Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/779

 

 

 

 

     2024           07            04                                        2024/ДШМ/779

 

Г.Д-т холбогдох

                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1334 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Д-т холбогдох эрүүгийн 2302006310090 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Д, *******

 

Г.Д нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Сүхбаатарын талбайн зүүн талын авто зам буюу 439 дүгээр постод албан үүргээ гүйцэтгэж байхдаа Grand Windom рестораны хоол хүргэгч өсвөр насны Ц.Э-ийг хоол хүргэх зориулалтын мопедыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхад нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэх зөрчил гаргасан үндэслэлээр саатуулан шалгаж байх явцдаа хохирогч Б.М-аас өсвөр насны Ц.Э-ийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулж байгаа мэт ойлголтыг төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076458025 тоот дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Д нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Сүхбаатарын талбайн зүүн талын авто зам буюу 439 дүгээр постод албан үүргээ гүйцэтгэж байхдаа Grand Windom рестораны хоол хүргэгч өсвөр насны Ц.Э-ийг хоол хүргэх зориулалтын мопедыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахад нь шалгаж улмаар “Жолоодож явсан мопедны түлхүүрийг авч, А ангиллын жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон учраас тээврийг хэрэгслийг чинь саатуулж 100.000 төгрөгөөр торгоно.” гэж хэлсэн, насанд хүрээгүй гэрч Ц.Э Grand Windom рестораны ахлах тогооч Д.Э руу утсаар ярьж “...мопедыг журамлаж, 100.000 төгрөгөөр торгоно гээд байна, мөн мопедын бичиг баримтыг авчир” гэсэн талаар хэлсэн. Улмаар Ц.Э замын цагдаатай тогооч Д.Э-ыг яриулахад “намайг эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон учраас мопедыг журамлаж 100.000 төгрөгөөр торгоно” гэж тайлбарлаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг зогсоосон цагдаа “за за торгуулиа төлөөд явж болно” гэсэн. Ц.Э тогооч Д.Э руу яриад “торгуулиа төлөөд явж болно гэж байна” гэхэд рестораны захирал М Г.Д-ийн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн талаар насанд хүрээгүй гэрч Ц.Э-ийн мэдүүлэг /хх 147-148/, мөн Э өөрийг нь зогсоож шалгасан замын цагдаатай утсаар яриулсан. Би тухайн цагдаатай утсаар ярихдаа "наад хүүхэд чинь манай рестораны хоол хүргэдэг хүүхэд байгаа юмаа, мопедыг нь заавал ачиж журамлахгүйгээр торгуулийн арга хэмжээ аваад явуулчиж болохгүй юм уу" гэхэд “тийм юм байхгүй” гээд утсаа салгасан, 20 минутын дараа Э дахин яриад “энэ цагдаад торгуулаад явж болох юм шиг байна” гэж хэлэхээр нь захирал М руу хэлсэн талаарх гэрч Д.Э-ны мэдүүлэг /хх 44-145/ зэргээс Г.Д нь Ц.Э-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон" зөрчил үйлдсэн үндэслэл тогтоогдсон байхад зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж тухайн зүйл хэсэгт зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байхад зөрчил гаргагчаас 100000 төгрөг авч явуулсан үйлдэлд хяналтын прокурор шүүгдэгчийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж үзсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэхээр байна. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхаар хуульчилсан бөгөөд хохирогчийн итгэлийг эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэргийг гэмт хэрэгтэн хохирогчийн итгэлийг олж авсан тэдгээрийн хоорондын харилцааг урьдаас төлөвлөн үүсгэж, итгэл үнэмшлийн үндсэн дээр буй болсон өөрийн үүргээ гэмт хэрэгтэн үл биелүүлэх аргаар үйлдэгддэг. Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс илүү их хэмжээтэй байдгаараа ялгагдана. Прокурор Г.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан нөхцөл байдлыг хангаагүй шүүх гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн хэргийг прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ байхгүй тул Г.Д-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Ц.Э-нь мопед жолоодож явсан болох нь тогтоогдсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “"механикжсан тээврийн хэрэгсэл" гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно” гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 1.2.24-д “мопед” гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг;”, мөн дүрмийн 25.3-т “...16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” гэж зохицуулсан байх ба гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд Ц.Э нь 17 настай байсан болох нь тогтоогдсон, мөн мопедыг жолоодоход тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байхыг хууль болон дүрмээр тусгайлан зохицуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, өсвөр насны Ц.Э нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдээгүй байна. Шүүхээс Ц.Э нь холбогдох хуульд заасан зөрчлийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй мэтээр хийсвэр дүгнэлт хийсэн, шүүгдэгч Г.Д нь зөрчил гаргагчаас 100.000 төгрөг авч явуулсан гэж дурдсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Д нь насанд хүрээгүй Ц.Э-ээс бус хохирогч Б.М-аас өөрийн нэрээр Хаан банкинд эзэмшдэг дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Хохирогчоос Ц.Э-ийн гаргасан зөрчлийн улмаас торгууль төлөх гэсэн санаа зорилгоор Г.Д-т мөнгө шилжүүлсэн талаар мэдүүлсэн, хууль бус ашиг сонирхлын зөрчил үүсээгүй болох нь гэрч Т.Б-ний мэдүүлгээр нотлогдсон байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Шүүхээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,...өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхаар хуульчилсан бөгөөд хохирогчийн итгэлийг эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэргийг гэмт хэрэгтэн хохирогчийн итгэлийг олж авсан тэдгээрийн хоорондын харилцааг урьдаас төлөвлөн үүсгэж, итгэл үнэмшлийн үндсэн дээр буй болсон өөрийн үүргээ гэмт хэрэгтэн үл биелүүлэх аргаар үйлдэгддэг. Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс илүү их хэмжээтэй байдгаараа ялгагдана гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг ялган зааглаж хуульчилсан байх бөгөөд уг бүлгийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилсан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлын хэмжээг нарийвчлан заагаагүй байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан. Г.Д нь насанд хүрээгүй Ц.Э-ийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн болох нь баримтаар нотлогдсон, шийтгэл оногдуулах үндэслэлтэй мэт ойлголтыг өгч эхнээсээ өгч, зөрчил үйлдэгдээгүй бодит байдлыг нууж хохирогч Б.М-ыг төөрөгдөлд оруулан улмаар өөрийн нэрээр арилжааны банкинд эзэмшдэг дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М, өсвөр насны Ц.Э нар нь өөрсдөдөө эдийн болон эдийн бус давуу байдал бий болгох хууль бус ашиг сонирхлын үүднээс Г.Д-т мөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах эсхүл хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.” гэж тайлбарласан нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан буюу гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.

Шүүхээс шүүгдэгч Г.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж шүүх үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн хэргийг прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ байхгүй тул шүүгдэгч Г.Д-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй.

Тодруулбал, прокуророос Г.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүнд гэмт хэргээр зүйлчилсэн, шүүхээс Г.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн аль зүйл хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй, мөн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар тодорхой, ойлгомжтой шийдвэртээ дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;” гэж заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ байхгүй гэж дурдсан нь салаа утга агуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг... буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол... нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж тус тус хуульчилсны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Г.Д-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1334 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН