2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06249

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06249

Улаанбаатар хот

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-д холбогдох,

 

58,483,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов. Хариуцагч Б.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие анд оршин суудаг малчин, манай нутаг цас зуд ихтэй, байгалийн аюулт үзэгдэл байнга болдог хүнд хэцүү өвөлждөг тул өөрийн өмчлөлийн 19 тооны үхрийг цохиж 3 тонн 561 кг махыг Улаанбаатарт оруулж ирж борлуулахаар 2024 оны 6 сард ирсэн.

Хотод орж махаа борлуулах зорилгоор хэд хэдэн хүнтэй уулзалт хийсэн бөгөөд Б.******* гэж хүн тухайн үеийн ханшаас кг тутамд 1000 төгрөгөөр илүү үнээр авах саналыг гаргасан. Нийт үнэлгээ 39 сая 10 мянга төгрөг болсон бөгөөд үүнээс урьдчилгаа 10 сая төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгнө, үлдсэн 29 сая 10 мянган төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгье энэ хугацаанд алданги, хүү тооцохгүй Зээлийн гэрээ байгуулья гэсэн саналыг гаргасан.

Б.*******гийн гаргасан саналыг би холоос ирж мах зарж байгаагаас гадна яаралтай буцаж хаврын малчны их ажлаа хийх хэрэгтэй байсан тул зөвшөөрч гэрээ байгуулаад түүнд итгээд явсан. Түүнээс хойш Б.*******д бм учир байдлаа хэлж мөнгөө нэхэхэд өнөөдөр, маргааш гэж хэлсээр өгөхгүй 2024 оны 10 сар хүрсэн тул би дахин Улаанбаатарт ирж гэрээ хийж алдангийг анхны гэрээнд 0.1 хувь байсныг нэмэгдүүлж өдрийн 0.5 хувь болгож, мөнгийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр багтаан төлж дуусахаар тохиролцон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж нотариатаар баталгаажуулсан.

Гэвч өнөөдрийг хүртэл тус гэрээний үүрэг хангагдаагүй би хохирч байгаа тул дахин ирж энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Малчин хүнд 40 сая төгрөг их хэмжээний мөнгө юм, 19 тооны үхрийг нас биед гүйцээж үнэ хүргэхийн тулд 7-8 жилийн цаг хугацаа зарцуулдаг, малчин хүмүүс бидний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл шингэж байдаг юм. Энэ хүн миний итгэлийг алдаж мөнгийг минь өгөхгүй байгаагаас болж зээл авч амьдралынхаа асуудлуудыг шийдвэрлэж байгаа нь хүү төлж хохирол учруулж байна, мөн энэ ажлыг бүтээхийн тулд нийт 1000 гаруй км газраас эхнэрийн хамт 4 удаа ирж очиж зардал гаргах гэх мэтээр хохирч байгаадаа гомдолтой байна. Иймд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж миний асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье.

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Зээлээр худалдах худалдан авах гэрээ", 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн "Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-нүүдээр тохирсон үхрийн худалдсаны үнэ болох 39 сая 10 мянган төгрөг, түүний алданги 19 сая 505 мянга, хохиролд -, Мөрөн-Улаанбаатарт нийт 4 удаа эхнэрийн хамт ирж очсон замын зардал 1.768.000, нийт-60.283.000 (жаран сая хоёр зуун наян гурван мянга) төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү.

1. 0772 дугаар гэрээгээр иргэн Б.******* нь гэрээний төлбөр болох 10,000,000 төгрөгийг 2024-07-01-ний өдөр төлөх, үлдэгдэл 29,010,000 төгрөгийг 2024-07-25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон ба гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

2. 1543 дугаартай гэрээгээр 2024-10-25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн төлбөр, алдангид нийт 60,823,000 төгрөг тооцсон нь техникийн алдаа байсан ба нэхэмжлэлийн шаардлагын 2,339,250 төгрөгөөс татгалзаж нийт 58,483,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Алданги 35,000,000 төгрөг төлж байгаа учраас 18,005,000, үндсэн төлбөр 39,100,000 төгрөг , замын зардал 1,768,000, нийт 58,483,750 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.*******өөс 3561 кг үхэр мах авсан. Уг махаа зээлийн гэрээгээр авсан үнэн. Нийт махны мөнгө 39,100,000 болсон. Уг мөнгөө хугацаандаа өгч чадаагүй. Тухайн үед махны ханш авсан үнэнээс буусан. Бас хөргүүр, зоорь, жижиг зардал гээд мах нь уг үнэнээс доошоо орж ашиг орлого олж чадаагүй алдагдалд орсон. Гэхдээ гэрээ хийгээд авсан болохоор бүрэн барагдуулж төлж дуусгана. Уг хүмүүст уг мөнгөнөөс 3 сая төгрөгийг 1 удаа ирсэн(зардал 1 удаа төлсөн) төлсөн. Алданги болох 19,505,000-ийг төлөх чадвар байхгүй харж үзэж өгнө үү. Замын зардлыг өгнө. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Б.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******гийн Иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Уулзалтын тэмдэглэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.*******д холбогдуулан үлдэгдэл үнэ 39,010,000/гучин есөн сая арван мянга/ төгрөг, алданги 18,005,000/арван найман сая таван мянга/ төгрөг, замын зардал 1,768,000/нэг сая долоон зуун жаран найман мянга/ төгрөг, нийт 58,483,750/тавин найман сая дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь гэрээ хийгээд авсан болохоор бүрэн барагдуулж төлж дуусгана, алданги төлөх чадвар байхгүй харж үзэж өгнө үү гэх хариу тайлбар ирүүлсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.*******д холбогдуулан нийт 60,283,000/жаран сая хоёр зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаас 2,339,250/хоёр сая гурван зуун гучин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээ байгуулсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.

 

2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1, 3.2, 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 19 ширхэг буюу 3 тонн 561 кг үхрийн гулууз мах шилжүүлэх, хариуцагч нь махны нийт үнэ 39,010,000/гучин есөн сая арван мянга/ төгрөгөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 29,010,000/хорин есөн сая арван мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ; гэж заасан.

 

2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд үхрийн мах шилжүүлэх, хариуцагч нь үнийг хэсэгчлэн буюу 2/хоёр/ хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.3 дахь заалтад зааснаар хүү төлөхөөр тохиролцоогүй байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд үхрийн гулууз мах шилжүүлэх, хариуцагч нь үнийг хэсэгчлэн буюу 2/хоёр/ хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Хариуцагч нь үхрийн махыг шилжүүлсэн авсан болон үхрийн махны үнийг Гэрээнд заасан хугацаанд төлөөгүй талаар маргаагүй ба үхрийн махны үнэд 3,000,000/гурван сая/ төгрөг төлсөн болох нь зохигчийн энэ талаарх тайлбаараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь үхрийн махны үнэд 3,000,000/гурван сая/ төгрөг төлсөн талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үхрийн махны үлдэгдэл үнэд 36,010,000/39,010,000-3,000,000=36,010,000/ /гучин зургаан сая арван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 18,005,000/арван найман сая таван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Зохигчид 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-р тогтоогдож байна.

 

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий 4-ийн 4.2-т зааснаар тус гэрээ нь Гэрээний салшгүй хэсэг талаар тусгажээ.

 

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий 3-ын 3.2-т зааснаар зохигчид 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 0.5/тэг аравны тав/ хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., мөн хуулийн 232.6-д хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий 3-ын 3.2-т зааснаар зохигчид үхрийн махны үнийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролсон болох нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий 3-ын 3.2-т заасан хугацаанд үхрийн махны үлдэгдэл үнийг төлж барагдуулаагүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 18,005,000/36,010,000х0,5=180,050, 2024.10.25-2025.05.08=211 хоног, 180,050х211=37,990,550, 36,010,000:2=18,005,000/ /арван найман сая таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас замын зардал гэх 1,768,000/нэг сая долоон зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч замын зардал буюу учирсан хохирол гэх 1,768,000/нэг сая долоон зуун жаран найман мянга/ төгрөгийг баримтаар нотлохгүй байх тул хариуцагчаас замын зардалд 1,768,000/нэг сая долоон зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 58,483,750/тавин найман сая дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 58,783,000/тавин найман сая долоон зуун наян гурван мянга/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь зөрүү 299,250/хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийн талаар тайлбар гаргаж, тодруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас нийт 54,015,000/тавин дөрвөн сая арван таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгон, үлдсэн 4,468,750/дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 428,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас нийт 54,015,000/тавин дөрвөн сая арван таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгон, үлдсэн 4,468,750/дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.*******д холбогдуулан нийт 60,283,000/жаран сая хоёр зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаас 2,339,250/хоёр сая гурван зуун гучин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 428,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ