Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0060/З |
Дугаар | 221/МА2018/0084 |
Огноо | 2018-01-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0084
2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2018/0084 | Улаанбаатар хот |
Б.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 895 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 895 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-ы нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Б.Б-ы нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0895 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй бахй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.Б-ыг “Ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөр ажилд шилжин ажиллах болсонтой нь холбогдуулан чөлөөлсөн болно.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн албаны төрийн захиргааны ангилалд хамаардаг бөгөөд тус албыг хааж буй иргэн нь Төрийн жинхэнэ албан хаагч тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдана гэж дүгнэсэн.
Харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиас гадна илүү нарийвчлан хуульчилсан Цэргийн албаны тухай хуулиар зохицуулагдана.
Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “... хошууч, дэд хурандаа, хурандаа цолтой офицерийг “ахлах офицер” ... гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь цэргийн хурандаа цолтой буюу ахлах офицер, цэргийн жинхэнэ албан хаагч юм.
Төрийн албаны тухай хууль нь 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан бол Цэргийн албаны тухай хууль нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан болно.
Хуулиад хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх зарчмын дагуу илүү нарийвчилсан зохицуулалттай бөгөөд сүүлд хүчин төгөлдөр болсон Цэргийн албаны тухай хуулийг энэ харилцаанд хэрэглэх юм.
Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага ... харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас өнгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” гэж тус тус заасны дагуу цэргийн албан хаагчийг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжүүлэхдээ заавал түүнтэй тохиролцсон байхыг шаардахгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Засгийн газрын 2016 оны 171 дүгээр тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд түүнийг хууль зөрчсөн гэж дүгнэн хүчингүй болгож байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Нэхэмжлэгчийг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирлаар томилохоор шийдвэрлэж түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд түүнийг нэхэмжлэгчээс зөвшөөрсөн болох нь Батлан хамгаалах яамны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1в/439 тоот албан бичиг, хурандаа Б.Б-ы өөрийнх нь мэдүүлсэн “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/312 тоот албан бичгүүдээр бүрэн нотлогддог.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 23.5-д "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б өөрөө урьдчилсан мэдүүлгээ гаргасан бөгөөд түүнийг нь Батлан хамгаалах яамны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1в/439 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно.
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 05/2048 тоот албан бичгээр Үндэсний Батлан хамгаалах сургуулийн захирлын ажлын байрны шаардлагыг хурандаа Б.Б хангахгүй байгаа талаар хариу ирүүлсэн.
Өөрөөр хэлбэл захиргааны бус нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалж Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн захирлаар томилох ажил удааширсан.
Гэтэл анхан шатны шүүхээс Засгийн газрын 2016 оны 171 дүгээр тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” гэж, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж заасныг зөрчиж Б.Б-ыг төрийн жинхэнэ албанаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж бодит байдалд үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдийн 128/ШШ2017/0895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тул гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор “өөр ажилд шилжин ажиллах болсон” гэсэн үндэслэлээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч төрийн албан хаагчтай тохиролцсон гэж үзэхээргүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан боловч маргаан бүхий актаас үзвэл Б.Б-ыг аль байгууллагад, ямар албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болсон нь тодорхойгүй, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч өөрөө өөр албан тушаалд шилжин ажиллахаа зөвшөөрсөн, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгсөн зэргээр маргасан үйл баримт нь маргаан бүхий акт гарсны дараах үйл баримт байх бөгөөд маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гадаад улсад томилолтоор ажиллаж байсан, түүнийг ажлаас чөлөөлөх болсон талаар мэдээгүй зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага байсан эсэх талаар нотлох баримт гаргаж, шүүхэд мэтгэлцээгүй зэрэг нь түүнийг хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хурандаа цолтой цэргийн жинхэнэ албан хаагч, ахлах офицер байх боловч түүний эрхэлж буй Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байх тул “Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар цэргийн албан хаагчийг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжүүлэхдээ заавал түүнтэй тохиролцсон байхыг шаардахгүй” гэх зохицуулалт хэрэглэгдэнэ гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, цэргийн албан хаагч-офицерийн эрхэлж буй албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарч, зохицуулагдаж буй бол Төрийн албаны тухай хуульд тавьсан шаардлага давхар үйлчлэх бөгөөд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.5-д зааснаар Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглосон байна.
Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийн талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Ингэхдээ анхан шатны шүүх “... түүнийг ажлаас чөлөөлсөн захиргааны шийдвэртэй маргаж, энэхүү үндсэн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ... 171 дүгээр тогтоолыг хууль, эрх зүйн үндэслэлийн хүрээнд маргаан шийдвэрлэгдсэн” гэсэн тодорхой бус дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч эрхэлж байсан төрийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, улмаар уг албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж буй тохиолдолд түүний эрхэлж буй албан тушаалд өөр хүнийг томилсон, улмаар уг албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарласан шийдвэр нь нэхэмжлэгч Б.Б-ы төрийн алба хаах эрхэд сөрөг үйлчлэлтэй, үр дагавар бүхий шийдвэрүүд байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх ёстой байтал нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон хариуцагчийн шийдвэр болон уг албан тушаалд зарласан сонгон шалгаруулалттай холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэлийн хангагдсан шаардлага биелэгдэх боломжгүйд хүрэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Шүүх процесс ажиллагаа зөрчсөн гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгч хариуцагчаар Монгол Улсын Засгийн газрыг тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан. Шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан хэрэг үүсгэсэн боловч хариуцагчаас Засгийн газрыг төлөөлж оролцуулахаар итгэмжлэл олгож, төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид Засгийн газрыг төлөөлөн тайлбар, нотлох баримт гаргаж, оролцож ирсэн байна.
Түүнчлэн, хариуцагч талаас Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан хэрэг үүсгэсэн талаар мэдэж байсан боловч Засгийн газрын өмнөөс тайлбар өгч, маргааны үйл баримтын талаар мэтгэлцэж ирсэн атлаа шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлаар гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 171, 172 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг 3 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35100 төгрөг, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ