Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2021/00019

 

                                                          

 

 

Ө.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2021/00656 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн .... дүгээр цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 274 590 гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А, түүний өмгөөлөгч Э.Амархүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр .... дүгээр цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтооч албан тушаалд томилогдсон ч, цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаанд ямар нэг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, хамт олны дунд нэр хүндтэй, сахилга баттай, хариуцсан ажилдаа хариуцлагатай байж ирсэн. Тиймээс мөн тус тушаалд намайг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж тогтоохдоо миний тодорхой үйлдэл, эс үйлдэхүйд бус санал асуулга, ажилчдын хурлаар тогтоосон ажээ. Ингэхдээ миний чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй ёс зүйн зөрчилд тооцогдсон тухай ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй болно. Иймд дээрх тушаал нь илт үндэслэлгүй, хууль зөрчсөн байх тул өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд тус 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/36 тушаалаар Ө.Аг ажлаас халсан. Болсон үйл баримтаас харахад хоёр хүний хувийн байдалтай холбоотой гэж харагдаж байна. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1, 40.1.4, Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Тус тушаал нь хуульд нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тайлбарлаж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх нь хууль нийцдэг.

Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь өөрөө эрх зүйн акт юм. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд хөдөлмөрийн гэрээний 5.2 дугаар зүйлийг сонгож ёс зүйн зөрчил гэж үндэслэж байсан. Ёс зүйн зөрчлийн яаж тогтоодог юм бэ гэхээр ерөнхий боловсролыг сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдлага болон ажилчид ёс зүйн дүрэмд зааснаар дүгнэдэг. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн зөрчил, ялгаварлан гадуурхах ёс зүйн зөрчил, албан тушаал урвуулан ашиглах ёс зүйн зөрчил, албадлага дарамт үзүүлэх ёс зүйн зөрчил гэж байдаг. Нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж ёс зүйн зөвлөлөөс тогтоож, ажлаас халахыг даалгасан байна. Энэ эрх нь ёс зүйн зөвлөлд байдаггүй гэдгийг хэлмээр байна. Ёс зүйн зөвлөлд ёс зүйн дүрмийн 4.2.1-т заасан уучлалт гуйхыг үүрэг болгож сануулах арга хэмжээ авдаг юм.

Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Хөдөлмөрийн дотоод журамд заасныг хөдөлмөрийн гэрээнд заасныг нөхөн зохицуулна гэдэг нь хуульд нийцдэггүй. Хөдөлмөрийн дотоод дүрмийг яаж баталдаг талаар тайлбарлахад сургууль, цэцэрлэг нь зөвлөлтэй байдаг. Энэ нь Боловсролын тухай хуулийн 35.1-т зааснаар 9-11 хүний бүрэлдэхүүнтэй ажилтан, сурагч, эцэг эх гэх бусад гишүүдтэй 3-4 жилийн хугацаатайгаар сургууль, цэцэрлэгийн зөвлөл ажилдаг. Эдгээр гишүүн нь мөн хуулийн 35.4-т заасны дагуу сургууль, цэцэрлэгийн бодлого, төлөвлөгөө, дүрэм журмыг батлах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн байдаг. Тиймээс ажилчид хуралдаж хөдөлмөрийн дотоод журмыг баталдаггүй юм.

Эдгээрээс дүгнэхэд хавтас 32 хуудсанд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчлүүдийг тоочиж бичсэн 9 зүйлээс яг алийг нь нэхэмжлэгч үйлдсэн болохыг тодорхой тогтоож дурдаагүй байдаг. Ёс зүйн зөрчлийн шийтгэлийн хэм хэмжээг хэтрүүлсэн болон хууль нийцээгүй тушаал гарсан байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн сургууль цэцэрлэг зуны 6, 7, 8 дугаар саруудад ажилладаггүй. Улсын дээд шүүхийн тайлбарт ажлаас халагдах сарын өмнөх 3 сарын дунджаар цалингаар тогтоодог. Гэвч өмнөх 6, 7, 8 дугаар саруудад тус цэцэрлэг ажиллаагүй. Хэрэв ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байх юм бол ажилсан өдрийн хоногоор бодож, нэг өдрийн дундаж цалингаар тооцож бодож нэг сарын 645 673 төгрөг буюу нэг өдрийн 21 522 төгрөг юм. Үүнийг 11 сар 8 өдрөөр бодож 7 274 594 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ө.А нь тус цэцэрлэгт ажиллаж байхдаа хувь хүний ёс зүй, харилцаа нь багаар ажиллах чадваргүй ажлын байран дээр өөрийн дураараа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, үргэлж хэрүүл хийж гал тогоонд орилж хашхирч, гүтгэн бидний тайван байдлыг алдагдуулдаг, хамтарч ажилладаг гал тогооны ахлах тогоочийн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй элдэв хэл амаар доромжилдог. Бусад ажилчидтайгаа таардаггүй.

Ө.А ажлын байран дээр өөрийнх нь зан харилцаа ажлын талаар санал хүсэлт хэлсэн хүнийг элдвээр хараан зүхэж, зөвшөөрөлгүй ил далд бичлэг хийж, гаднаас чагнадаг байгууллагын дотоод сүлжээ болон хувь чат утас руу элдэв мессеж бичиж доромжлон дарамталдаг бидний нэр хүндэд байнга халддаг, хамт олны зүгээс цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ удаа дараа бичгээр болон амаар цэцэрлэгийн захиргаанд саналаа хүргүүлж байсан.

Байгууллагын  үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020  оны  09  дүгээр сарын 11-ний 01 дугаартай албан бичгийн хавсралтад 1.Ө.А ёс зүй харилцаатай холбогдолтой 40 багш ажилчдын 5 хуудас өргөдөлд тодорхой дурдагдсан байна. Байгууллагын Ёс зүйн зөвлөл-өөс цэцэрлэгийн захиргаанд хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 48 албан тоотод Ө.А нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн дотоод журамд заасан хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдсон тул ёс зүйгүй гэсэн дүгнэлтэд хавсрагдсан багш, ажилчдын санал, өргөдөл гомдол, багш ажилчидтай ганцаарчлан уулзаж ярилцсан тэмдэглэл тодруулга хурлын тэмдэглэлүүдэд тэмдэглэгдсэн байна.

Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо нь Ө.Ад ажилчдаас ирсэн гомдлыг ганцаарчлан уулзаж танилцуулсан тэмдэглэл, Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг Ө.Ад ганцаарчлан уулзаж танилцуулсан тэмдэглэлүүдийг тайлбарт хавсаргасан болно. Ө.А нь өөрөө танилцан гарын үсгээ зурсан байна. Иргэн Ө.А нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж

Эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/07 тушаалаар сануулах сахилгын шийтгэл,

Эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тушаалаар сануулах сахилгын шийтгэл,

Эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10 ны өдрийн Б/32 тоот тушаалаар хувийн өргөдлийг үндэслэн итгэл өгч албан тушаал бууруулах арга хэмжээг удаа дараа авч байсан.

Хөдөлмөрийн гэрээ: Тогооч Ө.А 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалт тогоочийн ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллана. Ажлын байран дээр хамтран ажилладаг тогооч нарын тодруулга багш ажилчдын өргөдөлд дурдсанаар ажлын байран дээр бичлэг хийдэг өрөөний гаднаас чагнадаг тухай багш, ажилчдын өргөдөлд байгаа.

Ажлын байрны тодорхойлолт: 2 дугаар зорилтын хүрээнд 5 дахь зорилт: Ажилтны ёс суртахууны хэм хэмжээг тогтмол сахих

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам: Нийслэлийн Багануур дүүргийн ....-р цэцэрлэгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын: 11.1.4-д заасны дагуу дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 11 дүгээр зүйлийн 11.1-н 4 дүгээр заалтын (Й) заалт: Ёс зүйн зөрчлийг гаргасан багш, ажилчдыг цэцэрлэгийн Ёс зүйн зөвлөл-ийн дүгнэлтээр цэцэрлэг болон багш, ажилчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц аливаа үйлдэл эс үйлдэхгүйг гаргасан тохиолдол (Зөвшөөрөлгүй дуу хураах,бичлэг хийх), 11 дүгээр зүйлийн 11.1-н 4 дүгээр заалтын (Е) заалт: Олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллээр багш, ажилчдын нэр хүндэд халдсан тогтоогдвол.

Иргэн Ө.Агийн ТУГ.мн сайтад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгууллага багш, ажилчдын нэр хүндэд халдсан, хувь хүний нууцад хамаарах асуудлыг зөвшөөрөлгүй цахим орчинд элдвээр доромжилсон, гүтгэлгийн шинжтэй ярилцлага өгсөн нь

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч Ц.Мөнхтуяад багш ажилчдын хувийн амьдрал байгууллагын удирдлагын нэр хүндэд халдсан гутаан доромжилсон шинжтэй ярилцлага өгсөн нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний 13 цаг 25 минутад өгсөн ярилцлага,

Охин Ганбаатарын Номингийн Багануурын хамгийн том зард шэйрлэсэн бичлэг 2020 оны 08 дугаар сарын 31-ний 00 цаг 38 минут,

Ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж, багш ажилчидтай уулзахаар ирсэн төрийн албан хаагчдыг загнаж, хийсэн бичлэгээ байгууллага хамт олны групп дээр өөрийн дураар байршуулсан бичлэг ажлын байран дээр байгууллагын дотоод сүлжээ, багш ажилчдын хувийн чат, утас руу загнаж дарамталж бичсэн чат, мессеж зэрэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа тул зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ө.А нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтуудтай уншин танилцаж гарын үсэг зурсан болно.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 онд цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сард багш ажилчдыг авч ажиллуулсан. Иргэн Ө.А 2016 оны 09 дүгээр сард тогоочоор ажилд орсон. Ө.А ажиллаж байх хугацаандаа хувь хүний ёс зүйн харилцаа, багаар ажиллах чадваргүй гэдгийг хамт олонтойгоо харилцах харилцаа буюу үргэлж хэрүүл хийж ажилчдын амгалан тайван байдлыг нэг бус удаа алдагдуулж байсан. Нэхэмжлэгч нь ажлын байранд өөрийнх нь гаргаж буй зан харилцааг өөрт нь хэлэхэд огт тоодоггүй. Байгууллагын үйлдвэрчний хороонд энэ асуудлыг анх 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 01 тоот албан бичгээр Ө.Ан ёс зүйн харилцааны холбогдолтойгоор 40 багш, ажилчдын гаргасан 5 хуудас харилцааны зүй бус үйлдлүүдийг нь тодорхой дурдагдсан байдаг. Энэ асуудлыг үйлдвэрчний эвлэлийн хорооноос ёс зүйн хороонд шилжүүлж байгууллагын ёс зүйн зөвлөгөөн нь цэцэрлэгийн захиргаанд хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 тоот албан бичгээр Ө.Ан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын хэм хэмжээг зөрчсөн, ёс зүйгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Байгууллагын үйлдвэрчний хороо Ө.Атай холбоотой ажилчдаас ирсэн гомдлыг авч хэлэлцэж Ө.Атай ганцаарчлан уулзаж тэмдэглэл хөтөлсөн. Уг тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан баримт нь хэргийн материалд авагдсан байгаа. Ө.А нь тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 тушаалаар сануулах сахилгын шийтгэл авч байсан. Яагаад гэхээр гал тогооны ажилчидтай хэрүүл, маргаан хийж ажлын байрандаа асуудал үүсгэсэн.

Дараагийн асуудал нь цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан боловч ар гэрээ тэжээн тэтгэдэг, өр зээлтэй, өрх толгойлсон эмэгтэй гэж цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан учир Ө.Ан ажлын байрыг өөрчилж угаагчийн ажилд томилсон баримт хэргийн материалд авагдсан. Мөн нэхэмжлэгчтэй 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалтад ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллах ёстой гэж дурдсан байдаг.

Энэ заалтыг удаа дараа зөрчсөн. Ажлын байранд хамт ажилладаг ажилчидтай маргалдаж асуудал үүсгэж байсан. Хамгийн гол нь нэхэмжлэгч өөрөө ахлах тогооч болох сонирхолтой гэж надад хүсэлт гаргаж байсан ч Ө.А нь ахлах тогооч болох мэргэжлийн шаардлага хангахгүй учир ахлах тогооч болгох боломжгүй байсан. Энэ асуудлаас болж надад бухимдсан байх гэж бодож байна. Ажлын байрны тодорхойлолтод ажилчдын ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллана гэж дурдсан байгаа. Түүнтэй мөн танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хэргийн материалд авагдсан байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзсэн талаар тухайн ажлын байранд тохируулж байгууллагын дотоод журам гаргаж дэлгэрэнгүй тусгасан байгаа.

Нэхэмжлэгч нь ажилчдын хуралд сууж түүнтэй танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Бид тус хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахдаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хууль болон бусад холбогдох хуулиудыг үндэслэж боловсруулж, мөрдөж ажилладаг. Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн зөрчлийг ямар үндэслэлээр гаргасан юм бэ гэхээр бусад багш нарыг гүтгэх, нэр хүндэд нь халдах, багш ажилчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл буюу багш ажилчид болон байгууллагын нэр хүнд, хувь хүний нууцтай холбоотой асуудал хөндөж олон нийтийн сүлжээг ашиглаж нэр хүндэд халдсан. Ө.А гомдол гаргасны дараагаас эхлэн 14 дэх удаагаа манай байгууллагыг шалгаж байна. Шалгалт хийлгэх явцад Ө.А нь гүтгэлгийн чанартайгаар гомдол, мэдүүлэг өгсөн байсан. Мөн ТУГ.мн сайтад өгсөн мэдээг өөрийн хүсэлтээр устгуулсан байдаг. Иймд Ө.А нь байгууллагын дотоод дүрэмд дурдсан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бэсүдэн овогт Өлзийтогтохын Аг Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,274,590 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан Ө.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ө.Агийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн санхүүд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгээс 131 345 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ө.А шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 274 590 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ ерөнхийд нь "...Ө.Ан ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, ...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байна..." гэж тайлбарласан.

Шүүхийн энэхүү дүгнэлт тайлбар нь өрөөсгөл, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас

нь үнэлэхгүйгээр нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн. Тодруулбал Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн 40 багш ажилчдын өргөдөл, гомдолд дурдсан Ө.Ан ёс зүйн зөрчил, сахилгын зөрчлийн талаарх үйл баримт болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг үнэлээгүй ба тэр олон хүний гарын үсэг бүхий хүсэл зоригийн илэрхийлэлтэй бичгэн нотлох баримтыг авч үзээгүй. Шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх зарчмыг ноцтой зөрчсөн нь хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүйтэй шууд холбоотой юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад буй "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэсэн 2 нөхцлийн зөвхөн нэг хэсгийг буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэснийг нь хэрэглэж, Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн 40 багш ажилчдын өргөдөл, гомдолд Ө.Ан гаргасан маш олон удаагийн давтан зөрчлүүдийг дурдсан байхад, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэснийг хэрэглээгүй ба энэ талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт бичээгүйгээс тодорхой харагдана. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан болон тухай ажилтан ажлын байран дээр сахих дагах естой хэм хэмжээ, ажлын байрны онцлогоос үл хамаарч баримтлах ёс зүй ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байдаг.

Нэхэмжлэгч Ө.А нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ямар ч нотлох баримтад үндэслээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг баримтлан, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Шийдвэрийн 11 дэх талаас маш тодорхой ойлгогдоно. Шийдвэрийн 11 дэх талд "...Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №32 дугаартай албан тоотод бичигдсэн цалингаас тооцож 569 585:21.5=26 492 төгрөг буюу нэг өдрийн цалин /26 492х219 хоног=5 801 748 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар 7 274 590 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно..." гэж бичиж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 274 590 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эндээс шүүх хэрэгт авагдсан цалин хөлс тооцоход баримтлах нотлох баримтыг баримтлаагүй, зөвхөн нэхэмжлэгч тийм шаардлага гаргасан тул тэр шаардлагаар нь асуудлыг шийдвэрлэлээ гэж үзсэн нь илэрхий байна.

Түүнчлэн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг маань ямар ч үндэслэлгүйгээр хүлээж авахгүйгээр, шууд шүүх хуралдааныг хийж, Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9-р сарын 10-ны өдрийн 151/ШШ2021/00656 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.  

Нэхэмжлэгч Ө.А нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Хариуцагч Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа “Ажлаас чөлөөлөх тухай“ 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн  №Б/36 тоот тушаал гаргаж, Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын А/633 дугаар захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллагын ажил хүлээлцэх журам”-ыг тус тус баримтлан  “Тус цэцэрлэгийн тогооч Өлзийтогтохын А нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь багш ажилчдаас гаргасан өргөдөл гомдол, санал асуулга, ажилчдын хурлаар тогтоогдсон“ гэх үндэслэлээр  Ө.Агийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1-р хх-ийн 3 тал/

Ажил олгогчийн санаачилгаар цэцэрлэгт тогоочийн ажил үүрэг гүйцэтгэж байсан Ө.Агийн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь Ө.Агийн мэдээллийн цахим хуудас ”www.Tug.mn” сайтад 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр  Монголын  багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтан  Мөнхтуяатай хийсэн ярилцлага нийтлэгдсэнтэй холбоотой байх бөгөөд үүнийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаанаас гарсан Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хуралдсан Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, /1-р хх-ийн 56-75тал/ нэр бүхий ажилтны гомдол зэрэг нь агуулгын хувьд бүхэлдээ иргэн Ө.Агийн мэдээллийн цахим хуудас ”www.Tug.mn” сайтад 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтан Мөнхтуяатай хийсэн ярилцлага нийтлэгдсэнтэй холбоотой хэрхэх нь тодорхойгүй, ямар ёс зүйн зөрчил илрүүлсэн, зөрчлийг юугаар нотолж баталгаажуулсан, ямар хариуцлага тооцсон зэрэг асуудлууд тусгагдаагүй зэргээс үзэхэд дээр дурдсан баримтуудыг үндэслэл болгон Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтаар Ө.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэн Ө.Агийн  мэдээллийн цахим хуудас ”www.Tug.mn” сайтад 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч  Ц.Мөнхтуяатай хийсэн бичлэг, ярилцлагаас  үзвэл Ө.А нь Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө Арван зургадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”-ийн 16/-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэж заасны дагуу Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил байдалтай холбоотойгоор өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байх бөгөөд хамт олны нэр хүндийг гутаасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажилтныг үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлснийг ёс зүйн зөрчилд тооцох заалт Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Нийслэлийн Засаг даргын А/633 дугаар захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллагын ажил хүлээлцэх журам”, Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр  байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.А нь хамт ажиллагсдадаа нууцаар чагнасан, дарамталсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймээс хариуцагчийн “...Багануур дүүргийн .... дүгээр Цэцэрлэгийн 40 багш, ажилчдын өргөдөл, гомдолд дурдсан Ө.Ан ёс зүйн зөрчил, сахилгын зөрчлийн талаарх үйл баримт болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг үнэлээгүй ба тэр олон хүний гарын үсэг бүхий хүсэл зоригийн илэрхийлэлтэй бичгийн нотлох баримтыг авч үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа тогооч Ө.Ад Хөдөлмөрийн тухай  хуулийн дагуу “сануулах, албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээг 2017 оны 1-4 дүгээр сард авсан” гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн хуулийн тухай 131 дүгээр зүйлийн 131.4.-д “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан ба 2018 оны 4 сараас хойш Ө.Ад сахилгын шийтгэл ногдуулсан баримт байхгүй байхад хариуцагчаас анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “сахилгын зөрчил удаа дараа гаргасан“ гэсэн заалтыг тайлбарлаж дүгнэлт өгөөгүй гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл ажил олгогчоос цэцэрлэгийн тогооч ажилтай Ө.Аг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зөв байна.

Харин анхан шатны шүүх ажилтан Ө.Агийн цалин хөлсний зөрүүг буруу тооцоолсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр /2-р хх-ийн 113 тал/ “...Өнөөдрийг хүртэл хугацаанд тооцогдсон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 6 994 801 төгрөг болох ба  шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд тооцож гаргуулж өгнө үү“ гэж цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7, 5-д заасны дагуу цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байсан Ө.Агийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэснээр буюу  /1-р хх-ийн 153-154 тал/ сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс буюу 2020 оны 7, 8, 9-р саруудын нийлбэр дүнгээс сарын цалин хөлсний дунджийг тооцоход;

468728+285224+605476=1 359 428 төгрөг:3 сар=453142 төгрөг:21,5=21 076 төгрөг

Нэхэмжлэгч Ө.Агийн ажлаас халагдсан тушаал гарсан 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажлын 245 хоногоор цалин хөлсийг тооцоход

21076х245 хоног=5 163 718 төгрөг /цалингийн зөрүү/-ийг нөхөн олговорт тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, илүү нэхэмжилсэн 2 110 872 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Нийслэлийн Багануур дүүргийн .... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяагийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2021/00656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ”...7 274 590 төгрөг“ гэснийг “...5 163 718 төгрөг“ гэж “...олгосугай“ гэснийг “...олгож, 2 110 872 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай“ гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...131 345 төгрөг“ гэснийг “97 569 төгрөг“ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийн заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

4. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               Т.ЭНХМАА