Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2021/00015

 

                                                          

 

                   “Б Х групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                   иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2021/00577 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Б Х групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Э-Уд холбогдох,

Адуу үрэгдүүлсэн хохирлын төлбөрт 180 900 000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Б Х групп” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Э-Уд холбогдуулан тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 151/Ш32021/00458 тоот шүүгчийн захирамж гарсны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Ш.Э-Уыг эрэн сурвалжлуулах тухай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 151/ШШ2021/00251 тоот шүүгчийн захирамжаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт эрэн сурвалжлуулахаар даалгасан. Эрэн сурвалжлагдаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газраас оршин суух хаягийн тодорхойлолтыг ирүүлсний дагуу дараах нэхэмжлэлийг дахин хүргүүлж байна. Малчин Ш.Э-У нь 2012-2018 оны 4 сарыг хүртэл тус компанийн малчнаар ажиллах хугацаандаа 257 тооны адуу хариуцан маллаж байснаас 170 тооны морьд дутаан үрэгдүүлсэн. Ш.Э-Уын дутаасан морьд дотор хурдан удмын угшилтай 4-5 морьд байсан. Тус компанийн малчнаар ажиллах хугацаанд малчин Ш.Э-Уд сар бүр 300 000-600 000 төгрөгийн цалинг тогтмол өгч, амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хоёр удаа цалинг нь шат дараалан нэмэгдүүлж, цалингийн зээлийг хэд хэдэн удаа хүүгүй олгож, адуу малын өвс тэжээлийг тогтмол компаниас хангаж бензин шатахууныг тогтмол өгдөг байсан. Ш.Э-У нь адуу мал дутаан үрэгдүүлсэн энэхүү нөхцөл байдлаа нуун дарагдуулж байсан. Ш.Э-У нь адуу дутааснаа шуурганд уруудуулсан эсвэл үхсэн гэх мэт тайлбаруудыг мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэдэн тооны адуу үхсэн, хэчнээн адуу шуурганд уруудсанаас хэд нь олдсон зэрэгт өнөөдрийг хүртэл нэг нь ч ирж албан ёсоор тоо толгойн тооцоо нийлэхгүй зугтсаар байгаа. Адуу дутаасан энэхүү үйлдэлд нь Төв аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч Төв аймгийн хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй иргэний журмаар шийдвэрлэх хэрэг гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайваны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №183 албан тоотоор Ш.Э-У нь хөдөлмөрийн гэрээний дагуу итгэмжлэн хариуцаж авсан адууг маллаж байх хугацаандаа дутаасан болох нь тогтоогдож байх боловч хөдөлмөрийн гэрээний дагуу Иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн..." албан тоотыг бидэнд ирүүлсэн. Иймд Ш.Э-Уын хөдөлмөрийн гэрээний 3.8-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг. хариуцлагаа биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлд заасан үндэслэл, журмаар нөхөн төлнө гэж заасны дагуу 170 адууны хохиролд 180 900 000 төгрөгийг Ш.Э-Уаас гаргуулах Ш.Э-Уын дутаан үрэгдүүлсэн 170 адуу, А.Болдбаатарын 23 адуу нийт 193 тооны адууны хохирлыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах явцад Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч А.Батбаатарын тогтоолын дагуу 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК үнэлгээний газраар адууны хохирлын үнэлгээг хийлгэсэн Ш.Э-Уаас 170 адууны хохиролд 180 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Э-У нь “Б Х групп” ХХК-ийн малчнаар 2012 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан байдаг. Тус хугацаанд малчнаар ажиллахдаа анх 2012 онд 257 тооны адууг хүлээн авч хариуцан маллаж байсан. Сүүлд 2019 оны 04 дүгээр сарын байдлаар Ш.Э-У адуу малыг хүлээлцээгүй. Адуу мал ихэнх нь шуурганд уруудсан эрж хайж байна гэдэг байдлаар адуу эзгүйдсэн. Тухайн үед малчдыг хариуцсан н.Эрдэнэбаатар гэдэг менежер үлдсэн адууг бөөгнүүлээд тус компанийн сүүлийн малчин дээр хүлээлгэж өгөхөд нийт 170 тооны адуу байхгүй байсан. Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. 170 адууны хохиролд 180 900 000 төгрөгийг Э-Уаас гаргуулахыг шаардаж байгаа. Хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба уг гэрээний 3.8-д заасан заалтын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлттэй байна. 2019 оны 04 сарын 29-ний өдрийн байдлаар Ш.Э-Уын дараагийн малчинд бид адуу хүлээлгэн өгсөн баримтаа мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн. Энэ баримт дээр адууны зүс, тамга байдаг. Энэ хоёр баримтыг үндэслэж хөрөнгийн үнэлгээг хийлгэж 203 900 000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан байдаг. Хөрөнгийн үнэлгээ дээр нарийвчлаад адууны зүс, азарга, шүдлэн, даага гээд насаар нь өртгийн хандлага гаргаад үнэлгээний жишиг арга хэрэглээд адууны насжилтаар хөрөнгийн үнэлгээг гаргасан байдаг. Үүнээс Э-Уын дутаасан 170 тооны адууны хөрөнгийн үнэлгээг сая дурдсаны дагуу гаргаад нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж хөдөлмөрийн харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Тухайн үед ажил хариуцсан хүмүүсийн алдаа ч юм уу, гарын үсэг дутуу байгаа ч хүлээлгэж өгсөн тооллого баримт нь байна. Хэдийгээр хууль хэрэглээг зөрчсөн ч гэсэн А дансны хуулга байгаа. Ямартай ч нэхэмжлэгчийн тодорхой тооны адууг Ш.Э-У маллаж байсан болох нь нотлогдож байна. Мөн хариуцагч талын хариу тайлбараар ч гэсэн нотлогдож байна. Бид бүгд Монгол хүмүүс, малчин удамтай, адуу мал өсөөд, үржээд хорогдоод явдаг нь жам. Яг 2012 онд хүлээлцсэн адуу өнөөдөр яг тэр тоо зүсээрээ байж байх ямар ч боломжгүй. Ерөнхий нэг багцаа тоо яригдаад явж байгаа. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэх явцад холбогдох төрийн эрх бүхий этгээд үнэлгээ хийлгэж тогтоосон байдаг. Бид өнөөдөр энэ баримтад итгэхгүй бол өөр юунд итгэх вэ? Эцэст нь хэлэхэд хөдөлмөрийн гэрээг дагалдаж эд хөрөнгө хариуцлагын тухай гэрээ хийгээгүй боловч Хөдөлмөрийн тухайн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Э-У нь Б Х групп ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр хариуцаж авсан 250 тооны адууг маллаж байсан. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх адуунаас шуурганд уруудуулж алдсан. 2017 онд болсон цаг агаарын нөхцөл байдал, шуурганы улмаас нэхэмжилсэн адууг шуурганд уруудуулж алдсан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 3.8, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу төлнө гэж заасны дагуу 170 адууны хохиролд 18,900,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа биш юм. Хариуцагч Ш.Э-У нь гэрээний дагуу адууг маллаж байсан, гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй буюу цаг агаарын байдлаас болж адууг алдсан тул нэхэмжлэгч Б Х групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ш.Э-У нь нэхэмжлэгч байгууллагатай 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад адууг нь хариулж байсан. Харин 2017 оноос 2018 онд шилжих үед байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цасан шуурга, зуд болж тухайн адууг шуурганд уруудуулж алдсан. Тэрээр энэ талаараа “Б Х групп” ХХК-д хэлээд, хамт хайгаад олсон болон өөрт байсан адуугаа бүгдийг нь буцааж өгч байсан. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагаас Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаад, шалгагдаад хэрэг бүртгэл нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хаагдсан. Эрүүгийн хэрэг шалгасан зүйл анги нь бусдын эд хөрөнгийг завшсан гэдэг зүйл ангиар шалгасан. Энэ шалгалтын явцад Ш.Э-У нар нь завшсан болох нь нотлогдон тогтоогдохгүй, харин цаг агаарын давагдашгүй нөхцөл хүчин зүйлээс шалтгаалж шуурганд уруудуулсан гэдэг гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тогтоол хүчин төгөлдөр байгаа. Дээрээс нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр хэдэн зүйл хэлье. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлон тогтоох ёстой. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа 170 тооны морь дутаасан л гэж байгаа. Түүнээс ямар зүсмийн, ямар насны адуу алга болсон гэдэг нь тодорхойгүй. “Б Х групп” ХХК өөрсдийн адуу гэдгийг нотлох ёстой, 170 тооны адуу нь ямар зүсмийн адуу байсан бэ гэдгийг тогтоох ёстой. Хэрэгт хөрөнгийн үнэлгээ авагдсан байгаа. Хоёр үнэлгээ байгаа ба яг аль үнэлгээгээр нь 189 900 000 төгрөгийг манайхаас шаардаад байгаа юм бэ. Энэ бүх зүйл нь тодорхойгүй харагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй, хэдэн адуу хүлээлцээд хэдэн адуу авсан гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Байсан бүх адууг нь өөрсдөд нь буцаагаад өгсөн, үүнийг нь ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан 257 тооны адуу хүлээлцсэн баримт гэж хэлж байх шиг байна. Хүлээлцсэн баримт гэж нэг талаас хүлээлгэн өгсөн, нэг талаас хүлээн авсан хүмүүсийн гарын үсэгтэй баримт байх ёстой. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тал 257 тооны адууг хүлээлгэж өгсөн гарын үсэгтэй баримт байдаггүй, жагсаагаад бичсэн байдаг. Ийм баримтаа үндэслээд хөрөнгийн үнэлгээ гаргасан гэж байна. Яг энэ тайланг харахаар энэ 170 адуу нь аль аль адуу юм гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. 170 адуу нь ямар зүсмийнх юм, ямар үнэлгээтэй юм, бүгд адилхан үнэлгээтэй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Дээрээс нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний харилцаа биш байна гэж үзэж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулиар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Ямар нэгэн тийм гэрээгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд хөдөлмөрийн гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж гэрээний хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай гэж байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цааш сунгах эсэхийг, сунгах бол ямар байдлаар сунгах талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний харилцаа гэж үзэж байгаа бол гомдлоо хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу 6 сарын дотор гомдол гаргах ёстой байсан. Цагдаагийн газар анх гомдол гаргасан хугацааг тооцвол энэ хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 135 дугаар зүйлийн 135.3, 135.4, 136 дугаар зүйлийн 136.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Э-Уаас 180 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Х групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б Х групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,062,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа давж заалдах гомдолдоо: “...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ш.Э-Уд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд 2021.08.13-ны өдрийн 151/ШШ2021/00577 тоот шүүхийн шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 -т "Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй.

Адуу хүлээлцсэн нотлох баримт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар "хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс хойш эрх бүхий байгууллагад хуулийн хугацаанд хандаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүх рүү хэргийг буцааж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү.

Үүнд:

Тус компанийн малчнаар ажиллаж байсан Ш.Э-У нь малчнаар ажиллах хугацаандаа 257 тооны адуу хариуцан маллаж байснаас 170 тооны морьд дутаан үрэгдүүлсэн. Адуу дутаасан үйлдэлээ 2017-2018 онд шилжих үед адуугаа шуурганд уруудуулж алдсан гэх тайлбарыг хэлдэг бөгөөд анх хүлээн авсан адууны тоо баримт дээр маргадаггүй бөгөөд харин адууг алдаж, дутаасан дээрээ маргадаггүй.

Э-Утай 2012 оны 09 сарын 13-нд анх хөдөлмөрийн гэрээг 1 жилээр байгуулсан бөгөөд байнгын ажлын байран дээр аль нэг тал цуцлах болон дуусгавар болгох санал гаргаагүй бол анх заасан хугацаагаар сунгагдах нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулдаг.

Э-Уын хариуцан маллаж байсан адууны А дансны бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн боловч анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй.

Хариуцагч нь дутаасан адуугаа шуурганд уруудуулсан гэх тайлбарыг шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбарууддаа гаргадаг тул Төв аймгийн Ус цаг уур шинжилгээний газраас тухайн цаг үеийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар хүргүүлсэн боловч нотлох баримтыг шинжлэн судлаагүй.

2018 оны 5 сараас 2019 оны эхэн хүртэлх хугацаанд адууны эрлийг хэд хэдэн аймаг сумын нутаг дэвсгэрийг хамруулан эрлийн ажлыг Э-Утай хамтарч хийсэн. 2019 оны 01 сард Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаад хэргийг хаан шийдвэрлэсний дараа Төв аймаг дахь анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн нэхэмжлэлийг 2019 оны 09, 10, 2 сард нэхэмжлэл гаргасан бөгөөд 2 удаа хаяг дээрээ оршин суудаггүй, гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаад 2021 оны 04 сард хаягийг тодруулж Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг дахин хүргүүлсэн. Анхан шатны шүүх үзэхдээ 2018 оны 1 сараас хойш эрх бүхий байгууллагад хандаагүй гэж үзсэн нь өрөөсгөл, холбогдох нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоог нарийн шинжлэн судалж үзэхгүйгээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 2021.08.13-ны 151/ШШ2021/00577 тоот шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй,  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” заалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Б Х групп” ХХКомпани нь хариуцагч Ш.Э-Уд холбогдуулан малчнаар ажиллаж байх хугацаандаа үрэгдүүлж дутаасан  170 адууны хохиролд 180 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.Э-Уаас эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд  адуунаас шуурганд уруудуулж алдсан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаардлагыг татгалзаж маргажээ.

            Нэхэмжлэгч “Б Х групп” ХХКомпани  нь  Ш.Э-Утай 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан эрхлэх ажил, албан тушаал адуучин, гүйцэтгэх үндсэн үүрэг адуучны бүхий л үүрэг  гүйцэтгэхээр тохиролцсон гэдэг дээр талууд хэн аль нь маргахгүй байна.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ  талуудын маргасан болон маргаангүй үйл баримтад эрх зүйн дүгнэлт гүйцэт хийгээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад хэрхэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал:

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид 257 адуу хүлээлгэн өгсөн гэдэг бол хариуцагчаас 250 адуу хүлээн авсан гэсэн тайлбар гаргаж адуу хүлээн авсан гэх үйл баримтад огт маргаагүй байх ба харин зөрүү 7 тооны адууны талаар тодруулалгүйгээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна.

2. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан зохицуулалтыг баримтлан мал болох адууны хувьд ямар элэгдэл хорогдол тооцуулах гэсэн нь ойлгомжгүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс адуугаа Ш.Э-Уын малын тооллогод бүртгүүлсэн гэж малын 2014, 2015, 2016, 2018 онуудын тооллого баримтуудыг  /хх-19-24 тал/ гаргаж өгсөн байх ба шүүх хариуцагчаас энэ талаар тодруулж  малын 2014 оны тооллогын баримтад адуу-163, малын 2015 оны тооллогын баримтад адуу-150, малын 2016 оны тооллогын баримтад адуу-155, малын 2018 оны тооллогын баримтад адуу 37 гэж бүртгэгдсэн адуунууд хэний адуу болох талаар тодруулаагүй байна.  /малын 2017 оны тооллогын баримт байхгүй/

Мөн хариуцагч малын тооллогын баримтад тусгагдсан адуу нэхэмжлэгч байгууллагын адуу мөн эсэх талаар ч тайлбар гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.  

3. Нэхэмжлэгчээс “Итгэлт эстимэйт” ХХКомпаний Хөрөнгийн үнэлгээний  тайланд /193 тооны адууг 203 900 000 төгрөгөөр үнэлсэн/ тулгуурлан 170 адууны  хохирлын тооцоог гаргасан гэх боловч тайланд тусгагдсан 193 тооны адуунаас  салгаж 170 адууны нэр төрөл, малын нас, хүйс зэрэг адууны төлөв байдлаа хэрхэн яаж тодорхойлж үнийг дүнг тооцоолон нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. /хх-8-13 тал/

4. Нэхэмжлэгчээс “...өнөөдрийн хүртэл хэдэн тооны адуу үхсэн, хэчнээн адуу шуурганд уруудсанаас хэд нь олдсон зэрэгт өнөөдрийг хүртэл нэг ч ирж албан ёсоор тоо толгойн тооцоо нийлэхгүй зугтаасаар байгаа“ гэх, хариуцагчаас “...шуурганд уруудсан талаар “Б Х групп”-д хэлээд хамт хайгаад олсон болон өөрт байсан адуугаа бүгдийг нь буцааж өгч байсан“ гэх тайлбаруудаас үзвэл шуурганд адуу алдсан талаар байгууллагадаа хэдийд хэнд мэдэгдсэн эсэх, хэчнээн тооны адуу хүлээлгэж өгсөн эсэх, тооцоо нийлсэн эсэх талаар эрс зөрүүтэй тайлбар гаргаж байх бөгөөд эрх зүйн маргааны талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 5. Хариуцагчаас 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд адууг шуурганд уруудуулж алдсан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн гэж маргадаг.

 Гэтэл хавтас хэрэгт цаг агаарын байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч,  хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрдүүлсэн Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2019 оны 12 дугаар сарын 20, 2020 оны 1 дүгээр сарын 30, 2021 оны 6 дугаар сарын 8, 8 дугаар сарын 11-ний өдрүүдийн  /хх- 64-65, 71-77 тал/ нийт 4 албан бичгүүд, цаг агаарын нөхцөл байдлыг харуулсан мэдээлэл нотлох баримтаар хавсаргагдсан байхад шүүх ямар нэгэн дүгнэлт өгч үнэлээгүй байна.

6. Хариуцагч Ш.Э-У 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 5 жил 7 сарын хугацаанд адуучнаар ажиллаж байхдаа хэдийд хэчнээн тооны адууг шуурганд уруудаж алдаж дутаасан,  байгууллагадаа хэрхэн яаж хэнд мэдэгдсэн эсэх, хөдөлмөрийн гэрээгээр хариуцан хүлээж авч маллаж байсан адууны бүртгэл, тооцоог хэрхэн яаж хийж  байсан эсэх, зэргээр маргааны үйл баримт тодорхойгүй, энэ талаар талуудын хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.

7. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд иргэний эрх зүйн харилцааны үүрэг ч үүсэх боломжтой байдаг. Талууд хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа –“Б Х групп”-ын ерөнхий захирлын “Ажлаас чөлөөлөх тухай“ 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тушаал /хх-6 тал/ гаргаснаар дуусгавар болсон Ш.Э-Уаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжилж байхад шүүх үүнийг анхааралгүйгээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл “Маргааны талаар гомдол гаргах хугацаа”, мөн хуулийн 130-135 дугаар зүйл “...хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага“ хүлээлгэх тухай  зохицуулалтуудыг баримтлан хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Давж заалдах шатны шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд болон хууль хэрэглэхэд хангалттай байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2021/00577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгчийн 1 062 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай. 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               Т.ЭНХМАА