2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/01628

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 21 191/ШШ2025/01628

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................... тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Б /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Миний бие Ц.Б нь ................................ аймгийн ................................ сумын НАААҮ-ний оёдлын үйлдвэрт 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл буюу 2 жил ажилласан. Гэвч тэтгэвэрт гарах хугацаа маань болоод ажилласан жилээ шүүлгэж үзэхэд ажилласан жилийн маань орсон, гарсан тушаал бичигдээгүй байна. Мөн холбогдох байгууллагуудад шүүлгэж үзэхэд огт баримт гарч ирээгүй.

Иймд намайг 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл ................................ аймгийн ................................ сумын ........... нэгдлийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.16-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,

-1991.09.20-ны өдөр ................................ аймгийн ................................ сумын ........ нэгдлийн даргаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 4 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 5 х/,

-2025.01.16-ны өдрийн 73 тоот ............... дүүргийн .............. дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 6 х/,

-2024.11.29-ний өдрийн 717 тоот ................................ аймгийн Архивын тасгийн Тодорхойлолт /хх-ийн 7 х/,

-2025.01.13-ны өдрийн 22 тоот Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын Тодорхойлолт /хх-ийн 8 х/,

-2025.01.10-ны өдрийн 64 тоот Үндэсний төв архивын Тодорхойлолт /хх-ийн 9 х/,

-Гэрч Ц.Э-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,

-1988.09.09-ний өдрийн 205 дугаартай ................................ аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх-ийн 11 х/,

-Гэрч Ж.Ч-гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 12-14 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс Ц.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.

 

Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ ................................ аймгийн Архивын тасгийн 2024.11.29-ний өдрийн 717 тоот ...Ц.Б-гийн ................. нэгдэлд 1992.01.01-нээс 1993.12.31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан баримт байхгүй..., Нийслэлийн Архивын газрын 2025.01.13-ны өдрийн 22 тоот, Архивын ерөнхий газрын 2025.01.10-ны өдрийн 64 тоот ................................... аймгийн ................................ сумын оёдлын үйлдвэрийн баримт шилжиж ирээгүй... гэх албан бичгүүд, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдийг үндэслэл болгон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагаа 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл ................................ аймгийн ................................ сумын ................................ нэгдлийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарласан.

 

Гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Ч, Ц.Э нар нь хэдийгээр Ц.Б-тай хамт ажиллаж байсан нь үнэн гэж мэдүүлсэн боловч тэдний мэдүүлгүүдийг давхар нотолсон холбогдох тушаал, шийдвэрүүд хэрэгт авагдаагүй учраас гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэж шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг.

 

Тус шүүхийн 2025.01.23-ны өдрийн 191/ШЗ2025/04453 дугаартай шүүгчийн захирамжаар ................................ аймгийн Архивын тасгаас Б овогт Ц.Б /РД:00000000/-гийн 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл ................................ аймгийн ................................ сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан, чөлөөлөгдсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал, цалин, хөлс олгож байсан тушаал болон бусад холбогдох баримтуудыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгчийн захирамжийн дагуу ................................ аймгийн Архивын тасгаас 2025.02.04-ний өдрийн 34 тоот албан бичгээр ................................ аймгийн ................................ сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний баримт шилжилж ирээгүй гэжээ. /хх-ийн 20 х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар илт зөрүүтэй байх тул түүнийг 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл ................................ аймгийн ................................ сумын ................................ нэгдлийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 1991.09.20-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн 1992 он гэх бичилт нь 7 дугаар хуудсанд, 1993 он гэх бичилт нь 10 дугаар хуудсанд тус тус бичигдсэн, овог Ц, нэр Б, төрсөн он 0000, сар 0, өдөр 00 гэх бичилтүүд нь өөр, өөр өнгийн балаар бичигдсэн, илт зөрүүтэй, засвартай, мөн нэхэмжлэгч нь уг хөдөлмөрийн дэвтрийг засварласан. Өөр хүний хөдөлмөрийн дэвтэр гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймээс Ц.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл ................................ аймгийн ................................ сумын ................................ нэгдлийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай Ц.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА