2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/04822

 

 

 

 

 

 

 

2024 09 26

184/ШШ2024/04822

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Ш овогт Бийн О /рд:****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Х овогт Гын П /рд:****/-д холбогдох,

 

Хувийн сууц болон газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.И, гэрч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.О нь Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, **** улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц болон **** нэгж талбарын дугаартай, **** улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий өмчлөх газрын хууль ёсны өмчлөгч юм. Нэхэмжлэгч Г.О нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх хашаа байшинг Дийн Цаас 55,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед худалдан авч байгаа хувийн сууц, газар дээр Г.П гэх хүн амьдарч байгааг хэлсэн бөгөөд Д.Ц хэлэхдээ энэ хүн танай хашаанд хэсэг амьдарч байгаа, энэ хүнийг боломжтой болохоор нь хашааг чинь суллаад өгнө гэж хэлсэн. Үүний дараагаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн дүү Б.Ц нь тухайн хашааг суллах талаар хариуцагчид удаа дараа хандсан боловч суллаж өгөөгүй. Тиймээс тухайн хөрөнгийн шударга эзэмшигчийн хувиар Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 106 дугаар зүйлийн 106.1,106.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж заасан тул хууль бусаар эзэмшин амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгөнөөс Г.Пийг гаргуулан, өмч хөрөнгөө чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, **** улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбай бүхий хувийн орон сууц болон **** нэгж талбарын дугаартай, **** улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий өмчлөх газрын хууль бус эзэмшлийг дуусгавар болгож, чөлөөлж өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Хариуцагч тал Б.О гэх хүн нь тухайн хашаа байшинг очиж харж байгаагүй, тухайн хашаа байшингаас гар гэж хэлж байгаагүй гэсэн тайлбарыг гаргадаг. Г.Оын дүү болох Б.Цацрал нь тухайн хашаа байшинг анх очиж үзсэн байдаг. Очиж үзэхэд тухайн хашаа байшин нь 2014 оноос Д.Ц гэх хүний нэр дээр байсан учраас Д.Ц нь тухайн хөрөнгийн эзэн нь мөн байна гэж үзсэн. 2014 оноос хойш 2021 оныг хүртэл 7 жилийн хугацаанд Д.Цын нэр дээр байсан тул худалдаж авсан. Мөн Б.Оын зүгээс хариуцагчтай удаа дараа уулзаж, утсаар ярьсан. Тэр үед байнга согтуу байдаг бөгөөд хариуцагч нь би одоо гарах боломжгүй байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Үнэхээр 2014 онд хариуцагчийн зөвшөөрөлгүй тухайн хашаа байшин зарагдсан юм бол өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хүмүүсийг олж илрүүлэх хангалттай хугацаа байсан гэж харж байна. Учир нь эрэн сурвалжлуулсан баримтаас харахад Д.Ц гэдэг хүн нь Монгол улсын хилээр нэвтэрч гараагүй байна. Хариуцагч нь маргаан бүхий хөрөнгийг Д.Ц болон өөр хүний нэр дээр шилжиж байсан талаар мэдэж байсан гэж тайлбарладаг. Үүнээс харахад хариуцагч нь ямар нэгэн байдлаар үнэ төлбөргүйгээр тухайн хашаа байшинд удаан амьдрах хүсэл зорилготой байсан байна гэж харагдаж байна. Мөн хариуцагч талын зүгээс шүүхээр явахад ийм юм болсон, тэгсэн гэж амаар л тайлбар тайлбар хэлээд байгаа болохоос биш энэ хэрэгт ямар нэгэн байдлаар Иргэний хэрэг үүсгээд, хэрхэн шийдэгдсэн талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Тухайн хүмүүсийг цагдаагийн газраас эрэн сурвалжлуулж байгаа, энэ баримтаа шүүхэд гарган өгнө гэж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулдаг боловч гаргаж өгдөггүй. Манай зүгээс тухайн үед хашаа байшин Д.Цын нэр дээр байсан учраас Д.Цаас худалдан авсан. Тухайн үед Д.Ц нь худалдах, худалдан авах гэрээгээр төлөх 2 хувийн татвараа бага дүнгээр төлөх үүднээс 10,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Манай зүгээс 55,000,000 төгрөгөөр худалдан авсан баримтаа хэрэгт өгсөн бөгөөд тэр нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Мөн тухайн үед хариуцагч хүүхдүүдтэйгээ уг хаягт байнга амьдарч байсан гэх боловч өмнөх шүүх хуралдаанаар гэрч нарын биеийн байцаалтыг авахад тухайн хаягт амьдардаггүй нь тодорхой болсон. Мөн 2021 оны захирамжаар эрх нь түдгэлзсэн юм шиг харагдаж байгаа ч маргаан бүхий газар Д.Цын өмчлөлд байсан нь тогтоогдсон учраас эрх нь сэргэсэн байна. Манай зүгээс Д.Ц гэх хүнээс хуульд заасан үндэслэл журмын дагуу, зохих ёсны төлбөр мөнгөө төлөөд худалдаж авсан. Тиймээс өөрийн эд хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авах хүсэлттэй байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие Г.П нь 2014 оны 01 сарын 16-ны өдөр Д.Ттай зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон мөн өдөр барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ****тоот хаягт байрлах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, 390 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн **** дугаартай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж Б.Т нотариатчаар дээрх гэрээнүүдийг гэрчлүүлсэн. Миний бие 2014 оны 02 сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2014 оны 03 сард хүүгээ төлж чадаагүй юм. Гэтэл Д.Т нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 03 сараас байнга залгаж газар байшинг чинь зарна гэж дарамтлан 2014 оны 05 сарын 11-ний өдөр Д.Т нь манайд 2 залуутай ирж хашаа байшинг чинь хүнд үзүүлж зарах болсон гэж хэлээд, надад 8,000,000 төгрөг өгөх гэхээр нь би аваагүй би хашаа байшингаа зарахгүй, 4-21 насны олон охин хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн. Зарах байсан бол би зээл авах шаардлагагүй байсан гэж хэлсэн. Гэтэл Д.Ттай ирж хашаа байшин үзэж байсан залуу газар байшинг чинь 18,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлээд миний өмчлөлийн газар, хувийн сууцыг Б.Т гэх хүний нэр дээр 2014 оны 05 сарын 12-ны өдөр шилжүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ харуулсан. Гэтэл Д.Т болон түүний танил нотариатч Б.Туяажаргал нар нь 2014 оны 01 сарын 16-ны өдөр надад хэлэлгүйгээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд дунд миний бие Г.Поос Д.Тын дүү Э.А гэх хүнд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах эрхийг олгосон итгэмжлэлийг оруулан, гарын үсэг зуруулсан байсныг сүүлд мэдсэн. Э.А нь гэрээ байгуулах үед огт байгаагүй бөгөөд тус нотариатаар дээр Д.Т болон миний бие л хамт очсон юм. Э.А нь дээрх хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр 2014 оны 05 сарын 12-ны өдөр Б.Т гэх хүнтэй газар худалдах, худалдан авар гэрээ байгуулж газрыг 12,000,000 төгрөгөөр, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж хувийн сууцыг 6,000,000 төгрөгөөр тус тус худалдсан байна. Б.Т нь дээрх гэрээний үндсэн дээр 2014 оны 07 сарын 24-ний өдөр Б.Ц гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж газрыг 2,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 9,000,000 төгрөгөөр худалдсан байсан. Ийнхүү миний бие Д.Т, Э.А, Б.Т нарын хууль бус үйлдлийн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцыг алдаж, захиран зарцуулах эрхгүй болсон тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нотариатч Б.Тын үйлдсэн Г.Поос Э.Ад олгогдсон итгэмжлэлийг хүчингүй болгуулах, тус итгэмжлэлийн үндсэн дээр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ сэргээлгэхээр Д.Т, Э.А нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 19-ний өдрийн 5591 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Харин Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 225 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, Б.Тийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 8585 дугаар Нэхэмжлэл татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь, хариуцагч нар болох Д.Т, Б.Туяажаргал нарын хаяг тодорхойгүй болсон бөгөөд миний бие өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлээ татан авсан. Ийнхүү 2017 оны 09 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний бие Г.П нь Д.Т, Б.Туяажаргал, Э.А. Д.Мөнхсуурь, Б.Т, Д.Ц нарт холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 12071 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү миний бие өөрийн оршин суугаа хаягийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00644 дүгээр шийдвэрээр Д.Т, Э.А нарыг, мөн шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/01214 дүгээр шийдвэрээр Д.Ц, Б.Т, Д.Т нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан. Гэтэл ийнхүү эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед Д.Ц нь ийм маргаантай асуудал байгаа болохыг мэдсээр байж 2021 оны 11 сарын 10-ны өдөр Б.О гэх хүнд миний газрыг 10,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан байна. Б.О нь ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг хариуцагчаар татан, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд миний бие ийнхүү шүүхээс дуудан ирүүлэх үед л Б.О гэх хүнд миний газар, хувийн сууц шилжсэн болохыг олж мэдсэн юм. Гэвч Б.О нь 3 жилийн өмнө худалдах, худалдан авах гэрээ хийчхээд миний газар, хувийн сууц дээр нэг ч удаа ирж байгаагүй, надтай уулзаж байгаагүй бөгөөд одоо ийнхүү 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга өмчлөгч мөн эсэхэд, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрж байх ба дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байгаа юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу Г.Поос Э.Ад 2014 оны 01 сарын 16-ны өдөр олгогдсон 42 дугаар итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Учир нь, миний бие тухайн хувийн сууц болон газраа бусдад худалдах эрхийг Э.А гэх хүнд огт олгоогүй, хүсэл зориг байгаагүй бөгөөд тухайн итгэмжлэл нь хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй тул нотариатч нь хууль зөрчиж тухайн итгэмжлэлийг үйлдсэн гэж үзэхээр байгаа бөгөөд мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Э.А болон Б.Т нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 12-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, миний бие Г.Пийг Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт байрлах 390 м.кв талбай бүхийн гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт байрлах 32 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно. Харин Д.Ц нь эрэн сурвалжлах ажиллагаагаар олдоогүй, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас Д.Цын хаяг тодорхой болсон эсэх талаар тодорхойлолт гаргаж өгөөгүй байгаа тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байгаа билээ. Миний бие Д.Цын хаяг тодорхой болсноор Б.Т болон Д.Ц нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 сарын 24-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах худалдан авах гэрээг, Д.Ц болон Б.О нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 2004 дугаартай, 2005 дугаартай Худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх гэж байгаа юм. Иймд нэхэмжлэгч Б.О нь миний өмчлөлийн хөрөнгийн өмчлөгч гэж үзэн ийнхүү албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны жинхэнэ өмчлөгч гэж үзэхээргүй байна. Учир нь, хэрэв хүн газар, хашаа худалдан авч байгаа тохиолдолд тухайн газар дээрээ ирж танилцах, үзэх, 3 жилийн хугацаанд газар дээрээ ирж үзэх нь ойлгомжтой. Гэтэл нэг ч удаа ирж байгаагүй атлаа ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн гэрээ үнэн бодит эсэхэд эргэлзээтэй бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцэл, Д.Цын тухайн хашаа, байшинг хамааралгүй гэж харагдуулахгүй хүн рүү шилжүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хамгийн анх хариуцагч Г.П нь 2014 оны 01 сарын 16-ны өдөр Д.Ттай зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээл авч маргаан бүхий хашаа байшинг барьцаалсан. Тухайн үед Д.Т нь энэ бол худалдах худалдан авах гэрээ биш барьцааны гэрээ шүү гэж хэлээд зээлийн гэрээг байгуулахдаа давхар итгэмжлэлд гарын үсэг зуруулсан байсан. Тухайн итгэмжлэлээ Г.Пид огт танилцуулаагүй бөгөөд тухайн итгэмжлэлийн утга агуулгыг хариуцагч ойлгож уншаагүй. н.А гэх хүнд итгэмжлэл хийж өгч байгаа талаар хариуцагчид огт мэдээлэл өгөөгүй. Тухайн итгэмжлэлийг хариуцагч сайн дураараа хийж өгөөгүй бөгөөд н.А гэх хүн нь Д.Тын төрсөн дүү нь байсан. Д.Т нь тэр дүүгээрээ дамжуулаад маргаан бүхий хашаа байшинг хариуцагчид мэдэгдэлгүйгээр 2014 оны 05 сарын 12-ны өдөр Б.Т гэх хүнд худалдсан байдаг. Энэ хугацаанд хариуцагч өөрийн хашаа байшиндаа амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд хэн ч ирж уулзаж байгаагүй. Гэтэл Б.Т нь тухайн хашааг 2014 оны 07 сарын 24-ний өдөр н.Ц гэдэг хүнд дамжуулан зарсан байсан. н.Ц нь тухайн хашаа байшинг худалдаж авсан гээд бичиг баримтаа үзүүлэхэд болсон явдлын талаар хариуцагч Г.П мэдсэн. Тухайн итгэмжлэл нь олдоогүй болохоор н.Ад олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тухайн шүүхээс уг итгэмжлэл нь хуульд нийцээгүй, Г.Пийн хүсэл зориг агуулагдаагүй, худалдах хүсэл, зорилго байгаагүй байна гэж үзэн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг ханган итгэмжлэлийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс тухайн хэрэгт бусад этгээдүүдийг оролцуулах шаардлагатай байсан байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буцаасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс н.Ц, Б.Т, н.А нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дуудсан боловч дээрх хүмүүс нь гэрээн дээр бичсэн хаяг дээрээ байдаггүй болж таарсан. Тиймээс хариуцагч нар хаяг дээрээ байдаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Хариуцагч Г.Пийн зүгээс маргаан бүхий хөрөнгийг шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахын тулд ахин н.Ц, Б.Т, н.А гэсэн 3 хүнийг эрэн сурвалжлуулсан. Хамгийн эцсийн өмчлөгч нь н.Ц байсан учраас н.Цын гэрийн хаягийг тодруулж байж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд н.Ц нь эрэн сурвалжлаад олдохгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй яваад байсан. Гэтэл н.Ц нь олдохгүй байсан байж энэ хугацаанд буюу 2021 оны 11 сарын 11-ний өдөр Б.О гэх хүнд маргаан бүхий хашаа байшинг худалдчихсан байсан. Г.О гэх хүн нь маргаан бүхий хашаанд ирж Г.Птой уулзаж байгаагүй, хашаа байшингаа чөлөөл гээд ирээд уулзсан зүйл байхгүй. Зүгээр л маргаан бүхий хөрөнгийг Г.Пид хэлэхгүйгээр дамжуулаад дамжуулаад зарчихсан бөгөөд яг хэн нь бодитоор худалдаж авсан, худалдах худалдан авах гэрээнүүд нь үнэн бодитой байсан эсэх нь тодорхойгүй. Мөн тухайн хөрөнгийг худалдан авсан хүмүүс нь хашаагаа ирж үздэггүй, энд юун хүн амьдарч байгаа юм, хүн амьдарч байгаа бол гарсных нь дараа худалдаж авъя гэдэг асуудлыг ерөөсөө ярьдаггүй. Тэгэхээр эдгээр хүмүүс нь хоорондоо ямар харилцаа холбоотой нь эргэлзээтэй байна. 2014 оноос хойш бүхэл бүтэн 14 жил амьдраад байхад нэг ч удаа хашаа байшингаас нь гар гэж хэлж байгаагүй, хашаанд нь ямар учиртай хүн амьдарч байгаа талаар тодруулахгүйгээр тухайн хашаа байшинг худалдан аваад, дамжуулаад зараад байгаа нь ойлгомжгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Б.Оын нэхэмжлэлтэй, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл ирсэн байна гэж шүүхээс холбогдоход л маргаан бүхий газрыг ахин худалдсан болох талаар хариуцагч мэдсэн. Б.О гэх хүн нь 2021 оноос хойш 3 жилийн хугацаанд тухайн хашаа байшингаа очиж үздэггүй, энд юун хүн амьдраад байгаа юм гэдэггүй байж 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Анхнаасаа л тухайн хашаа байшинг хариуцагчийн зүгээс барьцаанд тавьсан. Гэтэл Г.Пийн зөвшөөрөлгүйгээр цааш нь дамжуулан худалдаж явсныхаа эцэст шударга эзэмшигч нь болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах цаг болчихлоо гээд гаргадаг юм уу, мэдэхгүй. Тэгэхээр худалдах худалдан авах гэрээ нь шаардлага хангасан, үндэслэлтэй байсан эсэх нь тодорхойгүй байгаа учраас манай зүгээс маргаан бүхий хашаа байшинг зарсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс хариуцагч Г.Пийг хууль бус эзэмшигч гэж үзэх нь үндэслэлгүй байна. Г.П нь тухайн хашаа байшинд охидтойгоо амьдардаг, өрх толгойлсон эцэг учраас тухайн хашаа байшинг зарах ямар ч хүсэл сонирхол байгаагүй. Г.П нь гэрээ хэлцлийн талаар сайн мэдэхгүйгээсээ болж давхар итгэмжлэл дээр гарын үсэг зурснаасаа болж тухайн хашаа байшин нь зарагдчихсан байна. Тиймээс Г.Пийг тухайн хашаа байшинд хууль бусаар амьдарч байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 2004, 2005 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000670797 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000907601 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 422 дугаар тогтоолын хуулбар, 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 1293 дугаар итгэмжлэл, депозит дансны хуулга,

 

Хариуцагчаас: 2024 оны 06 сарын 12-ны өдрийн хариу тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/01214 дугаар шийдвэр,

 

Шүүхийн журмаар: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 1/2111 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 422 дугаар тогтоолын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Пид холбогдуулан хувийн сууц болон газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 11 сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, **** улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбай бүхий хувийн сууц болон нэгж талбарын **** дугаартай, **** улсын бүртгэлийн дугаартай, 390 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон тул шаардах эрхтэй хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч ...2014 оны 01 сарын 16-ны өдөр Д.Ттай зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон мөн өдөр барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаалсан гэрээ байгуулсан. Энэ үед Д.Т нь надад мэдэгдэлгүйгээр хашаа байшинг худалдах итгэмжлэлийг Э.Ад би олгосон мэтээр бичиг баримтууд дунд гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд мэдсэн. Э.А нь Б.Т гэх хүний нэр дээр 2014 оны 05 сарын 12-ны өдөр шилжүүлж, Б.Т нь цаашаагаа 2014 оны 07 сарын 24-ний өдөр Б.Цад шилжүүлсэн. Эдгээр хүмүүс нь миний хашаа байшинг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч Б.Оын Д.Цтай хийсэн худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2017 оны 09 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Т, Б.Туяажаргал, Э.А, Д.М, Б.Т, Д.Ц нарт холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Д.Т, Э.А, Б.Т, Д.Ц нарыг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарсан боловч хаяг нь олдохгүй байгаа. Б.О нь миний өмчлөлийн хөрөнгийн өмчлөгч гэж үзэн ийнхүү албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны жинхэнэ өмчлөгч гэж үзэхгүй, би тухайн хашаа байшинг бусдад худалдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

6.Нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 11 сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, 50 м.кв талбай бүхий хувийн сууц болон 390 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Д.Цаас шилжүүлэн авсан болох нь талуудын хооронд байгуулсан 2004, 2005 тоот гэрээнүүд, Б.Оын нэр дээрх эрхийн бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдов. /хх-4-9, 13-14х/

Талуудын хооронд байгуулсан 2004, 2005 тоот худалдах, худалдан авах гэрээгээр газрын үнийг 10,000,000 төгрөг, хувийн сууцны үнийг 5,000,000 төгрөг хэмээн тохиролцсон байх боловч газар болон байшинг 55,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч Б.Оын Хаан банк дахь **** тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр хашаа байшин, хашаа байшингийн үнэ утгаар 2021 оны 11 сарын 11-ний өдөр гүйлгээ хийсэн депозит дансны хуулгаар тогтоогдов. /хх-101х/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.Од шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

7.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй, 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно хэмээн тус тус заасан.

 

Хариуцагч Г.П нь нэхэмжлэгч Б.Оыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, тухайн хашаа байшинд хүн амьдарсаар байхад нягтлаагүй гэж маргах хэдий боловч хуулийн дээрх заалтаар Д.Цаас үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан Б.Оын тухайд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ. Учир нь эрх шилжүүлэгч Д.Ц нь 2014 оны 07 сарын 25-ны өдрөөс дээрх газрыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчилж байсан болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа-аар нотлогдов. /хх-10-11х/

 

8.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаар нэхэмжлэгч Б.О нь худалдагч Д.Цыг өмчлөгч биш гэдгийг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Тиймээс нэхэмжлэгч Б.Оыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

 

Түүнчлэн эрх шилжүүлэгч Д.Цын өмчлөх эрх хууль бус болох талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүйн дээр хариуцагч Г.П нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэмээн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг хэдий боловч энэ талаарх баримтыг шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хариуцагч талаас ирүүлээгүй болно.

 

Хариуцагч Г.П нь 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд өмчлөх эрхээ сэргээлгэхээр хандсан талаар тайлбарлаж тухайн маргаантай нэхэмжлэлийг хариуцагч нарын хаяг тодорхойгүй байсан тул хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбарласан ба маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримтыг мөн шүүхэд гаргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Оыг хашаа байшинг худалдан авахдаа огт ирж үзээгүй хэмээн маргадаг бөгөөд хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Б.Цын ...тухайн үед ах ажилтай байсан бөгөөд ах бид 2 нэг гэр бүл учраас би өөрийн биеэр очиж үзсэн, байшингийн түлхүүр н.Цад байсан гэх мэдүүлгээр Б.О анхнаасаа тухайн хашаа байшинг очиж үзэж байгаагүй, түүний дүү болох Б.Ц хашаа байшинг зарын дагуу очиж үзэн, бичиг баримтыг шалган худалдан авсан болох талаар мэдүүлдэг.

 

9.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар худалдан авагч Б.Оын тухайд Б.Цын нэр дээрх улсын бүртгэл үнэн зөв гэж үзнэ.

 

Тиймээс худалдан авагч Б.О нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх газар, хувийн сууцыг худалдан авч өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэгдсэн шударга өмчлөгч байх тул хариуцагч Г.Пийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Б.Оын өмчлөлийн газар болон хувийн сууц зэргийг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10.Хариуцагч Г.П нь өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Поос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, зүүн баян цагаан 12 гудамж, 49 тоот хаягт байрлах, нэгж талбарын **** дугаартай, 390 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай, өмчлөх эрхийн бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хариуцагч Г.Пийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Поос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ