| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00515/И |
| Дугаар | 191/ШШ2025/01629 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01629
2025 02 21 191/ШШ2025/01629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..................... тоот хаягт оршин суух, Б овогт Д.С /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.С ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие Д.С нь 1990.12.01-ний өдрийн 178 тоот тушаалаар ............................. төвд орж ажлынхаа гарааг эхэлсэн. Тус төв нь 1990 оны 05 дугаар сард шинээр байгуулагдаад зах зээлийн он цагууд эхэлж байсан тул гадаад худалдаа, үйлдвэр үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр ажиллаж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан. Д.С би тус төв татан буугдсан тул мөн 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь тус байгууллагад ажиллаж байсан 4 жил 1 сарын хугацаа одоогийн байдлаар тооцогдохгүйгээр байна.
Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан бичилт хийгдсэн байгаа ч архивд тус байгууллагын материал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг ............................. төвийн барьцаалан зээлдүүлэх хэсэгт 1990.12.01-1995.01.15-ны өдрийг дуустал мөнгөний нярваар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-1991.12.10-ны өдөр ............................. төвийн боловсон хүчний газраас олгосон №000000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5 х/,
-2024.08.15-ны өдрийн 1275 тоот Үндэсний төв архивын Тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-2024.08.15-ны өдрийн 653 тоот Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын Тодорхойлолт /хх-ийн 7 х/,
-2024.10.25-ны өдрийн 319 дугаартай Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 8 х/,
-2025.01.06-ны өдрийн 18 дугаартай .............. дүүргийн ............ дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 9 х/,
-Гэрч Г.А, Ц.А нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-17 х/,
-2025.01.06-ны өдрийн БЗДНДГ-ын байцаагчийн албан бичиг /хх-ийн 18 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Д.С-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.
Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ Нийслэлийн Архивын газрын 2024.08.15-ны өдрийн 653 тоот, Архивын ерөнхий газрын 2024.08.15-ны өдрийн 1275 тоот ...архивын сан хөмрөгт ............................. төвийн баримт хадгалагддаггүй, баримт шилжиж ирээгүй... гэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.02.07-ны өдрийн 4/2055 тоот ................................ төв нэртэй хуулийн этгээдийн холбогдох хувийн хэрэг архивт байхгүй... гэх албан бичгүүд, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдийг үндэслэл болгон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.
3.Нэхэмжлэгч Д.С нь 1990.12.01-1995.01.15-ны өдрийг дуустал ............................. төвийн барьцаалан зээлдүүлэх хэсэгт мөнгөний нярваар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчид 1991.12.10-ны өдөр ............................. төвийн боловсон хүчний газраас олгосон №000000 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд, гэрч Г.А-ын ...Би Ардын армын дугаар ангид салаан захирагчаар ажиллаж байгаад 1990 оны 07 дугаар сард ажлаасаа гарч, 1990 оны 12 дугаар сард ............................. төвийн барьцаалан зээлдүүлэх газарт нярваар ажилд орсон. Анх ажилд ороход бид нар ажлын байрны тохижилтыг хийж үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн үед Д.С кассын нярав хийдэг байсан. Би 1994 оны 10 дугаар сарыг дуустал энэ байгууллагадаа нярваар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Намайг ажлаасаа гарахад Д.С кассын нярваар ажиллаж үлдсэн. Д.С-тэй хамт ажиллаж байсан нь үнэн.. гэх,
гэрч Ц.А-ын ...Би 1990 оны 05 дугаар сард ............................. төвийг анх үүсгэн байгуулагдахад нь эдийн засагч хийдэг байсан. Тухайн үед манайх гадаад харилцаа, ломбард, модны цех, нэхмэлийн цех, дэлгүүр, түүхий эд авдаг цех, электроникийн цех, мебелийн цех, сүлжмэлийн цех гэх мэтчилэн олон салбар нэгжтэй байсан. Д.С нь 1990 оны өвөл манай байгууллагын салбар нэгж буюу ломбардад кассчин, нярваар ажилд орсон. Би 1991 оны 10 дугаар сард орон тооны цомхотгол болсон учраас байгууллагынхаа нэрийн барааны дэлгүүрт үнэ зохигч-худалдагчаар ажилласан. ............................. төв нь 1995 оны эхээр татан буугдсан. Бид хоёр байгууллагаа татан буугдтал хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлгүүд,
мөн гэрч Г.А-ын №000000 дугаартай, гэрч Ц.А-ын №000000 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.
4. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.С /РД:00000000/-ийг 1990.12.01-1995.01.15-ны өдрийг дуустал ............................. төвийн барьцаалан зээлдүүлэх хэсэгт мөнгөний нярваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА