Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/799

 

       

 

 

 

 

    2024           07            09                                        2024/ДШМ/799

 

 

    Ц.Ц.д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Ц., түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/534 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц., түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Ц.д холбогдох эрүүгийн 2406008440515 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.Ц., ..

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 783 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Ц.Ц. нь “хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоож өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Ц.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ц.г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоног /1.500.000 төгрөг/ 15 нэгж=15.000 төгрөг = 100 хоног/-р, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоног /1 жил=1 жил/-р тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 100 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц.гаас 24.370.000 төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 34 хохирогчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц.гийн хүүхэд болох 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Т.С /РД:УО08262438/-ийн асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч Ц.Ц.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Ц. давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм гэм буруугаа бүрэн ухамсарлаж байгаа. Энэ хэрэг миний давтан хэрэг бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ шүүхийн өмнө амлалт өгч уучлалт хүсэж буйг минь хүлээн авна уу. Миний бие хохирол төлбөрийг бүрэн барагдуулах талаар хичээж явсан учир шүүх хуралд өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах өмгөөлөгчөөр хангагдаж чадалгүй шууд шүүх хурлаар орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар 10 хоногийн ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Хувийн байдлын хувьд өсвөр насны 1 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрөөд хүүхдээ алдсан нялх биетэй 1 сар ч болоогүй байсан ба одоо биеийн байдал маш хүнд байна. Би 2019 онд огцом даралт ихсэж криз өгөөд артерийн даралт ихсэх өвчин 3 дугаар зэрэг хэмээн оношлогдсон. Улмаар 2024 оны 04 дүгээр сард бөөрний архаг үрэвсэл, чихрийн шинж 2 дугаар хэв шинжийг өвчин хоёр оношлогдсон. Би 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд дотрын тасагт артерийн даралт ихсэх өвчний 3 дугаар зэрэг, бөөрний архаг үрэвсэл оношоор 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний даралт байнга өндөр 180/120-240/140 хүрч, хамраас тогтмол цус гарч, хаван буухгүй, пульс тогтмол өндөр байна. Шээсээр тогтмол уураг алдаж, цусан дахь сахарын хэмжээ тогтмол ихсэж цус харвалт өгч, тахир дутуу хүн болох өндөр эрсдэлтэй байна. Түүнчлэн миний бие тодорхой хэмжээгээр хохирол төлбөрөө төлж байсан ба цаашид ч бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.

Иймд миний хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц.гийн өмгөөлөгч Б.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ц.гийн хувьд төрөөд 15 хоногтой байхдаа шүүх хуралд орж хорих ялаар шийтгүүлсэн. Хэдийгээр нярай эндсэн ч одоо 15 настай өсвөр насны хүүхэдтэй, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй. Энэ хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй ба жирэмсэн болон төрөх хугацаа давхцсан тул хохирол, төлбөрөө төлж амжилгүй хуралд орсон. Гэвч шүүхээс хохирол төлөх хугацаа олголгүй, мөн нялх биетэй болон асран хамгаалах хүнгүй байгаа хүүхдийг харгалзан үзэлгүй хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Ц. нь “хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоож өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 34 хохирогчид үргэлжилсэн үйлдлээр нийт 23.920.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч зарим хохирогчид хохирлоо төлж барагдуулж байсан” гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хохирол төлөгдсөн зүйл байхгүй. Харин шүүхийн шатанд хохирогч М.З зарим мөнгийг нь буцааж өгсөн гэж ярьдаг. Мөн шүүгдэгч Ц.Ц. нь урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байсан атлаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О нь зөвхөн мөнгийг дансаараа шилжүүлж байсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц.д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ганц бие эх, хүүхдийн хамтаар амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Иймд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгах боломжгүй гэж үзэж байна. Хэрэв шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгавал энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ц.д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц. нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоож өгнө”, “байнгын группт оруулж өгнө”, “нийгмийн халамж, групп, тэтгэвэр нэмж өгнө”, “идэшний үхэр худалдаж авна”, “хивэг өгнө” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нэр бүхий 34 хохирогчоос 34 удаагийн үйлдлээр нийт 25.420.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Ц.Ц.д хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоолгохоор мөнгө шилжүүлсэн талаарх хохирогч Б.А /1хх 114-115/, Б.С /1хх 127-128/, Г.Б /1хх 143-144/, Б.Н /1хх 158-159/, О.Х /1хх 172-173/, Н.О /1хх 187-188/, О.Э /1хх 202-203/, Б.У /1хх 217-218/, Ц.О /1хх 232-233/, Ц.М /1хх 247-248/, Ч.Н /2хх 12-13/, У.Ц /2хх 26-27/, Ц.С /2хх 41-42/,  Д.Н /2хх 56-57/, О.С /2хх 70-71/, С.Б /2хх 84-85/, Д.Э /2хх 100-101/, Г.Б /2хх 144-145/, Г.А /2хх 158-159/, О.Х /2хх 172-173/, М.М /2хх 186-187/, Г.Х /2хх 200-201/, Л.О /2хх 214-215/, М.Л /2хх 229-230/, Г.Х /2хх 249-250/, Г.А /3хх 15-16/, А.А. /3хх 29-30/, Л.М /3хх 43-44/, Ж.У /3хх 57-58/, Ч.З /3хх 71-72/,  Э.Э. /3хх 85-86/,

Ц.Ц.д охин М байнгын группт оруулахаар мөнгө шилжүүлсэн талаарх хохирогч Ц.Д /2хх 129-130/,

Ц.Ц.д нийгмийн халамж, групп, тэтгэвэр нэмүүлэхээр мөнгө шилжүүлсэн талаарх хохирогч О.О /1хх 8-9, 11/,

Ц.Ц.гаас идэшний үхэр худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн талаарх хохирогч М.Зол /3хх 109, 111/, гэрч Я.Баяржавхлан /1хх 13-14/ нарын болон  Ц.Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 86-87/, хохирогч О.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 27-34, 62-67, 68-69/, Ц.Ц.гийн эзэмшлийн Голомт банкны 1715130139 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, мэдээлэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-61/, /3хх 119-125/,  хохирогч нарын мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх 130, 146, 161, 175, 190, 206, 221, 235/, /2хх 1, 15, 29, 44, 58, 73, 87-88, 103, 117, 147, 161, 175, 189, 203, 217, 232-235/, /3хх 2, 18, 32, 46,  60, 74, 88/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 134-135/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 88-93/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2/6 дугаар албан бичгийн хариу, Ц.Ц.г ажилд томилсон тушаалын хуулбар /3хх 149-150/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Ц. ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.гийн “хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоож өгнө”, “байнгын группт оруулж өгнө”, “нийгмийн халамж, групп, тэтгэвэр нэмж өгнө”, “идэшний үхэр худалдаж авна”, “хивэг өгнө” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 34 хохирогчоос нийт 23.920.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон хохирогч нарт төлсөн 1.050.000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үлдсэн 24.370.000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 10 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.Ц. болон түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарын ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоохдоо 2 жил 100 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.” гэж заасантай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Ц.гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/534 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтын “...2 /хоёр/ жил 100 /зуу/ хоногийн...”  гэснийг “...2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц., түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.гийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН