Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2021/00018

 

                                                          

 

К.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2021/00492 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ш а” алтны үйлдвэрт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч К.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие К.Э 1990 оноос эхлэн Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Толгойт, Зэрэгцээ, Ш а ХХК, Ш а алтны үйлдвэрт тус тус тасралтгүй ажиллаж байсан. Өмнө нь Ш а алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа орсон. Гэтэл дахин Ш а алтны үйлдвэрийн захирал 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаал гаргаж, үндэслэлгүй ажлаас чөлөөллөө. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээний 10 Д хэсгийг тус тус үндэслэсэн байх ба миний бие дээр дурдсан хууль, журмын заалтыг зөрчөөгүй. Ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар гомдол гаргаж байна. Иймд намайг Ш а алтны үйлдвэрийн драгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К.Эыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/99 тоот тушаалаар ажилд томилсон. Тэрээр Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрийн ажиллагсдын анкетад Монгол Улсын Багшийн их сургуульд 1995-1999 онд суралцан нийгмийн ухааны боловсрол эзэмшсэн гэх атлаа 1990 оны 8 дугаар сараас 2000 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Толгойт алтны үйлдвэрт ажиллаж байсан хэмээн бичжээ. Үүнээс үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар дээд боловсролын дипломыг нь шалгуулахад 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 тоот албан бичгээр К.Э нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд түүх, нийгэм судлалын мэргэжлээр суралцан төгссөн тухай мэдээлэл байхгүй, тус сургуулиас D1999/5758 дугаартай диплом олгогдоогүй байна гэсэн хариу өгсөн. Ш а алтны үйлдвэрийн Драгийн даргын Ажлын байрны тодорхойлолт-ын ажлын байранд тавигдах шаардлагад Дээд боловсролтой байхыг шаарддаг. Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, SH-20-21 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтын 10.Д хэсэгт тус тус зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон, ажлын болон албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн нь сахилгын ноцтой зөрчил бөгөөд энэ нь гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заасан. Иймд К.Эын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.Эыг Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрийн Драгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 48.906.952 /дөчин найман сая есөн зуун зургаан мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар К.Эын ажилгүй байсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Ш а алтны үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 472.684 /дөрвөн зуун далан хоёр мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Нэгт: Дээд боловсролын дипломыг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдож сахилгын ноцтой зөрчил үйлдсэн тухайд

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар нүүрэнд авагдсан. Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 тоот Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын даргын албан бичиг буюу К.Э нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд түүх, нийгэм судлал мэргэжлээр суралцаж төгссөн тухай мэдээлэл байхгүй, тус сургуулиас D1999/5758 дугаартай диплом олгогдоогүй байна гэснийг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

4 дүгээр хуудасны эхний мөрнөөс өөрөөр хэлбэл К.Эыг "Монголросцветмет" Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа алтны үйлдвэрт олон жилийн хугацаанд драгер, драгерийн даргаар ажиллуулсан атлаа 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлын байрны тодорхойлолтод заагдсан "дээд боловсролтой" байх шаардлага хангаагүй, мөн дээд боловсролтой гэх хуурамч дипломыг бүрдүүлэн өгч, ажлын байранд томилогдсон хэмээн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Хэдийгээр "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.3.16 "Хөдөлмөрийн гэрээ"-ний 10 дугаар зүйлийн Д-д "Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон, албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно" хэмээн тохиролцсон боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх албан бичгийн агуулга нь К.Эын D1999/5758 дугаар диплом "бүртгэгдээгүй, олгогдоогүй" гэснээс биш "хуурамч" гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Мөн К.Эын дипломыг хуурамч эсэхийг шалгаж тогтоосон албан ёсны, эрх бүхий этгээдийн акт, шийдвэр хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Учир нь дээд боловсролын диплом олгох тухай Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хяналт тавих чиг үүргийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэнд, Боловсрол соёлын хяналтын газарт үүрэг болгосон.

К.Э нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрийн ажиллагсдын анкетыг бөглөхдөө Монгол Улсын боловсролын их сургуулийг 1995-1999 онд нийгмийн ухааны чиглэлээр төгссөн гэж боловсролын талаарх мэдээллээ бөглөсөн.

Харин түүний суралцаж төгссөн жилүүд болох 1995-1999 онд К.Э нь “Монросцветмет Толгойт” алтны үйлдвэрт доод машин драгераар ажилласан байсан тул тухайн 4 жилд суралцах боломжгүй харагдсан. Үүний дагуу ажил олгогчийн зүгээс эрх бүхий байгууллага болох Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын дарга С.Сүнчингийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 дугаар албан тоотоор Колягийн Э /МТ71020411/ нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд Түүх нийгэм судлал мэргэжлээр суралцаж төгссөн тухай мэдээлэл байхгүй, тус сургуулиас D1999/5758 дугаартай диплом олгогдоогүй байна гэх албан тоотыг ирүүлсэн.

Хариуцагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх албан бичгийг К.Э нь тус сургуулийг түүх, нийгэм судлалаар суралцаж төгсөөгүй, түүнд тус сургуулиас ямар нэгэн дээд боловсролын диплом олгогдоогүйг нотолсон гэж үзэж “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа "Ш а" алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16 "...Хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон ажлын болон албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн...", Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйл /гэрээг цуцлах, дуусгавар болгох/ Д-д "Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон болон албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн” бол гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгон гэсний дагуу К.Эыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Шүүхээс Мэргэжлийн хяналтын албан бичгийн бүртгэгдээгүй, олгогдоогүй гэх 2 үгийг сонгон авч хуурамч гэж бичигдээгүй тул гэж хэт явцууруулж ойлгож дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын албан тоот нь агуулгын хувьд Колягийн Э нь тус сургуулийг суралцаж төгсөөгүй, диплом олгогдоогүй нөхцөл байдал харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй байна.

Нэгэнт Улсын багшийн их сургуульд суралцаагүй, тус сургуулиас олгогдоогүй дипломыг гаргаж ажлын байранд томилогдсон нь хуурамч диплом гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд К.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж, сахилгын зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгийг "Ш а" алтны үйлдвэр хүлээн авч мэдсэн атлаа К.Этай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь түүнийг тухайн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзсэнийг нотолж байна гэж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт мэргэжлийн хяналтын газрын албан тоотыг хариуцагч "Шижир-Алт" алтны үйлдвэр нь хэзээ гардаж авсан талаар баримт авагдаагүй. Хариуцагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүсэлт гаргаад хариу албан бичиг ирээгүй буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр уг албан тоотыг гардаж аваагүй байсан тул К.Этай хөдөлмөрийн гэрээг сунгаж байгуулсан.

Харин уг албан тоотыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас "Ш а"-ны үйлдвэрийн бичиг хэргийн ажилтан биечлэн очиж гардаж авсан.

 

Хоёрт: Тушаалын хариуцсан хэсгийн ажиллагсад нь ажлын байранд архи уусан зөрчил гаргасан тухайд

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр талд Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн А-д Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ ...архи, согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын талбай, ажлын байранд нэвтэрсэн бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно..." гэж тохиролцжээ.

Хэргийн 121-125 дугаар хуудсанд Р.Лутбэх, А.Цогт, С.Батай, П.Сумъяахүү, Ж.Батсайхан нарын тайлбар, хэргийн 127-130 дугаар хуудсанд дээрх нэр бүхий иргэдийн цусан дахь архины хэмжээг шалгасан тухай эмчийн үзлэгийн тодорхойлолтууд авагдсан байх ба тэд ажлын цагаар, ажлын байран дээрээ архи, согтууруулах зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Ингээд "Шижир-Алт" алтны үйлдвэрийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн Р.Лутбэх, А.Цогт, С.Батай, П.Сумъяахүү, Ж.Батсайхан, Т.Пүрэвсүрэн нарт 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхдээ нэхэмжлэгч К.Эын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн саналыг үндэслэсэн байна.

Мөн хэргийн 103 дугаар талд нэхэмжлэгч К.Эын гаргасан дээрх асуудалтай холбоотой "Санал, тайлбар" гэх баримт авагдсан ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч К.Э өөрөө ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба харин ч хэрэглэж, зөрчил гаргасан хүмүүст зохих арга хэмжээ авахуулахаар санал гаргасан атал "өөрөө хэрэглэсэн" хэмээн түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэжээ.

Хариуцагч "Шижир-Апт" алтны үйлдвэрийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 тоот тушаалын хоёр дахь үндэслэл нь хариуцсан хэсгийн ажиллагсад нь ажлын байранд архи уусан зөрчлийг гаргасан гэсэн үндэслэл байсан.

Энэ нь хавтаст хэргийн 121-125 дугаар хуудсанд Р.Лутбэх, А.Цогт, С.Батай, П.Сумъяахүү, Ж.Батсайхан нарын тайлбар, хэргийн 127-130 дугаар хуудсанд дээрх нэр бүхий иргэдийн драгер багажаар үлээлгэсэн согтолтын хувь хэмжээ, эмчийн үзлэгийн тодорхойлолтууд бусад нотлох баримтаар нотлогддог.

Гэтэл ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд дурдагдаагүй К.Эыг архи уусан мэтээр буруутгасан гэж шүүх үйл баримтыг буруугаар ойлгож дүгнэсэн байна.

"Ш а" алтны үйлдвэрийн драгерийн дарга нь нийт 30 гаруй ажиллагсдыг хариуцан ажилладаг.

Хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд К.Эын ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлын байрны гол үндсэн чиг үүрэг нь компанийн үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх, өөрийн удирдлага дор ажиллах машинч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааврыг мөрдүүлэх, сурч боловсроход дэмжлэг үзүүлэхэд оршино гэж заасан.

Хариуцагч "Шижир-Алт" алтны үйлдвэрийн зүгээс дээрх хариуцлагатай албан тушаалд заавал дээд боловсролтой хүн ажиллах ёстой гэсэн нэгдсэн байр суурьтай байдаг ба ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн.

К.Эын шууд удирдлага дор ажилладаг албан хаагчид нь ажлын байранд архи уусан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажиллагсдаараа ХАБ, ЭА-ны дүрэм зааврыг судлуулан чанд мөрдүүлэн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

Иймд "Шижир-Алт" алтны үйлдвэрийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 дугаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль ёсны үндэслэл бүхий байх тул Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2021/00492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч К.Э нь “Монголросцветмет” ТӨҮГазрын харьяа “Ш а“ алтны үйлдвэрийн Драгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй гэж  маргасан байна.

Хариуцагч “Ш а” алтны үйлдвэрийн захирал Б.Ариун-Эрдэнэ  “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай“ 2020 оны 2 дугаар сарын 14- ний өдрийн  №Б/17 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, ”Ш а” алтны үйлдвэрийн  Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16,  Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, К.Этай байгуулсан SH-20-21 тоот хөдөлмөрийн гэрээний 10 д дэх заалтуудыг тус тус баримтлан “Драгийн дарга Колягийн Э нь дээд боловсролын дипломыг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдож сахилгын ноцтой зөрчил үйлдсэн,...” гэх үндэслэлээр К.Эыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ. /1-р хх-14 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан ёсоор “Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг“ нь тухайн ажилтны ажил үүргүүдийг ажилбар бүрээр нарийвчлан гаргасан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон “Драгийн даргын ажил, албан тушаал байх” бөгөөд Драгийн даргын ажил, албан тушаалыг эрхлэх иргэнд тавигдах ерөнхий шаардлага боловсрол нь захиргааны зүгээс боловсруулж баталсан  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн  “Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт Y. Ажлын байранд тавигдах шаардлага, боловсрол /боловсролын зэрэг/, Дээд“ гэж заасан байна.

Нэхэмжлэгч К.Эын хувийн хэргийн материалд авагдсан анкетад“ Боловсролын талаарх мэдээлэл хэсэгт “МУБИС орсон 1995 он, төгссөн 1999 он, эзэмшсэн боловсрол нийгэм ухаан“ гэж ,Улсын багшийн их сургуулийн түүх-нийгэм судлалын багш мэргэжил, бакалаврын диплом Д1999/5758, хавсралтын хамт хуулбарлан захиргааны байгууллагын ажиллагсдын хувийн хэрэгт авагдсан байна.    

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч К.Э нь Драгийн даргын ажлын байранд тавигдах дээд боловсролтой байх шаардлагыг хангаагүйн дээр  “Монголросцветмет “ Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир- алт” алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын Найм. Хөдөлмөрийн сахилга, 8.3-д Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд ...8.3.16-д Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон ..”, /1-р хх-30-41тал/, Хөдөлмөрийн SH-20-21 тоот гэрээний 10. Гэрээг цуцлах, дуусгавар болгох 10.2.1-ын Д. Ёс зүйн...Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан ажлын байранд томилогдсон...” /1-р хх-115-119тал/, гэж заасан буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан  ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал

Нэхэмжлэгч К.Э дээд боловсролын дипломыг хуурамчаар бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт ашиглан Драгийн даргын ажлын байранд томилогдсон ноцтой зөрчил гаргасан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №06/126 тоот “...Колягийн Э нь /МТ71020411/ Улсын багшийн их сургуулийг 1999 онд Түүх нийгэм судлал мэргэжлээр суралцаж төгссөн тухай мэдээлэл байхгүй, тус сургуулиас D 1999/5758 дугаартай диплом олгогдоогүй байна” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч К.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан  эсрэг талын тайлбар, татгалзал тэдгээрт тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг нь үгүйсгэсэн хариуцагчийн тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх, нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг өөрөө нотлох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх,  үүрэг хүлээсэн.

Гэтэл нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй   нэхэмжлэгч К.Э нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд Түүх нийгэм судлал мэргэжлээр суралцаж төгсөж, D 1999/5758 дугаартай диплом авсан гэдгээ  нотлоогүй, дээрх мэргэжлийн хяналтын газрын албан бичигт дурдагдсан үндэслэлийн талаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хэрэг үүсгэснээс хойш анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний  өдөр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд нотлох баримттайгаар  үндэслэл бүхий тайлбар гаргаж няцаагаагүйн дээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны  шатанд ч тэрээр “дээд сургууль төгссөн, бичиг баримт нь хуурамч биш” гэдгээ үндэслэл бүхий тайлбар гаргаж нотлоогүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, мөн зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” мөн зүйлийн 6.5-д “Зохигч талууд гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэсэн  мэтгэлцэх зарчмыг огтхон ч  хэрэгжүүлээгүй байна. 

Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тушаал танилцуулахдаа ярилцсан Тэгэхэд диплом хуурамч гэдгийг өөрөө хэлж байсан ...Мэргэжлийн хяналтад яагаад хандах болсон бэ гэвэл анкетаа бөглөхдөө Улсын багшийн их сургууль гээд засвартай бичсэн ...эзэмшсэн боловсрол мэргэжлээ нийгмийн ухаан гээд биччихсэн байсан...Диплом нь болохоор өөр түүх, нийгэм судлал гэсэн байсан.. 1995-1999 он хүртэл 4 жилийн хугацаатайгаар дээд боловсрол эзэмшсэн гэдэг боловч ...алтны үйлдвэрт 1992 оны 8-р сараас 2000 оны 8 сар хүртэл тасралтгүй ажилласан байдаг..өдөр болон эчнээгээр сурах боломжгүй“ гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...К.Э бол өөрөө төгссөн гэдэг ...Сургуулиас нь лавлагаагүй... К.Э тухай сургуулийг төгссөн эсэхийг хэлж мэдэхгүй“ гэх тайлбар гаргасан байдлаар давхар нотлогдож  байна.

Хариуцагч “Ш а” алтны үйлдвэрийн газар нь дипломын хуурамч эсэхийг нотлох эрх бүхий субъект биш бөгөөд Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.3.1-д зааснаар хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих, Дээд боловсролын диплом олгох журмын 1.5-д зааснаар дээд боловсролын диплом олгох журмын хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байна.

Дээрх хууль болон журмаар олгогдсон эрхийн хүрээндээ мэргэжлийн хяналтын газар хяналтыг хэрэгжүүлж К.Эд суралцаж төгссөн тухай мэдээлэл байхгүй диплом олгогдоогүй болохыг нотолсон албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн  байна.

Уг албан бичгийн агуулгаас үзэхэд МТ71020411 регистертэй Колягийн Эд D1999\5758 дугаартай диплом огт олгогдоогүй, мэргэжлээр суралцаж төгссөн тухай мэдээлэл байхгүй болох нь нотлогдсон, энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллага нь шалгаж тогтоогоод албан ёсоор албан бичгээр хариу хүргүүлчхээд байхад анхан шатны шүүх “...К.Эын дипломыг хуурамч эсэхийг шалгаж тогтоосон албан ёсны эрх бүхий байгууллагын акт, шийдвэр хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл захиргааны зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын албан бичгийг үндэслэн К.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон   шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл алга. 

Гэтэл анхан шатны шүүх “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх албан бичгийн агуулга нь К.Эын D1999\5758 дугаар диплом бүртгэгдээгүй, олгогдоогүй гэснээс биш хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.”гэж хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд  хэргийг оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг  зөрчсөн байна.

Иймд К.Э нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор “ноцтой зөрчил” гаргасан нь тогтоогдсон, түүнийг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан заалттай нийцэж байна.

Харин хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын 2 дахь зөрчлийн  үндэслэл “...хариуцсан хэсгийн ажиллагсад нь ажлын байранд архи уусан зөрчил гаргасан” гэсэн байна.

Хариуцагчийн тайлбараас үзвэл К.Э Драгийн даргын хувьд ажилтнууддаа тавих хяналтаа бүрэн хэрэгжүүлээгүйгээс ажиллагсад ажлын байранд архи уусан зөрчил гаргасан хэмээн түүнийг  буруутгажээ.

Ажлын байрны тодорхойлолтоос үзвэл Драгийн даргын К.Э нь шууд харьяалах ажлын байр драгер, ахлах машинч, хойд машинч, дээд машинч, эргийн ажилтан зэрэг 30 гаруй ажилчдад өдөр тутмын ажил үүрэгт хяналт тавьж ажиллах үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “...өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэвэл ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж тусгагдсан, харин  хариуцсан  хэсгийн ажиллагсад нь  ажлын байранд архи уусан зөрчил гаргасан тохиолдолд К.Эд хариуцлага хүлээлгэхээр тусгагдаагүй байна.

Гэтэл Драгийн дарга К.Эын шууд харьяалах ажиллагсдын ажлын байрандаа архи уусан зөрчлийг түүнд хамаатуулж буруутгасан үндэслэлгүй, энэхүү  зөрчлийн талаар  анхан шатны шүүх үндэслэлтэй  дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2021/00492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар К.Эыг “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Ш а“ алтны үйлдвэрийн Драгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай“ гэснийг , “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Монголросцветмет” ТӨҮГазрын харьяа “Ш а“ алтны үйлдвэрийн Драгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч К.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөгдөхийг дурьдаж, хариуцагч “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Ш а “ алтны үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 472 684 /дөрвөн зуун далан хоёр мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай” гэснийг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “4,5” гэсэн дугаарыг “2, 3” гэж тус тус өөрчилж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 684 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                                     М.МӨНХДАВАА

                                                                               Т.ЭНХМАА