| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 265 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Хохирогч М.Төгөлдөрбаяр
Шинжээч эмч Б.Ариунзул
Шүүгдэгч А.Маргад-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Нямжав /ҮД: 2354 /
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Ганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхтүвшин /ҮД: 1532/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амарсайханы Маргад-Эрдэнэ, Боль овогт Эрдэнэдаваагийн Бат-Эрдэнэ, Жагд овогт Гантулгын Ганбаяр нарт холбогдох эрүүгийн 1709026150056 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Андро академи”-д дизайнер чиглэлээр сурралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамж 261 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Амарсайханы Маргад-Эрдэнэ, /РД:УИ99083111/,
Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Химийн техологийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 91-15 тоотод оршин суух, /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидийн г-18 гудамж 409б тоотод оршин суух албан ёсны хаягын бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Боль овогт Эрдэнэдаваагийн Бат-Эрдэнэ, /РД:ГН00240511/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи Уул уурхайн сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Шинжлэх ухаан технологийн сургуулийн 1 дүгээр байр 125 тоотод түр оршин суух, /Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр баг, Шарга гэх газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Жагд овогт Гантулгын Ганбаяр, /РД:ГА99060712/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Маргад-Эрдэнэ, Г.Ганбаяр, Э.Бат-Эрдэнэ нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” кино театрын гадна М.Төгөлдөрбаярыг зодож биед эрүүн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Маргад-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 17 цагийн орчим хэрэг болсон. Бат-Эрдэнэ бид хоёрын сургуулиас дуудаж гаргаж ирсэн. Намайг Төгөлдөрбаярыг дагуулаад гараад ирэхгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээд байж байгаад Бат-Эрдэнэ Төгөлдөрбаярыг утсаараа дуудаж гаргаж ирсэн. Би Төгөгөлдөрбаярт чи яагаад Энх-Орших рүү эможи явуулаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Төгөлдөрбаяр намайг хардах чинь чиний сул тал юм биш үү гэж хэлэхээр нь би 1 удаа эрүү рүү нь цохьсон…” гэв.
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв…”
Шүүгдэгч Г.Ганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв…”
Хохирогч М.Төгөлдөрбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр Энх-орших, Ариунтуултай уулзах гэж очсон. Тэгээд намайг энэ 3 “тамхилах уу” гэж дуудахаар нь үгүй гэж хэлсэн. Дараа нь намайг утсаар дуудахаар нь гарч уулзсан. Намайг Энх-Оршихтой чатнаас болж хардсан юм шиг байсан. Ганбаяр миний гэдэс рүү эхэлж цохисон. Тухайн үед би амьсгаа авахад хэцүү байсан. Миний нүүр рүү хэн цохисныг нь сайн санахгүй байна. Маргад-Эрдэнэ миний эрүүний зүүн хэсэгт цохисон. Бат-Эрдэнэ намайг орох гэж байхад “хөөе” гэж дуудаад миний уруулын хэсэгт хавсаргаж цохисон. Маргад-Эрдэнэ “ариун цэврийн өрөө ороод цусаа арччих” гэж хэлсэн. Тэгээд Энх-Орших, Ариунтуул хоёрт хэн болохгүй шүү гэж хэлсэн. Тухайн үед миний нүүр хавдсан байсан учир би нүүрээ боогоод орсон. Надад гомдол санал байхгүй гэв…”
Шинжээч эмч Б.Ариунзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Эрүүний зүүн булан гэдэг нь чихний булан хэсгийг хэлнэ. Эрүүн тус газар мохоо зүйлийн үйлчлэлээс хамаарч хавдах боломжтой. Хавдар нь тухайн гэмтлээс хамаарч 3-7 хоногт буудаг. Хохирогч хэрэг болсноос хойш 7 хоногийн дараа үзүүлэхэд хавдар байсан. Хавдар буусантай холбоотой шинж тэмдэг байхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт байсан. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Энэ гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэв.
Эрүүгийн 1709026150056 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Маргад-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөрбаярын биед гэмтэл учруулаагүй. Би Төгөлдөрбаярыг цохих гэтэл оноогүй юм. Би Бат-Эрдэнийг Төгөлдөрбаярыг зодсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Би хараагүй. Би Төгөлдөрбаярыг бид нараас салаад өөр хүнд зодуулсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөрбаярын эрүүний зүүн хэсэгт огт цохиогүй. Би уруулных нь эгц урдаас нь нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Ганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөрбаярын эрүү рүү огт цохиогүй учраас биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төгөлдөрбаярын гэдэс болон зүүн талын мөр рүү нь л нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Хохирогч М.Төгөлдөрбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...намайг очиход эхлээд Маргад-Эрдэнэ “манай найз охинтой нилээн зузаан байх шиг байна тэ, чатаар эможи явуулаад гээд намайг ёжлоод” байсан. Тэгэхэд нь би “би тийм хүн биш ээ, надад хайртай охин байгаа би Энхүүштэй энгийн найзууд хоёр хүний дундуур ордог зантай хүн биш ээ” гээд эелдгээр инээмсэглэсэн юм. Тэгтэл Ганбаяр намайг “чи яагаад манай найзуудаар оролдоод байгаа юм, 2-уулаа зүгээр 1-ийн эсрэг 1 зодолдох уу” гээд байсан. Маргад-Эрдэнэ “чи манай найз охинтой харьцаагаа боль” гэсэн. Тэгээд юм яриад байж байтал Ганбаяр эхлээд миний гэдэс рүү гараа зангидаад цохисон дараа нь Маргад-Эрдэнэ заамдаж байгаад миний зүүн талын эрүүний гол хэсэг рүү гараа зангидаад үе хэсгээр нь нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд Ганбаяр дахиад зүүн талын эрүүний гол хэсэг рүү гараа зангидаж байгаад нилээд хүчтэй цохьчихоод Өргөө-2 руу орсон. Намайг зодуулж байх үед Бат-Эрдэнэ бид нарыг харж зогсож байгаад миний уруул хэсэг рүү гараа зангидаж үе хэсгээрээ нэг удаа цохиход нь миний уруулнаас цус гарсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Б.Энх-Орших мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганбаяр, Маргад-Эрдэнэ хоёр гараад дараа нь над руу Бат-Эрдэнэ залгаад “Төгөлдөрбаярыг гараад ир” гэж хэлсэн. Би Төгөлдөрбаярыг “Бат-Эрдэнэ чамайг дуудаж байна” гэж хэлээд гаргасан юм. 40 орчим минут болоод Ганбаяр орж ирээд дараа нь Маргад-Эрдэнэ орж ирсэн. Араас нь Төгөлдөрбаяр орж ирэхдээ ороолтоороо амаа дараад байж байгаад харьж хичээлээ хийлээ гээд явчихсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч Ө.Ариунтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хичээлээ тараад 15 цаг орчим найз болох Энх-Оршихтой хамт Өргөө-2 кинотеатр дотор байдаг кафе бенед сууж байсан юм. Тэгээд араас Төгөлдөрбаяр, дараа нь Маргад-Эрдэнэ, Ганбаяр нар цувраад ирсэн. Бид 5 хичээлээ хийгээд сууж байтал Ганбаяр Маргад-Эрдэнэ нар гадагшаа гарсан юм. Би хэсэг хугацааны дараа араас нь гараад очтол Маргад-Эрдэнэ, Ганбаяр, Бат-Эрдэнэ Төгөлдөрбаяр 4 хоорондоо зүгээр энгийн яриа яриад байж байсан. Намайг кафе бене рүү ороод 5-10 минут болж байхад эхлээд Ганбаяр орж ирсэн. 10 минутын дараа Маргад-Эрдэнэ ганцаараа орж ирсэн. Бат-Эрдэнэ хичээл рүүгээ явсан гэж Ганбаяр надад хэлсэн. Төгөлдөрбаяр Маргад-Эрдэнийг орж ирсэнээс хойш 7-8 минутын дараа орж ирэхдээ ороолтоороо нүүрнийхээ доогуур ороочихсон орж ирсэн. Ороолтоо ерөөсөө буулгахгүй байсан. Тэгээд юм ярьж байгаад харьж хичээлээ хийлээ гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15110 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
Э.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, Э.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/, А.Маргад-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, А.Маргад-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, А.Маргад-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59-60 дугаар хуудас/, Г.Ганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, оршин суух хаягын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, Г.Ганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Прокуророос шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Ганбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Төгөлдөрбаяраас “...Ганбаяр миний гэдэс рүү эхэлж цохисон. Маргад-Эрдэнэ миний эрүүний зүүн хэсэгт цохисон. Бат-Эрдэнэ намайг орох гэж байхад “хөөе” гэж дуудаад миний уруулын хэсэгт цохьсон...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нарын мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрөөгүй байхаас гадна ШШҮХ-ийн шинжээчийн №15110 дугаартай дүгнэлтээр “...М.Төгөлдөрбаярын биед эрүүн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...” гэж тогтоож, шинжээчээс уг гэмтлийг нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Ганбаяр нарын үйлдлээс учирсан болох нь үгүйсгэгдсэн гэж үзсэн болно.
Харин Э.Бат-Эрдэнэ, Г.Ганбаяр нарын хохирогчийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй талаар Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т тодорхой зохицуулсан тул тэдгээрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлаас улбаалан прокуророос шүүгдэгч А.Маргад-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Маргад-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” кинотеатрын гадна иргэн М.Төгөлдөрбаярыг “найз охинтой уулзаж, дотно харьцаа үүсгэлээ” гэж шалтаглаж маргаан үүсгэн улмаар түүний эрүүн тус газар нь цохиж эрүүн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- шүүгдэгч А.Маргад-Эрдэнийн “....чи яагаад Энх-Орших рүү эможи явуулаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Төгөлдөрбаяр “намайг хардах чинь чиний сул тал юм биш үү” гэж хэлэхээр нь би 1 удаа эрүү рүү нь цохьсон..” гэсэн мэдүүлэг,
- хохирогч М.Төгөлдөрбаярын “...Намайг Энх-Оршихтой чатнаас болж хардсан юм шиг байсан. Маргад-Эрдэнэ миний эрүүний зүүн хэсэгт цохьсон...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Б.Энх-Оршихийн “...Төгөлдөрбаяр орж ирэхдээ ороолтоороо амаа дараад байж байгаад харьж хичээлээ хийлээ гээд явчихсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ө.Ариунтуулын “...Төгөлдөрбаяр Маргад-Эрдэнийг орж ирсэнээс хойш 7-8 минутын дараа орж ирэхдээ ороолтоороо нүүрнийхээ доогуур ороочихсон орж ирсэн. Ороолтоо ерөөсөө буулгахгүй байсан....” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15110 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...М.Төгөлдөрбаярын биед эрүүн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно... шинжээч эмч Б.Ариунзул...” гэсэн дүгнэлт,
- шинжээч Б.Ариунзулын “...Энэ гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч М.Төгөлдөрбаярыг найз охинтойгоо хардаж эрүүн тус газар нь цохисноо өөрөө мэдүүлсэн, хохирогч, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэрэг явдал болсны дараа хохирогч ямар байдалтай байгааг мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч А.Маргад-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Маргад-Эрдэний өмгөөлөгчөөс “...Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийлгэх тогтоолд тусгагдсан асуултын дагуу хариулаагүй, тусгавал зохих эрдмийн зэрэг, дүгнэлтийн арга аргачлал зэргийг тусгаагүй тул нотлох баримтаар тооцохгүй. Иймд А.Маргад-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн санал гаргажээ.
ШШҮХ-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн шинжээчийн 15110 дугаартай дүгнэлтэд шинжилгээний аргачлалын талаар тусгасан, шинжээч нь боловсролын болон эрдмийн зэрэг цол, ажилласан хугацаа зэргийг тусгаагүй, асуултад хариулт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байх боловч хэргийг шийдвэрлэж болохгүй ноцтой зөрчил гэж шүүх үзээгүй ба үүнийг шүүх хуралдаанаар шинжээчийг оролцуулан тодруулж нөхөн гүйцэтгэснээс гадна А.Маргад-Эрдэнийн гэмт үйлдэл хангалттай нотлох баримтаар нотлогдсон тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчтой зүй бус харьцаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч А.Маргад-Эрдэнэд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх хуралдаанд хохирогч М.Төгөлдөрбаяраас “ ...хохиролд 300.000 төгрөг авсан. Гомдол, саналгүй, гэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч А.Маргад-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Маргад-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Маргад-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.