа нь хөлсийг нь төлөх ёстой байсан боловч түүний гуйснаар урьдчилж өгсөн боловч хийх ёстой ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн болон түүний хамаарал бүхий хүмүүсийн дансанд, мөн нэгж, такси, төрсөн өдрийнх нь тооцооны мөнгө гээд нийт 15,283,800 төгрөг төлсөн. Илүү төлсөн 3,283,800 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардана гэж маргав.

 

8.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Д.М нь Ш ХХК-ийн захирал бөгөөд тус компани нь барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр барилгын дотоод заслын ажил гүйцэтгэдэг ба нэхэмжлэгч Х.V нь 2023 оны 01 сард зарын дагуу ажил хийж гүйцэтгэхээр Д.М тай тохиролцсон талаар талууд тайлбарлав.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх-ээр заасан ба зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч тэдний тайлбараас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Vийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцох боломжгүй буюу талууд ямар хэмжээний ажлыг, хэдий хугацаанд, хэдэн төгрөгөөр хийхээр тохиролцсон болох нь нотлогдсонгүй.

Нэхэмжлэгч нь ...ажлын хөлсийг өдрийн 80,000 төгрөгөөр тохиролцож, нийт 150 хоног ажилласан хэмээн тайлбарладаг боловч түүний энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Харин хариуцагчаас Х.Vийн Хаан банк дахь 5077524452 тоот дансанд шилжүүлсэн 9,614,000 төгрөг, мөн эцэг эхийнх нь дансанд шилжүүлсэн 1,010,000 төгрөг, нийт 10,624,000 төгрөгийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд энэ хэмжээгээр түүний ажлын хөлсийг өдрийн 80,000 төгрөгөөр тооцвол 132,8 хоног байж болохоор байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Андын зам констракшн ХХК-иас гаргуулсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь уг дэвтэр дээр нэхэмжлэгч нэрээ Солонго, V Соко гэж бичсэн талаар тайлбарладаг ба уг дэвтэрт тус нэрс нэг дор дарааллан бичигдсэн, бичгийн хэлбэр зөрүүтэй, өөр өнгийн балаар давхарлан бичигдсэнийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ...уг дэвтрийг тус байгууллагын ажилтнаас гуйж аван Солонго гэсэн нэрийг намайг биш гэж гүтгэх байх гэж бодоод зассан... хэмээн тайлбарладаг.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг авсан гэрч Б.Даваадулам, Х.Маралжингоо нарын мэдүүлгээс хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын үр дүн, хийсэн ажлын хэмжээ, тохиролцсон хөлсний хэмжээ мөн гэрч нарын мэдүүлгээс нотлогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй.

Тиймээс хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 10,624,000 төгрөгийн хэмжээгээр Х.V ажил гүйцэтгэсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн тодорхойлсон нийт ажлын хөлс 12,500,000 төгрөгөөс 1,876,000 төгрөгт холбогдох шаардлага нотлогдоогүй гэж үзэж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Д.М нь ...Х.Vд өөрийнх нь дансанд 9,614,000 төгрөг, утасны нэгжээр 35,800 төгрөг, Х.Vийн төрсөн өдрийн тооцооны төлбөрт төлсөн 480,000 төгрөг, аав болон ээжийнх нь дансанд шилжүүлсэн 1,010,000 төгрөг, Х.Vийн удирдлага дор ажиллаж байсан ажилчдад шилжүүлсэн 4,144,000 төгрөг, нийт 15,283,800 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн тооцсон 12,000,000 төгрөгийн ажлын хөлснөөс тооцвол илүү 3,283,000 төгрөг төлснийг сөрөг нэхэмжлэлээр гаргуулна хэмээн шаардав.

 

Х.V нь өөрийн болон эцэг эхийнх дансаар шилжүүлсэн 10,624,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргадаггүй бөгөөд харин гар утасны нэгж болон түүний төрсөн өдрийн тооцоог Х.М сайн дураараа төлсөн, мөн бусдын дансанд шилжүүлсэн мөнгийг зөвшөөрөхгүй хэмээн маргадаг.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас маргаагүй мөнгөн дүн болох 10,624,000 төгрөгийг Х.Vийн ажлын хөлсөнд тооцож, маргасан 4,659,800 төгрөгийн хэмжээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.V болон хариуцагч Д.М нар нь танилцсан хугацаанаасаа хойш эр эмийн хувийн дотно харилцаатай байсан талаар хэн аль нь тайлбарладаг бөгөөд энэ хугацаандаа нэхэмжлэгчийн төрсөн өдрийг тэмдэглэж busan, lux гэх хоолны газрын тооцоонд 480,000 төгрөгийг хариуцагч төлсөн, мөн Х.Vийн гар утсанд нэгжээр 35,800 төгрөг хийсэн дансны хуулгыг хариуцагч ирүүлснийг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй боловч энэхүү мөнгийг Х.Vийн ажлын хөлсөнд төлсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хоолны газрын дансанд шилжүүлсэн мөнгө, утасны нэгжээр шилжүүлсэн мөнгө зэргийг Х.V ажлын хөлснөөс хасуулах, тооцох талаар талуудын хооронд тохиролцсон тохиролцоо байхгүй бөгөөд тухайн үед бэлэг хэмээн хүлээн авсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг тул энэхүү мөнгө нь талуудын байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байна.

 

Мөн Х.Vийн удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн дансанд шилжүүлсэн 4,144,000 төгрөгийг Х.Vээс гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй. Д.М аас бусдад шилжүүлсэн ажлын хөлсийг ямар учраас Х.V хариуцах болсон нь ойлгомжгүйн дээр уг мөнгийг Х.Vийн гүйцэтгэсэн ажлын хөлс буюу нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү мөнгө авсан гэж үзэх боломжгүй юм.

 

Тиймээс талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийг нэхэмжлэгчид шилжүүлсэн 10,624,000 төгрөгийн хэмжээгээр тооцож, хариуцагч нэхэмжлэгчид ажлын хөлс илүү төлсөн болох нь нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,830 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Д.М т холбогдох 8,055,000 төгрөг гаргуулах тухай Х.Vийн нэхэмжлэлийг, Х.Vд холбогдох 3,283,000 төгрөг гаргуулах тухай Д.М ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 145,830 төгрөг, хариуцагчаас төлсөн 67,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ