Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/792

 

       

 

 

 

 

    2024           07            08                                          2024/ДШМ/792

 

 

    А.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Уянга, Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Д-д холбогдох эрүүгийн 2402001300096 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.Д, 1996 ..

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч А.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай шавар гэх нэршилтэй, цэвэр жингээр 1.0756 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: А.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Д-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа лацтай зиплок ууттай “шавар” гэх нэршилтэй 1.0756 грамм, тугалган цаас зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад даалгаж, шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсан гэмшиж байна. Би өөрийн энэ алдаанаас маш их зүйлийг ухамсарлан ойлгосон бөгөөд үеийн найз нөхөд, залуу дүү нартаа ийм буруу зүйлээс болж амьдралаа сүйтгэхгүй байхыг уриалж амьдрах болно. Би ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Миний ээж хүнд өвчний улмаас байнгын асаргаа болон эмчийн хяналтад байдаг. Би ээжийгээ байнга хооллож, ундалж, усанд оруулдаг. Мөн ажил хийж авсан цалингаараа ээжийнхээ эм тариа болон эмчилгээний төлбөрийг төлж, амьдралаа авч явдаг байсан. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Д.Уянга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Д нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан. Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Г.Нямдоржийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэлд "...нэгжлэг хийхийн өмнө тухайн хүнээс байгаа зүйлийг сайн дурын үндсэн дээр заах, гаргаж өгч болохыг тайлбарлахад А.Д нь миний сууж байсан газар “шавар” гэх зүйл байгаа, би зааж өгнө” гэх, “...А.Д нь ...миний сууж явсан суудлын доогуур энэ хавьд байгаа гэж заасны дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Содбилэг нь шалавч сөхөж, суудлын доогуур гараар тэмтэрч үзэхэд мөнгөлөг цаасанд боолттой дотроо жижиг зиплок ууттай “шавар” мэт зүйл гарч ирснийг ... битүүмжлэн хураан авч...” гэх тэмдэглэл /хх 7, 8/, А.Д-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн сэжигтнээр өгсөн “...Би тэр үед сандарсандаа авсан “шавар” гэх жоохон зүйлээ суудлын доогуур шидсэн юм. Тэгээд машинд нэгжлэг хийж эхлэхэд өөрөө сайн дураараа зааж өгсөн юм. ...Би уг авсан “шавар” гэх зүйлээсээ огт хэрэглэж үзээгүй байхдаа цагдаад баригдсан, би өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна” /хх 55/ гэх мэдүүлэг авагдсан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжоо эдэлж чадаагүй тухайд:  А.Д-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Энэ утгаараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ илэрхийлж, үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой байсан. Гэтэл тэрээр хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас мөн хууль зүйн туслалцааг зохих ёсоор аваагүйн улмаас хүсэлт гаргаж чадаагүй буюу энэ эрхээ эдлээгүй байна. Хэрэв шүүгдэгч А.Д нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх эсхүл зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлэх боломжтой байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгч нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид хорих ял эдлүүлснээр дээрх зорилго, зорилт бүрэн биелэхгүй, харин хорихоос өөр төрлийн ял оногдуулан нийгэмшүүлэх, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-аар шийтгэж өгнө үү гэж санал гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;’’ гэж заасан зохицуулалтыг хэрэглээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн”, 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч А.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Д-ийн олж авч хадгалсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ 1 грамм бөгөөд тухайн бодисыг өөрөө болон бусдад хэрэглүүлсэн зүйл байхгүй. Тэрээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, байнга хэрэглэдэг хүн биш болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогддог. А.Д нь өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй, энэ төрлийн хэрэгт дахин холбогдохгүй гэдгээ байнга илэрхийлж, том сургамж авсан гэдэг. Өндөр настай эхийнхээ хамт хоёулаа амьдардаг ба эх нь хүүгээ хоригдсоноос хойш хаалгаа түгжиж, гэртээ хүн оруулалгүй ганцаараа байгаа сурагтай. Зөвхөн А.Д эхийгээ байнга хооллож, арчилж, угааж цэвэрлэдэг зэргээр биед нь хүрдэг цор ганц хүн нь юм. Хамаатан садны хүмүүс нь очиход уурлаад усанд ордоггүй гэсэн. Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг нь иргэдийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай. Өмгөөлөгчийн зүгээс А.Д-ийг нийгмээс тусгаарлаж, хорьж цагдах зайлшгүй шаардлага байхгүй гэж харж байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг огт хэрэглээгүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин холбогдохгүй гэдгээ амлан илэрхийлж байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Түүнийг нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлээд явах боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндэслэл журам, тусгай ангийн төрөл, хэмжээнд тохирсон. Давж заалдах шатны шүүхээс холбогдох нотлох баримтыг үндэслэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөх асуудлыг шийдвэрлэдэг боловч шүүгдэгчээс хувийн байдалтайгаа холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй учраас ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй. Зан байдал, засрал хүмүүжлээ харуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах боломжтой. Ялын тодорхой хэмжээг эдэлж, тухайн байгууллагадаа өөрийн засрал хүмүүжлийг харуулсан тохиолдолд хугацаанаас өмнө тэнсэн суллагдах боломжтой тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хариуцлагаа хүлээж, гэмшиж байгаа эсэх нь өөрөөс нь хамаарах тул ял хөнгөрүүлэх боломжгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Д.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай шавар гэх нэршилтэй, цэвэр жингээр 1.0756 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Т-ын “...18 цаг өнгөрөөгөөд гараад түгжрээд явж байх үед ub cab апликейшн-р дуудлага ирсэн. ...Тэр хоёр залууг аваад хаашаа явах талаар асуухад Шар хадны Эрдэнэтолгойн МТ колонк ороод буцаад эргээд энэ газартаа ирнэ гэсний дагуу Шархадны Эрдэнэтолгойн МТ шатахуун түгээх станцын гадаа зогсоол дээр очиход тэр хоёр залуу хүнтэй уулзаад ирье гээд буугаад удалгүй 5 минут орчим болоод буцаж машинд суугаад, суусан газраа буухаар явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн харалдаа жоохон өнгөрөөд түгжрээд явж байх үед гэнэт энгийн хувцастай цагдаа нар жолоочийн нэг талын арын цонх хага цохиод хэвтээд гэж хэлээд баривчилсан. ...” /хх 43/,

гэрч Э.Э-н “...Д “андаа мөнгө байна уу, найздаа 200.000 төгрөг зээлчих” гэхээр нь “ надад байгаа нь 170.000 төгрөг байна, 150.000 төгрөгийг авбал ав” гэж хэлээд Хас банкны интернэт банкийг нээгээд өгөхөд Д өөрөө дансаа хийгээд хүн рүү 150.000 төгрөг шилжүүлсэн. ...Д чи надтай ханиндаа яваад ирээч, ах дээр очоод нэг шил бор юм буюу виски аваад ирье, би гадаа ub cab дуудсан байгаа гээд намайг хань татсан. ...Таксинд суугаад Дайчин-Эрдэнэ замаа заагаад Шархадны Эрдэнэтолгойн МТ шатахуун түгээх дээр ирээд таксинаас бид хоёр хамт буугаад ахлахад Д жаахан түрүүлж алхаад уг шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн хэсэгт зогсож байсан цагаан өнгийн хагас ачаатай машин дээр очоод буцаад ирснээ ах мурьсан юм байна гээд эргээд таксиндаа суугаад суусан газар луугаа явсан юм. Баянзүрх дүүргийн харалдаа эсрэг талд нь ертөнцийн зүгээр баруун тийшээ түгжрээтэй удаан явж байхад гэнэт энгийн хувцастай цагдаа нар машинаас буулгаад баривчилсан. ...Цагдаад баригдсаны дараа л Д өөрөө машин дотор сууж байсан суудлын доор тийм зүйл үлдээсэн гэдгээ хэлж гаргаж өгч байсан. ...” /1хх 45-46/,

гэрч Л.Т-ийн “...буцаад 21 цагийн үед л байх буудлын өрөөндөө ирэхэд Д, Э нар өрөөндөө байхгүй байсан. ...шөнө Э утсаар залгаад цагдаа нарт баригдсан тухай ярьсан. Э Д намайг хань татаад гараад хүнээс виски аваад ирье, цуг Шархадны Эрдэнэтолгой гэх газар очоод ирж байх үед цагдаа нар барьсан. Тэгсэн Д хүнээс виски биш хар тамхины зүйл авсан байсан юм шиг байна лээ. Тэгээд цагдаад баригдсан гэж ярьсан. ...” /1хх 48-49/,

А.Д-ийн яллагдагчаар өгсөн “...би Унгар улсад амьдардаг байхдаа ганц нэг удаа өвс, шавар хэрэглэж үзсэн. Унгар улсад 1 грамм орчмыг хэрэглэхэд зөвшөөрдөг байсан учир хэрэглэж үзсэн. Энэ тухайгаа Э-д хэлж сонирхуулсан. Тэгээд би шавар гэх зүйлийг хаанаас олж болох талаар сонсож байсан. Унгарт байдаг танил М гэх залуу надад байгаа шүү гэж хэлж байсан учраас М рүү чатаар холбогдоход байгаа, чи энэ данс руу 150.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би энэ тухайгаа Э-д хэлээгүй. Э-гаас “мөнгө байна уу” гэж асуухад Э яах гэж байгаа талаар асуухаар нь “нэг ахдаа мөнгө өгөх хэрэгтэй байна” гэхэд Э утасныхаа интернэт банкийг нээгээд “170.000 төгрөг байна, 150.000 төгрөгийг нь авбал ав” гэхээр нь би утсыг нь аваад М-гийн явуулсан данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн удалгүй над руу телеграммаар байршлын зураг явуулсан. Би тэр байршил руу гарахдаа Э-г ханиндаа гараад манай нэг ахтай уулзаад ирье гээд дагуулаад гарсан. ... таксинаас Э-тай цуг буугаад би түрүүлж алхаад нөгөө тавьсан “шавар” гэх зүйлийг аваад буцаад таксиндаа суугаад буудал руугаа явж байхад Баянзүрх дүүрэг дөнгөж өнгөрөхөд энгийн хувцастай цагдаа нар бид хоёрыг таксины жолоочийн хамт барьж авсан юм. Би тэр үед сандарсандаа авсан “шавар” гэх жаахан зүйлээ суудлын доогуур шидсэн. Тэгээд машинд нэгжлэг хийж эхлэхэд өөрөө сайн дураараа зааж өгсөн. ...яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 55-56, 213-214/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шинжилгээнд ирүүлсэн хар, ногоон өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Хар, ногоон өнгийн зүйлийн зиплок гялгар уутны хамт жин нь 1,4902 грамм, цэвэр жин нь 1.0756 грамм. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1143 дугаар дүгнэлт /1хх 76-78/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-11/, 150.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт буюу Хас банкны интернет банкны дансны хуулга /1хх 57-59/, “...шавар гэх нэршилтэй, 1.0756 грамм, тугалган цаастай зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 60-61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Д ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.Д “шавар” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Д.Уянга нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгохдоо хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Уянга нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.Д-д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д түүний өмгөөлөгч Д.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН