2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/01630

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 21 191/ШШ2025/01630

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ................... тоот хаягт байрлах, Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................... тоот хаягт байрлах, М ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай байгууллага нь хариуцагчтай 2023.07.29-ний өдөр гэрээ байгуулж тус өдөр болох .............................. арга хэмжээнд дууны тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгсэл болох jazz рго 12 tор, 8 double sub, монитор, тайзны хэрэгсэл, LD stinger 8 top, 8 single тус тус нийлүүлж ажиллахаар болж гэрээний төлбөрийг 14,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж тус хэмжээний бүхий л дууны тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгслийг хариуцан ажиллуулж арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан. Гэтэл захиалагчаас өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ үл биелүүлж гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэх мэтчилэн худал үнэн шалтаг шалтгаан тооцсоор өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.3-т Гэрээт хугацааны турш төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 1 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэрээнд зааснаар тус арга хэмжээ 2023.07.30-ны өглөөний 6 цагт дуусаж үлдэгдэл төлбөрийг ажлын 3 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон юм. Захиалагчийн зүгээс төлбөр төлөх хугацааг 2023.08.03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2024.11.25-ны өдөр хүртэл нийт 477 хоногоор хэтрүүлээд байна.

Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ нь 0.5 хувиас хэтрэхгүй байна гэж хуульчилсаны дагуу хуульд заасан хэмжээгээр захиалагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцоход 14,500,000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн алданги нь 72,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хугацаа хэртүүлсэн хоног болох 477-оор үржүүлэн тооцоход 34,500,000 төгрөгний алданги төлөх болж байна.

Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсаны дагуу 7,250,000 төгрөгийг алданги нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 14,500,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөг, нийт 21,750,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн:

Нэг талаас Улаанбаатар хот, ................ тоот хаягт оршин суух Б ХХК /РД:000000000/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т (цаашид Нэхэмжпэгч, эсхүл А тал гэх), нөгөө талаас Улаанбаатар хот, ..................... тоот хаягт оршин суух М ХХК /РД:000000000/-ийн гүйцэтгэх захирал О.П (цаашид Хариуцагч, эсхүл Б тал, хамтад нь талууд гэх) нар харилцан тохиролцож байгуулав.

1. Энэхүү гэрээний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 14,500,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг сайн дурын үндсэн дээр, эвийн замаар шийдвэрлэхийг урьтал болгож, эвлэрэхтэй холбоотой харилцааг зохицуулав.

2. Нэхэмжпэгч Б ХХК-д нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 14,500,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөгийг хариуцагч М ХХК нь дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд,

a. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 14,500,000 төгрөгийг 2025.05.01-ний дотор,

b. Алданги 7,250,000 төгрөгийг 2025.06.01-ний дотор тус тус төлж барагдуулна.

3. Дээр дурдсан хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй.

4. Энэхүү гэрээ байгуулагдсанаар талууд 2023.07.29-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу бие биенийхээ эсрэг аливаа шаардлага, нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

6. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэн гарын үсэг зурж, талууд тус бүр нэг хувийг, үлдэх хувийг шүүхэд хүргүүлж шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,750,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 14,500,000 төгрөгийг 2025.05.01-ний дотор, алданги 7,250,000 төгрөгийг 2025.06.01-ний дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Б ХХК-иас 2024.12.26-ны өдөр Б.Т-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий А24/32 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчтай дээрх нөхцөлөөр эвлэрийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамжид 133,350 төгрөг, улсын төсвийн орлогоос 133,350 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.12.17-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,700 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 14,500,000 төгрөгийг 2025.05.01-ний дотор, алданги 7,250,000 төгрөгийг 2025.06.01-ний дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамжид 133,350 төгрөг, улсын төсвийн орлогоос 133,350 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.12.17-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,700 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА