Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/793

 

       

 

 

 

 

    2024           07            08                                          2024/ДШМ/793

 

 

    Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2305017240193 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Д, ....

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/619 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Бичил хорооллын аркийн орчимд иргэн М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, хэвлийн тус газарт нь цохиж хүрэмний халаасанд нь байсан 170. 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy А10” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

мөн иргэн М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтлох үедээ түүний хэвлийн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Д-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч  Г. Д-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-өөс 5.357.420 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-д олгож, Г.Д-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ид ажиллаж хөдөлмөрлөх насандаа өөрийн буруутай үйлдлээс болж бусдыг хохироож, өнөөдрийг хүртэл өсгөн хүмүүжүүлж, боловсрол мэргэжил олох бүх л бололцоогоор минь хангаж өгсөн төрсөн эгч, хүргэн ах хоёрыгоо хүнд байдалд оруулсан.

Би 4 настайдаа ааваасаа, 10 настайдаа ээжээсээ өнчирч хоцроод 16 настай төрсөн эгч О-хээ асрамжид үлдсэн. Төрсөн ганц эгч минь намайг сургууль соёл завсардуулахгүйгээр өөрөө сургуулиасаа гарахгүйгээр тэжээгчээ алдсаны тэтгэмжээр хоёр биеэ тэжээж сургууль соёлоо төгсөж мэргэжил эзэмшсэн. Миний эцэг Г нь эгч О-ийн хойд эцэг байсан ба аав маань намайг бага байхад нас бараад ах дүү нар нь биднээс холбоогоо тасалж огт харилцаа холбоогүй өссөн. Ээжийн маань ах дүү нар бүл чадал муутай хүмүүс байсан учраас эгч бид хоёрыг авч өсгөх хүмүүс байгаагүй, бид өөрсдөө л өсөж өндийж хүн болсон. Эгч маань 19 настайдаа гэр бүл зохиохдоо хадмындаа намайг дагуулж очиж, хүргэн ахынхаа аав ээжтэй хамт амьдардаг байсан ба одоо хүргэн ахынх маань тусдаа гарч, би хүүхдийг нь өсгөлцөж эгч дүү нартаа хань болж хамтдаа амьдарч байгаа. Өөрөө хар нялхаараа эцэг эхээсээ өнчирч үлдээд бүтэн өнчин хоцорч үлдсэн дүүгээ хаялгүй өнөөдрийг хүртэл миний төлөө зүтгэж явсан эгчийнхээ намайг илүү үзэлгүй өсгөж хоолонд минь хүргэсэн төрсөн дүү шигээ хандсан хүргэн ахынхаа итгэлийг алдсандаа үнэхээр харамсаж байна. Миний чихний хэнгэрэг хагарсан ба үргэлж идээтэй зүйл гоожиж маш их өвддөг, хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орох байсан боловч ажлаасаа чөлөө авч хагалгаа хийлгэж чадаагүй. Цаашид ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийж дахин гэмт хэрэгт холбогдохгүй зөв хүмүүжиж ах, эгч хоёрынхоо сайн дүү, дүү нарынхаа түшигтэй ах болж нийгэмшиж амьдрахаа амлаж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х эгчид 5.357.420 төгрөгийн хохирол барагдуулах шийдвэрийн дагуу уг хохирлыг төлж барагдуулсан ба надад ямар нэг гомдол санал байхгүй гэсэн. Хохирогчийн гэр бүл, хууль ёсны төлөөлөгч Х эгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цаашид хохирогч болон гэр бүлд нь чадах чинээгээрээ туслаж байнгын холбоотой амьдарна. Хэрэгт хүндрэл учруулалгүй, хэргээ нуун дарагдуулалгүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг минь харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Д-ний өмгөөлөгч Я.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Г.Д болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа. Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан хохирол болох 170.000 төгрөгийн хохирлыг 500.000 төгрөг болгон төлж барагдуулсан. Г.Д-ийг 4 настай байхад нь аав нь, 10 настайд нь ээж нь нас барсны улмаас эгч О нь 16 настайдаа төрсөн дүүгийн хамт бүтэн өнчирч, дүү Д-гөө асрамжийн газарт өгөлгүйгээр эцэг эхээс үлдсэн байрандаа тэжээгчээ алдсаны тэтгэмжээрээ 2 биеэ тэжээн амьдарч 10 жилийн сургуулиа төгсөж, дээд сургуульд орж 19 настайдаа гэр бүл зохион амьдрахдаа дүүгээ орхилгүй хамтдаа амьдарч, улмаар дүүгээ 10 жилийн сургуулийг нь төгсгөөд дээд сургуульд оруулж мэргэжил эзэмшүүлсэн. Г.Д нь бага наснаасаа өнчирч хагацахын зовлон үзсэн, хүүхдээрээ зан ааштай, хүнд тусархаг, хүний үгээр дуулгавартай томоотой, ажилласаг, эгчийнхээ 2 хүүхдийг хамтдаа өсгөлцөж, ажил хөдөлмөр эрхлэн эгчийндээ нөхөр 2 хүүхдийнх нь хамт одоог хүртэл амьдарч байгаа болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Д-өөс 5.357.420 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-д олгох шийдвэрийн дагуу тухайн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-гийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.Д-өөс өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт торгох ял, дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг төлөөгүй байсан тул улсын яллагчаас торгох ял оногдуулах боломжгүй гэж үзээд хорих ялын санал гаргасныг шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул өмгөөлөгчийн гомдлын талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Бичил хорооллын аркийн орчимд хохирогч М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, хэвлийн тус газарт нь цохиж хүрэмний халаасанд нь байсан 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy А10” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг,

мөн иргэн М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтлох үедээ  хэвлийн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Б-ын “...Бичил хорооллын аркаар гарах гээд доошоо хараад алхаж байсан чинь гэнэт нэг үл таних залуу намайг газарт унагаад цохиод байсан. ...хамт яваа бололтой нэг залуу бас над руу дайраад намайг газарт суусан чинь анх намайг газар унагаасан залуу миний гэдэс болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа /яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна/ цохиод миний гар утсыг аваад тэр хоёр яваад өгсөн. ...” /хх 32-34/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-гийн “ ...2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 6 дугаар бичил хороололд явж байхдаа бусдад зодуулж, дээрэмдүүлсэн байсан. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа нарийн гэдэсний хагалгаанд орсон. Хагалгаа амжилтай болж эмчлүүлж байсан. ...Миний дүү уушигны үхжмэл хоёр дэлбэнг хамарсан сүрьеэ өвчний улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. ...” /хх 40-41/,

шинжээч Б.Ганзоригийн “...тухайн гэмтлүүд нь хэвлийн тус газарт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...” /хх 47/,

шинжээч Ц.Бадралын “...дээрх гэмтлийн улмаас үүссэн нарийн бүдүүн гэдэсний наалдац, элэгний өмнөд гадаргуугийн наалдац өөрчлөлт тогтоогдсон байх ба бүрэн эдгэрсэн байна. Энэ гэмтэл үхлийн шалтгаанд хамааралгүй ба уушигны нянгийн халдвараар халдварлаж хоёр уушигны бүх дэлбэнг хамарсан тархмал сүрьеэ өвчний улмаас нас барсан. ...” /хх 68-70/,

 

Г.Д-ний яллагдагчаар өгсөн “...хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр танилцсан, нэрийг нь сайн мэдэхгүй А гэх залуутай 6 дугаар бичил хорооллын аркийн тэнд явж байгаад үл таних согтуу, 40 гаран насны ахтай таарсан. Бид хоёр танимхайраад хамт юм уух уу гэж А асуусан. Тэгээд яриад зогсож байхад нь би тэр ахыг хавирч газарт унагаагаад дээрээс нь цохьсон. Согтуу байсан болохоор яг хаашаа нь яаж цохисноо санахгүй байна. Тэгээд халаасанд нь байсан “Samsung А10” загварын хар өнгийн гар утсыг нь аваад өөрийнхөө халаасанд хийсэн. ... Би тэр хавьд явж байсан танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зараад, мөнгөөр нь архи авч уусан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 81-82/,

 

“...М.Б-ын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5274 дугаар дүгнэлт /хх 49-51/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-22/, алдсан эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 55-60/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Д ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Д хохирогч М.Б-ын эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг торгох ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилээр тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-ний гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 5.357.420  төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Д-д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч Г.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-д хохирлын 5.400.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай аангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Д-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ний 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Шүүгдэгч Г.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-д хохирлын 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН