Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 544

 

 

 

Ц.Амартайванд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Мөнхжаргал,

Ялтан Ц.Амартайваны өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Амартайван, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Амартайванд холбогдох 201624000445 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Халиугчин овогт Цэгмидийн Амартайван, 1980 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11 дүгээр гудамжны 174 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РЮ80020169/,

Ц.Амартайван нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын арктай шар байрны зүүн талын замд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Nissan X-Trail” загварын 6954 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зай, хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Х.Буяннэмэхийн жолоодож явсан “Toyota Prius 20” загварын 1690 УНӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, жолоочийн биед “сээрний 6 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, “Toyota Prius 20” загварын 1690 УНӨ улсын дугаартай автомашинд 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, Тээврийн прокурорын газраас Ц.Амартайванд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Амартайваныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Амартайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 837664 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Амартайван, иргэний хариуцагч Д.Ганболд нараас 576.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Буяннэмэхэд олгож, хохирогч Х.Буяннэмэх нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Ц.Амартайван, Д.Ганболд нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Амартайванд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Амартайван гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хохирогч Х.Буяннэмэхэд учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний нөхөр Д.Ганболд нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулж байгаа бөгөөд тэрээр хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг. Би Хөдөө аж ахуйн их сургуульд багшаар ажилладаг, 3 хүүхэдтэй, /1 нас 7 сараас 15 хүртэлх насны/ гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Мөн орон сууцны зээлтэй билээ.

Иймд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар эсвэл мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Ц.Амартайваны өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Амартайван нь гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн болно. Мөн ялтан Ц.Амартайван нь хоригдсон байгаа хэдий ч түүний нөхөр Д.Ганболд нь хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулж байгаа, өөрийн гэм буруутай үйлдэлдээ гүнээ гэмшиж, хохирогчийн гэм хорыг бүрэн арилгаж, түүний нэхэмжилсэн хэмжээнд хохирлыг бүрэн барагдуулсан зэрэг нь түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буйг илтгэж байгаа болно. Ц.Амартайван нь ам бүл 5, нөхөр, /1 нас 7 сараас 15 хүртэлх насны/ хүүхдүүдийн хамт амьдардаг. Нөхөр Д.Ганболд нь хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг. Өөрөөр хэлбэл, ялтан Ц.Амартайваны 3 хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй эцэг нь асран хамгаалж, харж хандаж байгаа, мөн Ц.Амартайван нь Хөдөө аж ахуйн ах сургуульд багшилдаг, гэр бүлээ тэжээн тэтгэхийн зэрэгцээ өөрсдийн амьдарч байгаа орон сууцны зээлээ төлдөг. Ц.Амартайван нь гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй, өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг байсныг анхааран үзэж, шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ц.Амартайванд оногдуулсан ял шийтгэл тохирсон, шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул  давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Ц.Амартайван нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын арктай шар байрны зүүн талын замд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Nissan X-Trail” загварын 6954 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зай, хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Х.Буяннэмэхийн жолоодож явсан “Toyota Prius 20” загварын 1690 УНӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, Х.Буяннэмэхийн  биед “сээрний 6 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, “Toyota Prius 20” загварын 1690 УНӨ улсын дугаартай автомашинд 1.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Х.Буяннэмэхийн “...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16-аас 17 цагийн хооронд Баянгол дүүргийн төмөр замын арктай шар байшингийн хажуу талын замаар Б.Сугасүрэнгийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын 1960 УНӨ дугаартай автомашинаар 20-30 км цагийн хурдтай явж байтал гэнэт ар талаас хүчтэй мөргөсөн. Миний хүү Сугарсүрэн бид хоёр хоёулаа хамгаалах бүстэй явж байсан хэрнээ ослын дараа хөдөлж чадахгүй байсан. Осол болох үед миний нуруу хэсэгт “таг” гэх дуу хүчтэй гарсан. Хүү маань машинаас намайг түшиж гаргасан. Манай хүү ослын талаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед замын хөдөлгөөн дунд зэргийн, чөлөөтэй байсан. Зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан...” /хх-10-11/,

Иргэний хариуцагч Д.Ганболдын “...“Nissan X-Trail” загварын 6954 УНР улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн автомашин. Осол болох үед манай эхнэр Амартайван жолоодож явсан. Машинаа жолоодох  зөвшөөрөл түүнд өгсөн байсан. Өглөө ажилдаа гарахдаа машинтайгаа явсан. Манай эхнэр цалингийн зээл авч байгаад бусдад учруулсан хохирол болон өөрийн автомашины эвдрэлийг зассан. Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан байгааг ойлгож байгаа, туслалцаа үзүүлнэ...” /хх-24/

Гэрч Б.Сугарсүрэнгийн “2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчим  Баянгол дүүргийн төмөр замын арктай шар байшингийн хажуу талын замаар өөрийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын 1960 УНӨ дугаартай автомашинаар явж байсан. Тухайн үед ээж машин жолоодоод, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байхад гэнэт ар талаас хүчтэй мөргөсөн. Гэтэл манай автомашины араас “Nissan X-Trail” загварын автомашин мөргөсөн байсан. Ээж хөдөлж чадахгүй байна гэхээр нь би түүнийг түшиж буулгасан. Осол гаргасан жолооч, эмэгтэй хүн байсан бөгөөд машиндаа ганцаараа явж байсан. Ээж өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан. Дуудлагаар ирсэн цагдаа тэр эмэгтэйн согтолтын зэргийг тестээр шалгахад 1.71 хувийн согтолттой гарч байсан. Ээж бид хоёр хамгаалах бүстэй явж байсан...” /хх-29-30/,

Ц.Амартайваны сэжигтнээр өгсөн: “...Би Төмөр замын арктай шар байшингийн ойролцоо ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байтал зүүн гар талын суудал дээр байсан гар утсанд дуудлага ирэхээр нь утсаа аваад дугаарыг нь харах гэж байгаад доош нь унагаасан. Утсаа авах гээд доошоо тонгойж байхдаа санаандгүй хөдөлгүүрийн түлш өгөлтийн дөрөөн /хааз/ дээрээ гишгээд урд талдаа явж байсан автомашиныг араас нь мөргөсөн. Би буухад цайвар өнгийн “Toyota prius 20” загварын автомашин байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд хажууд нь залуухан эрэгтэй хүн байсан. Жолооч эмэгтэй толгойгоо бариад машинаас “юу болов” гэсээр бууж ирсэн. Мөн тэр эмэгтэй цагдаад мэдэгдсэн. Согтуурал шалгахад 1.71 хувийн согтолттой гарсан...” /хх-63-64/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5879 дугаартай шинжээчийн “Х.Буяннэмэхийн биед сээрний 6 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /34-35/ гэх дүгнэлт, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-8/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-42/, автомашины үнэлгээний тайлан /хх-45-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ц.Амартайванд холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Ц.Амартайваны гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэвч Ц.Амартайван нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэр бүлийн гишүүн (нөхөр) нь  хөгжлийн бэрхшээлтэй, Ц.Амартайван нь хөдөлмөр эрхэлж цалингийн болон орон сууцны зээлээ төлдөг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Ц.Амартайван, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан “шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

А. “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Ц.Амартайванд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай”,

Б. “Ц.Амартайван нь 22 хоног цагдан хоригдсоныг дурдсугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Ц.Амартайван нь хохирогч Х.Буяннэмэхэд 2.500.000 төгрөгийн төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Ц.Амартайванг нэн даруй сулласугай.

5. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Н.БАТСАЙХАН