Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/794

 

       

 

 

 

 

    2024           07            08                                       2024/ДШМ/794

 

    Э.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баттуяа,

шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Б.Бүжингоо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Б.Бүжингоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.М-т холбогдох эрүүгийн 2404000630056 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.М ...

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 8 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-т заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 07 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 03 сар 11 хоногийн хорих ялаар сольсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Э.М- нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдлэж байхдаа тус ангийн 2 дугаар хэсгийн 9 тоот өрөөнд хоригдол Д.Х-ыг “шагай тоглож байхад нь алба хаагчийг харсангүй” гэх шалтгаанаар зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Э М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 (долоон) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Х-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 261.500 (хоёр зуун жаран нэгэн мянга таван зуу) төгрөгийг шүүгдэгч Э.М-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлж, Э.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар шийтгээд шууд хорих ялаар шийтгэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заахдаа “зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болно” гэжээ. Гэтэл миний хувьд энэ ялыг эдэлж эхлээгүй байхад шууд хорих ялаар сольсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийг удирдлага болгосноо дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж заажээ. Шүүх шийтгэх тогтоолдоо яагаад өөр өөр ялыг тус тусад нь эдлүүлж болох заалтыг хэрэглэхгүй байгаагаа тайлбарлаагүй ба шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдсан атлаа яагаад ялыг сольж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон хэсгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Б.Бүжингоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч миний хувьд, анхан шатны шүүх хуралдаанд "миний үйлчлүүлэгч М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо ял эдэлж дууссаны дараа өөрөө нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн ба одоогоор түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял 1 сар 20 хоног байгаа. Эдлээгүй үлдсэн ялаас цөөн хоног үлдсэн, мөн түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн, үйлдсэн хэргийн шинж байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлээгүй үлдсэн ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү" гэсэн саналыг гаргасан боловч шүүх Э. М-ын хувийн байдалтай холбогдуулан өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "...Э.М- "5 удаагийн ял шийтгэлтэй, үүнээс 2 удаа хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 1 удаа хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн Өршөөлийн хуульд хамрагдаж байсан" зэрэг хувийн байдлууд тогтоогдов...", "...Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс "Э.М-т оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд нь нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэх" гэсэн агуулга бүхий санал гаргасан ба дээр дурдсан хувийн байдалтай холбогдуулан өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.." гэж тус түс дурджээ. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд, хавтас хэргийн 113, 114 дүгээр талуудад байрлах зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолтод "хорих байгууллагын зүгээс зохион байгуулсан сургалтуудад идэвх санаачилга гарган оролцдог, тэмцээн уралдаанд оролцож шагналт байр эзлэн, хорих ангийн ногооны хэсэгт хөдөлмөр эрхэлж байсан" зэрэг хувийн байдлуудыг тодорхойлон бичсэн. Мөн Э.М- нь шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлөөгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа ар гэрийнхэн болон найз нөхдөөр өөрийн үйлдсэн хэргийн хохирлын төлбөрийг төлүүлэхгүй, өөрөө ялаа эдэлж дуусгаад төлөх зорилготой байгаа талаараа тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй", 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс М-т холбогдох хэрэгт түүний дээр дурдсан хувийн байдлуудыг огт харгалзан үзэлгүй, зөвхөн өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан асуудлыг хувийн байдал хэмээн үнэлж, шийдвэрийн үндэслэлд оруулан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэлгүй, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нөхцөл байдлыг үндэслэж эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийг буруу хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй, мөн урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон асуудлыг үндэслэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр миний үйлчлүүлэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялаас тусад нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тал бүрээс нь харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.М- болон түүний өмгөөлөгч Б.Бүжингоо нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.М- нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрлэх хэсэгт байрлах 0427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдлэж байхдаа тус ангийн 2 дугаар хэсгийн 9 тоот өрөөнд хоригдол Д.Х-ыг “шагай тоглож байхад нь алба хаагчийг харсангүй” гэх шалтгаанаар зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын эрүү ясны хөндлөн хугарал, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Х-ын “...хоригдол Э.М-, А.М хоёр “шагай тоглоно” гээд намайг үүд хэсэгт зогсоосон. Би зурагт үзэж байгаад эргээд хартал Б гэх алба хаагч манай өрөөнд ороод удаагүй гарч явсан. Тэгсэн Э.М- намайг дуудаад “чамайг хүн харж бай гэж хэлээ биз дээ” гээд миний зүүн гарын бугалга хэсэгт нэг удаа цохиж, баруун хөлний гуя хэсэгт нэг удаа өшиглөж, мөн зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиход миний эрүү зуугдахгүй болж өвдөөд амнаас цус гарахаар нь М-ын хамт 00-ын өрөөнд орж угаасан ...” /1хх 8-12/,

гэрч С.Ш-ын “...Э.М-, Э.М, Д.Х нар манай өрөөнд орж ирсэн. Хоригдол Э.М- нь “мэргэ” гэсэн тайлбар бүхий тэмдэглэлийн дэвтэр шагайтай хамт орж ирсэн. Тэгээд Э.М нь Э.М-т “илгээмж хэзээ ирэхээр байна мэргэлээд өгөөч" гэсэн. Хоригдол Д.Х нь өрөөнөөс гараад зурагт үзэж байсан, удалгүй Д.Х орж ирээд Э.М-тай гарч яваад буцаад цуг орж ирсэн, юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. ...” /1хх 19-20/,

гэрч Э.Т-ийн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө ээлжинд гараад нэгдсэн бүртгэл хийх үед хоригдол Д.Х-ын эрүү хэсэг нь хавдсан байхаар нь дуудаж “эрүү чинь яасан юм, шүд чинь өвдсөн юм уу, зодолдсон юм уу” гэхэд “ зүгээр ээ, эмчид үзүүлье” гэсэн. ...” /1хх 24-25/,

гэрч П.Б-ийн “...би тухайн өдөр нээлттэй 2 дугаар хэсгийн 9 тоот өрөөнд ороход Э.М- нь Д.Х-ыг дуудаад “алба хаагч нарыг сайн харж байхгүй, п**** чинь” гэж хэлээд зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хоёр удаа өшиглөхөд Д.Х-ын амнаас нь цус гарсан. ...” /1хх 169-171/,

иргэний нэхэмжлэгч Б.М-ын“....дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яаралтай тусламж авч нийт 261.500 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Э.М-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 16-17/,

Э.М-ын яллагдагчаар өгсөн “...Д.Х-ыг камерын доор оруулж байгаад зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. ...” /1хх 192-195/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...Д.Х-ын биед зүүн талын эрүү ясны хөндлөн хугарал, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаар дүгнэлт /1хх 36-37/, яаралтай тусламжийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуудас /1хх 102-105/, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх 182/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 180/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.М- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.М-ын хохирогч Д.Х-ын зүүн шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тухайн зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Э.М- болон түүний өмгөөлөгч Б.Бүжингоо нарын “...6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Б.Бүжингоо нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.М-т шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М- болон түүний өмгөөлөгч Б.Бүжингоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН