Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/778

 

 

 

 

   2024           07            04                                         2024/ДШМ/778

 

П.З-д холбогдох

                                                           Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, Б.*******,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208038270050 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П.З ****

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 170 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч П.З нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред рок” зочид буудлын шатан дээрээс М.Д-ыг “хоёр хүнтэй зэрэг үерхлээ” гэх шалтгааны улмаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, П.З нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.З-аас 5.031.900 /таван сая гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч М.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар П.З-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, П.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би санаатайгаар хохирогч М.Д-т хохирол учруулаагүй. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, илт болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байгаа. Бага насны 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. Анх удаагаа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.З-ийн өмгөөлөгч Б.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Хохирогчид санаатай гэмтэл учруулах санаа зорилго байхгүй. Хохирогч М.Д, шүүгдэгч П.З нар нь найз нөхдийн холбоотой. Тухайн үед хохирогчийг түлхсэн чинь шатан дээр унаж гэмтэл авсан. Хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсандаа маргахгүй, гэмшиж байгаа. Тухайн үед П.З тодорхой орлогогүй байсан. Одоогийн байдлаар хувиараа наймаа хийж байгаа. Тэрээр хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.З-ийн өмгөөлөгч Б.Гомбодорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч надад мэдэгдэхгүйгээр давж заалдах гомдол гаргасан байсныг хэлэх нь зүйтэй байх. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийг тархины гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Иймд хохирогчийн тархины гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар баримтуудаа цуглуулж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаж байгаа мэт гомдол гаргасан байх боловч түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй гэж зөвтгөн тайлбарлалаа. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулсан. Прокуророос анхан шатны шүүхэд 10.000.000 төгрөгийн торгох ялын санал гаргасан. Гэвч шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Шүүгдэгч нь одоо хүртэл хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Хэрэгт ямар нэгэн хохирол төлсөн баримт байхгүй. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.З-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч П.З нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред рок” зочид буудлын шатан дээрээс М.Д-ыг “хоёр хүнтэй зэрэг үерхлээ” гэх шалтгааны улмаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага  тархины харалдаах хатуу хальсны доорх цусан хураа, духны баруун дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цусан харвалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Д-ын “...М нь тухайн өдөр З чамайг буудлын гадна шатан дээр зогсож байхад өшиглөх үед чи шат руу ар дагзаараа маш хүчтэй унасан гэж хэлсэн ...одоогоос 4-5 жилийн өмнө *******тай миний бие 1 жил орчим үерхсэн. Тухайн өдөр Э хардаж намайг өшиглөсөн гэж хэлсэн. ...” /хх 19-22/,

гэрч Д.Б-ийн “...З манай хүүг босооч гээд өвдөг рүү нь өшиглөж байхаар нь “чи өвчтэй хүүхдийг өшиглөөд байхдаа яадаг юм” гээд би таксины жолоочоор туслалцуулан гэр лүүгээ оруулаад амраасан. ...” /хх 35-37/,

гэрч Б.Б-ийн “...Тэр залуу манай зочид буудлын хаалга руу хараад нуруугаа шатны өгсөж ирдэг хэсэг рүү харуулаад зогсож байсан арай өндөр эмэгтэй нь тухайн эрэгтэйг нүүр лүү нь түлхэхэд тэр залуу нэг хоёр шат хойшоо гишгээд ар дагз хэсгээрээ цементин дээр унасан. Тэр залуу босохгүй байсан бөгөөд нэг нь очоод босгох гэтэл босохгүй байсан. Тэгтэл нүүр лүү түлхсэн эмэгтэй дахиж очоод цээж хэсэг рүү өшиглөсөн. ...” /хх 109-110/,

гэрч З.Г-ийн “…Нөгөө эмэгтэй уурлаад урдаас нь хараад зогсож байсан залууг нүүр лүү нь мангасдаж түлхэх үед тэр залуу 4 давхар шатнаас арагшаа дагзаараа цементин дээр унасан. ...” /хх 112-113/,

шинжээч эмч Г.Х-ийн “...Тухайн гэмтэл нь дагзны ар хэсгээрээ 1 удаа хатуу гадаргуутай зүйл дээр унахад үүсэх боломжтой. ...” /хх 82-85/,

П.З-ийн яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон сонсгож байгаа зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 72/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...М.Д-ын биед дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дагзны дэлбэн, бага тархины харалдаах хатуу хальсны доорхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16281 дүгээр дүгнэлт /хх 48-49/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 117-119/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 113-116/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.З ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

          Шүүгдэгч П.З-ийн хохирогч М.Д-ыг шатан дээр зогсож байхад нүүр лүү нь мангасдан түлхэж, унагаан дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины харалдаах хатуу хальсны доорхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт бүхий гэмтлийг учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Шүүгдэгч П.З “...хохирогч М.Д-ын биед санаатайгаар хохирол учруулаагүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

 

Шүүгдэгч П.З нь хохирогчтой маргалдах явцдаа хохирогчийг шатан дээр зогсож байхад нь түлхэж шатны уруу унагааж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16281 дүгээр дүгнэлт /хх 48-49/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч П.З өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/486 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН