Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2021/00020

 

 

 

 

 

2021            11           08                                            223/МА2021/00020

 

“Х”-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х /сангийн ажлын алба/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч  “А” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 32.571.840 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Х /ажлын алба/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь 2011 оны 08 сарын 05-ны өдөр “ММХ”-2011/31 тоот зээлийн гэрээгээр “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Малын таримал тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон  зээлдэгч “А” ХХК-д 50.000.000 төгрөгийг 60 /5 жил/ сарын хугацаатай, жилд 2.4%, сард 0.2%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн. 2011 оны 08 сарын 05-ны өдөр ММХ-2011/31 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, эмнэлгийн ард үйлчилгээний зориулалттай, 15 м.кв үйлчилгээний дан барилга, гэрчилгээний дугаар 000077951, улсын бүртгэлийн дугаар Ү-1403000003, Төв аймаг, Батсүмбэр сум 0.2 га эзэмшлийн газар, гэрчилгээний дугаар 0118258, барилга болон эзэмшлийн газрыг барьцаанд тавьсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 20.720.000 төгрөг, хүү 994.560 төгрөг, алданги 10.857.280 төгрөгийг тус компаниас гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шүүгч уншсан учраас дахин давтаж уншихгүйгээр товч тайлбарлая. “А” ХХК-аас үндсэн зээл 20.720.000 төгрөг, хүү 994.560 төгрөг, алданги 10.857.280 төгрөг, нийт 32.571.840 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2019 онд Мал хамгаалах сан татан буугдаад Жижиг дунд үйлдвэрлэлд олгосон зээлийн асуудлыг манайх хариуцаж байгаа. Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгээд Хгийн ажлын албыг  байгуулсан. Ингээд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, мал хамгаалах сангаас  олгосон зээлтэй холбоотой хэргүүдийг манайх шилжүүлж аваад нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа яригдсан. Зээл авсан нь үнэн учраас улсыг хохиролгүй болгохын тулд ихэнх аж ахуйн нэгжүүд зээлээ төлье гэсэн хүсэлттэй байдаг. “А” ХХК-ийн хувьд зээлээ төлөхгүй гэж байгаа юм байна. Ийм байр суурьтай байгаа бол энэ асуудлыг өөр журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Алдангийг гэрээнд заасны дагуу нэхэмжилж байгаа учраас уг төлбөрийг бүрэн  гаргуулж өгнө үү. Хариуцагч байгууллага нь 2012 онд 11.200.000 төгрөг, 2013 онд 10.960.000 төгрөг, 2014 онд 10.000.000 төгрөг төлсөн. Авлигатай тэмцэх газраас энэ хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаж байгаа. Эхлээд шүүхэд хандаад болохгүй бол зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг хуулбарлаад Авлигатай тэмцэх газарт өгч байгаа. Шүүхэд хандаад алдангаа хасаад эвлэрье гэж байгаа хувь хүн, байгууллагыг манайх Авлигатай тэмцэх газар өгөхгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шалтаглаж зээлээ төлөхгүй гэсэн хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт өгөх дараагийн алхмуудаа хийж эхэлж байгаа. Мал хамгаалах сангийн мэргэжилтнүүдтэй уулзаж асуухад Ц.Цоггэрэлтэй зээлээ төлөх талаар уулзаж ярилцаж байсан гэдэг. Урьд нь мөн өөр зээл авч байсан.  Ц.Цоггэрэл гуай өөрөө ирж уулзаж байсан, өвчтэй, бие муутай гэж хэлдэг байсан  гэдэг. Ер нь бол зээлээ төлөхийг Ц.Цоггэрэлээс удаа дараа шаардаж байсан гэдэг. Иймд  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хгийн ажлын албаны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ц.Цоггэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түүний эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 01/117 дугаартай албан бичгээр Төв аймгийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавсралт материалтай танилцаад дараах тайлбарыг хуулийн хугацаанд гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч зээлдэгчээс 32.571.840 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна. Зээлийн гэрээг 2011 оны 08 сарын 05-ны өдөр байгуулж, 50.000.000 төгрөгийг 60 /5 жил/ сарын хугацаатай жилийн 2.4 хувь, сарын 0.2 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож 2016 оны 08 сарын 05-ны өдрөөс шаардах эрх үүссэн байна. Тус байгууллагаас 2016 оны 08 сараас өнөөдрийг хүртэл нэг ч удаа зээл төлөх асуудлаар холбогдож байгаагүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор зохицуулсан. Мөн хуулийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэсэн байх ба  шаардах эрх үүссэнээс 4 жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг гаргаж байна.

Иймд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хгийн ажлын албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлсэн 50.000.000 төгрөгөөсөө 32.660.000 төгрөгийг эргэн төлсөн. Одоо 20.000.00 төгрөгийн асуудал байдаг. Гэхдээ 2016 оны 08 сарын 05-ны өдрөөс хойш нэг ч удаа уулзаагүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Ингээд 2021 оны 08 сарын 05-ны өдөр 4 жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, гэж заасны дагуу бид үүрэг гүйцэтгэхээс  татгалзаж байна.  Нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Төрийн байгууллагууд нэгдсэн асуудал байхыг бид үгүйсгэхгүй, гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өнөөдрийн /процесс/ үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнд хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоосон, сэргээх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх зэрэг тайлбар, хүсэлтүүдийг нэхэмжлэгч тал гаргасангүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан гаргахгүй юм байна. Дараа нь бид авчихна гэсэн байдлаар хандаж байна гэж ойлгож байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасангүй. Иргэний хуулийн 77  дугаар зүйлийн 77.1-д: үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна, гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Төрийн байгууллага өөрсдийнхөө бурууг хувь хүнд чихэж болохгүй. 3 жилийн өмнө нэхэмжлэл гаргаад эсвэл энэ хүмүүстэйгээ холбоо бариад ярилцаж тохиролцоод асуудлаа шийдвэрлэх бүрэн боломж байсан. Одоо 4 жил 6 сар буюу бараг 5 жил өнгөрсөн хойно нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хуулийн дагуу бид татгалзах эрхтэй. Тэрнээс бол өгөхгүй гээгүй. Бид зээл авсан, өгсөн дээр маргаагүй. Авсан нь үнэн. Зээлийн гэрээн дээр гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө зээлдүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалт гэрээний 3.4-т байдаг. Ц.Цоггэрэл нь тухайн үед өвчтэй  байсан учраас л зээлээ төлөлгүй яваад байсан тийм байдалтай байсан. Хгаас нэг ч удаа яриагүй гэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримт тооцоо нийлсэн акт дээр харилцан гарын үсэг зурж тооцоо нийлээгүй гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Хуулийн зохицуулалтаараа татгалзах эрх нь байгаа учраас бид энэ үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна.” гэжээ.   

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас 31.680.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хгийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 891.840 төгрөгийг  хэрэгсэхгүй  болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д  зааснаар хариуцагч “А” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох Төв аймаг, Батсүмбэр сумын 1-р баг, эмнэлгийн ард байрлах,  үйлчилгээний зориулалттай, 15х15 м хэмжээтэй барилга /Ү-1403000003, Г-000077951/-ыг 0.2 га эзэмшлийн газар /Г-0118258, НТ-18628360914725/-ын хамт албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /алба/-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хгийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 316.350 төгрөгийг гаргуулж, улсын орлогод /Төрийн сангийн 100140000941 тоот данс/ оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Хариуцагч "А" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ц.Цоггэрэлийг хариуцагчаар татсан нь ИХШХШТХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Учир нь тухайн 2011 онд "А" ХХК-ний захирал Ц.Цоггэрэл байсан "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд зээлийг авахдаа "А" ХХК-ний нэр дээр авсан байдаг. Гэвч "А" ХХК-ний удирдлага 2015 онд өөрчлөгдөж гүйцэтгэх захирлаар Ц. Алтан-Олз томилогдож компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Алтан-Олз болсон нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул энэ компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзнэ. /"А" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй болно/

2. Шүүх нэхэмжлэгчээс ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй үйл баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзлээ /тал 5/ гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд өвчтэй, бие муутай шалтгаанаар гүйцэтгэлийг хойшлуулж байсан гэсэн дүгнэлт хийхдээ нотлох баримтгүй зөвхөн зохигч гэж миний биеийг хамруулан тайлбарлаж байсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Ц.Цоггэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд түүнийг зүрхний өвчтэй гэдгийг хэлсэн болохоос өвчтэй учир төлбөрийн гүйцэтгэлийг хойшлуулсан гэдэг зүйл огт яриагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа өмнөх ажилтнууд холбогдож байсан гэдэг баримтгүй мэдээлэл хэлсэн болохоос өвчтэй учраас төлбөр төлөхийг хойшлуулсан гэсэн нэг ч тайлбар зохигчид шүүх хуралдаанд хэлээгүй болно. Хэрвээ хариуцагч тал өвчтэй шалтгаанаар зээлийн гүйцэтгэлийг хойшлуулж байсан бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг үндэслэн тайлбар гаргаж шүүхэд маргахгүй байсан бөгөөд нэхэмжлэгч хүү алданги тооцохгүй үлдэгдэл 20 сая төгрөг төлж эвлэрэх санал тавьсныг хүлээн зөвшөөрөх байсан гэж үзнэ.

3. Шүүх Иргэний хуулийн 75.1, 78.1.1, 78.1.2, 80.1 дэх заалтуудыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм Учир нь хуулийн 75.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол..." гэсэн нь хуулийн 75.2.1-ээр үгүйсгэгдэнэ, хуулийн 78.1.1-д үүргийг хойшлуулсан, 78.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд гэсэн бөгөөд үүргийг хойшлуулаагүй, үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт огт байхгүй тийм зүйл болоогүй болно. Мөн хуулийн 80.1 дэх заалт нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр байх зохицуулалт бөгөөд ямар ч шүүхийн шийдвэр гараагүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00620 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа  хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Х зээлийн гэрээний үүрэгт 32 571 840 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай   шаардлагыг хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргаж, шаардлагаа зохигчдын хооронд 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “ММХ”-2011/31 дугаартай 50 000 000 төгрөгийг 60 /5 жил/ сарын хугацаатай, жилийн 2.4%, сарын 0.2% хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ, мөн өдөр байгуулсан барьцааны гэрээнд үндэслэн гаргажээ.

Шүүх 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн 151/ШЗ2021/00470 дугаар захирамжаар хариуцагч “А”ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хариуцагч Ц.Цоггэрэлд нэхэмжлэлийг гардуулж, иргэн Ц.Цоггэрэлээс олгосон итгэмжлэлээр өмгөөлөгч А.Мөнхтулга нэхэмжлэлийн талаар хариу тайлбарыг хариуцагч Ц.Цоггэрэлийн өмнөөс шүүхэд гаргажээ.

 Хариуцагч хуулийн этгээдийг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй этгээд хэн болох, тухайн компанийн эрх зүйн байдал тодорхойгүй, 2011 онд байгуулсан зээлийн гэрээнд хэдийгээр компанийг төлөөлж захирал гэж гэрээний нэг тал болж Ц.Цоггэрэл нь гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан боловч энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээр одоо хүчинтэй байгаа эсэх нь тодорхойгүй, Ц.Цоггэрэл нь хуулийн этгээдийн хувиар биш, иргэн Ц.Цоггэрэлийн хувьд яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэх эрхийг А.Мөнхтулгад олгосон болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлж явуулахгүйгээр ноцтой алдаа гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн тул энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.2.-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд  түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Тухайлбал, компанийг түүний ерөнхий эсхүл гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга тус тус төлөөлөх юм. Хэрэгт авагдсан  “А” ХХК-ийн 2005 оны улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулах баримт бичиг Цамбажав Цоггэрэл, гишүүдийн тоо 1 гэсэн тэмдэглэл байгаа боловч тухайн хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.2.-т зааснаар хэргийн ямар нотлох баримтыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэдийгээс  зогсож, хэдий үеэс  үргэлжлүүлэн тоологдсон гэж үзсэн нь ойлгомжгүй,энэ талаар  эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”,    80 дугаар 80.1.-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэсэн зохицуулалтуудыг шүүх ишлэн хэрэглэснээс бус тухайн маргаанд хэрэглэх болсон эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, хэргийн ямар нотлох баримтаар ямар үйл баримтыг тогтоосны үндсэн дээр дээрх хуулийг хэрэглэх болсон эрх зүйн үндэслэл тодорхойгүй байгаа нь хууль хэрэглээний агуулга, зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д  “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан ба энэ зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай буюу богиносгосон хугацаанд хамаарахгүй шаардлагад нэхэмжлэл гаргах ерөнхий хугацаа үйлчлэх учиртай.

Анхан шатны шүүх Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т заасан “эргэн төлөгдөх зээл” гэж тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг ойлгохоор тодорхойлсон зохицуулалт бүхий хуулийг хэрэглэхдээ уг шаардлага бүхий нэхэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан үндэслэлд хамааруулан үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх хууль хэрэглэсэн дээрх байдлаас үзвэл тухайн маргаантай харилцаанд Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой аль зохицуулалтаар маргааныг хянан шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй, холбогдох хуулийг оновчтой зөв сонгон хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00620 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

         ШҮҮГЧИД                                                     М.МӨНХДАВАА

                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР